| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0847/З |
| Дугаар | 221/МА2025/0344 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2025/0344
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч “М” НҮТББ
Нэхэмжлэлийн шаардлага: М-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/*** дүгээр “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ц.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2024/0847/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “М” НҮТББ-д холбогдуулан “М-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/*** дүгээр “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрээр: Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас “М” НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “М-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/*** тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж шийдсэн тухайд: Нэхэмжлэгч “М” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-аас М НҮТББ-д холбогдуулан М-ын 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 02/*** дүгээр албан бичгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх М-ын 2024 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн 02/*** дүгээр албан бичгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болно.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад тусгасан гэрчилгээ олгохыг даалгах шаардлага болон гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж буй шийдвэрлэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.
Учир нь “М” нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн харилцаа үүсгэсэн эсэхийг гэрчлэхдээ “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээ олгох журмыг үндэслэж шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч хүсэлт болон түүнийг нотлох холбогдох баримтуудыг үндэслэж гэрчилгээ олгодог.
Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “М” ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн 02/*** дүгээр албан бичгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр авсан хэдий ч энэ хүсэлтээ дахин гаргах эрх хэзээд ч нээлттэй талаар тайлбарласан. Нэхэмжлэгч тал гэрчилгээ олгохыг даалгах шийдвэр гаргаж байхад, шүүх хүсэлтийг хүлээн авахыг даалгах болгож шийдвэрлэж байгаа нь хоёр өөр утга, агуулга бүхий эрх зүйн баримт бичгийг хольж шийдсэн байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны видео бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангалаа гэж дурдсан мөртлөө шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “...шүүхэд гаргаж өгсөн зураг болон дүрс бичлэгээс үзвэл Туул гол Ш орчимд үер болсон буюу нэхэмжлэгч компанийн гүйцэтгэж байсан талбай усанд автсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 24/**** дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлт гаргахдаа энэ баримтыг гаргаж өгч байгаагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон.
Гэтэл хариуцагч байгууллагыг өөрт байхгүй баримтаар гэнэтийн буюу давагдашгүй хүчингүй гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль бус хэмээн дүгнэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Захиргааны акт гэж дүгнэсэн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “танхимын шийдвэрийн улмаас “М” ХХК нь гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдалд хүрч, улмаа үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй болсон тул зохицуулалт агуулсан буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий акт байна. Дээрх шийдвэр нь танхимын нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэхэмжлэгч нь заавал дагаж мөрдөх шинтэй байх тул захирамжилсан үйл ажиллагааны шинжийг бүрэн хангаж байна” гэж дурдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь “эрх зүйн үр дагаврыг шууд бий болгох” шинжийг агуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-д татгалзсан хариу өгсөн гэнэтийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/*** албан бичиг нь ямар эрх зүйн дагаврыг шууд бий болгож буй нь тодорхойгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь энэхүү нөхцөл байдлыг зөвхөн “М” гэрчлүүлэхгүйгээр бусад нөхцөл байдлаар гэрээний нөгөө талд нотлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичгийг захиргааны акт хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 147 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. “М” ХХК нь “Б” ХК-тай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Ш орчмын ай сав газарт 15 км цэвэр ус дамжуулах шугам хоолой, хаалтын худгуудын угсралт, гүний усны эх үүсвэрийн худгуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Туслан гүйцэтгэх гэрээ”-г[1] байгуулсан байна.
4. “М” ХХК-аас 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр М-д “...Тус төслийн талбай буюу Ш орчимд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас үер бууж төслийн талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжүүд болон угсарсан байсан шугам хоолойнууд үерийн усанд автан урсаж ажил цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон болно. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төслийн ажлыг бүрэн зогсоосон бөгөөд талуудын байгуулсан гэрээний 50.2-т заасны дагуу танай байгууллагаас “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-ийн гэрчилгээг гаргуулах хүсэлтэй байна” хэмээн албан бичиг[2] хүргүүлжээ.
5. “М” НҮТББ-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/*** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 2.10.1-т заасан хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсхүл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд хамаарахгүй буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 06/*** дугаар албан бичигт “...Туул-Улаанбаатар харуул орчимд 2024 оны 6 дугаар сарын 18-аас 23-ны өдрүүдэд усны түвшин хоногт 30-105 см нэмэгдсэн бөгөөд туул голын үерийн долгионы оргил үе 6 дугаар сарын 23-ны өдөр ажиглагдсан...” гэж дурдсан нь гол мөрний үерийн түвшинтэй харьцуулсан дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба Цаг уур орчны шинжилгээний газрын албан ёсны вэб хуудас дахь 2024 оны 6 дугаар сарын гол мөрний усны түвшинг харьцуулсан хүснэгтээс харахад үерийн түвшингөөс давсан үзүүлэлт харагдахгүй нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжийг хангахгүй мөн гэрээний хавсралт дахь ажлын төлөвлөгөөнөөс хэрхэн ямар ажлыг хийж гүйцэтгэх талаарх мэдээлэл тодорхойгүй байх тул үүссэн бодит нөхцөлийг тодорхойлох боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн гэрчилгээ олгохоос татгалзсан байна.
6. “М” ХХК-аас дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр М-д гомдол[4] гаргаж, М-аас 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 02/*** дугаар албан бичгээр[5] “...хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн баримт, мэдээллээр үүссэн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй, даван туулах хянан сэргийлэх боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж тогтоох боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
7. Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах тодорхой бүрэн эрхтэй байна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” гэж заасан.
8. М-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар баталсан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/ болон хүнд нөхцөл байдал /Hardship/-ыг гэрчлэх журам”-ын 1.2.1-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure” гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно”, 1.2.1.2-т “байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давлагаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/” гэж тус тус заажээ.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 06/*** дугаар албан бичгээр[6] “Улаанбаатар хотын Зайсангийн гүүр орчимд байдаг Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчимд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд усны түвшин хоногт 30-105 см нэмэгдсэн бөгөөд Туул голын үерийн долгионы оргил үе 6 дугаар сарын 23-ны өдөр ажиглагдсан ба тус харуул орчимд үерийн аюултай түвшинг 80 см хүртэл даван хүчтэй үерлэсэн байна” гэх албан бичиг,
9.1 Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/*** дүгээр албан бичгээр[7] “6 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдийн Улаанбаатар хотын нийлбэр тунадасны мэдээллийг тус газрын харьяа Улаанбаатар хотын Буянт-Ухаа, Улаанбаатар, Хан-Уул өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн гаргаж, Хан-Уул станцаас 21-ний өдөр 62 мм, Буянт-Ухаа станцаас 57 мм, Улаанбаатар станцаас 60 мм” хур тунадас орсон гэх албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
10. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15/** дугаар дүгнэлтээр[8] “...дүүргийн 12, 13 дугаар хороо, Туул гол үерлэн аюулын түвшинд хүрч Биокомбинат болон Ш орчмын Туул голын ай сав орчим усанд автсаны улмаас угсарсан шугам хоолойнууд болон төслийн талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжүүд усанд автаж, өртсөн. Цаашид үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” гэх дүгнэлтийг гаргажээ.
11. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж байсан Шийн талбай усанд автсан болох нь Цаг уур орчны шинжилгээний газрын албан бичиг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, хүсэлтэд хавсаргасан фото зураг зэргээр тус тус тогтоогдсон, улмаар хариуцагч байгууллагаас ажлын төлөвлөгөөнөөс хэрхэн ямар ажлыг хийж гүйцэтгэх талаарх мэдээлэл тодорхойгүй тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэхгүй хэмээн гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж тус тус заасан.
13. Өөрөөр хэлбэл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахад урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой буюу нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд урьдчилсан нөхцөл болох урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан, нэхэмжлэгчийн гаргуулахыг зорьж буй акт нь хэрэв гарсан байсан бол түүний эрх зүйн нөлөө нь дуусаагүй, эрх зүйн үйлчлэлтэй байна. Даалгах нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг тогтооход хангалттай үндэслэл байгаа эсэх нь чухал ач холбогдолтой.
14. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, цаашид ажил үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн “... эрх зүйн үр дагаврыг шууд бий болгох шинжийг агуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-д татгалзсан хариу өгсөн гэнэтийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/*** албан бичиг нь ямар эрх зүйн дагаврыг шууд бий болгож буй нь тодорхойгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 90-117 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 118 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 119-120 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 121-122 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 123-124 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 159 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 160 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 127-128 хуудас