Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 16

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

иргэдийн төлөөлөгч Ж.Пүрэв-Очир,

шүүгдэгч, хохирогч Э.Идэрхангай, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч, хохирогч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Борлууд овогт Нэргүйгийн Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүгдэгч Даадар овогт Энэбишийн Идэрхангайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031243 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

            Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-100Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Борлууд овогт Нэргүйгийн Батзаяа /РД: ШЗ80040616/,

 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-10-184А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Даадар овогт Энэбишийн Идэрхангай /РД: ХЕ79090614/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Батзаяа нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-1 тоотод танил Э.Идэрхангайтай “2016 оны 07 дугаар сард эхнэр Энхтайванд агсам тавьж, хэл амаар доромжилж айлгаж байсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар нурууны зүүн бүсэлхий орчимд нь хутгалж, зүүн бөөр, нурууны шулуун булчинг гэмтээсэн хүнд зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Э.Идэрхангай нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-1 тоотод танил Н.Батзаяатай “2016 оны 07 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эхнэр Энхтайванд агсам тавьж, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, баруун дээд 1 шүдний булгарал, зүүн чихний дэлбэн, уруул, дал, ташаа, зүүн тохой, баруун өвдөгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, буйл, цээж, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Э.Идэрхангай: Тухайн хэрэг маргаан юунаас болсон гэдгийг санахгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Батзаяатай хамт архи уугаад маргаан болсон. Бид хоёр маргалдаж байгаад больё гээд больсон, гэтэл Батзаяа гэрээсээ хутга авчраад миний зүүн талын бөөрөнд хутгалаад бөөр зүсэгдсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Батзаяа мэдүүлэхдээ намайг тоосго бариад дайрсан гэж байна. Би тоосго бариад Н.Батзаяа руу дайрсан гэдгээ санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд 2.253.000 төгрөг авсан, цаашид эмчилгээний зардал гарвал нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч Н.Батзаяа: Тухайн өдөр гэртээ байж байхад Э.Идэрхангай намайг дуудаад тамхи байна уу гэхээр нь тамхи байна гээд тамхи аваад тамхилаад зогсож байхад доошоо явж нэг шил архи уух уу гээд дүү Жамъяншарав, Идэрхангай бид гурав явж нэг шил архи хувааж уусан. Би хотоос ирэхдээ гэртээ нэг шил архи авч ирсэн байсан, түүнийг дахин хувааж уугаад Э.Идэрхангайтай маргалдаад зодолдсон байсан. Тухайн үед Э.Идэрхангай намайг тоосго бариад цохих гээд дайраад байхаар нь би цочирдоод шүүгээнээсээ хутга авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Батзаяа: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

  Шүүгдэгч Э.Идэрхангай: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй, бид хоорондоо эвлэрсэн, шүүгдэгч Н.Батзаяа болон надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

 

 Хохирогч Э.Идэрхангай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр болсон. ...Миний араас Эрдэнэбат, дүү Жамъяншарав нар хүрч ирээд Жамъяншарав надад хандан өнөөдөр Эрдэнэбат ахын сэтгэл санаа жаахан тавгүй байна, доошоо дэлгүүр орж ганц шил архи авч ууя гэсэн. Бид гурав доошоо дэлгүүр рүү явж байхад танил Батзаяа гэрийнхээ үүдэнд царай нь сонин болсон зогсож байхаар нь би дотроо Батзаяаг шартсан байна гэж бодоод Батзаяаг дуудсан. Батзаяаг ирэхээр нь ганц шил архи уух уу гэхэд ууя гэсэн. Авгай чинь уурлахгүй биз гэж асуусан чинь Батзаяа зүгээр, зүгээр  гэхээр нь бид дөрөв Өлзийт хорооллын 14 дүгээр хорооны  зүүн талд байрлах “Зөөлөн эгшиг” нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи 1 шилийг авсан. Хойшоогоо яваад гудамжинд архиа Эрдэнэбат ах, Жамъяншарав, Батзаяа бид дөрөв ууж байх үед Батзаяагийн эхнэр Энхтайван хүрч ирээд архи чинь болсон, харья гэхэд Батзаяа хариагүй, эхнэр нь уурлаад явсан. Би дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи 1 шилийг аваад гудамжинд архи ууж дуусаад байж байтал Батзаяа манай гэрт архи байгаа хамт хувааж ууя гэсэн. ...Эрдэнэбат ах бид хоёр Батзаяагийн гэрт орсон чинь Батзаяа 0,75 литрийн “Ерөөл” архи талыг гаргаж ирсэн. ...Нэг мэдсэн чинь  Батзаяа намайг заамдаад авсан. Тэгтэл Эрдэнэбат ах бид хоёрыг салгасан. Би Батзаяад хандаж тэгвэл хоёулаа гэрээс чинь гаръя гээд хамт гарсан. Батзаяагийн гэрийн гадаа бид хоёр эхлээд маргалдсан. Дараа нь бид хоёр дээгүүр хувцсаа тайлж байгаад ноцолдсон. ...Батзаяа миний дээр гарч ирээд намайг боосон. Тэр үед манай хүргэн ах Эрдэнэбат хүрч ирээд Батзаяаг хойш нь татаж унагаагаад холдуулсан. Би Эрдэнэбат ахыг та хол бай, битгий оролцоод бай гээд холдуулсан. Тэгээд би Батзаяатай зодолдсон. Би Батзаяагийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, өвдөг орчим нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Батзаяа миний шанаа орчим гараар удаа цохиход би жаахан манараад хойшоогоо болоод хэсэг зогссон. Батзаяа одоо хоёулаа больё гэхэд нь би болоогүй, хоёулаа үзнэ гэсэн. Тэгсэн чинь Батзаяа гэр лүүгээ хурдан алхаад орсон. Би зодолдохоо больж байгаа юм байна гэж бодоод гэрийн гаднах баруун хаяанд суусан. Тэгтэл Батзаяа гэрийнхээ дотроос миний зүүн бөөр орчим 1 удаа хутгалсан. ...Батзаяа намайг заамдаад авахаар нь маргалдаж зодолдсон. Тухайн үед Батзаяад юу гэж хэлээд дургүйг нь хүргэснийг сайн мэдэхгүй байна. Би Батзаяад хутгалуулснаас болж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Хагалгаанд 3 удаа орсон. Группэд 80 хувиар орсон. Зүүн бөөрөө авахуулсан. Эмчилгээний зардалд 2,253,000 төгрөг болж байгаа...” /хх-ийн 20-21, 22/ гэсэн,

 

Хохирогч Н.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байхад ...Идэрхангай дэлгүүр явж ганц шил архи авч хувааж ууя гэсэн. Бид дөрөв 4 дүгээр хорооны хойд талын хүнсний дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи 1 шилийг авсан. ...Архиа хувааж уугаад дууссан чинь Идэрхангай ганц шил архи нэмж уумаар байна гэсэн. Тэгэхээр нь би манайд орох уу манайд ганц шил архи байгаа гэсэн чинь Идэрхангай, Эрдэнэбат хоёр зөвшөөрсөн. ...Бид гурав манай гэрт 0,75 литрийн Ерөөл архи хувааж уусан. 20 цагийн орчим ...юунаас болж муудалцсанаа сайн мэдэхгүй байна. Идэрхангай бид хоёр муудалцсан, хоёулаа гарч зодолдох уу гэхээр нь би Идэрхангайтай хамт гараад гэрийн гадаа зогсож байхад миний нүүр лүү гараараа цохьсон. Би өөдөөс нь дайраад бид хоёр ноцолдоод эхэлсэн. Бид хоёр цээж нүцгэн дээр доороо ороод ноцолдсон. Идэрхангай миний дээрээс хөл, гуя, өвдөг орчим хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Миний үүдэн дээд шүд унасан. Намайг ална гээд үүдэнд байсан тоосго бариад далайгаад байхаар нь хоёулаа больё гэж хэлсэн чинь намайг тавьсан. Би Идэрхангай намайг алах юм байна гэж бодоод сэтгэл санаа давчдаад гэр лүүгээ гүйж ороод үүдний шүүгээнээс хутга авч гараад Батзаяагийн ар нуруу орчим нь хутгалсан. ...Идэрхангай 2016 оны 07 дугаар сарын сүүлээр намайг Багануур дүүрэгт ажилтай байх үед манай гэрт согтуу орж ирээд манай эхнэр Энхтайванд агсам тавьсан гэж манай эхнэр над руу утсаар ярьж байсан юм. Дараа нь Идэрхангайтай Өлзийт хороололд тааралдаад хэдэн ширүүн үг хэлсэн юм. Тэр үгэнд л жаахан юм санаж байгаад хэрэг гардаг өдөр хэрүүл өдсөн юм шиг байна лээ. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ” /хх-ийн 24/,

 

Гэрч С.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...Идэрхангай, Жамъяншарав бид гурав нэг шил архи авч уухаар болсон. ...Батзаяа гэх залуу хүрч ирээд Идэрхангайтай уулзсан. ...Бид дөрөв нийлээд Өлзийт хорооллын хорооны зүүн хойно байдаг хүнсний дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа” архи 1 шилийг аваад хувааж уусан. ...Идэрхангай Батзаяагийн гэр лүү дагаж ороод удалгүй гарч ирээд та манай гэрт очоод ээжээс 5,000 төгрөг аваад ир гэсэн. Би гэр лүү нь очиж хадам ээжээсээ 5,000 төгрөг аваад буцаад Батзаяагийн гэрт яваад ортол Идэрхангай, Батзаяа хоёр 0,75 литрийн “Ерөөл” архи 1 шилийг задалсан ууж байсан. ...Батзаяа Идэрхангай хоёр бие бие рүүгээ үгээр идээд муудалцаад эхэлсэн. Тэгээд зодолдохоор болоод барьцалдаад авснаа гэрээс гаръя гээд хоёулаа гэрийн гадаа бие биенээ гараараа цохиод эхэлсэн. Дараа нь хоёулаа дээгүүрх хувцсаа тайлж цээж нүцгэн болоод ноцолдоод дээр доороо ороод эхэлсэн. ...Би больцгоо гэсэн чинь Идэрхангай намайг та хол байж бай гэсэн. Идэрхангай, Батзаяа хоёр гадаа байсан матрас дээр суугаад муудалцаад байж байсан. Би гэрийнх нь зүүн талаар гараад бие засаад буцаад хүрээд ирсан чинь Батзаяа баруун гартаа цагаан үзүүртэй, ягаан хуванцар бариултай хутга барьсан зогсож байсан. Идэрхангай гадаа матрас дээр дөрвөн хөллөсөн, нурууных нь зүүн доод бөөрний орчим нилээн том ангайсан шархтай, цус гоожоод байж байсан. ...Миний ойлгосноор бол Идэрхангай урьд өмнө нь Батзаяагийн эхнэрт агсам согтуу тавьсан юм шиг байна лээ. Тэрийгээ яриад л маргаан эхэлсэн...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Гэрч Б.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн орчим ...манай хөрш Батзаяа танил Идэрхангай хоёр Батзаяагийн гэрийн гадаад согтуу хоорондоо маргалдаад зодолдож байсан. ...Батзаяагийн гэрийн гадаа Идэрхангай, Батзаяа хоёр хоорондоо ноцолдоод нэг нэгнийхээ дээр доор ороод бие биенээ цохиж аваад өшиглөөд газар унасан нэгнийгээ чирээд байж байсан. Батзаяа гэр лүүгээ орох гэхээр нь Идэрхангай хөлнөөс нь чирээд холдуулаад л байсан. Хажууд нь цагаан малгайтай, гартаа хувцас барьсан хүн зогсож байсан. Нэг харсан Батзаяа гэр лүүгээ гүйгээд ороод 10 орчим минут болсноо Батзаяа гэрээсээ баруун гартаа хутга барьсан гарч ирсэн. Тэр үед нөгөө цагаан малгайтай залуу нь Батзаяаг хориод боль боль гэсэн чинь Идэрхангай хоёулаа алалцах уу гээд орилоод байсан чинь Батзаяа гүйж очоод Идэрхангайг тэврээд авах шиг л болсон. Идэрхангай хойшоо болох шиг л болсон чинь Идэрхангайгийн нуруунаас цус гойжиж байсан. Би Батзаяаг л хутгалчихлаа гэж бодсон...” /хх-ийн 27-28/ гэсэн,

 

Гэрч Э.Жамъяншарав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...намайг гэрт унтаж байхад хүргэн ах Эрдэнэбат орж ирээд Идэрхангай Батзаяагийн гэрийн гадаа хутгалуулчихлаа, ...Батзаяа гэдэг залуу хутгалсан гэж байсан. Идэрхангай Батзаяагийн гэрийн гадаа байсан саарал өнгийн матрас дээр дөрвөн хөллөөд, ар нурууны доохон талд, зүүн бөөрнөөс нь цус гараад байж байсан...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Э.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...Цэнд-Аюуш ахын хажуугийн жалганы хажууд хашаагүй цагаан гэрийн гадаа хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг байсан. Гэрийн гадаа байсан орны матрас дээр нэг нь сууж байсан, тэгтэл гэрээс 30 гаруй насны ах баруун гартаа хутга барьж гарч ирээд матрасан дээр сууж байсан ахын ар нуруу орчимд нь нэг удаа хутгалсан. Нөгөө хутгалуулсан жижиг биетэй ахын нуруунаас цус гараад ёо ёо гээд байсан. Хажууд нь байсан цагаан саравчтай малгайтай ах хутга барьж байсан ахын гараас хутгыг нь булааж авсан...” /хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч Ч.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өлзийт хорооллын төвд байрлах үсчин дээрээ байж байгаад 40 орчим минутын дараа гэртээ буцаад иртэл манай гэрийн гадаа байдаг хуучин матрасан дээр Идэрхангай цээж нүцгэн дөрвөн хөллөсөн нуруун дээр нь миний нүүр гарын ягаан алчуур тавьсан, өмдний гуя хэсэг нь цус болсон байж байсан. ...Би юу болсон бэ гээд асуусан чинь хоёр хүүхдийн нэг нь танай нөхөр чинь Идэрхангай ахыг хутгаар зүссэн гэсэн. ...2016 оны 7 дугаар сарын 20-ны орчим Идэрхангай манай гэрт согтуу орж ирээд хоол хийж өг гээд надад агсам тавьж хэл амаар доромжилж шилээр намайг цохих гээд дайрч байсан юм. Тухайн үед Батзаяа гэртээ байхгүй ажилтай байсан. Би Батзаяад утсаар Идэрхангай согтуу ирж агсам тавьсан гэж хэлж байсан. Сар орчимын дараа Батзаяа хөдөө ажлаас ирээд Идэрхангайтай маргалдаж байсан...” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр ...20 цагийн орчим ...гэр дотор Идэрхангай надтай муудалцаад байсан. Юунаас болж муудалцсанаа сайн мэдэхгүй байна. Идэрхангай хоёулаа гарч зодолдох уу, гаръя гээд байсан. Би Идэрхангайтай хамт гараад гэрийн гадаа зогсож байсан чинь миний нүүрэн тус газар гараараа цохьсон. Би өөдөөс нь дайраад бид хоёр ноцолдоод бие биенийгээ цохиод байсан. Идэрхангайн хүргэн ах нь намайг Идэрхангайтай ноцолдож байгаад дээр нь гарахаар барьж аваад Идэрхангайн доор нь оруулаад байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ гүйж ороод гал тогооны шургуулгад байсан ягаан өнгийн бариултай хутгаа аваад гараад Идэрхангайг айлгах санаатай хутгатай гараарааа тэврээд авсан чинь Идэрхангайн нурууны баруун хэсэгт бөөрний орчим хутгаараа зүссэн. ...Идэрхангай 2016 оны 7 дугаар сарын сүүлээр намайг байхгүй үед манай гэрт согтуу орж ирээд эхнэрт баахан агсан тавьсан гэж байсан. Би гэртээ ирээд Идэрхангайд намайг байхгүй үед эхнэр дээрлэхээд  гэж хэлж байсан. ... Би доор нь орсон байх үед Идэрханай миний хөлнөөс чирээд хөлөөрөө хөл гуя орчим өшиглөөд байсан. Дараа нь миний нүүр лүү өшиглөсөн чинь миний дээд үүдэн 1 шүд унасан. ...Би Идэрхангайн ар нуруу, зүүн бөөр орчим нэг удаа хутгалсан. Би хутгаа баруун гартаа барьсан байсан. Идэрхангай манай гэрийн баруун урд байсан матрасны булан дээр дөрвөн хөллөсөн доошоо харсан байж байх үед нь ар нуруу талаас нь нэг удаа хутгалсан. Эрдэнэбат гэх хүн бид хоёрын маргаан зодоонд оролцоогүй, хажууд байсан...” /хх-ийн 64-65, 67-68/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Идэрхангай мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...архиа ууж байхад Батзаяа надад агсам тавиад хэрүүл өдөөд миний баруун шанаа орчим нэг удаа цохихоор нь би хоёулаа гарч үзье гэж хэлээд  гэрийнх нь гадаа Батзаяа бид хоёр гарсан. Батзаяа бид хоёр хоорондоо ноцолдож байгаад Батзаяа миний дээр гарч суугаад миний хоолойноос боосон чинь манай хүргэн ах Эрдэнэбат Батзаяаг хойш нь татаад унагаасан. Би Эрдэнэбат ахыг та хэрэггүй битгий оролцоод бай, эндээс яв гээд явуулсан. Би Батзаяагийн нүүрэн тус газар 3-4 удаа баруун гараар цохиод хөл өвдөг гуя орчимд нь хоёр хөлөөрөө ээлжилж 3-4 удаа өшиглөсөн. Батзаяа одоо больё гэж хэлэхээр нь би цохихоо больсон. Тэгсэн Батзаяа гэр лүүгээ орсон. Би гэрийнх нь гадаа баруун хаяаг налаад сууж байх үед миний ар нуруу руу хутгалсан. ...Би 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Батзаяаг гэртээ байхгүй байх үед халамцуу гэрт нь орж эхнэр Энхтайвантай маргалдаж байсан юм. Батзаяа дараа нь надтай гудамжинд тааралдаад намайг байхгүй үед эхнэр дээрэлхэлээ, чи муу битгий давраад байгаарай гэж байсан. Тухайн хэрэг гардаг өдөр энэ асуудлаас болж маргаан болсон байх. ...Бид хоёр больё гээд амьсгаадаад ядраад гэрийнх нь урд байдаг матрасан дээр сууж байсан чинь миний араас Батзаяа хутгалсан...“ /хх-ийн 70-71, 73-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13-14/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 9708 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Хөх өнгийн цэцэгтэй цагаан өнгийн хутганы ажлын хэсэгт цус илэрсэн ба АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.

2. Хөх өнгийн цэцэгтэй цагаан өнгийн хутган дээр үрийн шингэн, шүлс тодорхойлох боломжгүй...” /хх-ийн 47/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 12519 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Идэрхангайн биед нурууны зүүн талд бүсэлхийн 1-3-р нугалмын түвшинд зүүн бөөр, нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн өөхөн эд дэх цусан хураа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хүзүүн дэх зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 49/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 12497 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Батзаяа-н биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн чихний дэлбэн, уруул, дал, баруун ташаа, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, буйл, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” /хх-ийн 53/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 10006 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Идэрхангайгаас авсан гэх цус нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна /хх-ийн 107/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Шүүгдэгч Н.Батзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 77/,

- Тодорхойлолт /хх-ийн 76, 86/,

- Шүүгдэгч Н.Батзаяагийн жолоочийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78/,

- Шүүгдэгч Н.Батзаяагийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 34/, бусад баримтууд /хх-ийн 79-84/,

- Шүүгдэгч Э.Идэрхангайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 87/,

- Хохирлын баримт /хх-ийн 88-91/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Н.Батзаяа, Э.Идэрхангай нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-1 тоотод “2016 оны 07 дугаар сард Н.Батзаяа Э.Идэрхангайд урьд нь эхнэр Энхтайванд агсам тавьж, хэл амаар доромжилж айлгаж байсан” гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдаж Э.Идэрхангай Н.Батзаяагийн нүүрэнд нь гараараа цохиж, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн чихний дэлбэн, уруул, дал, баруун ташаа, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, буйл, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Улмаар өөрийг нь зодлоо гэж шүүгдэгч Н.Батзаяа гэрээсээ хутга авчран Э.Идэрхангайгийн нурууны зүүн бүсэлхий орчимд нь хутгалж, зүүн бөөр, нурууны шулуун булчинг гэмтээсэн хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч С.Эрдэнэбат, Б.Цэнд-Аюуш, Э.Жамъяншарав, Э.Хатанбаатар, Ч.Энхтайван нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12519, 12497, 10006 тоот дүгнэлтүүд, Н.Батзаяа, Э.Идэрхангай нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогч, сэжигтэн, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж, шүүгдэгч Э.Идэрхангайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруусан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүгдэгч Э.Идэрхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Батзаяагийн хувийн байдлыг дүгнэхэд: Н.Батзаяагийн урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 77/ тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Идэрхангайд хүнд зэргийн гэмтэл учирсан, учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар 2.253.000 төгрөг нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлж барагдуулсан тухай хохирогч, шүүгдэгч нар мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Батзаяагаас гаргуулах хохирол байхгүй, хохирогч Э.Идэрхангай шаардлагатай гэвэл цаашид эмчилгээний зардал гарвал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

 Шүүгдэгч Н.Батзаяа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогч Э.Идэрхангайгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл гэм хорыг арилгах эмчилгээний болон бусад зардлын хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хорих ял шийтгүүлж болох хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг болон 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Идэрхангайгийн хувийн байдлыг дүгнэхэд: Э.Идэрхангайгийн урьд ял шийтгэлгүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 87/-аар тогтоогдсон,

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Батзаяад хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батзаяа “...Э.Идэрхангайд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Э.Идэрхангай хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Э.Идэрхангай, хохирогч Н.Батзаяа нарыг сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Идэрхангайн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Н.Батзаяа түүнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Э.Идэрхангайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, 20 см урт ажлын хэсэгтэй, 13.3 см урт ягаан, цагаан өнгийн хуванцар бариултай Bass гэсэн бичигтэй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комистт” даалгав.

 

Эрүүгийн 201626031243 тоот битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Батзаяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Э.Идэрхангай гомдол, саналгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борлууд овогт Нэргүйн Батзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

- Шүүгдэгч Даадар овогт Энэбишийн Идэрхангайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Идэрхангайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн Батзаяаг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Хохирогч Н.Батзаяа, Э.Идэрхангай нарт хэргийн хамт шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй, хохирогч Э.Идэрхангай шаардлагатай гэвэл цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, 20 см урт ажлын хэсэгтэй, 13.3 см урт ягаан, цагаан өнгийн хуванцар бариултай Bass гэсэн бичигтэй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комист” даалгасугай.

 

7. Эрүүгийн 201626031243 тоот битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Батзаяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Э.Идэрхангай гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Э.Идэрхангайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Батзаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Идэрхангайд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

ШҮҮГЧИД                                                                 С.БАЗАРХАНД

                                                                                    Б.БАТБОЛОР