Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/366

 

 

 

 

 

 

 

 

 2023          04           06                                      2023/ШЦТ/366

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, О.Алтанчулуу,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Ц.Даваажаргал нарыг оролцуулан эрүүгийн 2209000660108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, О.Б /регистрийн дугаар .../, ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... сургуулийн 3 дугаар курс, онгоцны нисгэгчийн ангийн оюутан,  ам бүл 4,  эцэг, эх дүүгийн хамт Улаанбаатар хот .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

2.Монгол улсын иргэн, Ц.Т /регистрийн дугаар .../, Монгол Улсын иргэн, ... оны ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эцэг, эхийн  хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

3.Монгол улсын иргэн, Ч.Э /регистрийн дугаар .../, .... өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин гэх, ам бүл 6,  эцэг, эх дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Ц.Т, О.Б, Ч.Э нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Гөмчлөлийн ....улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 1.070.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Ц.Т, О.Б, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т, О.Б, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судалахад шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Г өмчлөлийн ....улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 1.070.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нар нь бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.

шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...Сургуульд сурч байгаад 1 хичээл дээр унаад тэр хичээлийнхээ төлбөрийг төлөх учраас мөнгө их хэрэгтэй байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын эхээр найз Эрка гэж дууддаг Этай 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр таарсан. Тэгсэн “найз нь хөлөө гэмтээчихсэн, төлбөрөө хийж чадаагүй, тэмцээнд орж чадахгүй, олон жилийн хичээл сургуулилт талаар нэг болох гээд байна” гээд ярьж байхаар нь “андаа фейсбүүкээр дугуйны обуд авдаг хүн байдаг, тэрэнд обуд зарж мөнгө ольё” гэж хэлсэн. Тэгээд өмнө нэг ангид суралцаж байсан Т лүү залгаад дугуй хулгайлах гэж байгаа талаараа хэлэхэд “би машинаа халаачхаад шууд яваад очлоо” гэсэн. 20 минутын дараа 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээрээс Э бид 2-г авсан. Шууд тэндээсээ “Цамбагарав”-н ар талын жалганаас хагарсан блок аваад “одоо хаачих уу” гэж ярьж байгаад цэцэрлэгт хамт байсан найз Мандахаас дугуйны данхраад гуйж аваад “хаачих уу” гэхэд Т “100 айлын тэнд зогсоол байдаг тийшээ явъя” гээд шөнө 02 цаг болж байхад тэнд очоод эхэлж бүтэн тойрч аль машиныг авах уу гэж сонгочхоод бүтэн тойроод машинаа нэг газар тавьчхаад ард номероо сугалж аваад урд талын номер дээрээ алчуур тавьж байгаад нөгөө тоочилгосон машин дээрээ очоод 2 машины зайтай тавьж байгаад би данхраад дорцовоо авч буугаад очоод суллаж байтал Э данхраад өргөх гэтэл гар нь өвдөөд байхаар нь би дээш нь өргөсөн. Тэгэхэд Т хүн хараад байшингийн хажууд зогсож байсан. эхлээд би жолоочийн эсрэг талын 2 дугуйг тайлж аваад дараа нь нөгөө талын 2 дугуйг нь авсан. Дугуйг нь авчхаад блок тоосго 2 ивсэн. Намайг нөгөө 2 талын дугуйг тайлж байхад Э, Т 2 тайлчихсан байсан дугуйг машин руу зөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.

шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 дүгээр хороололд найзындаа байж байхад 10 жилд хамт сурч байсан Билгүүн найз залгаад “чи хаана байгаа юм найз нь хүнээс обуд авах хэрэгтэй байна, чи хамт яваад өгөөч эсхүл надад машинаа өгчих” гэхээр нь би машинаа хүнд өгч явуулахгүй гээд хамт явахаар болсон. Тэгээд 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр уулзахаар болоод яваад очиход Билгүүн нэг найзтайгаа хамт байсан. Билгүүн надад “Нарантуул захаас данхраад авах хэрэгтэй байна” гэхээр нь захын хажуугаас данхраад тавсан. Тэндээс 100 айл орж хүнээс обуд авна гэхээр нь 100 айлын тийшээ явсан. Тэгсэн 100 айлын хуучин байшингийн тэнд ороод явж байсан чинь Билгүүн намайг “зогс” гээд “чамд бензиний мөнгө өгнө санаа зоволтгүй хамт зөөгөөд өгөөч” гэхээр нь би буугаагүй. Тэгсэн Билгүүн цаанаасаа обудтай дугуй тэвэрчихсэн ирээд машины ар талд ачсан. Тэндээсээ “Тахилт” руу явах хэрэгтэй гээд “Тахилт”-д нэг айлд очоод нөгөө дугуйгаа буулгасан. Тэгээд буцаад 32 ороод Билгүүний найз нартай пиво уугаад өглөө нь салсан. Би О.Б хүний машины дугуй хулгайлж байна гэж мэдээгүй. Би Билгүүнээс “миний машин бензин их иднэ” гэж тоглоом хийж байгаад 180 000 төгрөг авсан. Би энэ  авсан мөнгөө одоо эргүүлээд өгөхөд бэлэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.

шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...Сүүлд 2021 оны 11 дүгээр сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод финалын барилдаанд барилдаад гэмтэл аваад бэртлээ сэдрээсэн. Бэртэл авсан болохоор баруун өвдөгний чагтан холбоос гүнзгий сэмрэх гэмтэл аваад эмнэлгээр яваад хагалгаанд орох шаардлагатай болсон. Хагалгаанд ороход маш их мөнгө хэрэгтэй болж аав, ээжээс асуухад мөнгөгүй байсан. 2022 оны 01 дүгээр сард болох насанд хүрэгчдийн улсын аваргад оролцохын тулд заавал 2021 оны 11 дүгээр сардаа багтааж хагалгаанд орох ёстой байсан. Хагалгаанд орохын тулд маш их мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд найз Билгүүнтэйгээ 3 дугаар эмнэлгийн хажууд таараад өөрт болсон явдлыг хэлээд ийм байна гэхэд Билгүүн “найз обуд хулгай хийж заръя” гээд тэр өдрийнхөө орой шөнө 02 цагийн үед Билгүүн найд Т гэх залуутай 3-уулаа явж байгаад 100 айл орчмоос цагаан өнгөтэй “приус-30” загварын автомашины обуд дугуйг тайлан авч зарын дагуу зарсан. Зарсан мөнгөө 3 хуваагаад авсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

 

хохирогч Г.Гнь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр,... Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой 19 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны зүүн талд байх машины зогсоол дээр өөрийн 7394 УБМ улсын дугаартай цагаан өнгийн “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07 цаг 29 минутад 1 хүн залгаад машины чинь 4 дугуй алга болсон байна гэхээр нь гэрээсээ гарч ирээд харахад машины 4 дугуй байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Би машинаа 2016 онд хувь хүнээс авч байсан. Миний машин 2016 оны 11 сард Монголд орж ирсэн.  Gstok 215x60x17 хэмжээтэй өвлийн 4 ширхэг дугуй, 1 дугуйгаа 80 000 төгрөгөөр авч байсан, обудыг нь 200 000 төгрөгөөр авч байсан нийт 1 120 000 төгрөгийн үнэтэй. Мөн машины баруун талын хормой доор чулуу тавиад хормой сэтэлсэн ба хормойгоо зах зээлийн үнээр үнэлнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

 

гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 04-93 УНН улсын дугаартай хар өнгийн “Тоёота приус-20” загварын автомашиныг 2021 оны 01 дүгээр сард өрийн хүү болох Тт авч өгсөн. Миний нэр дээр байдаг боловч манай хүү Т тухайн автомашиныг 2021 оны 01 дүгээр сараас хойш эзэмшиж ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 46/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35-36/,

 

“Кости-Эстимэйт” ХХК эд хөрөнгийн үнэлгээ /хх-н 65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Ц.Т, О.Б, Ч.Э нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103 дугаар байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Гөмчлөлийн ....улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 1.070.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байна.

          Иймд шүүгдэгч Ц.Т, О.Б, Ч.Э нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Т, О.Б, Ч.Э нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Ингэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан тэнсэж хянан харгалзсан хугацааг тогтоож, тэдгээрт хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон болно.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гансүхэд 1.235.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч О.Б 412.000 төгрөг, шүүгдэгч Ц.Т 412.000 төгрөг, шүүгдэгч Ч.Э 432.000 төгрөг, нийт 1.235.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт иргэн Б.Ц өмчлөлийн ,,,, улсын дугаартай хар өнгийн “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт нийт 96 хоног цагдан хоригдсон болохыг дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос О.Б, Ц.Т, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Т, Ч.Э нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4.Шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, тэдгээрт хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б, Ц.Т, Ч.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.  

 

            6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Б нь 96 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Т, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР