| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/358 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/358
2023 04 06 2023/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан эрүүгийн 2203006110580 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ц.Л /регистрийн дугаар /, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-ний аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын Гал унтраах хэлтэст аврагч, сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Лнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж, “Азмон” төвийн зүүн урд замд “Toyota Harrier” маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.М/эрэгтэй, 13 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Ц.Ц.Лүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч Л.Мын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Ц.Лсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Лнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж, “Азмон” төвийн зүүн урд замд “Toyota Harrier” маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.М/эрэгтэй, 13 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Ц.Лнь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц.Лмэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…1 дүгээр эгнээгээр давхиж яваад гарцаар зам хөндлөн зүүнээс баруун тийш гарч явсан явган зорчигчийг мөргөөд зогссон. Хүүхдийг холоос бол хараагүй. Тулж ирээд хараад л тоормос гишгэсэн боловч амжилгүй мөргөчихсөн. Мөргүүлсэн явган зорчигч 10 гаран насны эрэгтэй хүүхэд байсан. Тэр хүүхэд яг гарцаараа гарч явахад нь би харалгүй гарцан дээр мөргөчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мэдүүлсэн: “...Өсвөр насны эрүүл, саруул хүүхэд маань гэгээн цагаан өдөр осолд орсон нь манай гэр бүлийн хувьд хүнд цохилт болсон. Нэгэн л өдөр тийм мэдээ дуулах маш хэцүү байсан. тухайн үед хүүхдийн чинь биеийн байдал гайгүй гэж байсан боловч осолын бичлэгийг үзээд маш цочирдсон бараг хүүхэд маань амьд юм уу гэж бодохоор хүчтэй мөргөсөн байсан. Одоогийн байдлаар толгой, аарц, нурууны болон дотор яс нь хугаралттай. Нэлээн хүндрэлтэй байгаа. хамаагүй хөдөлгөн хийж чадахгүй байгаа. мэдээж сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд байгаа, замаар гарах асуудал бол их айдастай болсон. Манай хүүхэд бол сурлага сайтай хүүхэд байсан өнгөрсөн улирлын хичээлийн дүнгүүд нь 60% хувьтай, зарим хичээлийн хувьд 40% хувьтай гарсан. “Монгол Тэмүүлэл” гээд сургуульд орох гээд сүүлийн 2 жил гаруй хугацаанд шалгалтад бэлдэж байгаа осол гарснаас хойш ачаалал өгч бэлдэж чадахгүй байна. Идэвхи, болхи байдалтай болсон. Цаашид сэтгэл засалдаа илүү анхаарч эмчилгээ зэргийг хийлгэх шаардлага гарсан. Сүүлийн үед нуруу өвдөж байгаа гэж их хэлэх болсон үзүүлэх гэхээр эмчилгээний мөнгө төлөөгүй байгаа учир хүлээгээд байгаа. Ц.Лхувьд осол болсон үеүүдэд залгаж, биеийн байдлыг асууж байсан. үүний дараагаар эмнэлэг орох шаардлага зэрэг гарах үед залгахаар ямар нэгэн шалтгаан хэлдэг, ирдэггүй зэрэг сэтгэл дутсан. Осол гараад 5 сар өнгөрч байна энэ хугацаанд Лхагва-Очир луу залгахаар утсаа авдаггүй. Сүүлдээ утас нь холбогдохгүй, холбогдсон ч завгүй гэдэг. Залуу хүн алдаж онож болох хэдий ч буруугаа хүлээж хохирол төлөх болов уу гэдэг тал дээр хүлээлттэй байсан. өмнөх шүүх хуралдааны үеэр гал унтраах ажилтай байна гээд ирээгүй. Тухайн үед 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. шүүх хуралдаан дээр л гэм буруугаа ухамсарладаг хэдий ч хаалгаар гараад бас алга болох байх гэж бодож байна. бид нарын хувьд шууд гарсан хохирлоо л нэхэмжилж байгаа. Түүний цаана бид нарын ажил алба алдагдсан. Энэ байдлыг ойлгож байгаа бол сэтгэл гаргах болов уу гэсэн хүлээлтэд хүрэхгүй байгаа. Одоогийн байдлаар 4,300,000 төгрөг шилжүүлсэн байгаа. шууд гарч байгаа зардал бол 5.232.850 төгрөг байна. бүх баримтаа авчирсан байгаа. бэлэн мөнгөний зарлага бол энэ дүн дээр ороогүй байгаа. Яаралтай аарцаг нурууны томограф авхуулах, хичээлийн хоцрогдол болон уламжлалт нөхөн сэргээх, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх зэргийг ойрын хугацаанд хийлгэх шаардлагатай байна. Хүүхэд маань толгойндоо маш хүчтэй доргилт авсан тэр үеийн хаван, цус хуралт буухгүй байгаа. Энэ нь цаашдаа ямар нэгэн хуяан болох болов уу гэдэг дээр асар их санаа зовж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ зам болгоомжтой гараарай гэж хэлдэг ч иймэрхүү хүмүүсээс болж хохирч байна. Хүүхэд маань эсрэг урсгал руу шидэгдсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдал өөр байх ч боломжтой байсан. Гэхдээ чи азтай байна. Тэгээд бид нарын зүгээс ёс зүйтэй байгаа, байнга чам руу залгаагүй, нэхэмжилж байгаа мөнгөө л төлөөд өгөхийг хүсэж байна. Эмчилгээ хийлгэх шаардлага их байгаа чамайг л хүлээж байна. Мөн бид нарын зүгээс цаашид гарах зардлыг мөн нэхэмжилмээр байна... гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сэлбэ голын жижиг төмөр гүүрний баруун хойд талд “DHL” төвийн зүүн талын зам дээр манай хүүг мөргөсөн ....улсын дугаартай “Lexus” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл аваараа татаж зогссон байсан. Намайг очиход манай хүүг гэмтэл рүү 103-н машинаар авч явсан байсан...Жолоочоос хүүгээ асуухад хүү чинь гайгүй би гарцаар гарч байхад нь гарц дээр мөргөчихлөө гэж хэлсэн...Одоо хүүхдийн хөдөлгөөнийг хорьсон. Босож явж чадахгүй бусдын тусламжтайгаар бие засаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 22/,
Насанд хүрээгүй хохирогч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд би буянгийн замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцтай хэсгээр гарч явж байхдаа цагаан өнгийн машинд мөргүүлсэн. Гарцаар гарахын өмнө урагшаа болон хойшоо машин ирж байгаа эсэхийг шалгаж харахад урдаас ирдэг урсгалаас нэг машин ирж байгаа харагдсан ба тэр машин тэр машин нилээн зайтай хол харагдахаар нь гарцаараа гараад хурдан алхаад явж байтал тэр машин намайг мөргөөд цаашаа юу болсныг мэдээгүй...Тухайн машин намайг маш хүчтэй мөргөсөн. Ослын улмаас миний толгой, хөл, аарцаг, нуруу өвдөөд байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 26/,
Иргэний хариуцагч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Машинтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...Аль болох төлж барагдуулахыг бодно..." гэсэн мэдүүлэг /хх-н 33/,
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би урдаас хойш чиглэлтэй явж байсан бөгөөд машин хир хурдтай явж байсныг бол тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Яг мөргөж байхыг нь бол харсан. Нэлээн хурдтай явж байгаад л мөргөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 26/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №13562 тоот актын “…Л.Мд ууцны нэгдүгээр нугалам, баруун умдаг ясны дээд салаа, зүүн умдаг ясны их бие, доод салааны зөрөөгүй, зүүн умдаг ясны салааны сэлтэрсэн хугарал, баруун зулай, дагзны цус хуралт тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоов. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байна...“ гэх дүгнэлт /хх-н 45-46/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Лнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамж, “Азмон” төвийн зүүн урд замд “Toyota Harrier” маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа .../... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.М/эрэгтэй, 13 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Ц.Лдээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Ц.Л эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 5.232.850 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардал гэж 5.270.000 төгрөг, нийт 10.502.850 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс ирээдүйд гарах эмчилгээний зардал гэж 5.270.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 5.232.850 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.300.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байх тул шүүгдэгчээс 932.850 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Л холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ц.Лнь завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 932.850 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Л Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Лтээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, №.... дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР