| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/379 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/379
2023 04 10 2023/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч М.Гансувд,
хохирогч Ц.О,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан эрүүгийн 2209012711773 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, У.Б /регистрийн дугаар /, ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
У.Б нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” гэх шалтгааны улмаас Ц.Отой маргалдаж, улмаар түүний чамархай хэсэг рүү нь гараараа цохиж, үснээс нь зулгааж, хөхнөөс нь базаж хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөж зодон, эрүүл мэндэд нь “...зулай, зулайн ар хуйханд цус хуралт, үсний халцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Оы мэдүүлэг, шүүгдэгч У.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч У.Б нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” гэх шалтгааны улмаас Ц.Отой маргалдаж, улмаар түүний чамархай хэсэг рүү нь гараараа цохиж, үснээс нь зулгааж, хөхнөөс нь базаж хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөж зодон, эрүүл мэндэд нь “...зулай, зулайн ар хуйханд цус хуралт, үсний халцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч У.Б нь хохирогч Ц.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…2022 оны 5 дугаар сарын 8-нд хохирогч тээврийн хэрэгслээ буруу байрлуулснаас шалтгаалан манай нөхөртэй маргаан үүсгэсэн. Маргаан үргэлжилсэн тул би гарч ирээд Ц.Оыг “маргалдахаа боль” гэж хэлээд болиулсан. Тэгээд Ц.О хамт явж байсан хүмүүстэйгээ хоолонд идчихэд ирээд хохирогчийн дүү манай нөхрийг дахин дуудаж, маргааныг үргэлжлүүлсэн. Тэгэхэд нь би гарч хохирогчийн дүүд нь” энэ маргааныг зогсоохгүй бол болохгүй нь” гэж хэлээд болиулсан байсан. Гэтэл Ц.Оы нөхөр нэг залуугийн хамт ирж манай нөхрийг дуудаад дахин маргаан үүсгэхэд. Энэ үед хохирогч гар утсаараа дүрс бичлэг хийж байхад нь би болиулах гээд гар утсыг нь булааж авахад хохирогч намайг үсэдсэн. Ингээд би зөрүүлж үсдэж бид зодолдсон. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би тэр эмэгтэйн гар утсыг авах гэтэл тэр эмэгтэй намайг үстэж дарсан, би өвдгөөрөө газар унах гээд байсан болохоор тэр эмэгтэйн энгэр хэсгээс зулгаагаад боссон, тэр үед намайг тэр эмэгтэйн дүү үсдээд байсан, миний давсаг хэвлий орчмоор өшиглөөд байсан, мөн нэг залуу салгах гэж байна гээд миний нуруу хэсгээс хөдөлгөөнгүй барьчихсан, би тэр эмэгтэйг миний үсийг тавь гэхэд тавихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72/,
хохирогч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Би тээврийн хэрэгслээ далий тавьсан боловч шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн хаалгыг нь хааж байрлуулаагүй. Гэтэл шүүгдэгчийн нөхөр “манай машины хаалгыг цохих гэж байна” гээд манай дүүтэй маргаан үүсгэсэн. Тэгэхэд нь манай хөгшин настай аав, ээж “2 одоо больчих оо. Бид ингээд хоол идчихээд явлаа” гэж хэлээд болиулсан. Гэтэл шүүгдэгчийн нөхөр хүргэнийхээ хамт ирж дахин маргаан үүсгэж, манай тээврийн хэрэгслийг тойрч эргэлдээд байсан. Гэтэл шүүгдэгч гарч ирээд биднийг хөөж “манай газраас зайл” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхэд нь би дүрс бичлэг хийхэд миний гар утсыг булаах гэж оролдоод намайг үсэдсэн. Шүүгдэгч миний үсийг маш чанга зулгаасан байсан. Би Сэлэнгэ аймагт оршин суудаг бөгөөд хэвтрийн хүүхэдтэй учир хохирлоо барагдуулаад гэртээ харих хүсэлттэй байна...” гэв.
хохирогч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн нислэгээр Улаанбаатар хотод ирсэн, тэгээд ээж, аав, дүүгийн хамтаар хоолонд орох гээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зоогийн газар хоол идэх гээд очсон, очиход зоогийн газар гадна зогсоолгүй байсан учир ойрхон байсан зогсоол дээр манай эмэгтэй дүү Ц.Очимэг өөрийн эзэмшлийн машинаа байрлуулан тавьсан, тэр үед хажууд нэг машин байсан, тэгээд машинаас буух үед хажуугийн машины залуу та нар машинаа ямар ойрхон байрлуулан тавьсан юм бэ гэсэн, та нарын хүүхдүүд ингээд машин зурчихвал яах уу гээд хаалгыг нь онгойлгоод байсан, манай дүү саад болохооргүй байна, би машин муу барьдаг учраас ингээд тавьчихлаа гэж хэлэхэд Баясгалант нэртэй авто сэлбэгийн дэлгүүрээс тэр залуугийн охин нь гарч ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан, зоогийн газарт ороод сууж байтал тэр хүмүүс манай дүүгийн машиныг эргэж тойроод байсан, тэгээд дүү гараад, хоорондоо хэрэлдээд байх шиг байхаар нь би араас нь *арсан, би гараад тэр залууд одоо больчих гэж хэлсэн, тэр хооронд тэр залуугийн эхнэр нь гарч ирснээ та нар зайлцгаа пизда нараа, энэ миний газар, зайлахгүй бол машины чинь цонхыг хага шаачихна шүү гээд байхаар нь манай хүргэн газраас чулуу аваад май энийгээ цонхыг нь хагалчих гэсэн, би тэр эмэгтэй дээр гар утсаа бариад очоод түрүүнийхээ үгээ дахиад хэлдээ гээд очиход тэр эмэгтэй миний гар утсыг авч шидээд, гараараа миний зүүн талын чамархай хэсэг рүү нэг удаа цохисон, түүний дараа миний үснээс гараараа үсдээд зулгаагаад байсан, нөгөө гараараа миний зүүн талын хөхнөөс барьж зулгаачхаад, доогуураа хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан, тэр үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгах гэхэд үснээс гараараа зулгаачхаад тавихгүй байсан, би тэр эмэгтэйг танихгүй, тэр эмэгтэй миний чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, мөн миний үснээс зулгааж, миний үсийг унагаасан, хөхнөөс базсан, хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөсөн, гэхдээ миний хэвлий хэсэгт өшиглөөд ямар нэгэн гэмтэл учраагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Ц.Очимэг над руу гар утсаар залгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зуун айл орчимд хоол идэх гээд машинаа зогсоол дээр байрлуулж тавьсан чинь эмэгтэй, эрэгтэй хоёр нийлээд дайраад байна хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Тэгээд яваад очиход эхнэр нөхөр хоёр байсан, эмэгтэй нь миний эзэмшлийн талбай дээрээс машинаа зайлуул гээд дайраад хэл амаар доромжлоод байсан, манай эхнэр болон О тэр хүмүүс хоорондоо хэрүүл хийгээд байсан, тэр хүмүүс машины чинь цонхыг хагална гэсэн утгатай зүйл яриад байсан, хэрэлдэж байгаад тэр эмэгтэй манай эхнэрийн эгч Оыг үсдэж аваад газар унасан, тухайн үед тэнд манай хадам аав Цолмон, хадам ээж Дангаасүрэн нар болон манай эхнэр бид нар тэр хоёрыг салгах гэхэд тэр хоёр нэгийгээ үсдээд салахгүй байсан, би О эгчийг салгах гэхээр нөгөө эмэгтэй нь салахгүй байгаад байсан, дундуур нь ороод арай гэж тэр хоёрыг салгасан, тэгээд манай эхнэр Очимэг цагдаа дуудсан юм.Тэр эмэгтэй, эрэгтэй хоёрыг ойр орчмын хүмүүс ааш авир муутай хүмүүс гэж яриад байсан, дэлгүүрийнх нь гадаа машинаа тавьсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байдаг гэсэн...Хэрүүл маргаан болж О эгчийг салгасны дараа түүнийг харахад үс нь тус тугаараа уначихсан, эрүү, нүүр хэсэгтээ хөхөрчихсөн байсан шиг санагдаж байна. Тэгээд намайг ажлаас дуудаад байхаар нь тэндээс явчихсан. Намайг харж байхад О эгчийн маргалдаад байсан эмэгтэй түрүүлж цохисон, гар утсыг нь цохиод унагааж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай охин Оыг цаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд хэрүүл хийгээд манай охиныг үсдээд дараад унагаасан, манай охиныг үсдээд үснээс нь гараа авахгүй байсан, манай хүргэн Ж.Ариунболд ирчихсэн байсан, бид нар тэр хоёрыг салгах гэхэд салахгүй байсан, би боль болиоч, эмэгтэй хүмүүс байж боль, ичээсээ гээд тэнд байсан хүмүүст салгаач гээд ярьсан, тал талаас нь арай гэж алгасан, тухайн үед охиноо босч ирсний дараа харахад охины дух орой хэсгийн үс байхгүй болчихсон байсан, тэр үед манай нөхөр бид хоёрын бие өвдөөд зүрх дэлсэж даралт ихэссэн, тухайн асуудлын дараа би 2 охиноо загнасан, дуугүй
байчихгүй, шал дэмий зүйлээс болж хэрүүл маргаан хийлээ гэж загнаж уурласан.
“эгээд тэнд удалгүй цагдаа нар ирсэн. Манай охин У.Оыг үсдээд байсан
эмэгтэй дээрэлхүү, айхтар эмэгтэй байна лээ. Хэрүүл маргаан зодоон болохооргүй
асуудлаас болоод ийм асуудал үүсчхээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №6840 тоот актын “…Ц.Оы биед зулай, зулайн ар хуйханд цус хуралт, үсний халцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 50-51/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.Бын 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” гэх шалтгааны улмаас Ц.Отой маргалдаж, улмаар түүний чамархай хэсэг рүү нь гараараа цохиж, үснээс нь зулгааж, хөхнөөс нь базаж хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөж зодон, эрүүл мэндэд нь “...зулай, зулайн ар хуйханд цус хуралт, үсний халцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч У.Бын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч У.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч У.Бад 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч У.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь нийт 570.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон томографт үзүүлсэн 130.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.
Харин хэрэгт ямар нэгэн баримтгүйгээр нэхэмжилсэн хохирогчийн үс ургуулсан багц бүтээгдэхүүн худалдан авсны үнэ 450.000 төгрөгийн нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Бад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, үсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР