Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2019/00453

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр           Дугаар 182/ШШ2019/00453     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу алдангид 13,350,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.12.09-ний өдөр 288 сая төгрөгийн үнийн дүнтэй Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 4 дүгээр байр, 4 тоотын 120 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар Д.Батжаргал миний бие “Паркнайн” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь 288,000,000 төгрөгийн хэмжээнд барилгыг чанартай барьж, 2016 оны 01 дүгээр улиралд ашиглалтанд оруулах, 72,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч нь дотоод заслаа хийхээр тохиролцож, нэхэмжлэгчээс 2015.12.31-ний өдөр 76,005,200 төгрөг, мөн өдрөө 191,994,800 төгрөг, нийт 268,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ бид Төрийн банкнаас 8%-ийн ипотекийн зээл авч төлсөн байдаг. Хэрэв гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний 5.1, 5.2-т зааснаар хэн аль нь алданги төлөх үүрэг хүлээсэн. Ингээд барилгыг бодит байдлаар 2016 оны 01 дүгээр улиралд хүлээн авсан, гэхдээ ямар нэгэн акт үйлдээгүй. Гэтэл байр 120 м.кв талбайдаа хүрээгүй, тухайн үед эрх бүхий хэмжилтийн байгууллагаар хэмжүүлэхэд 103,55 м.кв байсан учир зөрүү 16,45 м.кв-ийн үнийн дүнд тохируулан “Паркнайн” ХХК-ийн зүгээс гэрээг шинэчлэх санал ирүүлснээр 2015.12.30-ны өдөр гэрээг шинэчилж, 103 м.кв талбай бүхий байр, 1 автомашины зогсоол, нийт 267,000,000 төгрөг гэж тооцон хийсэн байдаг. Энэ гэрээг хийх үед Э.Э бид хоёр тусдаа амьдрахаар шийдсэн байсан учир би анхны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүх эрх, үүргийг Э.Эд шилжүүлж, энэ талаар Паркнайн ХХК-нд мэдэгдсэн.

Сүүлийн 2015.12.30-ны өдрийн гэрээний 1.1-д зааснаар хариуцагч Пнь барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх ёстой байтал өнөөдрийг хүртэл бидэнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхтэй холбоотой үүргээ биелүүлээгүй хохирол учруулж байна. Иймд бид гэрээний үнийн дүнг 360,000,000 төгрөг гэж тооцон үүний 5%-иар буюу 18,000,000 төгрөгийг хариуцагчаас алдангид нэхэмжилсэн. Гэхдээ шүүх хуралдааны явцад гэрээний үнийн дүнгээ буруу тооцсон байна гэж үзэн 2015.12.30-ны өдрийн гэрээний дагуу 267,000,000 төгрөгийн 5%-иар алданги тооцон 13,350,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ энэ гэрээ нь цаг хугацааны хувьд буруу байгаа. Өөрөөр хэлбэл Э.Э эрх шилжүүлэх гэрээний дараа, талбайн хэмжилт хийснээс хойш 2016.08.07-ны хавьцаа хийгдсэн гэрээ байх ёстой. Яагаад 2015.12.30-ны өдрийн огноотой байгааг сая хурал дээр л мэдлээ. Энэ гэрээнд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрчихсэн байгаа учир 5%-иар нь шууд тооцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Бидний хооронд Иргэний хуулийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний 1.1-д заасан барилгыг өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Гэрээний энэ заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлабал хариуцагч нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, бидэнд өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгөхтэй холбоотой баримтуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүргүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээг авч өгнө гэсэн санаа юм. Иймд хариуцагч Паркнайн ХХК-иас Иргэний хуулийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 13,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: 2015.12.09-ний өдрийн болон 2015.12.30-ны өдрийн гэрээнүүдийг ажил гүйцэтгэх гэрээ гэдэгт болон гэрээний нийт дүн 268 сая төгрөг гэдэгт маргахгүй юм шиг байна. Хамгийн сүүлийн 2015.12.30-ны өдрийн гэрээг шинээр байгуулсан учир өмнөх гэрээ дуусгавар болсон, тэгэхлээр 2015.12.30-ны өдрийн гэрээний хүрээнд асуудал яригдах байх. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д заасан барилгын гадна цонх, хаалга, сантехник, цахилгаан, галын дохиолол, гадны орчны тохижилт, гадна зам, шугам сүлжээний ажлыг хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйл, 352 дугаар зүйлд зааснаар бүрэн дүүрэн чанартай биелүүлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч энэ байрандаа өнөөдрийн байдлаар амьдарч байна. Байрны талаар ямар нэгэн дутагдал, доголдол гарсангүй. Гэрээний 1.1-д зааснаар өмчлөлд нь шилжүүлэн өгсөн гэсэн үг. Энэ ажлыг хийхээр л бид харилцан тохиролцсон учир манай зүгээс гэрээний үүргийн биелүүлээгүй асуудал гарсангүй. Харин бидэнд гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгөхтэй холбоотой ямар нэгэн үүрэг байхгүй. Харин маргаан бүхий барилгын газартай холбоотой Захиргааны хэрэг маргаан байгаа учир улсын комисс ажиллах боломжгүй болсон. Энэ нь манай байгууллагын буруутай ажиллагаа биш ээ. Бид уг барилгыг барих төсөл хэрэгжүүлэхдээ анх Төрийн банк ХХК-иас зээл авсан бөгөөд дуусаагүй барилгуудыг Төрийн банкны барьцаанд тавьсан байдаг. Энэ асуудлаар тус шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой маргаан явж байгаа. Барилгын тухай хуульд зааснаар барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй байгууллага нь газрын эзэмшигч байна. Тиймээс бидэнд ямар нэгэн үүрэг байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Паркнайн ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу алдангид 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад гэрээний үнийн дүнгээ буруу тооцсон шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаа 13,350,000 төгрөг болгон багасгасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Пнь гэрээний 1.1-д зааснаар барилгыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна, уг заалтын агуулгыг тайлбарлабал барилга дээр улсын комисс ажиллуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгөхтэй холбоотой баримтуудыг эрх бүхий байгууллагад уламжилж, гэрчилгээг гаргуулж өгөх ёстой, тэгж байж барилга бүрэн утгаараа нэхэмжлэгчийг өмчлөлд шилжинэ гэж үзнэ, тийм учраас гэрээнд заасны дагуу алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид гэрээний 1.7-д заасан үүргээ бүрэн дүүрэн биелүүлж барилгыг хүлээлгэн өгсөн, одоо нэхэмжлэгч өөрөө амьдарч байгаа гэдгээ хэллээ, бид гэрээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгөх үүрэг хүлээгээгүй, барилга дээр улсын комисс ажиллуулах нь Барилгын тухай хуульд зааснаар газрын эзэмшигч, өмчлөгчийн үүрэг, харин газартай холбоотой маргаан захиргааны шүүхээр хянагдаж байна, тийм учраас улсын комисс ажиллуулж, гэрчилгээ гарган өгөх боломжгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэн Д.Батжаргал, Паркнайн ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Парк-9 аялал, жуулчлалын цогцолбор барих ажлын хүрээнд нэхэмжлэгч Д.Батжаргалын захиалга, санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4 дүгээр байрны 4 тоотын 120 м.кв байрыг, 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр, нийт 288,000,000 төгрөгөөр барьж 2016 оны 01 дүгээр улиралд ашиглалтанд оруулах, нэхэмжлэгч нь 72,000,000 төгрөгөөр дотоод заслыг хийхээр, хэн аль нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд харилцан бие биедээ гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрүүлэхгүйгээр алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу Д.Батжаргалаас 2015.12.31-ний өдөр хариуцагч Паркнайн ХХК-нд 76,005,200 төгрөг, 191,994,800 төгрөг, нийт 268,000,000 төгрөгийг төлсөн, хариуцагч Пнь 2016 оны 01 дүгээр улиралд багтаан барилгын түлхүүрийг нэхэмжлэгч Э.Эд гардуулан өгсөн болох нь зохигчдын тайлбар, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Д.Батжаргалаас байрны төлбөр төлсөн Төрийн банкны меморилын баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцааг шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч тал Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4 дүгээр байрны 4 тоотын 120 м.кв талбай бүхий байраа 2016.01.18-ны өдөр Тоонот констракшн ХХК-иар хэмжүүлсэн байх бөгөөд хэмжилтийн үр дүнд тус байр нь 103.55 м.кв болсон, тэрээр нэхэмжлэгч Э.Э, түүний төлөөлөгч Д.Батжаргал нар нь тухайн үедээ хамтран амьдарч байсан байх бөгөөд тусдаа амьдрах шалтгаанаар 2016.08.05-ны өдөр Паркнайн ХХК, Э.Э, Д.Батжаргал нар тохиролцон Д.Батжаргал нь 2015.12.09-ний өдрийн гэрээгээ хүлээсэн бүх эрх, үүргээ нэхэмжлэгч Э.Эд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, эрх шилжүүлэх гэрээ, Тоонот констракшн ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл болон бусад баримтууд, 2016.06.07-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай Э.Э, Д.Батжаргал нарын хүсэлт зэрэг баримтуудаар  тогтоогдов.

 

Дээрх үйл баримт буюу эрх шилжүүлэх гэрээний дараа 2016.08.07, 08-ны өдрийн үеэр нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Пнь байрны талбайн хэмжээ дутуу байгаа талаар ярилцаж 2015.12.30-ны өдрийн огноотой барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээнд “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4 дүгээр байрны 4 тоотын 103 м.кв талбай бүхий байр, уг байрны дор байрлах 20 тоотын 1 автомашины зогсоол, байрны м.кв-ыг 2.300,000 төгрөг, автомашины зогсоолыг 30,000,000 төгрөг, нийт 267,000,000 төгрөг байхаар” шинэчлэн тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343 дугаар зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,

351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”,

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016.08.07, 08-ны өдрийн гэх 2015.12.30-ны өдрийн огноотой Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “гүйцэтгэгч нь барилга угсралтыг батлагдсан барилгын зураг төслийн дагуу гүйцэтгэж, барилгыг гэрээний хугацаанд захиалагчид шилжүүлнэ”,

2 дугаар зүйлийн Захиалагчийн эрх, үүрэг хэсгийн 2.1-д “энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан барилгын захиалгат ажлын хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй”,

3 дугаар зүйлийн гүйцэтгэгчийн эрх, үүргийн хэсгийг 3.1-д “барилгын ажлыг батлагдсан зураг, төсөл, холбогдох журмын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө”,

5 дугаар зүйлийн гэрээний хариуцлага хэсгийн 5.1-д “гүйцэтгэгч барилгын захиалгат ажлын хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.01 хувийн алданги тооцож захиалагчид төлнө. Энэ нь гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй байна” гэж тус тус заажээ.

 

 

Нэхэмжлэгч Э.Э нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн нь нэгэнт тогтоогдсон бөгөөд харин хариуцагч Пнь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэрээний зүйл болсон байр, гараашийг нэхэмжлэгч Э.Эийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Э нь гэрээний дагуу 268,000,000 төгрөгийг төлсөн байх боловч тэрээр 2016.08.07, 08-ны өдрийн гэх 2015.12.30-ны өдрийн огноотой Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 267,000,000 төгрөгийн 5%-иар тооцож шаардлагаа 13,350,000 төгрөг гэж тодорхойлсон тул түүний шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч Э.Эд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрх үүсчээ.

 

Харин хариуцагч Пнь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар барилгын ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч Э.Эд барилгыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн байх боловч тэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350.1.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Эийн өмчлөлд шилжүүлэх үүрэг биелэгдээгүй байна.

 

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг ба үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэгч шинээр бий болгож байгаа тохиолдолд захиалагч өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлага хангасан эд хөрөнгийг шилжүүлж, холбогдох баримт бичгийг бэлэн болгож өгөх хэлбэрээр уг заалт хэрэгждэг онцлогтой.

 

Тиймээс хариуцагч Пнь гэрээний 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гэрээний үнийн дүн буюу 267,000,000 төгрөгийн 5% болох 13,350,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Эд төлөх үүрэгтэй.

 

Харин хариуцагчийн өмгөөлөгч нь “төсөл хэрэгжүүлж барилга барьсан газрын маргаан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа, мөн Төрийн банкны зээлтэй холбоотой, зээлийн барьцаанд маргаан бүхий байр байгаа асуудал тус шүүхэд хянагдаж байгаа” гэж тайлбарлаж байх боловч тус маргаанууд нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй, хариуцагч тал татгалзлын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Иймд хариуцагч Паркнайн ХХК-иас 13,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Э нь 18,000,0000 төгрөгийн шаардлагадаа 247,950 төгрөгийг төлөх байтал дунд нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж тэмдэгтийн хураамжид нийт 772,345 /487,950+284,395/ төгрөгийг төлсөн байна. Иймд уг 772,345 төгрөгөөс төлбөл зохих 247,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 524,395 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

                                                                                                    

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Паркнайн ХХК-иас 13,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Эээс тэмдэгтийн хураамжид төлсөн 772,345 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 524,395 төгрөгийг буцааж, хариуцагч Паркнайн ХХК-иас 224,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА