| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/408 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/408
2023 04 14 2023/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч С.Болорзул,
хохирогч Г.У, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, Д.Ганхуяг /онлайн/ нарыг оролцуулан эрүүгийн 2209013661989 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Э.Э /регистрийн дугаар /, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, “...” группт төслийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух,
урьд өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын хугацаанд өөрийгөө Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг гэж хохирогч Г.Уд итгэл төрүүлэн, тус хэлтсээс зарлагддаг, хүнсний талоны тендерт оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч Г.У нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрт байхдаа 6 удаагийн гүйлгээгээр нийт 18.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.У мэдүүлэг, шүүгдэгч Э.Эийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.У залилж нийт 18.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.У залилсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлсэн: “...Миний бие анх Одонхүү гэх хүнээр дамжуулан хохирогч Г.Утай уулзсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос авсан 18.500.000 төгрөгөө төлж барагдуулна. Би дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.
шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 18.500.000 төгрөгөөр 8.500.000 төгрөгийг ямар үйл ажиллагаанд зарцуулсан гэдгийг мэдэж байна. Үлдсэн 10.000.000 төгрөгийг өөрийн биеэр зээлсэн учраас мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.У мэдүүлсэн: “...Би Э.Эийг сайн танихгүй. Надад хүнсний талоны эрх авч өгнө гэж хэлээд надаас 6 удаагийн давтамжтай мөнгө авсан. Одоо хохирол төлбөрөө төлүүлэх хүсэлттэй байна...” гэв.
хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 22-99 тоотод байрлах Е захын Б1 давхарт байрлах хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. Би 2020 оны 02 дугаар сард хүнсний эрхээр үйлчлэх зөвшөөрөл хөөцөлдөөд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очиж мэдээлэл аваад явсан. Гэтэл 2 хоногийн дараа өөрийгөө Э.Э гэж танилцуулсан 30 орчим насны залуу манай хүнсний дэлгүүрт орж ирээд та хүнсний эрхийн бичгээр үйлчлэх зөвшөөрөл хөөцөлдөөд явж байгаа юм байна яаж материалаа бүрдүүлэхийг чинь заагаад өгье гэхээр зөвшөөрөөд тохиролцоод нотариат ороод гэрээ хийх гэсэн боловч нотариат хаасан байсан тул дэлгүүр рүүгээ буцаж ороод бэлэн мөнгөний баримт үйлдэн 2.400.000 төгрөгийг бэлнээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн баримт нь байгаа. Үүний дараа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажил дээр ирээд өндөр настнуудын бэлэг тараана гээд Төрийн банкны .... дугаартай дансаар 1.000.000 төгрөг авсан. Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны гадаа нөөцийн мах зарах зөвшөөрөл авч өгнө гээд бэлнээр 6.000.000 төгрөгийг би яамны гадаа аваачиж өгсөн. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хүрээд ир гээд Монгол ардын намын гишүүний хандивт мөнгө хэрэгтэй байна гээд дансаар 2.000.000 төгрөг авсан. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнхөө .... дугаартай утсаар над руу залгаж Хаан банкны .... дугаартай дансаар мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 4.600.000 төгрөг тухайн данс руу нь шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2020 оны 0\5 дугаар сарын 26-ны өдөр хөдөөгөөс үхэр авчрах гэсэн тээврийн зардалгүй болчихлоо гээд 2.500.000 төгрөг бэлнээр авсан. Ингэж элдэв шалтаг тоочсоор надаас нийт 18.500.000 төгрөгийг залилж авсан. Одоо хүртэл мөнгөө эргүүлж өгөөгүй нэг ч ажил бүтээж өгөөгүй. Би намайг залилсан гэдгийг сая л мэдээд одоо цагдаагийн байгууллагад хандаж байна. ...надаас 2.500.000 төгрөгийг увуулж цувуулж зээлж аваад дараа нь бөөнд нь баримт бичүүлээд гарын үсэг зуруулсан. Үлдэгдэл 16.000.000 төгрөгийг надаас тендерийн ажил бүтээнэ гэж хэлээд авсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 28-29, 31/,
гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Э.Э гэдэг хүнийг зүс мэднэ Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажилладаггүй манай хажуу талын өрөөний Сүхбаатар дүүргийн Захиргаа хяналтын албаны дарга Дөлгөөнтэй уулзана гээд манай ажлаар орж гардаг байсан. Дөлгөөн, Э.Э 2 өмнө нэг компанид ажилладаг байсан гэж ярьж байсныг санаж байна. Хуурай дүү Э.Э иргэний бүртгэлд ажилладаг гэж ярьж байсныг санаж байна. Гэхдээ баталгаатай биш байх. Э.Э гэх хүн надтай Хөдөлмөр халамжийн хэлтэст зарлагддаг хүнсний тендерт хүн оруулах талаар ярьж байгаагүй. Манай байгууллагаас хүнсний эрхийн бичгийн тендер зарлагддаг гэхдээ би энэ талаар мэдэхгүй хариуцдаггүй байсан. Энэ тендерийг халамжийн алба хариуцаж хийдэг байсан дарга нь Батцэнгэл гэж хүн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 33/,
гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо хандгайтын 22-99 тоотод байрлах Е захын Б1 давхарт байрлах хүнсний дэлгүүрийг эхнэр Г.Уянгын хамт ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байх үед өөрийгөө хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар ажилладаг гэх Эгэдэг залуу орж ирээд “Намайг Одхүү ах явуулсан юм танайх хүнсний талоны тендер авах гэж байгаа юм уу би тэрэнд чинь материалыг нь авч өгөөд тусалмаар байна гэж хэлсэн. Тэр үед бид 2 Одхүү гэдэг хүнийг ч танихгүй хүнсний талоны талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байсан тэгээд Энхтөрөөс мэдээлэл авсан. Байгалаа гэх миний таньдаг хүн тендерийн материал бүрдүүлж өгдөг энэ хүний 99054480 гэсэн утас руу залга гэж хэлсэн. Энэ хүнээр тендерийн материалаа бүрдүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Э тендерийн урьдчилгаа 2.400.000 төгрөг бэлнээр авсан нотариатаар батлуулъя гэсэн чинь хаачихсан байхаар нь бэлнээр өгсөн...нийт 18.500.000 төгрөг болж байгаа. Энхтөртэй уулзах үедээ дандаа эхнэр Г.У хамт байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 35/,
-бэлэн мөнгөний гүйлгээний баримт /хх-н 15-16/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын хугацаанд өөрийгөө Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг гэж хохирогч Г.Уд итгэл төрүүлэн, тус хэлтсээс зарлагддаг, хүнсний талоны тендерт оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч Г.У нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е хүнсний дэлгүүрт байхдаа 6 удаагийн гүйлгээгээр нийт 18.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Э.Эийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Уд 18.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 18.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлтийн хавсралтад хохирол төлбөрт 2.500.000 төгрөгийг төлсөн гэж алдаатай бичигдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эөөс 18.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У (РД: -д олгосугай.
5.Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР