| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/00458/И |
| Дугаар | 182/ШШ2019/00528 |
| Огноо | 2019-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2019/00528
| 2019 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2019/00528 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г -д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 5.760.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, хариуцагч Д.Г, гэрч Д., З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П.Э би Фэйсебүүкээр 2018.10.14-ний өдөр 2289 УБП улсын дугаартай NHW110040906 тоот арлын дугаартай приус маркийн цайвар нөгөөн өнгөтэй суудлын авто машиныг 5.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 99003340 дугаартай утас руу залгаж Г гэдэг хүнтэй ярьсан. Г нь 2018.10.12-ны өдөр 2289 УБЛ машиныг эзэмшигч Ш.Энхбаатараас Год өгсөн дараах итгэмжлэлийн дагуу худалдах бэлэглэх гэрээнд төлөөлөх гарын үсэг зурах, нэр шилжүүлэх зэргээр төлөөлөх эрхтэй итгэмжлэлийн дагуу 2018.10.18-ны өдөр надтай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах эгрээ хийсэн. Гэрээний заасан мөнгийг хаан банкны 5024551614 тоот дансанд 4.500.000 төгрөгийг 2018.10.18-нд Гын данс руу шилжүүлж, үлдэгдлийг мөн дансаар 500.000 төгрөг шилжүүлсэн. 2018.10.19-ний өдөр машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад Дархан руу машинтайгаа явсан. Явж байх үед машины хянах самбарт анхааруулах тэмдэг ассан. Машиныг худалдан авахаас 2 хоногийн өмнө машинд дуу гарахаар нь Год хэлэхэд сая л дуу гарчихлаа гайгүй гэсэн. Дарханд очоод приус засдаг засварчинд үзүүлэхэд цахилгаан утас маастай байна соль гэсэн. Тос маслыг солиход тас хар тос гарсан. Хойд хоёр дугуйны барбаны хөндий хоосон, трупэнд нь хадаас хийсэн байсан. Машины эвдрэл нь гайгүй болохгүй болохоор нь 2018.10.29-ний өдөр Гтой уулзахад Г машины 5.000.000 төгрөг, засварын 300.000 төгрөгийг буцааж өгнө гэсэн. Машинаа заруулахаар Год 2018.11.02-нд хүлээлгэн өгч 11-р сарын 07-нд Год итгэмжлэх өгсөн. Машины өмчөлгч Энхбаатар нь эрхийн доголдолтой машиныг итгэмжлэл хийн Г нь надад худалдсан бөгөөд машины доголдлыг мэдсээр байж худалдсан. Иймд эрхийн доголдолтой машиныг надад худалдсан тул 2018.10.18-нд хийсэн тээврийн хэрэсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагч Гоос 5.000.000 төгрөг, машины засварт 300.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөг. 4.500.000 төгрөгийн хүү сарын 70 000 төгрөг, 1.000.000 төгрөгийн хүү сарын 60.000 төгрөг. Эрэн сурвалжлуулсны 70.200 төгрөг нийт 5,760,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22-89 УБЛ улсын дугаартай, т.приус-11 маркийн автомашиныг нэхэмжлэгч П.Ээд 5 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээ байгуулсан, уг автомашиныг анх худалдахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, П.Э үзэж, хараад унаад явсан бөгөөд уг гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг би хүлээн авсан болно. Миний бие машин худалдан авч, сайжруулан засаад цааш бусдад зардаг. Энэ машиныг тухайн үед Ж.Энхбаатар гэж хүнээс худалдан аваад зассан байсан юм. Харин П.Э нь т.приус-11 маркийн автомашиныг эвдрэлтэй байна гээд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай гараашны үүдэнд орхиод явсан. Нэхэмжлэгч т.корола маркийн автомашин авна гэхээр нь т.приус-11 маркийн автомашиныг вилтер /Fielder/ маркийн автомашинаар тулсан. Одоо вилтер маркийн автомашин нь гараашид бэлэн байгаа бөгөөд бага зэргийн будагны ажилтай. Хэрвээ вилтер маркийн автомашиныг нэхэмжлэгч авахгүй гэвэл уг автомашиныг зарж борлуулсны дараа буюу 30-45 хоногийн дараа 5 000 000 төгрөгийг, машины засварын 300,000 төгрөг, нийт 5,300,000 төгрөгийг буцаан өгөх боломжтой. Харин зээлийн хүү 390 000 төгрөг, эрэн сурвалжлуулсны 70 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн надаас машин авахын тулд өөрөө хүсээд бусдаас зээл авсан байна, би ав гэж хэлээгүй, тиймээс түүний төлж байгаа хүү надад хамаагүй. Мөн би оршин суугаа хаягтаа байсан, намайг эрэн сурвалжлуулах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Иймд 5,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Д.Год холбогдуулж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 5.760.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг худалдан авсан машин доголдолтой байсан, үүнийг хариуцагч надад хэлээгүй зарсан, үүний улмаас би машиныг засуулсан, машин авахын тулд бусдаас зээл авч, хүү төлсөн, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулж зардал гарган хохирч байна, машиныг нь буцаагаад өгсөн тул мөнгө болон гарсан зардлаа шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч дээрх тайлбараас зарим хэсгийг зөвшөөрч байх бөгөөд уг нь нэхэмжлэгч өөрөө машиныг үзэж, хараад аваад явсан, миний зүгээс хуурсан зүйл байхгүй, машинаа нэгэнт буцаагаад авчихсан учир 5,000,000 төгрөгийг нь машин засуулсны 300,000 төгрөг, нийт 5,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, гэхдээ одоогоор бэлэн мөнгө байхгүй, дахиад нэг машин зарж байж бэлэн мөнгө гаргана, харин зээлийн хүү, эрэн сурвалжлуулсан зардлыг би хариуцахгүй, надад хамаагүй гэж мэтгэлцсэн.
Зохигчдын хооронд 2018.10.18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Д.Гоос 22-89 УБЛ улсын дугаартай, NHW110040906 тоот арлын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, цайвар ногоон өнгөтэй Т.Приус маркийн суудлын автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч П.Э нь 2018.10.18-ны өдөр хариуцагч Д.Гын ХААН банкны 5024551614 дугаарын дансанд 4,500,000 төгрөг, 500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Д.Г нь 22-89 УБЛ улсын дугаартай, NHW110040906 тоот арлын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, цайвар ногоон өнгөтэй Т.Приус маркийн автомашиныг 2018.10.19-ний өдөр нэхэмжлэгч П.Ээд шилжүүлэн өгчээ.
Нэхэмжлэгч П.Эийн худалдан авсан Т.Приус маркийн автомашин нь эвдрэлтэйн улмаас тэрээр тус машины тос, масло, антервиз, агаар шүүгч, наклад, духны гремэн, подвар гэрэл, гал хамгаалагч, бардокс солиулах зэргээр засвар хийсэн, машиныг цаашид ашиглах боломжгүй болж хариуцагч Д.Гтой холбогдон машиныг 2018.11.02-ны өдөр буцаан өгч, шилжүүлсэн 5,000,000 төгрөгөө эргүүлэн авах, П.Эээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Д.Г нь машиныг худалдан борлуулж, мөнгийг өгөхөөр тохиролцсон байна.
Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашин засварын талаарх зарлагын баримтууд, 2018.11.07-ны өдрийн П.Эээс хариуцагч Д.Год олгосон итгэмжлэл, зохигчдын иргэний бичиг баримтын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.Эийн ХААН банкны депозит дансны хуулгууд, гэрч Д.Одгэрэл, Н.Золжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.
Нэхэмжлэгч П.Э нь худалдан авсан машинаа цаашид ашиглах боломжгүй болж хариуцагч Д.Год нэгэнт буцаан өгсөн, гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн болох нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан шаардлагад нийцжээ.
Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой.
Иймд нэхэмжлэгч П.Ээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцаах, үүний улмаас учирсан хохирлоо шаардах эрх үссэн байна.
Нэхэмжлэгч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагын 5,760,200 төгрөгөө, машин худалдан авсан 5,000,000 төгрөг, засвар хийсэн 300,000 төгрөг, машин худалдан авахад бусдаас 1,000,000 төгрөг болон 4,500,000 төгрөгийн зээл авч, 4,500,000 төгрөгийн 1 сарын хүү 70,000 төгрөг, 2018.11.07-ноос 2019.03.07-ний өдрийг хүртэл 3 сарын хүү 210,000 төгрөг, 1,000,000 төгрөгийн зээлд сарын 60,000 төгрөгийг хүү, 2018.11.07-ны өдрөөс 2019.02.07-ны өдрийг хүртэл 3 сарын хүү 180,000 төгрөг, мөн хариуцагч Д.Гыг эрэн сурвалжлуулсны 70,200 төгрөг гэж задлан тайлбарлав.
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Д.Гын оршин суугаа хаягийг тогтоолгохоор түүнийг эрэн сурвалжлуулж, 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, өөрөөсөө зардал гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.08-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийн дагуу хаяг тогтоох ажиллагаа хийсэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан бичгээр тогтоогдсон тул уг зардлыг Д.Г хариуцах учиртай.
Нэхэмжлэгч П.Э нь 2018.10.22-ны өдөр Б.Цогзолмаагаас 1,000,000 төгрөгийг 2018.10.22-ны өдрөөс 2019.01.22-ны өдрийг хүртэл сарын 6%-ийн хүүтэй зээлсэн, 2018.10.10-ны өдөр түүний ээж гэх Б.Пүрэвсүрэн нь Төрийн банкнаас тэтгэврийн зээлийн зориулалтаар 5,259,800 төгрөгийг, жилийн 18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээнүүдээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч П.Э нь дээрх гэрээнүүдийн дагуу авсан зээлийн харилцааны улмаас хүү төлж байгаа явдал нь тус маргаанд хамааралгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар түүнээс гарч байгаа зардалд тооцогдохгүй тул уг зээлийн хүүг Д.Г хариуцах үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Д.Гоос түүний зөвшөөрсөн хэмжээ болох автомашины үнэ 5,000,000 төгрөг, автомашины засварын мөнгө 300,000 төгрөг, мөн түүнийг эрэн сурвалжлуулсны улмаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 5,370,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ээд олгож, нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүү болох 390,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Гоос 5,370,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ээд олгож, нэхэмжлэлээс үлдэх 390,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч П.Эээс тэмдэгтийн хураамжид төлсөн 107,113 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос 100,873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ээд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА