| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/00305/И |
| Дугаар | 182/ШШ2019/00554 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2019/00554
| 2019 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2019/ | Улаанбаатархот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х-д холбогдох
2018.07.09-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017.01.25-ны өдрийн Б/37 тоот Хны сайдын тушаалаар Дархан уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд давж заалдсан боловч 2017.09.06-ны өдрийн 1990 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.27-ны өдрийн дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан биелүүлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 7,450,517 төгрөгийг надад хариуцагч олгосон боловч ажилд өнөөдрийг хүртэл аваагүй байна.
Тийм учраас миний бие дахин анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш цалин хөлсөө нэхэмжилж 2018.09.03-ны өдөр тус дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэрийг би зөвшөөрөхгүй давж заалдсан. Давж заалдах шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 2139 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2017.06.27-ны өдрөөс 2018.07.09-ний өдрийг хүртэлх олговорт нийт 20,265,867 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ магадлалд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийг ч хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд миний бие цалин хөлсгүй хохирч байгаа учир 2018.07.09-ний өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх 177 өдрийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гарган өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрт миний дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж буруу бодсон байсныг би энэ хурлын үед мэдсэн. Би өөрөө тооцож үзвэл нэг өдрийн дундаж цалин хөлс 77,647 төгрөг болсон бөгөөд үүнийг 177 хоногоор үржүүлсэн байгаа. Тиймээс шүүхээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг 77,647 төгрөг байгааг анхаарч үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Лгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрт түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж тогтоосон байгаа нөхцөлд 77,647 төгрөгөөр тооцох боломжгүй. Нэхэмжлэгч тухайн үед гомдол гаргахдаа цалин хөлсийг буруу тооцсон талаар огт дурдаагүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Ханд холбогдуулж 2018.07.09-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч байгууллага нь намайг ажилд эгүүлэн тогтоосон 2017.06.27-ны өдрийн 1408 дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд авахгүй өнөөдрийг хүрч, намайг цалин хөлсөөр хохироож байгаа бөгөөд 2018.10.15-ны өдрийн 2139 дугаартай олговор гаргуулсан магадлалыг мөн биелүүлээгүй учир миний бие 2018.07.09-ний өдрөөс хойшхи олговрыг шаардах эрхтэй, үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Л нь Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2017.12.26-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 1408 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Лг Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,450,517 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 1990 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.12.26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.03-ны өдрийн 1672 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Лгийн 2017.06.27-ны өдрөөс 2018.07.09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ханд холбогдох нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 2139 дугаартай магадлалаар тус шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ч.Лгийн 2017.06.27-ны өдрөөс 2018.07.09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөгийг хариуцагч Хнаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр дурдсан магадлалаар хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Лг Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон, 2017.06.27-ны өдрөөс 2018.07.09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,265,867 төгрөгийг хариуцагч Хнаас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Ч.Л түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 1408 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч Ханд олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, тэрээр шүүхэд хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч Х нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 1408 дугаартай шийдвэрт заасан 7,450,517 төгрөгийн олговрыг олгосон байх боловч түүнийг өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн аваагүй байна.
Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, 1408 дугаартай шийдвэр, 1990 дугаартай магадлал, 12 дугаартай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2019.02.13-ны өдрийн 4/255 дугаартай албан бичиг, 2018.03.26-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 2743 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 1672 дугаартай шийдвэр, 2139 дугаартай магадлал, Ч.Лгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,
69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Ч.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 2139 дугаартай магадлалаас хойшхи буюу тус магадлалд дурдсан 2018.07.09-ний өдрөөс хойшхи өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Хнаас шаардах эрхтэй.
Хариуцагч Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байх тул 2018.07.09-ний өдрөөс хойшхи өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарах эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Өөрөөр хэлбэл хариуцагч Х нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Ч.Лг шүүхийн шийдвэрт заасан ажилд нь эгүүлэн авсан бол тэрээр ажил хөдөлмөрөө эрхлэн цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.
Харин хариуцагч тал Улсын дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн 12 дугаартай тогтоол гарсан цаг хугацаанаас нэхэмжлэгч Ч.Лг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байхад нэхэмжлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Ч.Л нь нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 77,647 төгрөг байхад анхан шатны шүүх 72,781 төгрөг гэж буруу тооцсоныг энэ шүүх хуралдааны явцад мэдсэн гэж тайлбарлан 2018.07.09-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах хүртэлх 177 өдрийг 77,647 төгрөгөөр тооцох боломжтой гэж өөрийн гаргасан тооцооллыг үндэслэж байх боловч энэ талаар тухайн үедээ гомдол гаргаагүй, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 72,781 төгрөг гэж тогтоосон хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Ч.Лгийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2018.07.09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2019.03.26-ны өдрийг хүртэл нийт 177 өдөр гэж тооцон 12,882,237 /177 өдөр * 72,781 төг/ төгрөгийг хариуцагч Хнаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгох үндэслэлтэй.
Дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч Ч.Лгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ханд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хнаас 12,882,237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Ч.Лгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ханд үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Л нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хнаас 221,066 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА