Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 459

 

“Ү б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ү б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ү б ББСБ” ХХК нь Ц.Б-тэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 1702 тоот дугаар гэрээг цуцалж, үндсэн зээл 4 999 813 төгрөг, түүний хүү 5 524 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 059 960 төгрөг, нийт 11 584 566 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэсэгчлэн нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх нэхэмжилсэн дээр 579 978 төгрөг нэмэгдсэн. Түүний зөрүү 18 049 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн. Иймд хариуцагч Ц.Б-гээс 12 164 544 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлээ хангахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1702 тоот зээлийн гэрээг байгуулаад, 6 сарын хугацаатай 6 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 2-3 сая төгрөгийг өгсөн, гэтэл нэхэмжилж байгаа үндсэн зээл нь 4 000 000 төгрөг түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа. Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн зээлийн гэрээг 3 хүн байгуулсан байхад ганцхан Ц.Б-гээс нэхэмжлээд байгаа. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зээлийн хүүг бууруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулж Ү б ББСБ ХХК /РД:5001226/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 10 дугаар гудамж, 419 тоот хаягт байршилтай Ү-2206008626 тоот гэрчилгээний дугаартай, 68,5 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г-2206002685 тоот гэрчилгээний дугаартай 471 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-гээс 218 352 төгрөгийг гаргуулж “Ү б ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.10.02-нд төлсөн 200 303 төгрөг, 2017.11.23-нд төлсөн 18 049 төгрөг нийт 218 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 02727 тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг огт хэрэглэсэнгүй.

Хариуцагчийн зүгээс тус зээлийн гэрээ нь 3 хариуцагчтай байхад зээлийн гэрээг дангаар хариуцна гэж хэлэн шүүхэд хандан төлбөрийг барагдуулна хэмээн илэрхийлж зөвхөн алдангийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд буулгаж өгөөч гэсэн боловч огт хүлээн авсангүй. Илт хохиролтой гэдэг зээлийн гэрээний төлөлтөөс харагддаг бөгөөд Ц.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний төлбөрт 1 сая гаруй төгрөг төлсөн бөгөөд эдийн боломжоос болоод төлбөр хийгдэж чадахаа больсон. Гэтэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлээсээ илт их гэдэг нь бүрэн харагддаг.

Нийгэм эдийн засгийн байдал болон иргэдийн худалдах, худалдан авах чадвар эрс буурч хувиараа наймаа эрхэлж буй хүмүүст нөлөөлж зээлдэгч ББСБ-аас удаа дараа зээлийн алданги буюу нэмэгдүүлсэн хүүг буулгаж өгөөч гэж хүсэлт тавьж байхад огт буулгах боломжгүй гэсэн хариултыг удаа дараа хэлж чи удаа өрөө хурдан төлөх ёстой гэж тайлбарладаг байсан.

Улмаар өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх огт хүлээн авч шүүх бүрэн эрхийнхээ шийдвэрлэсэнгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг буулгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч “Ү б ББСБ” ХХК зээлийн гэрээний үүрэгт 12 164 544.56 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ, хариуцагчаар Ц.Б-, ээж Б.Дүүдээ, хамтран зээлдэгч Р.Б нарыг бичсэн байхад анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2017/10522 дугаар захирамжаар Ц.Б-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, Б.Д, Р.Б нараас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болохыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь зээлийг Р.Б авсан болохыг асуулгахаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2017/12455 дүгээр захирамжаар хангаж, шүүх хуралдааныг мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж, уг өдрийн шүүх хуралдааныг гэрч Р.Быг оролцуулах тухай захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч түүнийг гэрчээр асуугаагүй хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 21-23, 31-33 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Ү б ББСБ” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж бичигдсэн байгаа хэдий ч уг үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөчг Ч.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                С.ЭНХТӨР