Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/85

 

2019 оны 11 сарын 22 өдөр                               2019/ДШМ/85                                                                Зуунмод

 

Б.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бод холбогдох 1934000000159 дугаартай 2 хавтас, 321 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг Өвт гэх газар оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Нуурын 16-329 тоотод оршин суух, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин Сум дундын шүүхийн 79 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин Сум дундын шүүхийн 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2, 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар  6 жилийн хорих ялаар, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин Сум дундын шүүхийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар, 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 28 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 151 дүгээр зүйлийн 151,1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сараар тус тус шийтгүүлсэн, Шарийнхан овгийн Б.Б, регистрийн дугаар /ЙБ:/

Шүүгдэгч Баярсайханы Баяртогтох нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр хоолойг нь боож ухаан алдуулсан, 2018 оны 11 дүгээр сард мөн хоолойг нь боож багалзуурдан ухаан алдуулсан, 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр цохиж, боож унагаасан, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үснээс нь татаж газар унагааж хөлөөрөө дэвсэн зодож “хохирогчийг цагдаа сэргийлэхэд хэлбэл ална, олон жил шоронгоор явсан шоронгоос оргож гарч ирээд ч болов ална” гэж удаа дараа айлгаж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие болон сэтгэл санааны зовиур үүсгэн тарчлаасан гэмт хэргийг,

Мөн хамтран амьдрагч П.Ариунаг 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах Хүйн голын дэргэд зодож эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, дээд, доод уруулын салстанд язарсан шарх, нүүр, бие, дээд, доод мөчдөд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал “ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Шарийнхан овгийн Баярсайханы Баяртогтохыг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд,

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Быг 10 /арав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бод оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий CD-г хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хар азаргынхан овгийн Пэрэнлэйн Амраад, хар хөх өнгийн 1 ширхэг нокиа маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч  Б.Б нарт тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг нафазолин хамрын тусаагуур, 1 ширхэг барын зурагтай лент, 1 ширхэг улбар шар өнгийн тосны сав, 3 ширхэг эмний хуванцар сав, 1 ширхэг эмний цагаан өнгийн сав, 1 ширхэг жижиг пенициллиний шил зэргийн устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Боос оршуулгын зардал 2.369.545 /хоёр сая гурван зуун жаран есөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амраад олгож, П.Амраагийн нэхэмжилсэн 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

            Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Баярсайханы Баяртогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Б.Б миний бие Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- тус тус зааснаар П.Ариунагийн биед хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр нарийвчлан нягтлан дутуу буюу хэт нэг талыг барьж, хэлэлцэн тус хуулиар 11 жилээр хаалттай байгууллагад олон жилийн хүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зүйлчлэлтэй хавтаст хэргийг хүлээн зөвшөөрөөгүй танилцаагүй болон үйлдээгүйгээ хэлсээр байхад гэрчийн мэдүүлгээр гэж үнэн, худлын зөрүүтэй болон эмнэлэгт үзүүлсэн нотолгоо, харж байсан ямар нэг бичлэг, хаана, хэзээ, он сар өдрийн нотолгоогүй байна. Гэрч Ариунчимэгийн хувийн өс хонзонгийн улмаас ухуулга ятгалгад нь орж хохирогч болон ар гэрийнхэн нь нотолгоо баримтгүй алсан яриагаар мэдүүлгүүд өгсөн. Хохирогчийн хувийн байдлыг дутуу шалган архи уугаад тэнээд явчихдаг байсан ба үнэн, худал мэдүүлгүүдийг нарийвчлан шалгаагүй зүйлүүд байхад зодсон гэх нотолгоогүй худал мэдүүлгүүд байхад өмнө нь гэмт хэрэг үйлдэж алдаж байсан хэдий ч хүн нүдэж төрчлаан тамлах муу зан байхгүйдээ бат итгэлтэй байна.

Хохирогч Ариунаг хорьж байгаад л зоддог, шоронд явсанаараа айлган дарамталдаг гэсэн байдаг хэдий ч  байнга хамт байдаггүй байсан буюу үнэхээр л удаа дараа боож унагаад, нүдэж хавирга, шүд, толгой нь хагарсан, ухаан алдуулж алчих гээд байсан бол зугтаж ирэхгүй, ярихгүй байсан. Аль болох хол байж, ахиж уулзахгүйн тулд зохих арга хэмжээг яаралтай авахуулах байсан. Хохирогч нь хэд хоног байхгүй байж байгаад л согтуу ирэх буюу ирж ав гээд байдаг байсан. Хэд хоноод ирэх үедээ биедээ шарх сорви болон бие нь өвдсөн л ирдэг байсан. Хэд хоногоор тэнээд явчихдагийг нь хохирогчийн ээжид удаа дараа хэлж байсан. Ээж нь үгэнд орохгүй байгаа юм. Наад архичинаа хая гээд гомдоллон тоодоггүй байсан. Миний хувьд хохирогчийг зодож нүдэж зовоох нь битгий хэл ингэж байгаад архи уухаа больж ухаарах байх гэж боддог байсан. Би хохирогчид муу зүйл хийхгүйгээр хайртай байсан хэдий ч одооны хэрэг даан ч эсрэг байгаад харамсалтай байна. Хэд хоночихоод л хаа нэгэн газраас ирээд аваадах би согтуу буюу өвдсөн явж чадахгүй байна гээд удаа дараа ярьдаг байсан юм. Хохирогч нь намайг өөртөө хайртайг мэддэг байсан болохоор ирж авна гэдэгтээ итгэлтэй байсан болоод надаас гуйдаг байсан. Хохирогчийг гуйхад хаанаас ч байсан очиж авдаг байсан. Хэдий алдаж эндэж хорих хугацаа эдэлж байсан ч би хүн чанараа алдаагүй тул авч байсан удаа дараа автобусны буудал, баар, гудамж, зочид буудал, ажил дээрээсээ гээд согтуу боломжгүй болохоороо л дууддаг байсан. Сүүлд Ариуна над руу залгаад би хүнд зодуулчихлаа бас хутгалуулсан үхэх гээд байна. Сансарын колонкийн ойролцоо буудалд байна гээд яриад яаралтай ирж аваач туслаач гээд ярьж байснаа утасны цэнэг дууслаа гээд холбоо тасарсан хэдий ч би яваад хайгаад олоогүй юм. Маргааш нь ахтай эмнэлгээр явж байна гэж ярьчихаад хэд хоногийн дараа согтуу ирсэн боловч хутгалуулсан шарх байгаагүй худал хэлсэн байсан юм. Ажил дээрээ ч уудаг байсан. Ажлынхан нь ч мэднэ. Хохирогч нь ар гэрийнхэндээ үнэхээр л зодоод хэцүү байна гээд хэлж байсан бол яагаад надаас болон араас нь хөөцөлдөж байгаад татаж аваагүй юм. Үнэхээр зодуулаад байна гэсэн бол ямар ч хүний ар гэрийнхэн нь татаж авах байсан. Хэд хоног ирэхгүй байхдаа зарим үедээ ярихад гэртээ байна гэдэг байсан. Гэртээ очиход нь надаас холдуулах л байсан. Иймд гэрчүүдийн мэдүүлгээр худал болон хүний аман яриагаар мэдүүлсэн байгаа. Харин ч хэд хоног тэнэж яваад ирэхдээ шарх, сорви, өвдсөн ирэхэд нь би л эм тариа гэх мэт зүйлсийг нь эмийн сангаас авч эмнэдэг байсан. Би нэг л эмийн сангаас зөвлөгөө авч эмнэдэг тэр эмийн сангийн хүн сайн мэднэ. Тус эмийн сан нь 57 дугаар сургуулийн ойролцоо байдаг. Сэнгэнаран 2 гэх худалдааны төвийн 2 давхарт байрлах эмийн сан юм. Гэрч Ариунчимэг нь хохирогчтой удаан хугацаанд хамт ажиллаж ар гэрийнхэнтэй нь ойр дотно байдгаа ашиглаж надад өсөрхөн хонзогносондоо гүйцэлдүүлж тухайн үед болон өмнө нь ч хохирогчийг болон ар гэрийнхэнд нь намайг муулж хөндийрүүлж худал ярьж ухуулж ятгаж чаддаг байсан.

Гэрч Ариунчимэг нь фээсбүүк, утсаар гэх зүйлээр залуустай уулзаж учирч ямар нэгэн шалтаг элдэв заль мэт зохиож чаддаг элдэвтэй нэгэн. Жишээ нь Энхбат гэх залуутай хамтран амьдарч байгаад зодуулж хүүхэд зулбуулсан гэх худал гүтгэж шалгуулсан байсан хэдий ч зулбуулсан гэж гүтгээд байсан хохирогчтой хамт эмнэлгээр явж байгаад авахуулсанаа Энхбат гэх залууг гүтгэж байсныг нь ажлын газрынх нь захирал Оюунаа гэх хүн ч хүртэл мэднэ. Ариунчимэг, хохирогч 2 өмнө нь удаа дараа үгсэн тохирч чаддаг байсан ба намайг танихгүй хүмүүс болж миний нэрийг захиралдаа худлаа хэлж ажлынхаа газраас хулгайн байдлаар юмыг нь зөөж зарж буюу хүмүүст өгч байсан. Гэрч Ариунчимэг нь надтай муудалцахдаа болон удаа дараа занаж хэзээ нэгэн цагт заавал чадна гэж занадаг байснаа гүйцэлдүүлж хохирогч болон ар гэрийнхэнийг нь миний эсрэг болгож чадсан нь энэ. Хохирогч Ариуна мэдүүлэхдээ 2019.01.01-нд өөрөө ээж хүүхдүүддээ очсон гэсэн байдаг. Энэ худлаа намайг яваад ир гээд үлдсэн, үлдэхдээ надаар 0.75-тай архи авахуулж хоцорсон, урд шөнө нь согтуу хоносон байсан. Намайг ээжид нь юмнууд болон мөнгө төгрөг өгөөд ирэхэд согтуу гэрт байсан сандал, ширээ ойр хавийн эд зүйлсээ тавилгануудаа болон савтай муу усаа хүртэл асгасан газарт согтуу хэвтэж байсан. Намайг байхгүйд согтуу гэрт унахдаа хавиргаа гэмтээчихсэн байх гэж байснаа намайг зодсон гэж ээждээ хэлсэн юм уу мэдэхгүй ээж нь цагдаад мэдэгдэж бариулсан боловч нотлох зүйлгүй худлаа гүтгэсний улмаас энэ мэдүүлгүүд өгсөн байна.

Тус хэргийг цаг тухайд нь шалгаад нотлогдоогүй, нотлогдвол дуудна гээд бусдын батлан даалтад байлгасан боловч 2019.03.31-нд дуудсан. Хохирогч бид хоёр 2019.04.01-нд очиж уулзахад явж бай 2019.04.08-нд ир гэсэн цаг тухайд нь очиход нотлох зүйлгүй тул энэ хэргийг хаалаа. Харин хохирогчид хандаж, та нотлох баримт болох гэмтлийн зураг болон манайхаас бичиг хийж өгсөн байхад үзүүлээгүй тул нотлогдохгүй байна. Тань руу манайхаас залгаад хэдэн төгрөгөөр торгох байх гэж хэлээд одоо ажлаа хийхээр явж болно гээд явуулсан юм. Энэ хэргийг нотлох баримт нь бүрдсэн гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөв гэж үзсэн юм бол яагаад арга хэмжээ аваагүй, хоёуланг нь хамт явуулсан юм. Хэрэв тухайн үед үнэн зөв мэдүүлэг гэж үзээд арга хэмжээ авсан бол ахин гэмт хэрэг гарч хүний амь хохирохгүй болон миний бие нь олон жилийн хаалттай хорихоор шийтгүүлэхгүй байх байсан. гомдолтой байна.

П.Ариунаг тухайн үед 2 удаа нүүрэн тус газар нь алгадаж гэмтэл учруулсанаа маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хүнд гэмтэл учирсан гэх толгой хэсэг рүү нь цохиогүй. Чирж гулдарч бусад шарх, зулгаралт гэх мэт шархуудыг олгоогүй. Харин хохирогч П.Ариуна нь архи ууж байгаа агсам тавьж дорожилж, хэлэх хэлэхгүй муу үгээр дайрч, давшилж, алгадаж, үс, чихнээс нь зулгаан урж агсараагүй бол муудалцахгүй л байх байсан. Тухайн үед ч, өмнө нь ч миний эрүүл мэнд, эд хөрөнгө, царай зүс, биед халдаж эндэж байсан бүгдээр доромждог байсан. Тухайн үед бие засах нэрийдлээр намайг унтахаар орхиж, харанхуйд архи уусан согтуу, хараа муутай, голын захад, хөлдүү газар болон өдөр явахад хэцүү зай завсаргүй хөлдүү довон дунд, одоо байгаа хавтаст хэрэгт авагдсан зургийн байдлаар харахад удаа дараа унасны улмаас гэмтсэн байх. Хохирогч төөрөөд гэж утсаар ярьсанаас, явж чадахгүй гэмтсэн гэж яриагүйг гэрч Б.Гэрэлтуяагийн мэдүүлэгт байдаг. Би сэрээд харахад хохирогч байхгүй болохоор нь ойр орчимд хайгаад дуудаад олоогүй болохоор нь ажлын газарт очоод буцаж шөнө, бас өглөө хайгаад олоогүй юм. Хэрэв хэргийн газрыг шалгаж үзсэн бол чирж гулдарсан буюу ноцолдсон ямар нэгэн нотолгоо байна уу? үгүй юу гэдгийг үзэж болох байсан боловч шалгаж үзээгүй юм. Тус хавтаст хэрэгт авагдсан дутуу шалгасан мэдүүлгүүдийн зөрүүтэй, худал, үнэн гэх мэт хэд хэдэн талаас нь авч үзээгүй шийдвэрлэсэнд олон жилийн хаалттай хорихоор шийдсэнд болон нарийвчилж шалгаагүйд гомдолтой байна.

Иймд хэргийг үнэн зөв нарийвчилж, нягт шалгуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шийдвэрийг цуцалж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр шалгагдаж байх явцад дараагийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасныг зөвшөөрдөг. Харин ял хүндэдсэн гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг

  • 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр хоолойг нь боож ухаан алдуулсан,
  • 2018 оны 11 дүгээр сард мөн хоолойг нь боож багалзуурдан ухаан алдуулсан,
  • 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр цохиж, боож унагаасан,
  • 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үснээс нь татаж газар унагааж хөлөөрөө дэвсэн зодож “хохирогчийг цагдаа сэргийлэхэд хэлбэл ална, олон жил шоронгоор явсан шоронгоос оргож гарч ирээд ч болов ална” гэж удаа дараа айлгаж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие болон сэтгэл санааны зовиур үүсгэн тарчлаасан гэмт хэргийг,
  • 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө хамтран амьдрагч

П.Ариунаг Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах Хүйн голын дэргэд зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4, 191-195, 208/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11/, хүний бие болон талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-25, 26-27/, П.Ариунагийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-210-211, 220-221/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Амараа, Т.Рэдүү, А.Хулан /хх-42-44, 69, 71/, гэрч А.Өлзийдэмбэрэл, Т.Рэдүү, Х.Бат-Эрдэнэ, О.Цогжавхлан, Б.Гэрэлтуяа, Б.Баярмагнай, Э.Эрдэнэтуяа, М.Өнөрмаа /хх-72-73, 74-75, 78-79, 80-81, 93-94, 230, 232/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны №54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-99/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №79, 80 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-110-112, 114-122/, Төв аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн цаг агаарын тодорхойлолт /хх-101-102/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-103, 104/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-106-108/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-240-241/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-242-246/, Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-д заасан гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б хамтран амьдрагч П.Ариунаг 2018 оны 09,11 сар, 2019 оны 01 сард хоолойг нь боож ухаан алдуулах, цохиж боож унагаах, хөлөөрөө дэвсэх зэргээр байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие болон сэтгэл санааны зовиур үүсгэн тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлогдож тогтоогдсон, хохирогч П.Ариуна энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийж, Б.Быг  гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Ариунаг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцаж тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс Б.Бод оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 08-ны өдрийн ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын “хэргийг дахин шалгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Бын цагдан хоригдсон     107 /нэг зуун долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

   ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                        Г.БОЛОРМАА