Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0357

 

 

 

 

 

 

 

 

Ж.Е-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  Ж.Е

Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ж.Е-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0025 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Е

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э

Хэргийн индекс: 110/2024/0080/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Ж.Е нь Б аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан “Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ж.Е-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0025 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Е-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжийн Ж.Е-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо:

“...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид таримал ойн зориулалтаар эзэмшсэн 6400 м.кв газарт шүүхийн зүгээс үзлэг хийхэд уг газрыг бүхэлд нь хашаалаагүй буюу таримал ойн зориулалтаар мод суулгаагүй болох нь тогтоогдсон болно. Нэхэмжлэгчийн газраа хашаалахад гаргасан зардлын төсөв, гэрчүүдийн мэдүүлэг, “Б” ХХК-тай модны суулгац бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн хэмээн үндэслэл болгосон бөгөөд бодит байдалд хэрэгжээгүй хийсвэр нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2006 онд гаргасан зөвлөмжийн 5 дахь заалтын холбогдох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй, харин гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болоогүй байхыг ойлгоохоор тайлбарласан. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй хэмээн тус тус тайлбарласан.

Хэрэв нэхэмжлэгч нь эзэмшиж байсан 4 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж байсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байлаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар Зарлигтай холбогдуулан тайлбарлах нь зүйтэй байна учир нь зарлигаас авч үзэхэд Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх хэмээн даалгасан бөгөөд нэхэмжлэгч нь ойжуулалтын зориулалт бүхий газарт 4 жилийн хугацаанд ганц мод таригдаагүй явдал нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн явдал нь үндэслэл бүхий шийдвэрт нийцэхгүй байна.

2024 оны 5 дугаар сард ажлын хэсэг үзлэг хийх явцад тус газарт “нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц” ойжуулалт огт хийгдээгүй байдлын улмаас эзэмшлийг хүчингүй болгож үндэслэл болсон бөгөөд зориулалтын дагуу ашиглаагүй явдал нь шүүхийн журмаар хийгдсэн үзлэгээр тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнэж үнэлээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байгаа бөгөөд шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0025 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Е-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ. 

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1 Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[1] “...12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай 6400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ж-ын А-ын ойжуулалтын зориулалттай газар эзэмших эрхийг Ж-ы Е-т зориулалтаар нь 25 жилийн хугацаатай шилжүүлж”, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №0**************** дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[2]”-г байгуулсан байна.

3.2 Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ************* дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар[3] “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох” тухай албан шаардлагыг Ө сумын Засаг даргын орлогчид хүргүүлж,

3.3 Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/** дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[4] Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ************* дугаар албан шаардлагад дурдсан 2009-2022 онуудад Ө сумын нутаг дэвсгэрээс таримал ой, мод үржлийн зориулалтаар олгогдсон нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа эсэх талаар албан шаардлагад тусгагдсан байх тул зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “...ажлын хэсгийн дүнгийн хурлаар хашаа татаагүй худаг гаргаагүй хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож энэ талаар мэдэгдэх...” тухай Ажлын хэсгийн тайлан[5] гарчээ. 

3.4 Улмаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[6] “Ө сумын нутаг дэвсгэрээс эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 32 иргэн, аж ахуй нэгжийн  газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хавсралт ёсоор хүчингүй болгож” шийдвэрлэж, уг захирамжийн хавсралтын 2-т Ж.Е-ийн газар багтсан байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

5. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.

6. Нэхэмжлэгч Ж.Е болон “Б” ХХК нарын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №** дугаар “Модны суулгац бэлтгэн нийлүүлэх гэрээ[7]”-ээр “Чанар стандартын шаардлага хангасан модны суулгацыг /бургас, улиас, чацаргана/ захиалагчаас өгсөн захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэхээр” байгуулсан гэрээ,

6.1 “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21/** дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар Ж.Е-ийг компанийн менежерээр томилж,

6.2 Эрүүл мэндийн яамны захиалгаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн УТ************* дугаар “Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /З, Я сум/-ийн ажлын нэмэлт гэрээ”-г “Д” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ББКД-*********** дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт[8]” гарсан байна.

6.3 Мөн нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргаж өгсөн фото зургаар[9] хашаа татаж, туршилтын журмаар мод тарьсан, газрын хөрсийг тэгшилсэн, нүх ухсан болох нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

7. Хуулийн дээрх заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Е нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх баримт тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Е нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №************ дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш тухайн газрыг ашиглаж байсан, мөн “Д” ХХК-ийн менежерээр ажилладаг тул З аймгийн Я суманд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сар хүртэл хөдөө орон нутагт ажиллаж байсан   болох нь тогтоогдож байх тул газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй болох нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарагджээ.

9. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг нягтлан шалгаагүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.

10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 45-48 хуудас

[2] Хавтаст хэргийн 6-8 хуудас

[3] Хавтаст хэргийн 38-41 хуудас

[4] Хавтаст хэргийн 49 хуудас

[5] Хавтаст хэргийн 50 хуудас

[6] Хавтаст хэргийн 15-17 хуудас

[7] Хавтаст хэргийн 92-96 хуудас

[8] Хавтаст хэргийн 143-144 хуудас

[9] Хавтаст хэргийн 103-110 хуудас