| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0047/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2316000000048 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын ******** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДБ******* регистрийн дугаартай, Т овогт Ч-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төвд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Ц.Б-н нүүрэнд мөргөж хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...Б ахын гэрийн гадаа очиход Б ах шугамын овоолсон шороон дээгүүр гарлаа гэж уурласан. Би тэгээд Б ахтай муудалцаад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Манай найз У салгаад аваад явсан... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
2. Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гадаа хашааны үүдэнд байж байхад нэг Портер хүрээд ирсэн... “...Халаалтын шугамаар чи яах гээд даваад яваад байна замаараа явж болоогүй юм уу...” гэж хэлсэн... Би ингэж явдаг юмаа гэж хэлээд хамар хэсэг рүү хүчтэйгээр мөргөсөн... Миний хамраас цус гараад өвдөөд байхаар нь эхнэртээ үзүүлэхэд чиний хамар мурийсан байна гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/
3. Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай найз машинаас буугаад найз охиноо суулгаж байхад урдаас нь З гэх ах М-д хандаж та нар тэр булсан байсан шугаман дээгүүр яах гээд машинаар дайраад яваад байна гэж загнаж хэлсэн. Тэгэхээр нь манай найз М нь З ахыг барьж аваад мөргөөд газар унагаасан. Би машинаас буугаад найзыг салгаж аваад шууд гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
4. Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай найз залуу бууж ирээд намайг машинд суулгаж байхад цуг ирсэн З гэх ах манай найз залууд хандаж та нар булсан байсан шугаман дээгүүр даваад ороод ирлээ гэж хангинаад загнаад байсан. Тухайн үед би машинд нь суучихсан байсан тэгээд нэг мэдэхэд манай найз залуу З ахтай бужигнаад зодоон болоод байсан ... удалгүй манай найз залуутай цуг явж байсан найз нь болох У очиж салгаад хөтлөөд аваад явсан. Тэгээд би машинаас буугаад найз залууг дагуулаад гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
5. Хохирогч Ц.Б-с гаргаж өгсөн амбулаторийн эмчлүүлэгсдийн картны хуулбар, Баян-Уул сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/
6. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай “...1. Ц.Б-н биед хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
7. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“... Ц.Б- нь S02.2 гэсэн онош нь хамрын ясны хугарал, J31 гэсэн онош нь архаг ринит, назофарингит ба барингит гэсэн онош байгаа юм... Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 75,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохиролтой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэл буюу Эрүүл мэндийн даатгалын санд 75,000 (далан таван мянга) төгрөг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэлд/Эрүүл мэндийн даатгалын сан/ 75,000 (далан таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.М-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэлд/Эрүүл мэндийн даатгалын сан/ 75,000 (далан таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мөнхбаасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА