Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч П.Отгонбаатар,

хохирогч “******* азийн *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.ай,

шүүгдэгч Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2305000000028 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 24-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент мэргэжилтэй, Улаанбаатар ******* *******ын Зорчигч тээврийн төвийн явуулын *******ын ******* ажилтай, ам бүл 2, ял шийтгэлгүй, овогт гийн ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.******* нь “******* азийн *******” ХХК-ийн үйл ажиллагааны менежерээр ажиллах хугацаандаа 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үйлчлүүлэгч нараас тээврийн мөнгө гэж шилжүүлсэн нийт 42,319,380 төгрөгийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон захиран зарцуулж гэрээний үндсэн дээр албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө зөвтгөж байгаа зүйл биш гэхдээ энэ үйлдлийг хийхэд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан байсан. Ажилд ороод 1 сарын дараа манай аав нас барсан тул ажлаасаа чөлөө аваад ******* аймаг руу аавынхаа ажил явдалд яваад ирсэн. Тухайн үед ээж маань хорт хавдар тусаад мөнгөний шаардлага маш их байсан. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Анх компанийн дансыг санамсаргүй байдлаар блоклосон байсан. Дансыг сэргээлгэхээс өмнө өөрийнхөө дансаар 2, 3 удаа мөнгө аваад шилжүүлж байсан. Ээжийн бие муу байсан учраас шаардлагатай эм тариа зэргийг авдаг байсан. Авсан мөнгөө дэвтэр дээр бичээд компанид эргүүлж төлж хохиролгүй болгоно гэж бодож байсан. Ажлаас гарсан шалтгаан нь үүнээс болоогүй. Ажлаас гарсан өдөр ахлахтайгаа муудалцсан. Яагаад гэвэл харилцагчдаас надад гомдол ирсэн. Уур бухимдлаасаа болоод картаа шидэх ч юм уу, тийм үйлдэл ажлын байран дээр гаргасан учраас гомдол ирсэн. Ийм шалтгаанаар ажлаас гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлж барагдуулна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч “******* азийн *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.ай мэдүүлэхдээ: “...Анх манай хоёр нягтлан ирээд ийм зүйл болчихжээ гээд хэлж байсан. Энэ асуудлыг хэдүүлээ хамт шийдье, ******* өөрийнхөө дансаар харилцагчийн мөнгийг авсан байна гэж хэлсэн. Би дүүргийнхээ цагдаад хандаад шалгуулсан. ******* 11 удаагийн үйлдлээр 42 сая гаран төгрөгийг өөрийнхөө данс руу авсан байсан. *******т ажлаас гарч байгаа юм чинь дансны хуулгаа аваад өгчих гэж ерөнхий нягтлан хэлсэн гэсэн, гэтэл ******* засвартай дансны хуулга өгсөн байсан. Гүйлгээний утга, орлого, үлдэгдлээ зассан байсныг нь олж мэдээд *******ээр засваргүй дансны хуулгыг авахуулсан. ******* нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоо 32,319,380 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-115-144 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-112-113 дугаар хуудас/,

Хохирогч “******* азийн *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай компанийн ажилтан ******* нь өөрийнхөө данс руу тээврийн төлбөр аваад байна гэж нягтлан , нар надад хэлсэн. *******ийг хариуцсан ахлах болох -эс яаж ийм юм болов, яаж мэдсэн бэ гэхэд хоёр харилцагч ******* нь хувь хүний данс өгөөд байна шилжүүлж болох юм уу гэж асуусан гэсэн. Тэгэхэд - ахлах шилжүүлж болохгүй, компанийн данс өгнө гэж хэлсэн байсан. Ахлах - *******т чи яагаад харилцагч нарт өөрийн дансаа өгөөд байгаа юм бэ гэхэд уурлаад тэгвэл би ажлаас гарлаа гээд гарсан. Ажлаасаа гарахаас нь өмнө ерөнхий нягтлан *******т хандаж чи дансаараа мөнгө аваагүй бол дансныхаа хуулгыг аваад ир гэхэд нь ******* засвартай дансны хуулга авчирч өгсөн байсан. Бид нар харилцагч нартайгаа нэг бүрчлэн ярьж асуухад хувь хүний дансаар шилжүүлсэн дансны хуулгыг манай компани руу явуулсан. Би *******ээс яагаад компанийн мөнгө хувьдаа авсан талаар уулзаж асуухад ээж өвчтэй Энэтхэг улс руу эмчилгээнд явуулах хэрэг гараад мөнгө авсан гэж хэлсэн. Би *******т нэгэнт чи мөнгө авсан нь илэрсэн учраас надад жинхэнэ дансны хуулгаа авчирч өг гэхэд Хаан банкны киоск машинаас авч ирж өгсөн. ...******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-нд Алтанцэцэгээс 5,768,970 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 26-нд гаас 4,669,080 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-нд Булганаас 4,197,235 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-нд ээс 5,034,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-нд сууриас 6,268,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-нд Ганбатаас 5,055,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-нд ээс 6,073,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-нд Эликбайгаас 5,065,500 төгрөг дансаар шилжүүлэн авсан, мөн компанийн данс руу төлөлт хийхдээ дутуу төлж өөртөө авч үлдсэн мөнгөний зөрүү болох 70,960 төгрөг, 109,975 төгрөг, 7260 төгрөгийг нэмээд нийт 42,319,380 төгрөг болж байна. ******* одоогийн байдлаар 9,000,000 төгрөг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-12-13, 16 дугаар хуудас/,

Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ийн хийдэг ажил нь гаалийн талбай дээр тээвэр зуучаар ирсэн машины тээврийн төлбөрийг бодож өгөөд компанийн дансанд төлбөр нь орсон тохиолдолд компанийн зүгээс харилцагчдад гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг олгодог. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцагчдад ******* нь хувийн дансаа өгч мөнгө авч байгааг манай гаалийн ахлах менежер - ажлын групп дээр чат бичиж ******* ээ чи яагаад харилцагч нарт хувийн дансаа өгөөд байгаа юм бэ гэж асуусан. ******* хариуд нь ажлын ачаалал ихтэй учраас би анзаарсангүй, рефлексээрээ өөрийнхөө дансыг бичээд явуулсан байна, хэдхэн секундийн дараа би засаад явуулсан байгаа гэж хэлсэн. Маргааш өдөр нь ******* ажлын хамт олон намайг буруу ойлгоод байгаа учраас би ажлаасаа гарна, би ийм алдаа гаргаагүй гэж хэлээд гарах хүсэлтээ өгсөн байсан. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдөр компанийн цалингийн данснаасаа байгууллагын данс руу гаднаас дуудлага худалдаагаар машин авсан компанийн нэр, арлын дугаарыг бичиж тээврийн төлбөр шилжүүлсэн байсан. ******* дансаар гүйлгээ хийх болон авах эрхгүй, зөвхөн интернэт банкны хуулга харах эрхтэй байсан. Харилцагчдын тээврийн төлбөр төлөгдөөгүй байж захиалсан ачаагаа аваад явсан байсан. Тэгэхээр нь би тухайн харилцагчтай холбогдоод тэр өдөр задарсан, тийм арлын дугаартай машины тээврийн төлбөрөө та төлөөгүй машинаа авч явсан байна гэхэд харилцагч юу яриад байгаа юм бэ, би төлсөн шүү дээ гэж хэлсэн. Таны төлбөр компанийн данс руу тэр өдөр ороогүй байна, та төлсөн дансны хуулгаа над руу явуул гэхэд явуулсан хуулган дээрх данс нь *******ийн данс байсан. Тэгээд төлбөр төлөгдөөгүй харилцагчид руугаа залгаад нийт өөртөө авсан мөнгийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/,

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаалийн албанаас ******* хувийн дансаараа харилцагч нарын орлогыг авч байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу *******ийг дансны хуулгаа авчирч өгөхийг шаардсан. Авч ирсэн Хаан банкны дансны хуулгыг шалгаж үзэхэд нотлогдохуйц хэмжээний үнийн дүн баримт нотолгоо байгаагүй бөгөөд хамт олон зөвлөлдөөд ажлаас нь чөлөөлсөн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр компанийн гүүгле шийт дээрх тээврийн мэдээллийг шалгах явцад харилцагч руу төлөгдөөгүй байгаа төлбөрийг шалгаж холбогдоход *******ийн данс руу шилжүүлсэн байсныг нотолсон скрин шот зургаар явуулсан. Энэ аргачлалаар шалгаж үзэхэд 11 харилцагчийн 42,319,480 төгрөгийн орлогын дутагдал илэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-29-30 дугаар хуудас/,

Гэрч П.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...******* нь миний удирдлага доор үйл ажиллагааны менежерээр ажиллах болсон. Ажлын байр нь харилцагч нараас тээврийн төлбөрийг тодорхойлж компанийн дансанд хийлгүүлж улмаар шалган баталгаажуулж олгох зөвшөөрөл өгдөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр компанийн хоёр харилцагч над руу утасдаж хувь хүний данс байна, төлбөр хийж болох юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар данс байна вэ, данс эзэмшигчийн нэрийг нь надад хэлээд өгөөч гэхэд *******ийн дансыг хэлж байсан. Би ******* рүү залгаад яагаад хувийн дансаа харилцагч нарт өгөөд байгаа юм бэ гэхэд би рефлексээрээ хувийн дансаа өгсөн байна лээ гэж хэлээд өнгөрсөн. Удалгүй хоёр дахь харилцагч мөн адил зүйл ярихад нь би компанийн групп чат руу *******т хандаж яагаад харилцагч нарт хувийн дансаа өгөөд байгаа юм бэ гэхэд бас л рефлексээрээ копи паст хийгээд явуулсан байна гэж хэлэхээр нь би одоо чи 3 сар ажиллаа компанийн данс хувийн данс хоёроо ялгаж чадахгүй байна гэж юу байх вэ дээ гэж хэлсэн. ******* нь ямар нэгэн гүйлгээ хийх, төлбөр тооцоо барагдуулах эрх байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сард би АА жапан гэсэн авто дилерээс 5 ширхэг машин Японоос дуудлага худалдаагаар авсан. Тус компани нь “******* азийн *******” тээвэр зуучийн компаниар тээврээ зуучлуулдаг байсан. 2022 оны 04 дүгээр сараас машинууд ачигдаж эхлэн 2022 оны 06 дугаар сараас Монголд эхнээсээ бууж ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ээлжит буусан машинаа авахаар бичиг баримтаа бүрдүүлж төлбөр болох 6,073,200 төгрөгийг төл гэж 99275567 гэсэн дугаараас тээврийн нэхэмжлэл ирсэн. Би 99275567 гэсэн дугаараас явуулсан Хаан банкны дугаартай Б.******* гэсэн дансанд 6,073,200 төгрөгийг өөрийн Хаан банкны 5077178829 гэсэн данснаас шилжүүлсэн. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын дундуур ******* азийн ******* ХХК-иас над руу залгаж уг тээврийн төлбөрийг төлсөн үү гэж асуусан” гэсэн мэдүүлэг /хх-35-36 дугаар хуудас/,

Гэрч И.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Мягмарсүрэн утсаар залган таны захиалсан машин ******* азийн ******* ХХК-иар ирсэн байна, та очиж бүрдүүлэлтээ хийгээд машинаа аваарай гэсэн. ******* азийн ******* ХХК дээр очоод бүрдүүлэлтээ хийгээд тээврийн зардлаа төлөх болоход тээврийн төлөлт хариуцсан эмэгтэй нь энэ данс руу төлбөрөө хийчих, таны төлбөр 5,034,000 төгрөг болсон гээд Хаан банкны дугаарын дансаа өгсөн. Би өөрийн Хаан банкны 5029878318 дугаарын данснаасаа 5,034,000 төгрөгийг тэр данс руу нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны 14 цаг 13 минутад шилжүүлсэн. Тэгээд надад тээврийн төлөлт хийгдсэн гэсний дагуу гарах бичиг хийж өгсөн. Машинаа авч гарахад ямар нэгэн асуудал гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр анх үйл ажиллагааны менежерээр ажилд орсон. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс анх тээврийн дансыг шалгаж эхэлсэн бөгөөд нэвтрэх нэр болон нууц үг нь байдаг болохоос гүйлгээ хийх нууц үг нь надад байдаггүй байсан. Харилцагчийн мөнгийг компанийн дансаар аваад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Тухайн өдрөөс 3 хоногийн дараа компанийн дансны нэвтрэх нууц үгийг буруу хийснээс болж данс нь блоклогдсон. Тэрийгээ ерөнхий нягтланд хэлэхээс айгаад харилцагчдын мөнгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар авч эргүүлээд компанийн данс руу 2 удаа хийгээд тэр оройдоо ерөнхий нягтланд учир байдлаа хэлж сэргээсэн. 2022 оны 09 дүгээр сарын 21-нд аав маань нас барж, би нутаг руугаа явж ажил явдлыг нь хийгээд ирсэн. Ажил явдлын дараа ээжийгээ эмнэлэгт үзүүлэхэд элэгний үрэвсэлтэй гэсэн онош гарч эмчлүүлж эхэлсэн. Тэрнээс болоод надад мөнгөний хэрэг гарч эхэлсэн, би банкнаас зээл авах гэтэл нийгмийн даатгал 1 сар дундаа тасарсан байсан учраас зээл өгөх боломжгүй гэсэн. Би урд нь 2 удаа хувийн дансаар мөнгө аваад компанийн данс руу буцааж хийж байсан болохоор түр аваад дараа нь буцаагаад хийж болох юм шиг санагдаад мөнгө авч эхэлсэн. Анх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,142,080 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,268,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,055,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6,073,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,065,500 төгрөг авсан. Би энэ мөнгийг компанидаа мэдэгдэлгүйгээр буцааж төлнө гэж бодоод тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг байсан. Бусад мөнгийг нь би ажил ихтэй байж байгаад тэмдэглээгүй орхисон байна лээ. Би хохирлоосоо 9,000,000 төгрөг барагдуулсан байгаа, компанийн мөнгийг хувьдаа авсан нь үнэн. Ээж хүнд өвдсөн байсан болохоор эмчилгээг нь яаралтай гадаадад хийлгэх хэрэгтэй байсан. Ийм гэмт хэрэг хийсэндээ би гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-45-46 дугаар хуудас/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохиролд 1,000,000 төгрөг төлсөн талаарх банкны баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-84 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-85 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-87 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-89 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-90 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд “******* азийн *******” ХХК-д үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа буюу 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үйлчлүүлэгч нараас төлсөн тээврийн төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд шилжүүлэн авч, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 42,319,380 төгрөг завшсан болох нь:

хохирогч “******* азийн *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.айн “...2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай компанийн ажилтан ******* нь өөрийнхөө данс руу тээврийн төлбөр аваад байна гэж нягтлан , нар надад хэлсэн. Ахлах - *******т чи яагаад харилцагч нарт өөрийн дансаа өгөөд байгаа юм бэ гэхэд уурлаад тэгвэл би ажлаас гарлаа гээд гарсан. Ажлаасаа гарахаас нь өмнө ерөнхий нягтлан *******т хандаж чи дансаараа мөнгө аваагүй бол дансныхаа хуулгыг аваад ир гэхэд нь ******* засвартай дансны хуулга авчирч өгсөн байсан. Бид нар харилцагч нартайгаа нэг бүрчлэн ярьж асуухад хувь хүний дансаар шилжүүлсэн дансны хуулгыг манай компани руу явуулсан. Би *******ээс яагаад компанийн мөнгө хувьдаа авсан талаар уулзаж асуухад ээж өвчтэй Энэтхэг улс руу эмчилгээнд явуулах хэрэг гараад мөнгө авсан гэж хэлсэн. *******ийн авсан мөнгө нийт 42,319,380 төгрөг болж байна” гэсэн,

гэрч Ч.ийн “...******* нь хувийн дансаа өгч мөнгө авч байгааг манай гаалийн ахлах менежер - ажлын групп дээр чат бичиж ******* ээ чи яагаад харилцагч нарт хувийн дансаа өгөөд байгаа юм бэ гэж асуусан. ******* хариуд нь ажлын ачаалал ихтэй учраас би анзаарсангүй, рефлексээрээ өөрийнхөө дансыг бичээд явуулсан байна, хэдхэн секундийн дараа би засаад явуулсан байгаа гэж хэлсэн. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдөр компанийн цалингийн данснаасаа байгууллагын данс руу гаднаас дуудлага худалдаагаар машин авсан компанийн нэр, арлын дугаарыг бичиж тээврийн төлбөр шилжүүлсэн байсан. ******* дансаар гүйлгээ хийх болон авах эрхгүй, зөвхөн интернэт банкны хуулга харах эрхтэй байсан. Би харилцагчтай холбогдоод тэр өдөр задарсан, тийм арлын дугаартай машины тээврийн төлбөрөө та төлөөгүй машинаа авч явсан байна гэхэд харилцагч юу яриад байгаа юм бэ, би төлсөн шүү дээ гэж хэлсэн. Таны төлбөр компанийн данс руу тэр өдөр ороогүй байна, та төлсөн дансны хуулгаа над руу явуул гэхэд явуулсан хуулган дээрх данс нь *******ийн данс байсан. Тэгээд төлбөр төлөгдөөгүй харилцагчид руугаа залгаад нийт өөртөө авсан мөнгийг нь мэдсэн” гэсэн,

гэрч М.ын “...гаалийн албанаас ******* хувийн дансаараа харилцагч нарын орлогыг авч байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр компанийн гүүгле шийт дээрх тээврийн мэдээллийг шалгах явцад харилцагч руу төлөгдөөгүй байгаа төлбөрийг шалгаж холбогдоход *******ийн данс руу шилжүүлсэн байсныг нотолсон скрин шот зургаар явуулсан. Энэ аргачлалаар шалгаж үзэхэд 11 харилцагчийн 42,319,480 төгрөгийн орлогын дутагдал илэрсэн” гэсэн,

гэрч П.-ийн “...компанийн хоёр харилцагч над руу утасдаж хувь хүний данс байна, төлбөр хийж болох юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар данс байна вэ, данс эзэмшигчийн нэрийг нь надад хэлээд өгөөч гэхэд *******ийн дансыг хэлж байсан. Би ******* рүү залгаад яагаад хувийн дансаа харилцагч нарт өгөөд байгаа юм бэ гэхэд би рефлексээрээ хувийн дансаа өгсөн байна лээ гэж хэлээд өнгөрсөн. Удалгүй хоёр дахь харилцагч мөн адил зүйл ярихад нь би компанийн групп чат руу *******т хандаж яагаад харилцагч нарт хувийн дансаа өгөөд байгаа юм бэ гэхэд бас л рефлексээрээ копи паст хийгээд явуулсан байна гэж хэлэхээр нь би одоо чи 3 сар ажиллаа, компанийн данс хувийн данс хоёроо ялгаж чадахгүй байна гэж юу байх вэ дээ гэж хэлсэн” гэсэн,

гэрч Б.ийн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ээлжит буусан машинаа авахаар бичиг баримтаа бүрдүүлж, төлбөр болох 6,073,200 төгрөгийг төл гэж 99275567 гэсэн дугаараас тээврийн нэхэмжлэл ирсэн. Би 99275567 гэсэн дугаараас явуулсан Хаан банкны дугаартай Б.******* гэсэн дансанд 6,073,200 төгрөгийг өөрийн Хаан банкны 5077178829 гэсэн данснаас шилжүүлсэн. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын дундуур ******* азийн ******* ХХК-иас над руу залгаж уг тээврийн төлбөрийг төлсөн үү гэж асуусан” гэсэн,

гэрч И.ийн “...******* азийн ******* ХХК дээр очоод бүрдүүлэлтээ хийгээд тээврийн зардлаа төлөх болоход тээврийн төлөлт хариуцсан эмэгтэй нь энэ данс руу төлбөрөө хийчих, таны төлбөр 5,034,000 төгрөг болсон гээд Хаан банкны дугаарын дансаа өгсөн. Би өөрийн Хаан банкны 5029878318 дугаарын данснаасаа 5,034,000 төгрөгийг тэр данс руу нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны 14 цаг 13 минутад шилжүүлсэн. Тэгээд надад тээврийн төлөлт хийгдсэн гэсний дагуу гарах бичиг хийж өгсөн. Машинаа авч гарахад ямар нэгэн асуудал гараагүй” гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би урд нь 2 удаа хувийн дансаар мөнгө аваад компанийн данс руу буцааж хийж байсан болохоор түр аваад дараа нь буцаагаад хийж болох юм шиг санагдаад мөнгө авч эхэлсэн. Анх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,142,080 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,268,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,055,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6,073,200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,065,500 төгрөг авсан. Би энэ мөнгийг компанидаа мэдэгдэлгүйгээр буцааж төлнө гэж бодоод тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг байсан. Бусад мөнгийг нь би ажил ихтэй байж байгаад тэмдэглээгүй орхисон байна лээ. Компанийн мөнгийг хувьдаа авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “******* азийн *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/52 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, “******* азийн *******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ХГ-10 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн ажиллаж байсан албан тушаал буюу “Үйл ажиллагааны менежер” нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар тээврийн нэхэмжлэх бичих, нэхэмжлэхийг харилцагч нарт бичгээр олгох, тээврийн төлбөр шалгах, гарах бичиг олгох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Тодруулбал, шүүгдэгч Б.******* нь тээврийн зардлын нэхэмжлэхийг харилцагч нарт хүргүүлж, тээврийн төлбөр компанийн дансанд төлсөн эсэхийг хянаж, төлсөн тохиолдолд гарах зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Б.******* нь тээврийн төлбөрийн талаар гүйлгээ хийх эрхгүй атлаа албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий харилцагч нараас тээврийн төлбөр гэж шилжүүлсэн нийт 42,319,380 төгрөгийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч, хувьдаа завшиж, “******* азийн *******” ХХК-д 42,319,380 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “******* азийн *******” ХХК-д 42,319,380 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон С.ай “...Б.******* нь 9,000,000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* нь хохиролд 1,000,000 төгрөг нөхөн төлсөн талаарх банкны шилжүүлгийн маягт гаргаж өгсөн тул үлдэгдэл 32,319,380 төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулж, хохирогч “******* азийн *******” ХХК /Регистрийн дугаар: 5618819/-д олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ялын хэмжээг багасгаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөг болгож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн тухайд шүүгдэгч Б.******* нь 11 удаагийн үйлдлээр хохирогчид 42,319,380 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон түүний ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 32,319,380 /гучин хоёр сая гурван зуун арван есөн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч “******* азийн *******” ХХК /Регистрийн дугаар: 5618819/-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч “******* азийн *******” ХХК-д 10,000,000 /арван сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НЯМДАВАА