| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0077/Э |
| Дугаар | 202/ШЦТ/88 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 202/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.туяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******-*******ын *******т холбогдох эрүүгийн 2336000000004 дугаартай, 178/2023/0077/Э/ индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ******* ХХК-д цахилгаанчин ажилтай гэх, ам бүл-1, ганцаараа ******* аймгийн сумын багийн 2-6 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******-*******ын *******, регистрийн дугаар: ХЛ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн сумын багийн 03-р гудамжны 17 тоот хашаанд иргэн Б.гийн гэрт С.*******гийн гээгдүүлсэн бор өнгийн түрийвчийг олж авч, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч С.*******д 390,000 төгрөгний хохирол учруулан, завших гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/
2. Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 23-нд цалин гэж 320,000 төгрөг авсан. Маргааш нь архи ууж байгаад Д.*******ыг дуудсан. Д.******* таксиний зогсоол дээр нэг танихгүй хүнтэй ирсэн. Тэгээд нэг мэдэхэд дүүгийндээ унтаж байсан. Түрийвчинд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 250,000 төгрөг бэлнээр байсан, ХААН банкны 58......тоот данснаас 140,000 төгрөг гарсан байна лээ. Д.******* гэх хүнийг хардаж байсан. Д.*******аас түрийвч болон эд зүйл бэлэн мөнгөө авсан. Гомдол саналгүй болно гэх мэдүүлэг /хэргийн 07,63-р хуудас/
3.Хохирогч С.*******гийн 58....... тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-р хуудас/
4.Хохирогч С.*******гийн “Шүүх сэтгэцийн “С.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэх” №30 дугаартай дүгнэлт”/хэргийн 18-р хуудас/
5.Иргэн Д.*******аас эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 29-33-р хуудас/
6.Гэрч Б.Мөнгөнхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө найз Д.******* манайд байж байтал дүү утасдаад байна таксины зогсоол ороод ирье гээд гараад дүү гэх хүнийг гэртээ авчирсан. Тэр залуу өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд уугаад тасарсан. Бид 2 гараад явж байтал эгч дуудаад энэ хүн чинь шээгээд уначихсан байна гэхээр нь ирээд гэрээс гаргаж явуулсан. Сүүлд Д.******* манай гэрээс түрийвч олсон гэж хэлж байсан. Энэ талаар би мэдэхгүй гэх мэдүүлэг /хэргийн 40-р хуудас/
7.Шүүгдэгч Д.*******ын “Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас”, иргэний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн бусад лавлагаанууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
2.1. Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн сумын багийн 03-17 тоотод оршин суух Б.Мөнгөнхүүгийн гэрт С.*******гийн орны араар унагаасан түрийвчийг авч, эзэнд нь болон зохих байгууллагад мэгдэлгүйгээр өөртөө авч ашигласан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эсвэл мэдэх боломжтой эд зүйлийг ойлгоно.
Хохирогч С.*******гийн түрийвчийг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Завших гэдэг нь гээгдэл эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил ашигласан, хэрэглэсэн, бусдад худалдан борлуулсан, барьцаанд тавьсан зэргээр хууль бус эзэмшил тогтоосон шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн бэлэн мөнгө, ХААН банкны картыг уншуулж хууль бусаар ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангажээ.
2.3. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 390,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинж хангагдаж байна.
2.4. Шүүгдэгч Д.******* нь уг түрийвчийг болон бэлэн мөнгө картыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглаж хууль бус эзэмшил тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.5. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Д.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 66-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 69-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ыг гэрлэсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан ч одоо хэний хамт амьдардаг, ******* ХХК-д цахилгаанчин ажилтай гэж мэдүүлэх боловч гэр бүлийн болон ажил эрхэлдэг талаар баримт ирээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олсны дараа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл бий болдог тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд төлүүлэхээр хэсэгчлэн тогтоох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй,энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг тус тус дурдаж,шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******-*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******-*******ын *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 04/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2336000000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС