| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2017/0016/э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-13 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 18
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч, Л.Баатар Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч В.Төгсбаяр, иргэдийн төлөөлөгч Ш.Дагва-Очир, хохирогч Ц.Амарсайхан, шүүгдэгч Ц.Ариунбат, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1043) нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Өөлд овогт Цэцгээгийн Ариунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0864 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өөлд овогт Цэцгээгийн Ариунбат, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өлзийт суманд 1970 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Өлзийт сум, Хөшөөт багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15-3 тоотод ам бүл тав, эх, дүү, хоёр бүл дүүгийн хамт түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ае70011076, урьд ял шийтгэгдэж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ц.Ариунбат нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 задгай тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Ц.Амарсайхантай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар хэвлийн тус газар хутгаар нэг удаа хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1. Шүүгдэгч Ц.Ариунбат: 2016 оны 3 дугаар сарын 22-ны орой нэг лонх архи авч, өөрийн төрсөн дүү Амарсайхантай хамт гэртээ хувааж уусан. Тэгээд Амарсайхан бид хоёрыг архиа талдаа орж байхад манай зүүн салаанд байдаг дүү Ариунтамир согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “чи ажил төрөл хийхгүй байж согтууруулах ундаа хэрэглэсэн байна” гээд Ариунтамир руу уурласан. Гэтэл Ариунтамир, Амарсайхан хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би Ариунтамир, Амарсайхан хоёрыг салгах гээд очиход Амарсайхан миний нүүр рүү алгадсан. Тухайн үед Амарсайхан, Ариунтамир хоёр зодолдоод, надад дийлдэхгүй байхаар нь би эргээд хартал, гал тогооны шүүгээн дээр хоол хийх гээд гаргаж тавьсан хутга ил байсан. Би тэр хутгыг аваад Амарсайхан, Ариунтамир хоёрыг айлгах зорилгоор очих үед Амарсайхан надад “та намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хутгаа хаяад гарч түргэн дуудсан. Надад дүүгээ хутгалж алах ямар нэгэн бодол санаа байхгүй байсан. Би 13 настайгаасаа ажил хийж, эхийн хамт дүү нараа өсгөсөн. Миний хувьд дүүдээ ямар нэгэн өс санасан зүйл, өр авлага байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
2. Хохирогч Ц.Амарсайхан: Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар баталгаажуулсан гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (эрүүгийн 2016 2601 0864 дугаартай хэргээс)
1. Хохирогч Ц.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ өөрийн 6-9 настай хоёр хүүхэд, төрсөн дүү Ариунтамирын 2 настай хүүхэд, мөн төрсөн ах Ариунбат нарын хамт байсан. Тэр үед Ариунбат ах 0.75 литрийн хэмжээтэй “Чингис” нэрийн нэг лонх архи худалдаж аваад, бид хоёр манай гэрт хувааж уусан. Архи дуусаж байх үед гаднаас бидний төрсөн дүү Ариунтамир халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь би Ариунтамир руу хандаж “чи ажил төрөл хийхгүй, архи ууж явлаа” гэж хэлсэн. Гэтэл Ариунтамир хүүхдээ гэр рүүгээ авч явах гэхээр нь би “чи согтуу байж харанхуй шөнө хүүхдээ авч явах гэлээ” гээд түүнийг зүүн гараараа хэд хэдэн удаа алгадсан. Улмаар бид хоёр барьцалдаад, ноцолдож байхад Ариунбат ах бид хоёрыг салгах гээд ирэхээр нь би түүнийг түлхчихсэн. Гэтэл бид хоёрыг ноцолдож байх хооронд Ариунбат ах миний зүүн талын хэвлий рүү хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би “та намайг хатгачихсан байна шүү дээ” гээд хартал Ариунбат ах манай гал тогооны тавиур дээр байсан хутгыг баруун гартаа барьчихсан зогсож байсан. Тэгээд би түүнээс хутгыг нь булааж авсан. Харин Ариунтамир надаас уг хутгыг аваад гарсан. Дараа нь би гэрийн зүүн талын орон дээр суугаад, өөрийгөө хартал, миний хэвлийн зүүн хэсэгт хутгаар зүсэгдчихсэн, гэдэсний сэмж нь гарчихсан, бага зэрэг доош унжсан байсан. Тэгээд Ариунтамир түргэн тусламж дуудаад, Ариунтамир бид хоёр түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү явсан. Ариунбат ах гэрээс гараад л явсан, хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Би эмнэлэгт очоод ухаан алдчихсан юм шиг байгаа юм, зарим зүйлээ сайн санахгүй байна. Ариунбат нь миний төрсөн ах учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Ариунбат “дүү бид хоёрыг хоорондоо маргалдаад, ноцолдоод байхаар нь айлгах гээд хутгалчихсан” гэж байсан. Бид хоёр үгэнд нь орохгүй ноцолдоод байсан учраас ийм зүйл болсон байх... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
...Би батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед эмчилгээний төлбөр 330.000 төгрөг болсон. Манай ах Ариунбат уг төлбөрийг надад төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
...тухайн өдөр би өөрийн төрсөн ах Ариунбатын хамт архи ууж байх үед дүү Ариунтамир хүүхдээ авах гэж ирсэн. Би түүнийг архи уучихсан байхаар нь ахын хувьд “архи дарс уулаа” гээд үг хэлсэн чинь Ариунбат ах уурлаад надтай маргалдсан. Тэгтэл нэг мэдсэн чинь Ариунбат ах хоолны шүүгээнээс шар алаг өнгийн иштэй хутга аваад, миний хэвлий рүү нэг удаа хутгалсан. Намайг Ариунтамир хутгалаагүй, Ариунбат хутгалсан. Харин Ариунтамир надад хэлэхдээ “сандарчихсан байхад нь цагдаа нар шахаад байхаар нь би хутгалчихсан” гэж хэлсэн гэсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 125 дугаар хуудас),
2. Гэрч Ц.Ариунтамирын мөрдөн байцаалтад өгсөн: Хэрэг гарсан өдөр баруун салаанд байрлах Ариунбат ахын гэрт очиход Ариунбат ах, Амарсайхан ахтай хамт 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи уугаад дуусаж байсан. Тэгээд би хүүхдүүдэд газраар ор засаж өгчихөөд байж байтал, Амарсайхан ах “Чи ажил хийхгүй байж, яагаад архи уусан юм” гэсэн. Харин би юу ч дугараагүй. Гэтэл Амарсайхан ах миний хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би түүний гарыг бариад авсан. Тэр үед Ариунбат ах “боль” гэсэн. Тэгээд бид хоёр дээр ирээд, салгах гэхэд нь Амарсайхан ах түүнийг түлхсэн. Энэ үед Ариунбат ах миний хажуугаар орж ирээд, Амарсайхан ахыг түлхэх шиг болсон. Тэгсэн чинь Амарсайхан ах гэрийн зүүн талын орон дээр дээшээ харж унаад, гэдсээ дараад “намайг хутгалчихлаа” гэхээр нь би Ариунбат ахыг хартал тэрээр баруун гартаа шар өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наад хутгаа хая гээд гар руу нь цохиж хутгыг газар унагаасан. Дараа нь Амарсайхан ахын гэдсийг хартал, түүний хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хутгалсан, бага зэрэг цус гарч байсан. Мөн хутгалуулсан нүхээр сэмж нь гарчихсан байсан. Тэгээд би нөгөө хутгыг газраас аваад, баруун талын хашааг давуулаад шидчихсэн юм. Энэ үед Ариунбат ах гараад явчихсан байсан. Би анх мэдүүлэг өгөхдөө сандраад “би хутгалсан” гээд хэлчихсэн юм. Бас Ариунбат ах элэгний өвчтэй болохоор ахыгаа бодоод тэгж хэлсэн юм. Түүнээс биш хутгалсан хүн нь Ариунбат ах мөн. Амарсайхан ах, Ариунбат ах нар урьд нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай хоёр ах нэг гэрт цуг амьдардаг бөгөөд тэдний хооронд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),
...Хэрэг гарсан өдөр би Амарсайхан ахын гэрт нь 2 настай Булгантамир гэх хүүхдээ авахаар очтол манай төрсөн ах нар болох Ариунбат, Амарсайхан хоёр лонхны талаар архи уугаад сууж байсан. Тэгээд би хүүхэдтэйгээ газар тоглоод, зурагт үзээд сууж байхад, Амарсайхан ах, Ариунбат ах хоёр согтоод, бие бие рүүгээ чанга, чанга дуугараад байсан. Би тэр хоёрыг “маргалдаж байгаад больчих юм байлгүй” гэж бодоод сууж байтал, Амарсайхан ах “намайг хутгалчихлаа” гэхээр нь очоод хартал түүний хэвлийн доод хэсэг рүү хатгачихсан байсан. Би Амарсайхан ахыг хутгалсан гэх шар алаг өнгийн иштэй хутгыг Ариунбат ахын хаясан газраас аваад, хашааныхаа хойшоо шидчихсэн. Тэгээд түргэн тусламж дуудаад, түргэн тусламж ирсний дараа би Амарсайхан ахтай хамт Госпиталын эмнэлэгт очоод байж байтал, цагдаа нар ирээд “хэн хутгалсан, чи хутгалчихсан юм уу” гэсэн. Намайг сандарч байх үед байн, байн асуугаад, намайг шахаад байхаар нь “би хутгалчихсан юм аа” гэж хэлсэн. Ариунбат ах элэгний өвчтэй, ядарсан хүн учир ахыгаа өрөвдөөд “би хутгалсан” гээд хэлчихсэн. Би 2008 онд Архангай аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаатай тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн. Хэрэг гарах үед миний тэнсэнгийн хугацаа дуусчихсан байсан учир ял шийтгэл авахаас айснаас “Ариунбат ахыг хутгалсан” гэж хэлээгүй. Госпиталын эмнэлэгээс цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Ариунбат ах өөрөө хутгалснаа хүлээчихсэн байсан. Тиймээс дараа нь би дахиж байцаалт өгөхдөө “Ариунбат ах хутгалсныг” үнэн зөвөөр мэдүүлсэн юм... гэх мэдүүлэг (хх-ийн 126 дугаар хуудас),
3. Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн үед Ариунбат надад юм хэлэхгүй байсан. Би сүүлд болсон асуудлын талаар асуухад Ариунбат “Ариунтамир, Амарсайхан хоёр хоорондоо маргалдаад, салгах гэхэд үгэнд орохгүй байсан, тэгэхээр нь би Амарсайханг хутгалчихсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
4. Насанд хүрээгүй гэрч А.Долгордуламын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хичээлээ тарчихаад, гэртээ ирж хоолоо идчихээд, унтаж амарсан. Тухайн үед гэрт манай аав Амарсанаа, ах Ариунбат, ах Ариунтамир нар байсан. Тэгээд манай аав Амарсанаа, ах Ариунбат хоёр нэг лонх архи хувааж ууж байсан. Харин би өөрийн дүүгийн хамт баруун талын орон дээр унтаж байсан. Би хоёр настай дүүгээ орилоход нь сэрсэн чинь зүүн талын орон дээр аав Амарсанаа, ах Ариунтамир нар хэрэлдээд ноцолдож байсан. Тэгтэл хажууд нь байсан Ариунбат ах гал тогооны шүүгээнээс шар өнгийн иштэй хутга аваад, ямар нэгэн үг хэлэлгүй Ариунтамир ахад өгөхөд, Ариунтамир ах авчихаад, хутгаа шал руу шидчихсэн. Тэгтэл Ариунбат ах шалан дээрээс уг хутгыг аваад аав, Ариунтамир ах хоёрыг салгах гээд дундуур нь орж байсан. Тэр үед манай хоёр настай дүү Булгантамир үүдний довжоон дээр уйлахаар нь би очоод саатуулж байтал, аав орилсон. Би аав руу хартал тэрээр гэдсээ дараад “намайг хутгалчихлаа” гээд, миний унтаж байсан баруун орон дээр сууж байсан. Түүний хажууд Ариунтамир ах зогсож байсан. Харин Ариунбат ах гэрээс гараад зугтаагаад явчихсан. Харин нөгөө шар иштэй хутга нь гал тогооны шүүгээн дээр байх шиг харагдсан… гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),
5. Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 03-р сарын 23-ны шөнө 02-03 цагийн үед би өөрийн түр оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-34 тоот хашаанд байрлах гэртээ байж байтал, манай нөхөр Ариунтамир гар утсаараа залгаад “Ариунбат, Амарсайхан ах бид гурав хоорондоо зодолдоод” гэхээр нь би итгэхгүй “яасан” гэхэд “Амарсайхан буюу Аараа ахыг хутгалчихлаа, Аараа ахын гурван хүүхэд гэрт нь байгаа шүү, чи хурдан оч, Аараа ах хагалгаанд орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад, Зээлийн гудамжинд байрлах гэрт нь очтол цус нөжтэй, зодолдож ноцолдсон ул мөр байхгүй, гурван хүүхэд нь унтаж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирсэн. Над руу залгаж ярихдаа “Аараа ахыг хутгалчихлаа” гэж хэлсэн боловч хэн хутгалсан талаар хэлээгүй. Харин дараа нь Ариунтамираас “чи яагаад өөрөө хутгалчихсан гэж хэлсэн юм” гэж асуухад “эмнэлэг дээр байхад, цагдаа нар шалгаагаад байхаар нь сандарсандаа би хутгалчихсан гэж хэлсэн” хэмээн надад хэлж байсан. Дараа нь болсон хэргийн талаар сонсоход Ариунбат ах хойшоо гарч гүйгээд түргэн тусламж дуудсан гэж байх шиг байсан. Тэр хэлж байгаа нь үнэн. Намайг гэрт нь очиход гурван хүүхэд газраар ор засаад унтчихсан, Ариунбат ах буюу Бааяа ах зүүн орон дээр унтаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),
6. Гэрч Б.Цэндээхүү (дуудлагаар очсон жижүүрийн мөрдөн байцаагч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогчийг яг хэн хутгалсан талаар мэдэхгүй байна. Госпиталын эмнэлэгт очиход, Ариунтамир гэгч нь сандарсан байдалтай байсан учраас түүнийг сэжиглээд авчирсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 162-163 дугаар хуудас),
7. Гэрч С.Тулга (мэдээллийн мөрөөр ажилласан эрүүгийн төлөөлөгч)-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үед “Госпиталийн эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ” гэсэн мэдээллийн дагуу очиход, хутгалуулсан хүний дүү Ариунтамир гэх залуу ахыгаа ганцаараа сахиж байсан. Түүнээс “танай ахыг хэн хутгалсан юм бэ” гэж асуухад, тэрээр сандарсан, сэжигтэй байдал илэрсэн учраас уг залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч тайлбараар асуухад тэрээр “би ахыгаа хутгалсан” гэж тайлбар өгсөн. Мөн болсон явдлыг тодорхой ярьж байсан. Амарсайхан хутгалуулсан асуудал нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн байх боломжтой байсан. Би Ариунбат гэдэг хүнтэй уулзаагүй. Мөн хохирогч Амарсайхан гэх хүн нь хэнд хутгалуулсан талаараа хэлэхгүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 164-165 дугаар хуудас),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4248 дугаартай: Амарсайханы биед хэвлийн хөндийд нэвтэрч *S* гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндий, ар ханын цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 28 дугаар хуудас),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 2755 дугаартай: “Шар эрээн өнгийн иштэй хутганаас цус илэрсэн. Уг цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2965 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Ц.Амарсайханы гэх цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна. Саарал өнгийн футболк, шаргал өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Энэ нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна. Хүрэн өнгийн тэлээ, цэнхэр өнгийн жийнсэн өмд, хар өнгийн гутал, ногоон өнгийн даавуун куртик, хар өнгийн судалтай саарал өнгийн ноосон дотуур өмд, хар цэнхэр алаг өнгийн дотоожинд цус илрээгүй” гэх дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2248 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Цэцэгээ овогтой Ариунтамирын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Цэцэгээ овогтой Ариунтамирын гарын хээний дардас нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт (хх-ийн 95 дугаар хуудас),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 5379 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт (хх-ийн 129 дүгээр хуудас),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7697 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бор судалтай хуванцар иштэй хутганаас цус илрээгүй. Шар өнгийн бор судалтай хуванцар иштэй хутган дээр ДНХ-ийн тогтоц илрээгүй тул хүн, мал, амьтны алиных нь болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хх-ийн 132 дугаар хуудас),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7696 дугаартай: “Ц.Ариунбат, Ц.Ариунтамир гэж хаягласан цус нь ДНХ болон биологийн шинжилгээнд тэнцэж байна. Ц.Ариунбатын цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна. Ц.Ариунтамирын цус нь A/II/ бүлгийн харьяалалтай байна. Ц.Ариунбат, Ц.Ариунтамир гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 7696 дугаартай дүгнэлтэд тусгагдсан шар өнгийн бор судалтай хуванцар иштэй хутганаас ДНХ-ийн тогтоц илрээгүй тул Ц.Ариунбат, Ц.Ариунтамир нарын ДНХ-тэй харьцуулах боломжгүй байна” гэх дүгнэлт (хх-ийн 140 дүгээр хуудас),
15. Шинжээч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2755 дугаартай дүгнэлтэд шинжилгээнд авсан дээж нь бүлгийн харьяалал тогтоохоор ашиглаад дууссан тул санд бүртгэж авах дээж байхгүй. Сүүлд миний гаргасан 7697 дугаартай дүгнэлт хийх үед цус илрээгүй учир хүн, мал, амьтны алиных нь болохыг тогтоох боломжгүй байсан. Урьд дүгнэлтэд бүлгийн харьялал тогтоох шинжилгээнд хутганаас илэрсэн дээж нь шинжилгээнд зарцуулагдаж дууссан учир санд бүртгэгдээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 166-167 дугаар хуудас),
16. Шинжээч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн шинжээч томилох тогтоолд биологи болон гарын мөрийн шинжилгээний асуултуудыг тавьсан байсан. Миний хувьд зөвхөн криминалистикийн шинжээч тул гарын мөрний талаарх асуултад хариулсан. Биологийн шинжилгээний асуултад хариулах тусгай мэдлэг байхгүй учраас би 2016 оны 09-р сарын 06-ны өдрийн 5379 дугаартай дүгнэлтэд гарын мөрийн чиглэлээр хариулт өгсөн. Шинжилгээнд ирүүлсэн уг хутганаас гарын мөр илрээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 169-170 дугаар хуудас),
17. Шинжээч М.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх дүгнэлтэд лятессийн урвал тавьж үзэхэд A, B улаан бөөмтэй наалдац өгсөн тул O/I/ бүлгийн харьяалалтай гэж үздэг. Хэрэв А дээрээ улаан бөөмтэй наалдац өгсөн байвал B 3-р бүлэг, B улаан бөөмтэй наалдац өгсөн байвал A 2-р бүлгийн харьяалалтай байдаг юм. Уг хутганаас илэрсэн цусыг хүнийх үү? амьтных уу? гэдгийг тогтооход хутганаас илэрсэн цусны дээж хүрэлцэхгүй байсан ба манай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд” хүн, амьтны цусыг тогтоох урвал нь байхгүй байсан. Хэрвээ хутга нь шороо болон гадны зүйлээр бохирлогдсон байсан бол урвал тавихад хуурамч наалдац өгснөөс болоод цусны бүлгийн харьяалал өөрчлөгдөж зөрж болно. Миний хийсэн шинжилгээний тохиолдолд мөн гадны бохирдлоос шалтгаалан A улаан бөөмтэй хуурамч наалдац өгсөн байхыг үгүйсгэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 171 дүгээр хуудас),
18. Шүүгдэгч Ц.Амарсайханы өвчний түүхээс: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цаг 10 минутад Ц.Амарсайханг хүлээн авсан... гэх бүртгэл (хх-ийн 72 дугаар хуудас),
19. Шүүгдэгч Ц.Ариунбатын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ дүү Амарсайхан, дүү Ариунтамирын нэг хүүхэд нарын хамт байж байгаад би 0.75 литрийн хэмжээтэй “Эзэн чингис” нэрийн нэг лонх архи аваад, дүү Амарсайхантай хувааж ууж байсан. Тэр үед би дүүгээсээ илүү их архи уусан юм. Тэгээд уг архийг уугаад дуусаж байх үед дүү Ариунтамир гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд байж байтал Амарсайхан Ариунтамирыг “чи ажил төрөлгүй байж, архи уулаа” гэсэн. Би бас түүнийг архи уулаа гээд загнасан. Дараа нь Ариунтамир, Амарсайхан хоёр хоорондоо маргалдаад, Амарсайхан Ариунтамирыг нэг удаа алгадсан. Улмаар тэр хоёр бие биенээ барьж аваад, зууралдаад байхаар нь би тэднийг салгах гэсэн боловч салахгүй байсан бөгөөд Амарсайхан намайг зүүн талын ор руу түлхсэн. Тэгэхээр нь би гэрийн урд хэсэгт байрлах ногоон алаг гал тогооны тавиур дээрээс шаргал өнгийн эвэр иштэй хутгыг аваад, Амарсайханы хэвлий рүү нэг удаа хутгалсан. Харин Амарсайхан орон дээрээ суугаад “намайг хатгачихлаа ш дээ” гэсэн. Түүнийг харсан чинь хэвлийн зүүн хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан. Энэ үед дүү Ариунтамир миний гараас уг хутгыг булааж аваад, гарч явсан. Тэр хутгыг хаясан байх. Амарсайхан, Ариунтамир хоёр хоорондоо маргалдаад, намайг салгах гэхэд, миний үгэнд орохгүй болохоор нь айлгах гээд хутга аваад хатгасан чинь Амарсайханы гэдэс рүү нэвтрээд орчихсон юм... гэх мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас),
20. Шүүгдэгч Ц.Ариунбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 3 дугаар сарын 22-ны орой дээрх хаяган дээр байх өөрийн гэртээ дүү Ц.Амарсайхантай “Эзэн Чингис” нэрийн 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи хувааж ууж байсан. Тухайн үед манай гэрт дүү Амарсайханы 4 дүгээр ангийн Долгордулам, 1 дүгээр ангийн Даваадолгор, дүү Ариунтамирын нэг настай хүүхдүүд байсан. Бид хоёр уг архиа уугаад арай дуусаагүй байхад буюу 18 цагийн үед гаднаас бидний төрсөн дүү Ц.Ариунтамир орж ирсэн. Тэрээр орж ирэх үедээ бага зэрэг халамцуу байсан. Амарсайхан Ариунтамир руу хандаж “чи хүүхдээ манайд хаячихаад, архи уугаад, ажил төрөл хийхгүй яваад байх юм” гээд ахын хувиар хэлсэн. Гэтэл Ариунтамир “чи ч гэсэн өөрөө архи уугаад” гэж хэлээд, тэр хоёр маргалдаад, барьцалдаж аваад, гэрийн зүүн орны урд талд ноцолдоод байхаар нь би очоод салгах гэхэд, Амарсайхан намайг гараараа түлхэж, ор руу унагаасан. Тэгээд босож ирэхэд нөгөө хоёр ноцолдоод дийлдэхгүй болохоор нь гал тогооны шүүгээн дээр ил байсан шар иштэй, бор судалтай эвэр шиг иштэй хутгыг аваад, тэр хоёрыг айлгах зорилгоор баруун гартаа хутга бариад байж байсан. Гэтэл Амарсайхан зүүн талын орон дээр суугаад намайг хутгалчихлаа гэсэн тэгэхээр нь би харсан чинь түүний хэвлийн зүүн доод хэсгээс цус гарч байсан. Тэр үед би Амарсайханг хутгалснаа мэдсэн. Би Амарсайханг хутгаар хатгасны дараа Ариунтамир миний газарт хаячихсан хутгыг хашаа давуулан жалга руу шидчихсэн. Би надаас хутга булааж авсныг нь санахгүй байгаа, тухайн үед сандарсан байсан. Харин тийм их согтуу байгаагүй. Ариунтамир яагаад “Амарсайханг хутгалсан” гэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Намайг хамгаалах гэж л тэгж хэлсэн байх. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би Амарсайханы хэвлий рүү хутгалсан. Ариунтамир энэ хэргийг үйлдээгүй нь үнэн. Анх миний төрсний гэрчилгээг авахад Цэцэгээ овогтой Арвинбат гэдэг нэрээр авсан. Дараа нь иргэний үнэмлэх авах үед Цэцгээ овогтой Ариунбат гэж өөрчлөгдсөн, одоо Цэцгээгийн Ариунбат гэдэг нэрээр бүртгэлтэй байгаа. Би өөрийн дүү Амарсайханг хутгалсандаа маш их гэмшиж байна. Би дүү нараа өсгөн хүмүүжүүлсэн, өөрөө эхнэр авалгүйгээр дүү нарынхаа төлөө явж байсан. Би дүүдээ хар, буруу санасан зүйл байхгүй. Амарсайханг би хутгалъя гэж бодоогүй, миний хийсэн үйлдэл бол санаатай биш... гэх мэдүүлэг (хх-ийн 158-159 дүгээр хуудас),
Мөн шүүгдэгч Ц.Ариунбатын хувийн байдалтай холбоотой нотлох баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49, 172 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), засаг даргын тодорхойлолтууд (хх-ийн 52, 53 дугаар хуудас), эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд (хх-ийн 58-70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг үнэн зөвд тооцож, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Ариунбат нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.
Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас мэдүүлсэн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн дүгнэвэл;
Шүүгдэгч Ц.Ариунбат нь согтуурсан үедээ буюу 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгайд байрлах гэртээ төрсөн дүү Ц.Амарсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий рүү нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрч *S* гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндий, ар ханын цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ариунбат “...би дүү нараа айлгах зорилгоор л хутга барьсан, Ц.Амарсайханг хутгалсан боловч түүнд хүнд гэмтэл учруулах болон алах санаа, зорилго байгаагүй...” гэж мэдүүлснийг, мөн түүний өмгөөлөгч “шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хувьд санаатай, болгоомжгүй аль нь болохыг эрх хэмжээнийхээ хувьд анхаарч үзэхийг хүсье” гэсэн өмгөөлөл явуулсныг дараах байдлаар няцаан үгүйсгэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас дүгнэвэл;
2016 оны 3 дугаар сарын 22-ны орой шүүгдэгч Ц.Ариунбат, түүний төрсөн дүү болох хохирогч Ц.Амарсайхан нар ахуйн хүрээнд буюу гэртээ архидан согтуурч байх үед тэдний төрсөн дүү Ц.Ариунтамир мөн согтуурсан байдалтай гаднаас орж иржээ. Улмаар Ц.Амарсайхан, Ц.Ариунтамир хоёрын хооронд “архи уулаа”, “согтуу байж хүүхэд авч явах гэлээ” гэх хувийн сэдэлт бүхий маргаан өрнөжээ.
Ц.Ариунбат хоёр дүүгээ харилцан маргалдаж, барьцалдан ноцолдох үед тэднийг салгах оролдлого хийсэн гэх боловч Ц.Амарсайхан түүнийг алгадаж унагасан гэв.
Улмаар Ц.Ариунбат гал тогооны шүүгээн дээр ил байсан хутгыг очиж авсан идэвхтэй үйлдэл хийсэн байна.
Тэрээр хутга авсныхаа дараа барьцалдан ноцолдож буй хоёр дүү рүүгээ очсон төдийгүй Ц.Амарсайханы хэвлий рүү хутгалсан идэвхтэй үйлдэл хийжээ.
Иймд өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шүүгдэгч Ц.Ариунбатын идэвхтэй үйлдлийг гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүй хэмээн үзэх хууль зүйн үндэслэл алга.
Хууль зүйн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах эрсдэлтэйг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна хэмээн өөртөө хөнгөмсгөөр найдсан, эсхүл өөрийн үйлдлийн улмаас хор уршиг учрах эрсдэлтэйг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой хэр нь мэдэлгүй үйлдэж хайхрамжгүй хандсан байдлаар илрэх сэтгэхүйн харьцаа байх учиртай. Гэтэл шүүгдэгч Ц.Ариунбатын дүүгээ хутгалсан үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд сэтгэхүйн ийм харьцаа байхгүй байна.
Шүүх прокуророос Ц.Ариунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Харин яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 3 дугаар сарын 23-ны орой” гэж буруу тодорхойлсон хэдий ч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр уг гэмт хэрэг “22-ноос 23-нд шилжих шөнө” гарсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо зөвтгөн дүгнэсэн болно. Тодруулбал, 23-ны орой гэдэгт тухайн өдрийн 17 цагаас 24 цаг хүртэлх хугацааг хамааруулдаг.
Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Ц.Ариунбатыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “ах, дүүс ахуйн хүрээнд архидан согтуурсан, мөн харилцан биенээ үл хүндэтгэн хэрүүл, зодоон хийсэн”-тэй холбоотой гэж дүгнэв.
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 174) байх тул шүүгдэгч Ц.Ариунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ариунбат нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Иймд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн Ц.Ариунбатын эрүүл мэнд болон хувийн бусад байдал, дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийн урхаггүй шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:
Хохирогч Ц.Амарсайхан нь хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх боловч шүүгдэгч Ц.Ариунбат нь түүний эмчилгээний 330.000 төгрөг төлсөн болох нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогчийн мэдүүлгээр (хх-ийн 20 дугаар хуудас) нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амарсайхан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн, эрүүл мэндийн байдал хэвийн болсон бөгөөд одоо хот тохижилтын компанид цэвэрлэгчээр ажиллаж байгаа гэх тул гэм хор арилсан гэж үзэв. Тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 28.5 см урт нэг ширхэг хутгыг хуульд зааснаар устгаж, харин ногоон өнгөтэй нэг ширхэг даавуун куртик, эрээн судалтай нэг ширхэг дотуур өмд, цэнхэр өнгөтэй нэг ширхэг дотоож, саарал өнгөтэй нэг ширхэг фудволк, шаргал өнгөтэй нэг ширхэг ноосон цамц, нэг ширхэг жийнсэн өмд, нэг хос гутлыг хохирогчийн хүсэлтээр түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ариунбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.
Шүүгдэгч Ц.Ариунбатад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Өөлд овогт Цэцгээгийн Ариунбатыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунбатад 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунбатад оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1., 88.1.3. дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 28.5 см урт нэг ширхэг хутгыг устгаж, ногоон өнгөтэй нэг ширхэг даавуун куртик, эрээн судалтай нэг ширхэг дотуур өмд, цэнхэр өнгөтэй нэг ширхэг дотоож, саарал өнгөтэй нэг ширхэг фудволк, шаргал өнгөтэй нэг ширхэг ноосон цамц, нэг ширхэг жийнсэн өмд, нэг хос гутлыг хохирогч Ц.Амарсайханд буцаан олгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ариунбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ц.Амарсайхан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Ариунбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ариунбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧИД Л.БААТАР
Г.МӨНХЗУЛ