Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2022/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох Хаад Боржигон Б.Ныннэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4-т байгаа Б.Н, 2002 оны 12 сарын 28-ны №114, хэмжээ 100 га, Хуурай хөндий 038/42 гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжаар Хуурай хөндий-ийн 100 га газрыг Хаад боржигон Б.Ноос Улаан-Од хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-д шилжүүлжээ.

3.Нэхэмжлэгч Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Би 2002 онд Рашаант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 114 тоот захирамжаар Рашаант сумын Хуурай хөндий гэх газар 100 га газар, газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан юм. Гэтэл Улаан-Од ХХК-ийн захирал Ц.Амаржаргал нь манай ааваас Хуурай хөндий-ийн 100 га газарт чинь би тариа тарьчихья гэж гуйхаар нь манай аав зөвшөөрсөн байсан тул би газрыг Улаан-Од ХХК-д түрээслүүлж байгаа гэж ойлгож байсан. Рашаант суманд газар тариалангийн газраа тариа тарихгүй жилээ бусдад түрээслүүлэх явдал байдаг.

4.Тэгээд энэ жил газрын даамал манай аавтай уулзаад танай хүү Хуурай хөндий-д 100 га газар 2002 оны захирамжаар эзэмшдэг юм байна, гэтэл та Хуурай хөндий-ийн 100 га газрыг Улаан-Од ХХК-д Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжаар шилжүүлсэн юм байна энэ ямар учиртай юм гэж асуусан байсан. Би түүнийг сонсоод уг 40 дүгээр захирамжийг үзэхэд уг захирамжийн 1 дэх заалтаар газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан иргэдийн газар эзэмших эрхийг хавсралт 1-ээр Улаан-Од ХХК-д шилжүүлсүгэй гэж заасан, захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дэх мөрөнд хэнээс гэсэн хүснэгтэд Б.Н, захирамжийн огноо, дугаар гэсэн хэсэгт 2002 оны 12 сарын 28, №114, хэмжээ, га гэсэн хэсэгт 100, байршил гэсэн хэсэгт Хуурай хөндий 038/42 гэжээ.

5.Б.Н гэдэг нь миний эцэг бөгөөд миний эцэг Хуурай хөндий гэх газарт 100 га газар эзэмшдэггүй болно. Уг 2015 оны 40 дүгээр захирамжийн хавсралтанд дурдсан 2002 оны 12 сарын 28-ны 114, 100 га газар, Хуурай хөндий 038/42 гэх газар нь Б.Нийнх биш Н.Э миний эзэмшил юм. Тиймээс миний эзэмшил газрыг манай аав надад мэдэгдэлгүйгээр Улаан-Од ХХК-д шилжүүлэхээр хүсэлт гаргасныг Рашаант сумын Засаг дарга болон газрын даамал нь газар эзэмшигчид буюу надад хэлж мэдэгдэхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжаар Улаан-Од ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байгаа нь илт хууль бус байна. ...

6. Аймгийн Засаг даргад хандахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн болно.

7.Рашаант сумын Засаг дарга 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамж гаргахдаа Б.Н нь Хуурай хөндий гэх газарт газар эзэмшдэг эсэхийг шалгалгүйгээр 100 га газрын эзэмших эрхийг Улаан-Од ХХК-д шилжүүлсэн захирамж гаргасан нь бодит нөхцөлд биелэх боломжгүй юм. Учир нь Б.Н нь Хуурай хөндий-д 100 га газар эзэмшдэггүй, ингээд дээрх илт хууль бус захирамжийн хавсралтад дурдсан Б.Нид газар эзэмших эрх олгосон гэх захирамжийн дугаар огноо нь надад 100 га газар эзэмшүүлсэн 2002 оны 114 дүгээр захирамжийн огноо, дугаар байгаагаас үзэхэд энэхүү захирамж нь миний газар эзэмших эрхэд халдсан учраас би гомдолтой байна.

8.Тиймээс Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжийн хавсралтын 4 дэх мөрөнд байгаа Б.Ноос Хуурай хөндий, 100 га газар гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Б.Н нь Рашаант сумын Засаг даргад холбогдуулан Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4-т байгаа Б.Н, 2002 оны 12 сарын 28-ны №114, хэмжээ 100 га, Хуурай хөндий 038/42 гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мөрөн сумын иргэн Т.Д намайг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон.

10.Итгэмжлэлд зааснаар би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

11.Нэгэнт нэхэмжлэгчийн эрхийг эдлэн оролцож байгаагийн хувьд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй учраас Н.Эын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

12.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

13.Нэхэмжлэгч Н.Эын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулангаргасан Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4-т байгаа Б.Н, 2002 оны 12 сарын 28-ны №114, хэмжээ 100 га, Хуурай хөндий 038/42 гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

15.Нэхэмжлэгч Н.Э 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мөрөн сумын иргэн Боржигон Т.Дг томилж, түүнд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгосон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлээр нотлогдож байна.

16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгч Хаад боржигон Б.Н Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх, байршил өөрчлөх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/40 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4-т байгаа Б.Н, 2002 оны 12 сарын 28-ны №114, хэмжээ 100 га, Хуурай хөндий 038/42 гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ