| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 116/2024/0041/З |
| Дугаар | 221/МА2025/0362 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0362
О.М-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч О.М
Хариуцагч Д аймгийн Засаг дарга
Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн Х сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах, Д аймгийн Засаг даргад О.М-д өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 116/ШШ2025/0008 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 116/2024/0041/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.М нь Д аймгийн Засаг дарга, Д аймгийн Х сумын Засаг дарга нарт холбогдуулан “Д аймгийн Х сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах, Д аймгийн Засаг даргад О.М-д өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 116/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ийн Д аймгийн Засаг дарга, Д аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Д аймгийн Х сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах, Д аймгийн Засаг даргад О.М-д өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч нь Х сумын 2-р баг Х-1 **** хаягт байрлалтай ******** нэгж талбарын дугаартай, тус сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/*** шийдвэртэй 1500 м.кв хэмжээтэй газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.
Тус газрыг өөрийн төрсөн эх Д.М-ээс хуулийн дагуу шилжүүлэн авсан бөгөөд Х сумын зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин 2020 оны 8 дугаар сард орон нутгийн хөрөнгө оруулалтаар моджуулж цэцэрлэг барьж эхэлсэн. Энэ талаар өмнөх эзэмшигч Д.М нь холбогдох албан тушаалтанд удаа дараа шаардлага гаргасан боловч үл хайхарч миний хууль ёсны эзэмшлийн газарт хөрөнгө оруулалт хийснээс газар эзэмшигч миний эрх ашиг ноцтой хохирсон.
Дээрх асуудлаар Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнөх эзэмшигч Д.М нэхэмжлэл гаргахад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжаар газрыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийг Х сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталсан шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч миний хувьд ч дахин шүүхэд хандахад Х сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд газрыг албадан чөлөөлөх шүүгчийн захирамж гарсан ч асуудал шийдвэрлэгдэхгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчмын хүрээнд татвар төлөгчдийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг нурааж газрыг албадан чөлөөлөх нь татвар төлөгчдийн мөнгө буюу төсвийг үргүй зарцуулж итгэл хамгаалах зарчмыг алдагдуулахгүй байх үүднээс нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг болон Газрын тухай хуулиар газар эзэмшигчид үүсгэсэн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн үр дагаврыг арилгах шаардлагагүй гэж үзсэнд гомдолтой байна.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралгүй ИТХ-д төлөвлөгөөг өргөн барих, газрыг ямар нөхцөл, бичиг баримтаар эрх олгох, эзэмших газрын хэмжээ зэргийг зохицуулсан заалтууд байх бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан дээрх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эзэмшүүлэх бичиг баримт, хэмжээний талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх дээрх хуулийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1 Д аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар[1] тус сумын 2 дугаар багийн*** гудамж, *** “а” тоотод шатахуун түгээх станцын зориулалтаар 1500 м.кв газар эзэмшигч Д-ын М-ийн газар эзэмших эрхийг О-ын М-д 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, нэгж талбарын ********* дугаар бүхий 1500 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-*********** дугаарт бүртгэж гэрчилгээ[2] олгож, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №************ дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[3]”-г байгуулсан байна.
3.2 Иргэн Д.М-ээс Д аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан “1500 м.кв газар дээр зөвшөөрөлгүй баригдсан цэцэрлэгт талбайн хашаа, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тул Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар “Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар[4] хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 138/ГХ2023/0**** дугаар Гүйцэтгэх хуудас бичигджээ.
3.3 Нэхэмжлэгч О.М нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Д аймгийн Х сумын Засаг даргад “...Х сумын 2 дугаар баг, **** гудамж, **** тоотын 1500 м.кв шатахуун түгээх станцын зориулалт бүхий газар дээр 2019 онд цэцэрлэгт хүрээлэн барьсан учир орлох газрыг тус кадастр дээр байгаа газрыг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
3.4 Улмаар Д аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/*** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “Х сумын Засаг даргаас газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах төслийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхдээ холбогдох байгууллагын санал авахгүйгээр Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зэргийг зөрчин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахгүйгээр, хуулийн үндэслэлгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд, галын болон хот байгуулалтын норм, стандартад нийцэхгүй байршилд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг төлөвлөж олгосон байна. Мэн дээрх газрыг Х сумын Засаг дарга нь эзэмшүүлсэн газартай давхцуулан орон нутгийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгт талбайг байгуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ нь мөн л тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу хууль зөрчиж хийгдсэн бүтээн байгуулалтын ажил юм. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг нэхэмжлэгч О.М-д хүргүүлсэн байна.
4. Д аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” захирамжаар[6] Г.Г-т эзэмшүүлсэн 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Б-ийн хөшөөний зүүн талд байрлах 1500 м.кв газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн газрыг эзэмшүүлэхээр байна.
5. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/*** дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр[7] “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй, хууль тогтоомжийг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын бүсэд, галын болон хот байгуулалтын норм, стандартад нийцэхгүй байршилд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг төлөвлөн олгож, мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгт талбайг байгуулах ажлыг зохион байгуулсан нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хууль зөрчиж хийгдсэн бүтээн байгуулалтын ажил хийсэн” гэх агуулга бүхий албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
6. Нэхэмжлэгч О.М-ийн эзэмшиж буй газар нь сумын хөрөнгө оруулалтаар хийгдсэн цэцэрлэгт талбайн газартай давхацсан тул нэхэмжлэгчийн шатахуун түгээх станцын зориулалтаар байршил сольж олгох тухай хүсэлт нь нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин газрыг олгох нөхцөл бүрдээгүй, мөн нэхэмжлэгчид олгосон тус сумын 2 дугаар багийн **** гудамж, **** “а” тоотод шатахуун түгээх станцын зориулалтаар 1500 м.кв газрыг шилжүүлж олгохдоо гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан.
9. Хариуцагч Д аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Х сумын Засаг даргын хувьд аймгийн төвийн 2, 3 дугаар бүсийн газрыг хариуцдаг. Эрх хэмжээний хувьд 2 дугаар бүс дотроо шилжилт хөдөлгөөний талаар хүсэлт гаргаад явсан бол энийг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж байгаа. Бүсчлэлийн хувьд шийдвэрлэх боломжгүй байна... нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй газар нь кадастрын зургаас харахад 1 дүгээр бүсэд орж байгаа. Энэ нь аймгийн Засаг даргын харьяалан шийдвэрлэх хүрээнд орно” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь сумын Засаг даргад тухайн газрыг орлох буюу кадастрын зурагт[8] байгаа газрыг эзэмшүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргахдаа хаана байрлах газрыг нэрлэн заагаагүй байх бөгөөд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу албан бичгийг Д аймгийн Х сумын Засаг даргаас нэхэмжлэгчид мэдэгдсэн.
10. Тиймээс Д аймгийн Х сумын Засаг дарга нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүлэх эрх хэмжээтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт болон кадастрын зургийн дагуу тухайн байршилд газрыг олгох эрх хэмжээ олгогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 116/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА