| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0079/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч З.Алтансолонго,шүүгдэгч Н.*******-******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******-*******од холбогдох эрүүгийн 23360000000075 дугаартай, 178/2023/0079/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, 2 дүү, 2 зээгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд сум дундын 25 дугаар шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* ургийн овогт *******ын *******-*******, регистрийн дугаар: ПЗ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*******-******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Модон гүүрний ам” гэх газраас хүрэн зүсмийн, хөндлөн дэгрээ, босоо дэгрээ тамгатай, адууг хулгайлж Н.*******д 1,200,000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” 2022 оны 11 дүгээр сарын дундуур манай адуунаас хүрэн зүсмийн босоо, хэвтээ дэгрээ тамгатай, буруу чих нь ган цуулбар имтэй, сартай цагаан хамартай адуу алга болсон. Адуу алга болсон шөнө Монхоо гэх залуу Модон гүүрний хажууд айлд хоносон сургаар утасдахад Төөмөө, Бандгай, балай Мөөгий нар хүрэн адуу нядалсан гэж хэлсэн.Тэгээд адууны мах авсан гэх Шаргайтай уулзахад “тиймээ балай Мөөгийд мөнгийг нь өгөөд авсан” гээд адууг нядалсан газарт ирэхэд сэвс, өвчсөн адууны толгой нь байсан”...гэх мэдүүлэг /хэргийн 9-р хуудас/
2.Гэрч Д./Бандгай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2022 оны 11 сард гэх залуу идэшний адуу байна уу гэж асууж байсан.Тэгээд би балай Мөөгийгөөс асуухад 2022 оны 11 сарын 14-нд манайд босоо дэгрээ мөн доод гуяндаа хэвтээ дэгрээ тамгатай хүрэн зүсмийн адуу авчирсан. Д.*******-******* буюу балай Мөөгий манай адуу, хүнээс өрөнд авсан гэж хэлж байсан.Дараа нь миний 58,,, тоот дансанд 700,000 төгрөг, дараа 12 сард 90.000 төгрөг шилжиж орж ирсэн. Д.*******-******* цувуулж авч дуусгасан... “гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
3.Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өвлийн идэш хэрэгтэй болоод *******гийн Бандгай гэх залуу руу хэлсэн. Тэгээд нэг өдөр над руу залгаад адуугаа ирж ав гэхэд нь эхнэрийн хамт очиход хүрэн зүсмийн адуу бариад уячихсан Маамуу, балай Мөөгий гэх залуучууд байсан. Тэнд нь адуугаа нядлаад хэд хоногийн дараа 700.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөгийг Бандгайгийн данс руу шилжүүлсэн нийт 800.000 төгрөгөөр бодож авсан... гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/
4.Гэрч Л.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 сарын 15-ны өдөр түлээ түүж яваад Бандгай ахынд орсон. Тэгсэн балай Мөөгий гаднаас адуугаа аваад ирлээ, хүмүүс хаана байна гэхэд Бандгай ах ирж байгаа гэсэн. Намайг адуу гаргалцаад өг гэсэн. Тэгсэн сумаас эхнэрийн хамт ирсэн. Буруу гуяандаа босоо дэгрээ доод талд нь хэвтээ дэгрээ тамгатай хүрэн адуу байсан... гэх мэдүүлэг/хэргийн 22-р хуудас/
5.Гэрч Э.аас адууны үнэ 700.000 төгрөг, 90.000 төгрөг шилжүүлсэн баримт хэргийн 28,29-р хуудас.
6.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тогтоосон баримт хэргийн 30,31-р хуудас.
7.Мал үнэлсэн тухай “...6 настай адуу-1.200.000 төгрөг...” гэх шинжээчийн үнэлгээ / хэргийн 38-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.*******-******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний орой ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан адуунаас 6 настай адуу хулгайлж аваад тус багийн малчин Д.гийн гэрийн гадна авчирч нядлаж иргэн Э.д зарж борлуулсан хэргийн үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч Д.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байна, хохирогчид хохирлоо төлж барагдуулсан гэж мэдүүлсэн бөгөөд шүүхэд хохирол барагдуулсан тухай 1 хуудас баримт ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.*******-******* нь амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.*******д 2023 оны 03 сарын 22-ны өдөр хохирол болох 1,200,000 төгрөгийн хохирол төлсөн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.*******-******* нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.*******-*******ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Д.*******-******* нь урьд сум дундын 25 дугаар шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 46-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******-******* нь хувьдаа өөрийн төрсөн дүү Н.Эрдэнэтогтохын хамт 2022 онд 430 толгой мал тоолуулсан нь мал тооллогын дансаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******-*******ыг бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлэх,шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр зааж өгнө үү гэх санал, тайлбар
Шүүгдэгч Д.*******-*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: шүүгдэгч Д.*******-*******ыг бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******-*******ыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******-*******од тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 23360000000075 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******-*******од 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******-*******ыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******-*******од мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 23360000000075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******-*******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС