Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

2023/ШЦТ/94

 

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: M.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Сгийн Гт холбогдох 2312000480074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Т сумын С багийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Цовогт Сгийн Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Тариат сумын Хорго багт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Дыг “Зааланд ундааны сав шидлээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь цохиж, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: Энэ Д гэдэг хүүхэд миний волейболын сургалтанд явдаг хүүхэд. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Намайг шүүгч хийж байхад буруу шүүлээ гэж танхайрч талбай руу ундааны сав шидэж, орилсон. Миний сургалтанд суудаг хүүхэд учраас гэнэт уур хүрээд очоод цохисон гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2312000480074 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дын мэдүүлсэн: ...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд уг тэмцээнийг биеийн тамирын багш С.Г шүүж байсан юм. 12б ангийн охид болон 11а ангийн охидын тоглолтын үеэр шүүгч Г багш уг тоглолтыг шүүж байх үедээ 12б ангийн бөмбөг зураасны дотор унасан байхад эсрэг талын багт оноо өгч буруу шүүлт хийсэн учир миний бие буруу шүүж байна гэж уурлан гартаа барьж байсан ундааны савыг шал руу шидсэн. Тэгсэн чинь Г багш над дээр ирээд чи юу мэддэг юм гээд өшиглөөд дараа нь толгой руу 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой хавдаж хамар мурийсан учир цагдаад хандсан. Миний толгой хатгаж өвдөж, дагз хэсгээр хавдаж, хамар мурийлттай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг шал руу ундааны сав шидлээ гэх шалтгаанаар миний бөөр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж толгойны баруун хойд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиж, хамар руу 1 удаа цохиж дахин нүүр рүү 1 удаа цохиод дараа нь волейболын бөмбөгөөр нэг удаа, нийт 4 удаа цохисон. Миний бие гомдолтой байна. Г багшийг хуулийн дагуу шалгаж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дын дахин мэдүүлсэн: ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Багш Г бид хоёр хоорондоо учраа олсон. Тиймээс түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. Надад шүүх хуралд суух шаардлага байхгүй. Манай багш Гт холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бөгөөд уг тэмцээнийг биеийн тамирын багш С.Г шүүсэн. 11а ангийн охидын багийн 2-р шигшээ 12б ангийн охидтой тоглох тоглолт дээр 12б ангийн охидын багийн оноог албаар дарж дотор унасан бөмбөгийг гадна гэж заан, гарт хүрч гарсан бөмбөгийг гарт хүрээгүй гэж заан эсрэг талд оноог өгч шударга бусаар шүүсэн. Булангийн шүүгч дотор гэж заахад Г багш гадна гэж заан эсрэг талд оноо өгсөн. Бид нар 2-3 удаа хэлэхэд урдаас гараараа зангидаж харуулсан. Тэгээд шүүгчийн суудал дээрээсээ бууж ирээд Дын толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон, бас барьж байсан бөмбөгөөрөө дахиж толгой руу нь цохисон. Тэгээд пизда минь гээд хараагаад байсан. Тэгээд М гэх охин руу хандаж зайл гөлөг минь гар, пизда минь гэж хэлсэн. Бид нарыг гараад явсны дараа 12б ангийн 2 багийг хаслаа гэж хэлээд тэмцээнээс хассан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Цгийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бөгөөд уг тэмцээнийг С.Г багш шүүсэн юм. 11а ангийн эмэгтэй багийн 2-р шигшээ 12б ангийн охидтой тоглох тоглолт дээр эхний тойрог дээр 11а ангийн охидын бөмбөг талбайн гадна унахад Г багш 11а ангид оноог тэдний талд өгч эхний тойргийн ялалтыг өгсөн. Дараа нь 2-3 удаа манай ангийн бөмбөг талбайн дотор уначихаад байхад талбайн гадна унасан гэж эсрэг талд шүүж байсан. Тэгээд багшаа та шугамаа хараач ээ гэж хэлэхэд бид нарт хандан гараа атгаж харуулсан. Тоглолт дуусахад Д багшаа та яаж шүүгээд байгаа юм бэ гэж хэлээд ундааны сав шал руу савж шидсэн чинь тэр ундааны сав задраад ус нь асгарсан. Тэгсэн чинь Г багш шүүж байсан сандлаасаа босч ирээд Дын толгой руу нь хэд хэдэн удаа цохиод зааланд байсан нэг хүүхэд бөмбөг бариад байж байтал наад бөмбөгөө өгч бай гэж хэлээд тэр бөмбөгөөрөө Дын толгой руу дахиад цохисон. Тэгээд манай ангийн М багшаа та яаж шүүгээд байгаа юм бэ гэсэн чинь гараас нь татаж аваад арчаагүй пизда минь зайл гэж хараасан. Манай ангийнхныг зайлцгаа пиздагуудаа гэж заалнаас хөөсөн. Тэгээд бас манай ангийн Мөнхнасан гэх хүүхдэд та нарын төлөө байсан юм, арчаагүй пизда нар минь гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай ангийг тэмцээнээс хассан...гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Гийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Дын биед хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид         ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-34 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-50хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Хорго багт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Д нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Дыг “Зааланд ундааны сав шидлээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь цохиж, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Г.Дын мэдүүлсэн “Тэгсэн чинь Г багш над дээр ирээд чи юу мэддэг юм гээд өшиглөөд дараа нь толгой руу 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой хавдаж хамар мурийсан учир цагдаад хандсан. Миний толгой хатгаж өвдөж, дагз хэсгээр хавдаж, хамар мурийлттай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг шал руу ундааны сав шидлээ гэх шалтгаанаар миний бөөр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж толгойны баруун хойд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиж, хамар руу 1 удаа цохиж дахин нүүр рүү 1 удаа цохиод дараа нь волейболын бөмбөгөөр нэг удаа, нийт 4 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 60-61/,

гэрч Б.Бн мэдүүлсэн “Бид нар 2-3 удаа хэлэхэд урдаас гараараа зангидаж харуулсан. Тэгээд шүүгчийн суудал дээрээсээ бууж ирээд Дын толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон бас барьж байсан бөмбөгөөрөө дахиж толгой руу нь цохисон. Тэгээд пизда минь гээд хараагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

гэрч А.Цгийн мэдүүлсэн “Тэгээд багшаа та шугамаа хараач ээ гэж хэлэхэд бид нарт хандан гараа атгаж харуулсан. Тоглолт дуусахад Д багшаа та яаж шүүгээд байгаа юм бэ гэж хэлээд ундааны сав шал руу савж шидсэн чинь тэр ундааны сав задраад ус нь асгарсан. Тэгсэн чинь Г багш шүүж байсан сандлаасаа босч ирээд Дын толгой руу нь хэд хэдэн удаа цохиод зааланд байсан нэг хүүхэд бөмбөг бариад байж байтал наад бөмбөгөө өгч бай гэж хэлээд тэр бөмбөгөөрөө Дын толгой руу дахиад цохисон. Тэгээд манай ангийн М багшаа та яаж шүүгээд байгаа юм бэ гэсэн чинь гараас нь татаж аваад арчаагүй пизда минь зайл гэж хараасан” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, “Намайг шүүгч хийж байхад буруу шүүлээ гэж танхайрч талбай руу ундааны сав шидэж, орилсон. Миний сургалтанд суудаг хүүхэд учраас гэнэт уур хүрээд очоод цохисон” гэх мэдүүлэг  

хохирогч Г.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Г нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.Г нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Дыг “Зааланд ундааны сав шидлээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.Д нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Гийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч С.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цовогт Сгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ