Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/87

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр                               2019/ДШМ/87                                                                Зуунмод

 

П.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч П.М,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолтой П.Мт холбогдох 1934001950143 дугаартай 2 хавтас, 357 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Галбихан П.М, 1985 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух  тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас хагас эдэлсэн 9 сар 12 хоногийн хорих ял дээр 6 сарын баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 12 хоногийн хорих ялаар тогтоосон, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЦЖ.

  Шүүгдэгч П.М нь үргэлжилсэн үйлдлүүдээр 2019 оны 03 сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг В-3-1 тоот Д.Данаагийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.217.000 төгрөгийн хохирол, 2019 оны 03 сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 11-9 тоот Б.Бархасбаярын эзэмшлийн гаржид хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 192.372 төгрөгийн хохирол, 2016 оны 02 сарын 21-ний өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-11 тоотод хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 5.750.000 төгрөгийн хохирол, 2019 оны 02 сарын эхээр /10-ны орчим/ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 1-118 тоотод байрлах Л.Тэгшдүүрэнгийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлан 68.890 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Галбинхан Пүрэвдоржийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Мыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч П.Мын цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Маас нийт 5.072.000 төгрөг гаргуулж, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 12-11 тоотод оршин суух хохирогч Боржигон Ганбатын Дашцэрмаа /РД:НЭ86012361/-д 3.750.000 төгрөг,Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн УАА-н В-3-1 тоотод оршин суух хохирогч Тайжууд Даваадоржийн Данаа /РД:НЮ85110672/-д 1.217.000 төгрөг, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Жаргалантын 9Б тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Рэнхүү овгийн Долгорын Должин /РД:НК78062507/-д 50.000 төгрөг, Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг УАА-н задгайн А-4-22 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон Балданхүүгийн Баярбилэгт /РД:НЮ59112774/-д 55.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.М давж заалдах гомдолдоо: “ Миний бие тус аймаг дахь анхан шатны шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 6 сар хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийтгүүлж цагдан хоригдож байна. Миний бие шүүхийн шийдвэртэй 2019 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаж дараах хүсэлтийг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь миний эрх зүйн байдлыг дордуулж хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие үйлдсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд гарын ур дүйтэй монгол гутал, үндэсний дээл, бөхийн өмсгөл хэрэглэл хийдэг. Хаалттай хорих ангид сурсан чадвараа гаргаж хувцас хэрэглэл оёж 5.000.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулах боломж, нөхцөл муу ар гэрийн бололцоо байхгүй. Урд 2018 онд Дархан-Уул аймгийн нээлттэй 445 дугаар хорих ангид ял эдэлж байхдаа өөрийн гарын ур чадвараараа бусдад учруулсан гэм хорын хохирол буюу 4.100.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан болно. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байх тул хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр  гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгч өмнө нь 6 удаа ял шийтгүүлж байсан. Үүнийг анхан шатны шүүх хувийн байдалд тооцон, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Ийм анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.М гаргасан тайлбартаа: Хохирогч нарынхаа хохирлыг гарын ур дүйгээрээ, юм хийж төлж барагдуулна. Хаалттай хорих ангид ял эдлэх бол ийм боломж байхгүй болно. Иймд оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Мт холбогдох эрүүгийн 1934001950143 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч П.М нь 2016 оны 2 дугаар сарын 21-27-ний хооронд Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн 12-11 тоотод байрлах иргэн Г.Дашцэрмаагийн гэрээс 900.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, нэг бүр нь 1.000.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, нэг бүр нь 1.000.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, 500.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний булган малгай, 150.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг зэрэг нийт 5.750.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс,

2019 оны 2 дугаар сарын 10-дын үеэр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн 1-118 тоотод байрлах иргэн Л.Тэгшдүүрэнгийн гэрээс 68.890 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн Шарп /Sharp/ маркийн телевизор 1 ширхэг,

2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн В-3-1 тоотод байрлах иргэн Д.Данаагийн гэрээс нийт 220.000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгж 2 ширхэг, нийт 997.000 төгрөгийн үнэ бүхий монетан ээмэг, гинж, кулон зэрэг нийт 1.217.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс,

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн 11-9 тоотод байрлах иргэн Б.Бархасбаярын эзэмшлийн гараашнаас 61.750 төгрөгийн үнэ бүхий монгол гутал 1 ширхэг, 52.406 төгрөгийн үнэ бүхий дрилл 1 ширхэг, 78.216 төгрөгийн үнэ бүхий цохилттой дрилл 1 ширхэг нийт 192.372 төгрөгийн эд зүйлсийг хууль бусаар авсан болох нь болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч П.М, хохирогч Б.Бархасбаяр /1хх 29/, Д.Данаа /1хх 32/, Г.Дашцэрмаа /1хх 162-165/, Л.Тэгшдүүрэн /1хх 242/, иргэний нэхэмжлэгч Б.Баярбилэг /1хх 34/, Д.Должин /1хх 167, 173/, гэрч Д.Нямцэнд /1хх 48/, О.Барс-Эрдэнэ /1хх 38-39/, Н.Тэмүүжин /1хх 40-41/, Ч.Сувд-Эрдэнэ /1хх 44/, Б.Лувсандамба /1хх 168/, Р.Сандагсүрэн /1хх 174/, Г.Бямбаа /1хх 175/, А.Чинзориг /1хх 247/ нар мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх10-14/, Б.Санжсугараас хос монгол гутал 1 хос, гар дрилл 3 ширхэгийг хураан авч хохирогч Б.Бархасбаярт өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 18-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 20-24/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 4дүгээр сарын 16-ны өдрийн хохирогч Б.Бархасбаярын хулгайд алдагсан эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан /1-р хх 56-62/, Хан-Үнэлэмж ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Д.Данаагийн хулгайд алдагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан /1-р хх 72-75/, шүүгдэгч П.М нь Хас банк, Төрийн банк, Хаан банкинд данс эзэмшдэг эсэх тодорхойлолтууд /1-р хх 101-103/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /1-р хх 110/, шүүгдэгч П.Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх 111/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 114/, SUPER-3 барьцаат зээлийн үйлчилгээний газрын гэрээ /1-р хх 118-119/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 148-152/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 154-158/, хохирогч Г.Дашцэрмаад хулгайд алдагдсан хоёр дээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 159-161/, хохирогч Г.Дашцэрмаагийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1-р хх 177/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хохирогч Л.Тэгшдүүрэнгийн өмчлөлийн хулгайд алдагдсан Sharp маркийн 21 инчийн зурагтын үнэлгээний тайлан /1-р хх 249-250, 2-р хх 01-04/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

П.Мт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Галбинхан Пүрэвдоржийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Мт оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч П.Мын гаргасан ” ...оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ