Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0379

 

 

 

 

 

 

 

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т

Хариуцагч НЗХГ

Нэхэмжлэлийн шаардлага: НЗХГД-ын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0095 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц

Хэргийн индекс: 128/2023/1049/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Т нь НЗХГ-т холбогдуулж “НЗХГД-ын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0095 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗХГД-ын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Тийг урьд эрхэлж байсан НЗХГ-ын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн НЗХГ-ын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч НЗХГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г нар давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шалгалт өгөхдөө өөрт холбогдолтой баримт бичгийг бүрдүүлэн шалгалтад оролцсон байх бөгөөд уг баримт бичгийг бүрдүүлэхдээ С.Т нь төрийн албан хаагч, бус иргэн байсан бөгөөд захиргааны актын тэмдэглэх хэсэгт 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэх байсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан зөрчил, дутагдал гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт бөгөөд хэргийн үйл баримтаас үзвэл С.Т нь төрийн албан хаагч байхдаа бус иргэний хувиар төрийн албаны шалгалтад орохдоо бөглөх хуудсыг хуурамчаар бөглөсөн нь нотлох баримтаар урьдчилан тогтоогдож байгааг Төрийн албаны төв байгууллагын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/**** дугаар албан бичигт тодорхой дурдсан тул үйл баримтад нийцсэн хуулийн заалтыг үндэслэсэн болно.

Үндэслэх нь хэсгийн 17-д “Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С.Т-ийг дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан зэрэг үйлдлийг хийгээгүй байна гэж үзэхээр байна” гэсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/**** дугаар албан бичгээр тус газарт үүрэг, даалгавар өгсөн бөгөөд албан бичигт “С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ******** дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ...” гэсэн байдаг.

Хэдий дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй биш гэж тогтоогдсон боловч Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн гэдгийг Төрийн албаны төв байгууллага тогтоон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханга гэсэн үүрэг өгсний дагуу тухайлсан хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

Үндэслэх нь хэсгийн 18-т “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/**** дугаар албан бичигт: ‘‘С овогтой Т нь ШУТИС-ийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль (хуучин нэрээр Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв)-д шаталсан сургалтаар 6 жил суралцаж 1993 онд Авто замын барилгын дипломын зэрэг эзэмшсэн байна.

2007 онд ШУТИС-ийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиас дээрх 6 жилийн сургалтын агуулгыг дүйцүүлэн ************ тоот бакалаврын диплом олгосныг дахин хянан магадалж тухайн түвшинд дүйцүүлэх тохиолдолд зарим агуулгыг нэмж судлах шаардлагатай гэж үзэн уг дипломыг бүртгэлд оруулаагүй байна. Улмаар С.Т-д Авто замын барилгын мэргэжлээр олгосон 93/*** тоот дипломын агуулга нь ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн Авто замын барилга хөтөлбөрийн "С” диплом буюу дэд бакалаврын агуулга дүйцэж байгааг хянаж баталгаажуулсан болно гэжээ” гэсэн байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч С.Т нь 2007 онд өөрийнхөө дипломоо дүйцүүлэн тооцуулахдаа зарим агуулгыг нэмж судалсны үндсэн дээр дээд боловсролын диплом болгох боломжтой гэдгийг мэдсэн байсан бөгөөд “С” буюу дэд бакалаврын зэрэгтэй гэдгээ мэдэж байсан байна.

Гэтэл 2009 онд төрийн албаны шалгалт өгөхдөө диплом нь бакалаврын зэргийн бус гэдгийг мэдсээр байж дээд боловсролын шаардлагыг хангаж байгаа гэж мэдүүлсэн нь худал гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг үндэслэлүүдээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0095 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.1-т заасны дагуу дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

   1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч С.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...С.Т нь төрийн албан хаагч байхдаа бус иргэний хувиар төрийн албаны шалгалтад орохдоо бөглөх хуудсыг хуурамчаар бөглөсөн нь нотлох баримтаар урьдчилан тогтоогдож байгааг Төрийн албаны төв байгууллагын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/**** дугаар албан бичгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханга гэсэн үүрэг өгсний дагуу тухайлсан хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан” гэж маргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1 С.Т нь 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийг “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн тул ректорын 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Техникийн ухааны бакалаврын зэрэг олгож, ************ дугаартай бакалаврын диплом[1] авсан байна.

3.2 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Авто замын газарт Лабораторийн эрхлэгчийн ажлын байранд төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг[2] өргөжээ.   

3.3 ЗХГ-аас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/*** дүгээр албан бичгээр[3] Шинжлэх ухаан технологийн их сургуулиас “...С.Т-ийн ************* тоот бакалаврын диплом мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх талаар” тодруулга авч, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/** дугаар албан бичгээр[4] “С.Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй байна” гэх хариуг ЗХГ-т хүргүүлсэн байна.

3.4 Мөн ЗХГ-аас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/*** дугаар албан бичгээр[5] Төрийн албаны зөвлөлд “...С.Т-ийн диплом хуурамч байх үндэслэлтэй байх тул тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар ирүүлэх талаар” ханджээ.

3.5 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/**** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...С.Т-ийн ********** дугаартай Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Авто замын барилга” техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон яамны архивын санд хадгалагдаж буй Шинэлэх ухаан технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон https://must.edu.mn/mn/alumni бүртгэгдээгүй байна... ********** дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах, уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй” гэжээ.  

3.6 Улмаар НЗХГД-ын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/** дугаар “С.Т-ийг ажлаас халах тухай” тушаалаар[6] “Тус газрын Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтэн С-ын Т нь төрийн албаны ерөнхий шалгалтад хуурамч дипломтой оролцсон нь тогтоогдсон тул 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж” шийдвэрлэсэн байна.

4. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/*** дугаар албан бичгээр “...2007 онд ШУТИС-ын харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиас дээрх 6 жилийн сургалтын агуулгыг дүйцүүлж ************ тоот бакалаврын диплом олгосныг дахин хянан магадалж тухайн түвшинд дүйцүүлэх тохиолдолд зарим агуулгыг нэмж судлах шаардлагатай гэж үзэн уг дипломыг бүртгэлд оруулаагүй байна. Улмаар С.Т-д Авто замын барилгын мэргэжлээр олгосон 93/*** тоот дипломын агуулга нь ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн авто замын барилга хөтөлбөрийн “С” диплом буюу дэд бакалаврын агуулгатай дүйцэж байгааг хянан баталгаажуулсан” хэмээн Боловсролын яамны дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт хүргүүлж,

4.1 Боловсролын яамны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/**** дугаар албан бичгээр[7] “....Т нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг 1993 дипломын зэрэгтэй, Үндэсний техникийн их сургуулийг 2015 онд бакалаврын зэрэгтэй тус тус төгссөн байна. Иргэний боловсрол эзэмшиж төгссөн сургуулийн болон ДБУМС-ийн лавлагаанд эдгээр боловсролын зэрэг нь дээд боловсролын зэрэг гэж тодорхойлон бүртгэсэн байна” гэж,

4.2 Боловсролын яамны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/**** дүгээр албан бичгээр[8] “С.Т нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг 1993 “С” дипломын зэрэгтэй, Үндэсний техникийн их сургуулийг 2015 онд бакалаврын зэрэгтэй тус тус төгссөн мэдээлэл Боловсролын яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэлтэй байна” гэжээ.

5. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор[9] “...С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй байна” гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч С.Т нь “хуурамч диплом”-ыг үндэслэн Төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн гэх зүйл тогтоогдсонгүй, мөн Шинжлэх ухаан технологийн сургуулиас ************ тоот бакалаврын дипломыг бүртгэлд оруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны зөвлөлийн 01/***** дугаар албан бичгийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүхийн “...маргаан бүхий ************* тоот бакалаврын дипломыг нэхэмжлэгч С.Т нь өөрөө хуурамчаар үйлдээгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8. Төрийн албаны тухай хуулийн Долдугаар бүлэг Төрийн албаны шалгалт, 34 дүгээр Хориглох зүйлийн 34.1-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална” гэж заасан.

8.1 Энэхүү хуулийн зохицуулалт нь Төрийн албаны шалгалтын төрөл, зохион байгуулах, авах, шалгалттай холбоотой хориглох зүйл зэрэг харилцаанд үйлчлэх бөгөөд хариуцагч уг заалтыг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийг халах шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халахад Төрийн албаны тухай хуулийн өөр зохицуулалт үйлчлэх болохыг анхаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Т-ийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа хангагдаагүй, мөн төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчим алдагдсан байна.    

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 43 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 104 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 43 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 44 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 45 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 6 хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 11 хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 10 хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 41-42 хуудас