Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2022/0002

 

    

           Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох “Бөртэ Өргөө” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/88 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалт бүхий Их-Ац багийн Талын булагт байрлах 67006002164 нэгж талбарын дугаартай 361602 м/кв, 67006002167 нэгж талбарын дугаартай 538407 м/кв газрыг 2 жил дараалан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.   

            3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Б ХХК урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2101 тоот “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу өгчээ. Улмаар нэхэмжлэгч Б ХХК 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Манай компани нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэр Их-Ац баг, Талын булаг гэх газарт 67006002164 нэгж талбарын дугаартай 34,96 га, 67006002167 нэгж талбарын дугаартай 50,88 га газрыг усалгаагүй үр тарианы зориулалтаар эзэмшдэг билээ.

5.Гэтэл уг газрыг Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 тоот захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардаж аваад хуулийн дагуу 9 дүгээр сарын 30-нд дээд шатны Засаг даргад гомдол гаргаж, хариуг 10 дугаар сард аваад ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

6.Рашаант сумын Засаг даргын 2021 оны А/88 тоот захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

7.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын А/88 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Шийдвэр гаргах ажиллагаандаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг татан оролцуулж, холбогдох мэдээллээр хангах, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангах зэрэг эрхийг эдлүүлэхээр хуульд заасан. Гэтэл сумын Засаг даргын А/88 тоот захирамж гаргахад уг хуулиар тогтоосон журмын алийг ч хэрэгжүүлээгүй байгаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасан процессийн журмыг илтэд зөрчсөн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 93.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 60.2 дахь заалтыг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

8.Захирамж гаргах эрх зүйн үндэслэл бий болоогүй тухайд:

Сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байна.

Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу газрын төлбөрөө төлөх хүсэлтийг тус суманд удаа дараа гаргасан атал холбогдох албан тушаалтнаас  газрын программ өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн газар нь нөхөн бүрдүүлэлтэд ороогүй байгаа тул газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэх боломжгүй байна, удахгүй нөхөн бүрдүүлэлтэд оруулна, тэгснээр танайх газрын төлбөрөө төлөх боломжтой болно, дараа ирээрэй, цаг хугацааны хувьд боломжгүй байна гэх мэтээр хойшлуулсаар байсан.

9.Хуулийн дагуу тухайн газраа эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сар, 2020 оны 5 дугаар сар, энэ оны 6, 7 дугаар саруудад өөрсдийн биеэр очиж уулзаж, мөн утсаар бусад цаг хугацаанд холбогдон газрын төлбөр дансыг асуухад эс үйлдэхүй гаргаж газрын төлбөр төлөх дансыг хэлэхгүй, төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байсан болно.

10.Бид хэд хэдэн удаа суманд очиж байж нэг юм газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгүүлэн захирамж гарахаас өмнө 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газрын төлбөрөө бүрэн төлсөн байтал газрын төлбөрөө төлөөгүй гэж буй нь ойлгомжгүй, хууль бус байна.

11.Тухайн газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор суманд очиж газрын байршлыг заалгуулах хүсэлт гаргахад эс үйлдэл гаргаж зааж өгөөгүй, дараа жил ашиглаарай гэх мэт хойшлуулсан байдаг.

12.Мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус сумын газрын даамлаас “... газрыг 2 жил дараалан ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор ашиглахгүй бол эзэмших эрхийг хүчингүй болгоно” гэх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлийн дагуу заасан хугацаанд тухайн газраа ашиглах гэтэл сумын цагдаа болон албаны хүмүүс ирж ажлаа зогсоо, энэ газар дээр үйл ажиллагаа явуулахгүй хэмээн санаатайгаар саад учруулан, манай газар эзэмших эрхэд ноцтойгоор халдсан. Холбогдох баримт нь байгаа болно. Энэ нь Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэх тайлбараар тухайн газрыг цуцлах эрх зүйн үндэслэлгүй болох нь харагдана.

13.Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2101 тоот албан бичигт 2018 онд газар эзэмших эрх үүсмэгц эхлээд татвараа төлөх ёстой, эрх үүсмэгц газраа шууд ашиглах ёстой гэж хуулийг буруу тайлбарласан байна. Зүй нь газар эзэмших эрх үүсмэгц хуульд заасан хугацааны дотор газрын төлбөрөө төлөх, хуульд заасан хугацааны дотор газраа зориулалтын дагуу ашиглах ёстой юм.

14.Мөн түүнчлэн дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй атал газрын даамлын /газраа ашиглах тухай/ өгсөн хугацаатай мэдэгдлийг сонсох ажиллагаа мэтээр буруу тайлбарлаж захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг зөвтгөн тайлбарлаж буйд гомдолтой байгаа болно. Дашрамд дурдахад тухайн газрынхаа тодорхой хэсэгт уринш хийж ашигласан болно.

15.Иймд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 тоот захирамжийг хүчингүй болгож, манай компанийн хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

16.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа “Б ХХК нь миний өвөлжөөний ойролцоо үр тарианы зориулалтаар газар хагалах гэж байгаа тул манайх малын бэлчээрийн болон морины аргамжааны газаргүй болох үр дагавар үүсч байгаа тул тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

17.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Д, М.Б нар шүүхэд хамтран гаргасан тайлбартаа “Миний өвөлжөөний өмнүүр тариа тарих газар хагалах гэж байгааг эсэргүүцэж байна. Тус талбай нь тухайн талбай тойрсон 6 хот айлын малын бэлчээр хадлангийн талбай юм. Тиймээс тус газрыг хагалж тариа тарихыг хориглож татгалзаж байна” гэжээ.

18.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа “1997 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ газар мал маллан өвөлжиж байна. Намайг энэ газарт өвөлжиж байх хугацаанд тус газар дээр газар тариалан эрхэлж байгаагүй. Б ХХК-ийн үр тарианы зориулалтаар хагална гэж байгаа газар нь манай өвөлжөөний хашааны газраас 30 метр зайд байдаг учир мал бэлчих талбайгүй, морь аргамжих газаргүй болох тул тус газрыг хагалуулмааргүй байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

19.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.П, Д.Д нарт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариу тайлбараа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор өгөхийг мэдэгдсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй.

20.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа “Тухайн маргаж буй газарт өвөлжиж байгаа малчдаас утсаар саналууд ирсэн. Юу гэхээр нэгэнт Б ХХК-д үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхийг нь олгочихсон юм бол газрыг нь зориулалтын дагуу ашиглуулахад малчдын зүгээс татгалзах зүйл алга гэсэн. Өмнө нь Б ХХК-ийг төлөөлөлж Мөнхцэцэг гэдэг хүн малчидтай уулзаж тохиролцсон юм билээ. Хөрсөнд бордоо болдог бөгөөд малын тэжээлд хэрэглэж болох нэг зүйл ургамал байдаг юм байна. Уринш хийсэн жил тэр ургамлыг тариалж болдог гэж байна. Тэгэхээр Б ХХК-ийн уринш хийсэн жилд малчид өөрсдөө тэр ургамлынхаа үрийг олоод ирвэл Б ХХК-ийн зүгээс техник хэрэгслээ ашиглаад малчдад түүнийг нь тариалаад өгье гэж тохирсон юм билээ. Энэ мэт хэд хэдэн санал байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрвөл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжаа хүчингүй болгох саналтай байна. Тодруулбал Б ХХК үр тарианы зориулалттай газраа ашиглахдаа тойруулж хашаа барихгүй байх, тухайн газрын ойролцоо өвөлжиж байгаа малчдад пресслэсэн өвс, ногоон тэжээл зэрэг хадлан тэжээлийг бэлтгэж өгөх зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэх саналыг тавьж байна” гэв.

21.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай компани хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн газарт өвөлжиж байгаа малчдын хашаа хороонд үр тарианы газрын маань хил тулчихсан байгаа бол газраа тодорхой хэмжээгээр хойш татах, өвөлдөө тариалалт хийсэн газраа тойруулж хашаалахгүй байх, зөвхөн тариалалтын хугацаанд хашаа барих, малчдад өвс тэжээлээр туслах, тэднийг нутаг орондоо өвөлжихөд нь саад болохгүй байх шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

22.Нэхэмжлэгч Б ХХК-ийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... хариуцагтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1. ... нэхэмжлэгчтэй эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж ... шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болно” гэж тус тус заасан.

24.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн “Б ХХК үр тарианы зориулалттай газраа ашиглахдаа тойруулж хашаа барихгүй байх, тухайн газрын ойролцоо өвөлжиж байгаа малчдад пресслэсэн өвс, ногоон тэжээл зэрэг хадлан тэжээлийг бэлтгэж өгөх, уринш хийж өнжөөсөн талбайд зориулалтын ургамлыг малчдын хөрөнгөөр тарьж өгөх зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн тохиолдолд Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээе” гэсэн саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П бүрэн хүлээн зөвшөөрч, тухайн газарт өвөлжиж байгаа малчдын хашаа хороонд үр тарианы зориулалттай газрын маань хил тулчихсан байгаа бол газраа тодорхой хэмжээгээ хойш татаж, газрынхаа хэмжээг багасгах, өвөлдөө тариалалт хийсэн газраа тойруулж хашаалахгүй байх, зөвхөн тариалалтын хугацаанд хашаа барих, малчдад өвс тэжээлээр туслах, тэднийг нутаг орондоо өвөлжихөд нь саад болохгүй байхаа илэрхийлж, хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлсон нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

25.2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Рашаант сумын Их-Ац багийн Талын булаг гэх газарт байрлах 67006002164 нэгж талбарын дугаартай 34,96 га, 67006002167 нэгж талбарын дугаартай 50,88 га усалгаагүй үр тарианы зориулалттай газарт шүүхийн үзлэг хийхэд эдгээр нэгж талбарын дэргэд буюу хөрш залгаа Рашаант сумын иргэн Г.Э, Д.Д, Их-Уул сумын иргэн Б.Баттөмөр, Б.Д, М.Б, Ч.П нарын өвөлжөө байрлаж байгаа болох нь тогтоогдсон.

26.Харин Талын булаг гэх газарт байрлах 67006002164 нэгж талбарын дугаартай 34,96 га, 67006002167 нэгж талбарын дугаартай 50,88 га усалгаагүй үр тарианы зориулалттай газрын дотор нь малчдын өвөлжөө, хаваржааны доорх газар орсон зүйл байхгүй, газрын давхцалгүй байв.

27.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй малчдын тайлбарлаж байгаагаар өвөлжөөний бэлчээр, морь аргамжих газар, хадлангийн талбайтай дээрх усалгаагүй үр тарианы зориулалттай газар нь давхцаж байгаа гэжээ.

28.Малчид зөвхөн өвлийн улиралд буюу газар тариалангийн бус улиралд тухайн газарт нутаглах, тухайн газарт өвөлжиж байгаа малчдын хашаа хороонд нэхэмжлэгч компанийн үр тарианы зориулалттай газрын хил нь хэт ойр байгаа бол газрын эргэлтийн цэгийг өөрчилж хэмжээг багасган газраа татах, өвөлдөө тариалалт хийсэн газраа тойруулж хашаалахгүй байх, зөвхөн тариалалтын хугацаанд хашаа барих, малчдад өвс тэжээлээр туслах, уринш хийж өнжөөсөн талбайд малчдын хөрөнгөөр Б ХХК-ийн техник хэрэгслээр зориулалтын /уринштай хөрсөнд тарьж болох/ ногоон ургамал тарьж өгөх, малчдыг нутаг орондоо өвөлжихөд нь саад болохгүй байхаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тохиролцсон тул эвлэрэл нь гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

29.Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/88 дугаар захирамжид нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалт бүхий Их-Ац багийн Талын булагт байрлах 67006002164 нэгж талбарын дугаартай газрын хэмжээг 361602 м/кв, 67006002167 нэгж талбарын дугаартай газрын хэмжээг 538407 м/кв гэж бичсэн боловч тус компанийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, Рашаант сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр захирамжийн хавсралтад Б ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалт бүхий Их-Ац багийн Талын булагт байрлах 67006002164 нэгж талбарын дугаартай газрын хэмжээг 34,96 м/кв, 67006002167 нэгж талбарын дугаартай газрын хэмжээг 50,88 м/кв гэж бичсэн байв. Иймд шүүхээс анх газар эзэмших эрх олгож байсан баримт бичигт тусгагдсанаар газрын хэмжээг авч үзсэн болно.

30.Түүнчлэн нэгж талбарын дугаарын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээнд 67006002164, 67006002167 гэж, нэгж талбарын хувийн хэрэг болон маргаан бүхий захиргааны актад 6706002164, 6706002167 гэж бичсэн байгааг техникийн шинжтэй бөгөөд залруулж болох алдаа байна гэж шүүх үзлээ.

            31.Нэхэмжлэгч Б ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Пийг, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Бат-Эрдэнийг тус томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд итгэмжлэл тус бүрт эвлэрэх эрхийг тусгайлан заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгааг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Рашаант сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б ХХК нь “Рашаант сумын Их-Ац багийн Талын булаг гэх газарт байрлах үр тарианы зориулалт бүхий 67006002164 нэгж талбарын дугаартай 34,96 м/кв, 67006002167 нэгж талбарын дугаартай 50,88 м/кв газраа ашиглахдаа тариалалтын бус үед тойруулж хашаа барихгүй байх, тухайн газрын ойролцоо өвөлжиж байгаа малчдад өвс, тэжээл зэргийг бэлтгэж өгөх, уринш хийж өнжөөсөн талбайд зориулалтын ургамлыг малчдын хөрөнгөөр, компанийнхаа техник хэрэгслээр тарьж өгөх зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэх, малчдын өвөлжөөний хашаанд хэт ойр байгаа газрынхаа эргэлтийн цэгийг өөрчилж, газраа багасган хойш татах”, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга нь “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/88 дугаар захирамжаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх” гэсэн нөхцөлтэйгээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ