Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 458

 

Ш.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02886 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К б” ХХК, “М к” ХХК-д холбогдох

 

2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “М к” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээний Ш.С-ын захиалж төлбөрийг нь бүрэн төлсөн, хууль ёсны өмчлөх эрх бүхий, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.С- нь “М к” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 82, 83,148 дугаартай Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 5 тоот хаягт байрлах 148.4 м2 талбай бүхий 4 өрөө, 18 тоот хаягт байрлах 148.4 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцуудыг, зоорийн давхрын 190, 178 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44Г байрны зоорийн давхрын 49 тоот авто зогсоолыг тус тус захиалан бариулсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх өөрийн үүргээ 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн гүйцэд барагдуулж дууссан бөгөөд тухайн автозогсоолуудыг өөрийн эзэмшилдээ ашиглалтад орсон даруйд бүрэн авсан.

Гэтэл “М к” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүрэн бус баримтыг бүрдүүлж, хууль бусаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 2010 оны 9 дүгээр сард “М к” ХХК нь “К б” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээг байгуулж, Ш.С-ын хууль ёсны өмчлөх эрх бүхий, төлбөрийг нь бүрэн барагдуулсан 44А байрны 190, 178, 44Г байрны 49 тоот зогсоолуудыг барьцаалсан байдаг. Мөн “М к” ХХК нь “К б” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 дугаартай барьцааны гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу 44А байрны зоорийн давхрын 190, 178 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44Г байрны зоорийн давхрын 49 тоот авто зогсоолуудыг барьцаалсан байдаг.

“М к” ХХК-ийн эдгээр үйлдэл нь Ш.С-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн үйлдэл байсан бөгөөд Ш.С- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан өөрийгөө дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан ба “М к” ХХК нь гэрээгээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/01628 тоот, 102/ШШ2015/02738 тоот захирамжуудаар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон. Гэтэл К бны зүгээс хуульд нийцээгүй шаардлагуудыг тавьж өнөөдрийг хүртэлх хугацаанд Ш.С-ыг хохироосоор байна. Энэхүү барьцааны гэрээгээр хангагдах үүрэгтэй холбоотой ямар нэгэн харилцаа Ш.С- болон Улаанбаатар хотын банкны хооронд үүсээгүй, Ш.С- К бны өмнө хүлээсэн үүрэг байхгүй байсаар атал дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа билээ. Ш.С-ын нэхэмжлэлтэй, “М к” ХХК, Улаанбаатар хотын банк, К бинд холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаад тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20709 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болсон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжинд гомдол гаргасны дагуу хянагдаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00015 дугаар тогтоол гарч захирамжийг хэвээр үлдээсэн.

Хариуцагч К бны зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргахдаа “М к” ХХК болон Ш.С- нарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх тухай 82, 83, 148 тоот гэрээнүүдийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны зоорийн давхрын 190, 178 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу 44Г байрны зоорийн давхрын 49 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгээр хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг үүссэн гэсэн байдаг бөгөөд хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч К б нь нэхэмжлэлээ татан авч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06916 дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан тул тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж хэрэг хянан хэлэлцэгдэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтуудыг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “М к” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээний Ш.С-ын захиалж төлбөрийг нь төлсөн эд хөрөнгүүдтэй Ш.С-ын хууль ёсны өмчлөх эрх бүхий, 44А байрны 190, 178, 44Г байрны 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.

Энэхүү нэхэмжлэлээр дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “М к” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээний Ш.С-ын захиалж төлбөрийг нь бүрэн төлсөн Ш.С-ын хууль ёсны өмчлөх эрх бүхий, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “К б” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэл болгон К бийг барьцааны гэрээ байгуулах үед хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр “М к” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж Ү-2206014153 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000106616 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44АБВГ байрны 190 тоот автозогсоол, Ү-2206014145 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000106608 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44АБВГ байрны 178 тоот автозогсоол, Ү-2206014110 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000104073 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44АБВГ байрны 49 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Уг өмчлөх эрхийн гэрчилгээнүүд нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд Ш.С- дээр дурдсан хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг одоо болтол аваагүй байна. Өөрөөр хэлбэл, “М к” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хэвээрээ байгаа.

Харин Ш.С- нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/01628 тоот болон 102/ШШ2015/02738 тоот захирамжийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Энэхүү үйл баримтуудаас харахад “М к” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны 44АБВГ байрны 190, 178, 49 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, К б нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд “М к” ХХК-тай байгуулж бүртгүүлсэн бол Ш.С- нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байх тул К б нь Ш.С-аас зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл байдал бүрдээгүй байна.

Түүнчлэн К б нь 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, 44Б, 44В, 44Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй нь барилгыг газар дээр нь очиж шалгасан байдаг бөгөөд энэ нь тус банкны Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан болон 2007 онд авсан фото зургуудаар нотлогдоно. Мөн тус банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг дахин байгуулахтай холбогдуулан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр газар нь очиж барьцаа хөрөнгүүдтэй танилцаж, барилгын ерөнхий явц, бусад зүйлсийг баталгаажуулан фото зураг авсан бөгөөд зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг мөн л боловсруулж баталгаажуулсан юм.

Ийнхүү барьцаа хөрөнгийг газар дээр очиж шалгаж, танилцах үед тухайн орон сууц, авто зогсоолуудад айл амьдрах, машин байрлуулах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, тухайн барилгыг комисс хүлээн аваагүй бөгөөд улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан юм. Нөгөөтэйгүүр, Ш.С- нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасны дагуу өөрийн эрхийг хамгаалж улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгүүлэлгүйгээр бүтэн 10 жилийн дараагаар гэнэт асуудлыг хөндөж буй нь ойлгомжгүй байна. Хэрэв өөрийн эрхийг хамгаалж 10 жилийн өмнө урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн, “М к” ХХК-тай гэрээ байгуулсан талаар К б-нд мэдэх боломжийг өөрөө бүрдүүлсэн бол банк тухайн хөрөнгийг барьцаанд барьцаалахгүй байх боломжтой байсан. Гэтэл Ш.С- нь дээр дурдсан нөхцөл байдлыг буюу “М к” ХХК болон Ш.С- нарын хооронд гэрээ байгуулсан талаар банкинд мэдэх боломжийг бүрдүүлээгүй, банкинд энэ талаар мэдэгдээгүй бөгөөд банк уг хоёр этгээдийн хооронд гэрээ байгуулсныг мэдэх боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлууд нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд хожим өмчлөгч этгээдээс өмнө зөвшөөрөл авч, түүний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулах хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хамтран хариуцагч “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.С- нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай компанитай 82, 83, 148 тоот Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр Зайсангийн тойруу дахь Blue Sky хотхоны 44А байрны 05, 18 тоот, 44Г байрны 18 тоот 3 ширхэг орон сууцыг 44А, 44Г байрны зоорийн давхарт байрлах 49, 178, 190 тоот 3 авто зогсоолын хамт захиалан бариулсан. Ийнхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн төлж дуусгасан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 82, 83, 148/01 тоот дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах нэмэлт гэрээг байгуулж тус компаниас байрны үлдэгдэл төлбөр болох 77 058 ам.доллараас 37 058 ам.долларыг хөнгөлж үлдэгдэл төлбөр нь 40 000 ам болгож, нийт 476 662 ам.долларыг төлсөн байна. Нэгэнт тухайн авто зогсоол нь Ш.С-ын өмч хөрөнгөөр бий болсон тул түүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/01628, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/02738 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Blue Sky хотхоны 44А, 44Г байрны зоорийн давхарт байрлах 49, 178, 190 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М к” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К б” ХХК-аас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг.

“М к” ХХК нь “К б”-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “Эм Эс Эл” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн ззэлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн байдаг. Түүнчлэн мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 55 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44Г тоотод байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2,5 га газрын хамт “Файндеко” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж зээлийг 2011 онд дуусч зээлийг мөн чөлөөлсөн байдаг. Үүний дараа буюу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд дээрх 44А, 44Г байрнуудын 49, 178, 190 тоот зогсоолуудыг К б-ны шаардлагаар барьцаалсны нэг нь Ш.С-ын өмчлөлийн зогсоолуудыг түүнд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа хүлээн зөвшөөрч байна.

“К б” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зэзлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, иргэд 2009 оны 12 дугаар сараас иргэд тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Ш.С- тэдний нэгэн адил 2010 оны 4 дүгээр сард төлбөрийг дуусгасан учир 5 дугаар сараас эхлэн гэрээний дагуу орон сууцандаа амьдарч, зогсоолуудаа ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан нь үнэн болно.

Иймд нэхэмжлэгчийн “К б”-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 44А дугаар байрны 178, 190 тоот болон 44Г байрны 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжпэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч “М к” ХХК-д холбогдуулан гаргасан Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ш.С-ын нэхэмжлэлтэй, К б, М к ХХК-д холбогдох хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 02886 дугаартай шийдвэр гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс энэхүү шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзээд эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан байх бөгөөд шүүхээс тухайн маргааны зүйл болоод байгаа хөрөнгө бий болсон хугацааг 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайн хөрөнгө бий болж барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн хугацаа бол 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009074 дугаартай аялал жуулчлалын цогцолбор зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, харин 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-22060141 10 дугаартай 49 тоот зогсоолуудын 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан. 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр л автозогсоолууд 90 хувийн гүйцэтгэлтэй байна цаашид эдгээр хөрөнгүүд бий болно гэдгийг нотлосон. Гэтэл аялал жуулчлалын зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээгээр автозогсоол бий болсон байна, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн байна гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасанчлан барьцаалагч нь барьцаалах эрхгүй болохыг мэдэж байсан бөгөөд мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь Орон сууц захиалгын гэрээний хувьд тухайн маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь хэний захиалгаар баригдсаныг шалгах боломжтой байсан бөгөөд орон сууцыг захиалсан этгээд орон сууцаа эзэмшиж байсаар байтал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан мэтээр дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дахь хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан байдаг. Энэ талаарх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар баримт байхгүй, хэрэгт өгөөгүй.

Хариуцагч “Мфикскапитал” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ашиглалтанд орсноос хойш өөрийн үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж байгаа, захиалагчид мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан, банк хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөрийг бүрэн барагдуулсан байтал барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байгаа зэргийг тодорхой тайлбарласан. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг бодитоор үнэлж чадалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн гүйцэтгэгч “М к” ХХК нь орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд орон сууцуудыг ашиглалтанд оруулаагүй байдаг ба олон сая төгрөгийн үнэтэй хөрөнгүүдээ хүлээн авахгүй, эзэмшихгүй, ашиглахгүй байх ямар ч үндэслэл байхгүй болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтыг зөрчиж зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тодорхой нотлогдож байтал анхааран үзээгүйд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “М к” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, 44 АБВГ дугаар байр, зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206014153 дугаартай 190 тоот зогсоол, Ү-2206014145 дугаартай 178 тоот зогсоол, Ү-2206014110 дугаартай 49 тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зогсоолуудыг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “К б” ХХК, “М к” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Ш.С- гаргасныг хариуцагч “М к” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин “К б” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “М к” ХХК нь “К б” ХХК-аас 1 400 000 ам.долларыг зээлэхээр тохиролцож Т07/141 тоот зээлийн гэрээ, уг гэрээний  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй, 29 000 м.кв талбай бүхий 120 айлын 5 хэсэг орон сууцны барилга, 205 автомашины зогсоол, дэд бүтцийг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна. Мөн 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээнд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хэргийн 79-82, 86-87 дугаар тал/

 

Хариуцагч “М к” ХХК-д Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй 44А, Б байрны өмчлөгчөөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон байх бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй 190 тоот, 178 тоот, 49 тоот авто зогсоолуудын өмчлөгчийн гэрчилгээ мөн олгогджээ. /хэргийн 73, 74, 23, 27, 31 дүгээр тал/

 

Хариуцагч нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч “М к” ХХК-тай мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 82, 83 тоот Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ, 148 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 44А, 44Г байрны 190 тоот, 178 тоот, 49 тоот авто зогсоолуудыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 6, 8, 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар нэхэмжлэгчид гэрээ байгуулахдаа мэдэгдэж зөвшөөрөл авах үүргээ зөрчсөн тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нарыг зээлийн барьцааны гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч “М к” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх болон Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан тул “М к” ХХК нь нэхэмжлэгчид барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэггүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.С-ын хариуцагч “М к” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц, зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/01628 тоот, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/02738 тоот “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжуудаар маргаан бүхий 190, 178, 49 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.С-ыг тогтоосон байгаа хэдий ч, энэ нь хариуцагч “К б” нь хариуцагч “М к” ХХК-тай 2010 онд зээлийн барьцааны гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага  байгаа болохыг мэдсэн буюу нэхэмжлэгчид барьцааны эрх үүссэн тухай мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээ байгуулснаас хойно буюу 5 жилийн дараа нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогджээ. /хэргийн 16-18 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийг маргаан бүхий автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоосон нь автозогсоолуудыг хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нар 2010 онд гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсныг буруу ташаа гэж эсэргүүцэж маргасан зүйл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцох тул хэлцлийн үндсэн дээр хариуцагч “К б” ХХК нь барьцаалах эрх олж авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн хариуцагч “М к” ХХК нь маргаан бүхий эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид худалдан борлуулахаар гэрээ байгуулсан талаар “К б” ХХК-д мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

 

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулах нь төрийн эрх бүхий байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагч “М к” ХХК нь нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэггүй байна. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин хариуцагч “М к” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 55, 90 хувийн гүйцэтгэлтэй байх үеийн үнийн дүнгийн хэмжээгээр тооцож хариуцагч “К б” ХХК-д зээлийн барьцаанд бариулсныг шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, барьцааны зүйлийг чөлөөлүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмчлөх эрх, барьцааны эрх дуусгавар болгох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2 дахь заалтуудыг хэрэглэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02886 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “101 дүгээр зүйлийн 101.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2 дахь заалтад заасныг баримтлан” гэснийг “9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасан үндэслэлгүй байх тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                        С.ЭНХТӨР