Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2019/01666

 

2019 оны 09 сарын 30 өдөр         Дугаар 182/ШШ2019/01666            Улаанбаатар хот

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Б,

 Хариуцагч: З.Э  нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч З.Э, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.                                                                                     

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалиас гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нд хариуцагч нартай утсаар ярьсны үндсэн дээр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг хийхээр тохиролцсон байдаг. Уг засварын ажлыг 1 сарын хугацаатай 2 000 000  төгрөгөөр хийхээр болоод мөн өдрөө очиж 2019 оны 05 дугаар сарын 12-ныг хүртэл ажилласан гэдэг. Түүнээс хойш бол ажиллаагүй. Уг нь бол ажлын хөлсөө анх тохирохдоо 2 500 000 төгрөг гэж ярилцсан гэсэн.  Гэвч  500 000 төгрөг нэмж тохирсон гэх баримт байхгүй. Хариуцагч нар ажлын хөлснөөс нийтдээ 400 000 төгрөг л өгсөн, 460 000 төгрөгийг өгөөгүй. Нэхэмжлэгч 7 өрөөний засварыг хийсэн гэдэг ба хариуцагч нар 5 өрөөний засварыг хийсэн боловч чанаргүй хийсэн гэж нураасан гэсэн нь нотлох баримтгүй байна. Хариуцагч нар “Эм Ти Эм Жи” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх засварын ажлыг хэдэн хүмүүс авч ажиллуулан хийлгэсэн байдаг. Ямар үндэслэлээр ажил нь чанаргүй болж нураагдсан гэдгийг мэдэхгүй. 500 000 төгрөгийг хасч тооцож болно. 1 600 000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний хариуцлагын үүднээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч З.Э, Д.Б нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар “Эм Ти Эм Жи” ХХК-тай гэрээ байгуулж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 1,2 дугаар давхрын нийт 7 өрөөний засварын ажлыг хийхээр тохиролцсон бөгөөд энэ ажилд нэхэмжлэгч С.Стай утсаар ярьж тохиролцон ажилуулахаар болсон.  Бид нар бүгд л хамтраад уг ажлыг хийж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс ажиллаж эхлээгүй, 11-ний өдрөөс 29-нийг дуустал  ажилласан, 30-нд бол  ажиллаагүй ажлаасаа болж маргалдан Д.Бийн хамар, нүүрэнд цохиж гэмтээсэн. 

С.С ажлаа бүрэн хийж дуусгаагүй, 29-нөөс хойш огт ажиллаагүй. 5 өрөөний засварын ажилд оролцсон, обой наах, дүүжин тааз хийх, паркетан шал хийх, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хуванцар тавцан суулгах зэрэг ажлуудыг хийсэн. 2  өрөөний ажлыг бид 2 болон А.Төгсбаяр бид 3 хийж хүлээлгэн өгсөн, 05 дугаар сарын 22-ныг хүртэл бид ажилласан боловч компаниас бидний ажлыг зогсоосон. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил чанаргүй болсон гээд өөр компани оруулсан. Бидний хийсэн өрөөнүүдийн засварыг чанаргүй хийсэн дахин буулгаж нураасан. Бид нар анх ажлаа бүрэн дуусгаад 2 000 000 төгрөг өгнө гэж тохирсон болохоос 2 500 000 төгрөг гэж тохироогүй, хаанаас 500 000 төгрөг гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид нар ажлын хөлсөнд нийтдээ 460 000 төгрөг төлсөн.  Гэрээг бичгээр байгуулаагүй, амаар л тохирсон. Компаниас 7 өрөөний засварт 6 545 000 төгрөг өгснийг ажилласан хүмүүстээ хуваагаад өгсөн. С.С ажлаа дуусгалгүй орхиж явсан, ажил доголдолтой чанаргүй болсон гэж нураагдаж буцаагдсан байхад ажил хийгээгүй хүнд хөлс өгөх ёс байдаг юм уу, нэхэмжлэлийг зөвшөөрхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч З.Э, Д.Б нарт холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 2 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 30-ныг хүртэл ажилласан, ажлаа дуусгаагүй явсан, 5 өрөөний засварын ажилд оролцсон, хийсэн ажил чанаргүй болсон гээд нураагдсан, ажлаа бүрэн хийж дууссаны дараа 2 000 000 төгрөгийн хөлс авна гэж тохирсон байсан, бид хөлсөнд 460 000 төгрөг өгсөн, ажлаа дуусгаагүй орхиж явсан тул хөлс авах ёсгүй гэж тайлбарлан  маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч З.Э, Д.Б нар нь өөрсдийн “Эм Ти Эм Жи” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын конторын барилгын засварын ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч С.С болон бусад иргэдийг ажиллуулан, 1, 2 дугаар давхрын өрөөнүүдийн обой наах, дүүжин тааз хийх, паркетан шал хийх, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хуванцар тавцан суулгах зэрэг ажлуудыг 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 05 дугаар сарын 09-нийг хүртэл 1 сарын хугацаанд  гүйцэтгэхээр, нэхэмжлэгч С.Ст  ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ...гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбар, шүүхээс нэхэмжлэгч С.С, хариуцагч З.Э нарын утсаар ярьсан ярианы бичлэг бүхий си ди-д шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Төгсбаярын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй,  нэхэмжлэгч С.Саар гүйцэтгүүлэх ажлыг нарийвчлан тохиролцож тодорхойлоогүй бөгөөд  Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлаас 5 өрөөний   засварын ажил болох обой наах, дүүжин тааз хийх, паркетан шал хийх, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хуванцар тавцан суулгах зэрэг ажлуудыг хамтарч гүйцэтгэсэн талаар хариуцагч нар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 2 500 000 төгрөгөөр тохиролцсон, түүнээс 400 000 төгрөг төлснийг хасч 2 100 000 төгрөгийг ажлын хөлсөнд авах ёстой гэж шаардсан боловч  нэхэмжлэгч талаас гаргасан, хугацаа тодорхойгүй, юуны зураг  болох нь мэдэгдэхгүй 12 ширхэг гэрэл зураг нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй байна.

Хариуцагч нарын тайлбар болон гэрч А.Төгсбаярын мэдүүлгээр нэхэмжлэгч С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 29-нийг дуустал хугацаанд ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул энэ хугацаан дахь ажлын 13 хоногийн хөлс болох  1 181 817  /2 000 000 төгрөг : 22 хоног = 90 909 төгрөг х 13 хоног/ төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн авсан 400 000 төгрөгийг хасч 781 817 төгрөгийг хариуцагч нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т зааснаар захиалагч буюу хариуцагч нар нь гүйцэтгэсэн ажлын үр доголдолтой бол уг доголдлыг арилгуулах, шинээр ажлыг гүйцэтгүүлэх, эсхүл уг доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн хөлсийг бууруулах эрхтэй боловч нэхэмжлэгч С.С нь ямар ямар ажлыг дангаар гүйцэтгэх байсан, түүнээс ямар ажлыг доголдолтой гүйцэтгэсэн зэрэг үйл баримтууд тодорхойгүй байна.

Түүнчлэн хариуцагч талын, бидний гүйцэтгэсэн 5 өрөөний засварын ажил чанаргүй болж нураагдсан гэсэн тайлбар нь баримтаар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 60 000 төгрөгийг төлсөн  гэх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч талаас гаргасан  ажлын нэр, үнийн жагсаалт гэх баримт, 2019 оны  04 дүгээр сарын 8-ны өдрийн “Эм Ти Эм Жи” ХХК-ийн захирал  болон Д.Б нарын  гарын үсэг бүхий  “№13 тоот гэрээний хавсралт” гэсэн тамга тэмдэггүй баримт зэрэг нь хариуцагч талын тайлбар, татгалзлыг нотлох үндэслэл болохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг  дүгнэж,  хариуцагч нараас 781 817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 22 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч З.Э, Д.Б нараас 781 817 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгож, нэхэмжлэлээс  1 318 183 төгрөгийн шаардагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 22 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

                                                                                                                                                                         

                                  ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА