Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч С.Батмөнх-Очир,

         Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.А

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.А нь 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын .. тоотод буюу иргэн М.Бгийн эзэмшлийн байранд байх хугацаандаа 19 тооны мөнгөн аягыг шунахайн сэдэлтээр буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 4.110.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б нь миний багын найз байгаа юм. Равжаа гэнэт хөдөө явахаар боллоо гээд надад түлхүүрээ үлдээж явсан. Тэгээд би хүнд 4.000.000 төгрөгийн өртэй байсан, тэр нэхэгдээд гэрт нь байсан 19 ширхэг мөнгөн аяга байсныг ломбарданд тавьж, 1.800.000 төгрөгийг авсан. Б ахад түлхүүрийг нь өгөхдөө мөнгөн аяга авснаа хэлээгүй. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд байхад Агар-Эрдэнэ байцаагч айлын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан болохоор завшсан гэдэг талаар хэлсэн. Прокурор дээр энэ талаар хэлж болно гэсэн. Ер нь бол найз маань надад итгэж гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн болохоор би завших гэмт хэрэг юм уу гэж бодож байна. Батхуяг гэдэг дэслэгч дээр байхад найзыгаа аавтай нь авчирч уулзуулах боломж байна уу гэсэн. Тэгээд Б ахыг авчирч мэдүүлэг өгүүлсөн байгаа. Энэ мэдүүлэгтээ хохиролгүй, заавал шүүх гээд хэрэг байна уу гэж хэлсэн байсан. Б тухайн үед ааваасаа айгаад “намайг босоод явахгүй байсан” гээд хэлчихсэн гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн шүүгээн дотор байсан 20 ширхэг 7-8 хэмжээтэй мөнгөн аяганууд алга болчихсон байсан. Нийт 30 ширхэг байсан боловч 20 ширхэг нь алга болчихсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний зүгээс О.Ааас хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гэрээс алга болсон 19 ширхэг дунд гарын мөнгөн аягыг цагдаагийн байгууллагаар дамжуулж бүрэн авсан гэсэн мэдүүлэг /хх 28-31 ху/,

         -Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр үйл ажиллагаа явуулж байхад хар өнгийн савхитай 30 орчим насны залуу ирээд ээж маань бие нь өвдөөд хот явж байгаа, би ардаас нь таксигаар явах гэж байгаа юм, энэ аягануудыг уг нь "Амазон"-д тавьдаг юмаа. Энийг 2 сая төгрөгт тавьдаг боловч мөнгө гаргахгүй гэж байна гээд 10 ширхэг мөнгөн аяга барьцаалах гэж ирсэн. ...Өөрийнхөө Хаан банкны ... дугаарын данснаас 1.200.000 төгрөгийг "Azbayart Byambaas" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...Миний зүгээс О.Ааас хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй. Би О.Аын барьцаанд тавьсан 10 ширхэг дунд гарын мөнгөн аягыг цагдаагийн байгууллагад өгч, О.А нь барьцаалан зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт хохирлыг бүрэн барагдуулсан ба 1.243.000 төгрөгийг миний Хаан банкны ... тоот дансанд хийсэн гэсэн мэдүүлэг /хх 43-44, 48-49 ху/,

         -Иргэний нэхэмжлэгч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би тухайн аягануудыг барьцаалан зээл олгосон 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг гаргуулан авмаар байна. Бас тухайн мөнгөн аягыг барьцаалсан хүү мөнгөө гаргуулан авмаар байна. ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр О.А нь барьцаалан зээлдүүлсэн мөнгө буюу хохирлыг бүрэн барагдуулсан ба 600.000 төгрөгийг эхнэр Д.Агийн Хаан банкны ... тоот дансанд хийсэн гэсэн мэдүүлэг /хх 52-53, 57-58 ху/,

         -Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Г.А нь манай гэрт 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Ирээд манай гэрт 2 хоносон. Тэгээд би хагас сайн өдөр нь буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өргөн сум руу хөдөө явлаа гээд хэлсэн чинь өглөө нь А босохгүй байсан. Тэгээд явлаа гэж хэлсэн чинь А манай эхнэрт "Хонох газар байхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн түлхүүрээ үлдээгээд манай гэрт байж бай, би хэд хоногоос ирэхдээ түлхүүрээ авна аа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би А руу залгаад аав болох Бг гэр рүүгээ очиж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу буцаж залгаад сандраад аав чинь ирж байгаа юм уу гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр юм бодоогүй гэсэн мэдүүлэг /хх 61-64 ху/,

         -Яллагдагч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б бямба гаригт гэнэт хөдөө явлаа би ирээд түлхүүрээ авна гэхээр нь би байрныхаа түлхүүрийг аваад гэрт нь тус өдрөө хоносон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Бгийн гэрийн том өрөөний тавилга дотор байсан мөнгөн аягануудаас барьцаалан зээлдүүлэх газарт тавих гээд гарсан. Эхлээд 10 ширхэг мөнгөн аягыг аваад Монгол ардын намын байрны дотор байх баруун гар талын эхний барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн нэрээр барьцаалаад 1.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5360400511 дугаарын дансаар авсан. Дараа нь буцаж Бгийн байранд ороод 9 ширхэг мөнгөн аягыг аваад дахиад Монгол ардын намын байрны дотор зүүн талын барьцаалан зээлдүүлэх газарт 9 ширхэг мөнгөн аягыг 600.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 600.000 төгрөгийг авсан. Тухайн мөнгөөрөө онлайн покер тоглоод дуусгачихсан. ...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр М.Б нь миний гар утас руу залгаад гэрийнхээ түлхүүрээ авна гэхээр нь би Б ахад түлхүүрийг нь өгөхдөө М.Бд гэрээс нь 19 ширхэг мөнгө аяга авсан талаараа хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 34-35, 92-94 ху/,

         -О.Аын эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 39-40 ху/,

         -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8 ху/,

         -Эд зүйл хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-19 ху/,

         -Эд зүйл хүлээлгэн тэмдэглэл /хх 20 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 76-78 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 82-84, 92-49 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч О.А нь 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын .. тоотод буюу иргэн М.Бгийн эзэмшлийн байранд байх хугацаандаа 19 тооны мөнгөн аягыг шунахайн сэдэлтээр буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 4.110.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  О.Аын “...Равжаа гэнэт хөдөө явахаар боллоо гээд надад түлхүүрээ үлдээж явсан. Тэгээд би хүнд 4.000.000 төгрөгийн өртэй байсан, тэр нэхэгдээд гэрт нь байсан 19 ширхэг мөнгөн аяга байсныг ломбарданд тавьж, 1.800.000 төгрөгийг авсан. Б ахад түлхүүрийг нь өгөхдөө мөнгөн аяга авснаа хэлээгүй. Хэргийн хувьд маргах зүйлгүй“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Бгийн “...Би өөрийн гэрээс алга болсон 19 ширхэг дунд гарын мөнгөн аягыг цагдаагийн байгууллагаар дамжуулж бүрэн авсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн “...Тухайн өдөр үйл ажиллагаа явуулж байхад хар өнгийн савхитай 30 орчим насны залуу ирээд ээж маань бие нь өвдөөд хот явж байгаа, би ардаас нь таксигаар явах гэж байгаа юм, энэ аягануудыг уг нь "Амазон"-д тавьдаг юмаа. Энийг 2 сая төгрөгт тавьдаг боловч мөнгө гаргахгүй гэж байна гээд 10 ширхэг мөнгөн аяга барьцаалах гэж ирсэн. ...Өөрийнхөө Хаан банкны ... дугаарын данснаас 1.200.000 төгрөгийг "Azbayart Byambaas" гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Мын “...Дурсгалын бичигтэй 7 ширхэг, 5,5-тай мөнгөн аяга, 6-тай 2 ширхэг мөнгөн аяга, нийт 9 мөнгөн аягыг 600,000 төгрөгөөр барьцаалсан байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...би 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өргөн сум руу хөдөө явлаа гээд хэлсэн чинь өглөө нь А босохгүй байсан. Тэгээд явлаа гэж хэлсэн чинь А манай эхнэрт "Хонох газар байхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн түлхүүрээ үлдээгээд манай гэрт байж бай, би хэд хоногоос ирэхдээ түлхүүрээ авна аа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би А руу залгаад аав болох Бг гэр рүүгээ очиж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу буцаж залгаад сандраад аав чинь ирж байгаа юм уу гэж хэлээд тасалчихсан” гэсэн мэдүүлэг, О.Аын эзэмшлийн Хаан банкны 5360400514 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн тэмдэглэл, хохирлын үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

          Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

          Шүүгдэгч О.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Бд 4.110.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 19 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Ц.Бд 1.200.000 төгрөгийг, Л.Мад 600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлоо нөхөн төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч О.Ат оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА