| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч С.Батмөнх-Очир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Э.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... гэх газраас иргэн Д.Нгийн өмчлөлийн хязаалан насны 1 адуу болон зээрд зүсмийн 1 даага нийт олон тооны 2 адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сард Нахын даага, үрээ хоёрыг хүнд зарсан. Нахыг сураад ирэхээр нь үнэнээ хэлж төлж өгөх талаараа хэлсэн. Цагдаад хэлж хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр адууг нь 2 адуугаар төлж өгсөн. Цаашид дахиж гэмт хэрэгт орохгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Э.Т гэдэг хүний танина. ...Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар баг Дэнгийн дэвсгэр гэх газраас хонгор зүсмийн нуман тамгатай хязаалан насны үрээг хамт явдаг байсан адуунаас салгаж аваад зүсийг нь сайн санахгүй байна бас нэг адуутай хамт нийлүүлэн гэрийнхээ гадаа аваачиж, алж, янзалж махыг нь борлуулсан байсан гэдгийг би эрж, сурж байгаад Ттай уулзаж асуухад ах аа уучлаарай. Би таны адууг идчихсэн байна. Таны хоёр адууг таны хоёр адууг адуугаар нь төлье гэж гуйсан. ...би Тыг адууг адуугаар нь төлөхийг зөвшөөрсөн. ...Надад нэг саарал зүсмийн байдас өгсөн. Дахиад нэг адуу өгөх байсан өгөөгүй байгаа. Энэ алдсан хоёр адуун дээр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 4-7 ху/,
-Яллагдагч Э.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 он намар Зүүнбаян багийн дэвсэг гэх газраас Нгэх хүний 2 адууг тууж авч очин Зүүнбаянгаас мал мах худалдан авдаг О гэж дуудсан Угэх залууг дуудан авч ирэн зарсан. Тэрнээс хойш ойролцоогоор сар орчмын дараа Нах надаас тухайн 2 адууг сураглаж ирсэн бөгөөд би тухайн Нахад үнэнээ хэлж гуйгаад тухайн хоёр адууг төлж өгөхөөр тохиролцож халиун гүү, саарал байдас зэргийг өгсөн. Тэгээд Нах гомдол, саналгүй гэж хэлсэн боловч намайг "Хулгай хийсэн" гэж хүн болгонд яриад яваад байсан учир би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж хэргээ хүлээсэн. Би тухайн гэмт хэргийг 2019 оны намар 10 сард Зүүнбаян багийн Дэвсэг гэх газарт үйлдсэн гэсэн мэдүүлэг /хх 9-10, 27-28 ху/,
-Д.Нгийн малын тооллогын баримт /хх 39-48 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 14-16 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-23, 27-28 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 56-103 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... гэх газраас иргэн Д.Нгийн өмчлөлийн хязаалан насны 1 адуу болон зээрд зүсмийн 1 даага нийт олон тооны 2 адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Тын “2019 оны 10 дугаар сард Нахын даага, үрээ хоёрыг хүнд зарсан. Нахыг сураад ирэхээр нь үнэнээ хэлж төлж өгөх талаараа хэлсэн. Цагдаад хэргээ хэлж хүлээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Нгийн “...Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар баг Дэнгийн дэвсгэр гэх газраас хонгор зүсмийн нуман тамгатай хязаалан насны үрээг хамт явдаг байсан адуунаас салгаж аваад зүсийг нь сайн санахгүй байна бас нэг адуутай хамт нийлүүлэн гэрийнхээ гадаа аваачиж, алж, янзалж махыг нь борлуулсан байсан гэдгийг би эрж, сурч байгаад Ттай уулзаж асуухад "ах аа уучлаарай. Би таны адууг идчихсэн байна. Таны хоёр адууг таны хоёр адууг адуугаар нь төлье" гэж гуйсан... би Тыг адууг адуугаар нь төлөхийг зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг, Д.Нгийн малын тооллогын баримт, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд түүний үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хуулиар “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгохоор хуульчилсан бөгөөд 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж 8 бог, 2 бод түүнээс дээш малыг ойлгохоор өөрчлөлт оруулсан.
Шүүгдэгч Э.Тын 2 тооны адууг хулгайлсан үйлдлийн хувьд 2019 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжид хамаарч байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Д.Нд 1.200.000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Т 2 адуу өгч хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Э.Тын үйлдэл нь 2021 оны 07 сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд цаг хугацааны хувьд хамрагдаж байгаа. Хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа учраас мөн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэдэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүн хамаарахгүй байхаар заасан.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирлоо төлсөн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Тыг 2019 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Э.Тд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА