Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2019/00124

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр   Дугаар 182/ШШ2019/00124                 Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Д нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Н,

 

Хариуцагч: Б ХХК нарт холбогдох

 

5.204.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Б.Н, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гэрч Ж.Ч, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Д би 2015 оны 9 дүгээр сард Монгол караокены тохижилт үйл ажиллагааг Б.Нт зарсан бөгөөд ингэхдээ Монгол караокед байршуулсан гэрээний барьцаа болох 5.204.000 төгрөгийг Б.Нээс дараа нь бэлнээр авахаар тохиролцон уг мөнгийг тэр дүнгээр нь Б ХХК-ын дансанд нь үлдээж дурдсан хугацаа өнгөрөхөд Б.Нээс нэхэмжилсэн юм. Гэтэл Б.Н нь барьцааны мөнгө өө Б ХХК-иас ав би аваагүй гэсэн ингээд Б ХХК дээр очиж уулзтал түрээслэгч Б.Н нь уг мөнгөөр түрээсийн төлбөрөө төлөн гэрээгээ хаасан болохыг нотолсон санхүүгийн баримт гарган гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Б.Нээс авах байсан караокены тохижилт, зарсны үлдэгдэл мөнгөн дээрээ барьцааны мөнгө 5.204.000 төгрөгөө нэмэн хамтад нь нэхэмжилж шүүхэд хандахад барьцааны мөнгө 5.204.000 төгрөгийг Б ХХК-аас эхлээд нэхэмжилж шүүхэд хандах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Б ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болгож, цаашид манай эхнэр Ч.М нь үргэлжлүүлэн  түрээсэлсэн. Би Б ХХК-д байршуулсан барьцааны төлбөр 5.204.000 төгрөгийг хариуцагч Б.Нт өгсөн. Түрээсийн хугацаа бол 2015 оны 08 дугаар сарын 31-нд дуусгавар болсон. Би Б ХХК-д 2015 оны 09, 10 сард түрээсийн төлбөр төлөх ямар ч шаардлага байхгүй байсан. Иймээс Б.Нээс 5.204.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Б ХХК-иас 5.204.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Д нь 2015 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайван найрамдлын ордны подвалийн давхарт караокений үйл ажиллагаа явуулахаар Б ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Түрээслэгч тал нь үйл ажиллагаа эрхлэн явуулж байх явцдаа иргэн Б.Нтэй хэлцэл байгуулж тухайн караокег засвар, тохижилттой нь хамт шилжүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд тухайн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч талд хадгалуулж байсан барьцаа хөрөнгө буюу 5 сая орчим төгрөгийг манай компанийн дансанд үлдээж, Б.Н түрээсийн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэ нь манай компанийн дансны орлого зарлагын хуудсаар нотлогддог. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд тус компанийг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэлийн мөнгөн барьцааг манай компанид шилжүүлж, түрээсийн гэрээг байгуулж хамтран ажиллаж буй иргэн Б.Нтэй хэрхэн хэлцэл хийж үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч талын оролцоогүйгээр иргэд хооронд хийсэн хэлцлийн үр дүнд бий болсон харилцаанд манай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Дгийн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Л.Д нь тухайн үед надтай хэлцэл хийж өөрийн ажиллуулж байсан караокег тохижуулалтын хамт зарж, Түрээслүүлэгч талтай үргэлжлүүлэн түрээслүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгч нэхэмжлэлийн шаардлага хангуулах үндэслэлгүй байна. Миний бие Б ХХК-ийн нягтлантай тооцоо нийлсэн болно. Иймд нэхэмжлэгч талтай шүүх хуралдааны тов гармагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэж оролцох болно. Л.Дгээс түрээсийн барьцаа болох 5.204.000 төгрөгийг түүнийг зөвшөөрсний дагуу хүлээн авсан нь үнэн болно. Л.Д нь Б ХХК-д төлөх 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр болох 5.300.000 төгрөгийг би Б ХХК-д төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлсөн тухай нь Капитал банкны кассын орлогын баримтаар нотлогдох болно. Л.Дгийн түрээсийн хугацаа 2015 оны 9, 10 дугаар сард дуусаагүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

  

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б ХХК, Б.Н нарт холбогдуулан 5.204.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Д нь шүүх хуралдаан дээр Б ХХК-иас 5.204.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Б.Н нь Л.Дгийн Б ХХК-ийн дансанд байршуулсан түрээсийн гэрээний барьцаа болох 5.204.000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн боловч нэхэмжлэгч Л.Дгийн Б ХХК-д төлөх 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг нь би төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  Л.Д нь Б ХХК нарын хороонд “түрээсийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайван найрамдлын ордон, зүүн талын подвалийн 267 м.кв талбайг караокены зориулалтаар, 1 жилийн хугацаатай, 5.874.000 төгрөгийн төлбөртэй, 5.874.000 төгрөгийг барьцаатайгаар, гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч Л.Д нь түрээсийн гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож, Б ХХК түрээсийн барьцаа болох 5.204.000 төгрөгийг Л.Дгийн эхнэр болох Ч.М хүсэлтийн дагуу нь хариуцагч Б.Нт шилжүүлэн өгсөн байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Мөн хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Л.Дгээс 5.204.000 төгрөгийг авсан тухайгаа хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Шүүх, нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Б.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …“зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”… гэж заажээ.

 

Хариуцагч Б.Н нь Л.Дгээс 5.204.000 төгрөгийг авсан. Гэхдээ Б.Н миний бие Б ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 01-нд түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайван найрамдлын ордон, зүүн талын подвалийн 267 м.кв талбайг түрээсэлсэн. Л.Дгийн Б ХХК-д төлөх 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр болох 5.300.000 төгрөгийг би төлсөн хэмээн тайлбарлан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 900.000 төгрөгийг төлсөн тухай кассын орлогын баримт, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг төлсөн тухай кассын орлогын баримт, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.700.000 төгрөгийг төлсөн тухай кассын орлогын баримт, 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн тухай кассын орлогын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг баримтуудаас үзэхэд хариуцагчийн татгалзал тайлбар нь тогтоогдохгүй байх тул тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

    

Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 5.204.000 төгрөг хариуцагч Б.Нээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Нээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.204.000 /таван сая хоёр зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 5.204.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Л.Д татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 98.214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.

 

  1. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтэх газарт зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                         

 

                                               

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН