| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
иргэдийн төлөөлөгч Д.Энхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Шт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: М.Ш
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Ш нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Тийг "унтаж байхад хуруугаараа хатгалаа" гэх үл ялих зүйлээр шалтаглан, мөн түүнийг өөрийгөө илэрхийлэх чадамжгүй буюу 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлыг нь далимдуулж түүний биед нуруу, бөөрөн тус газар нь өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Тынд оччихоод дэлгүүр явсан. Тэнд Ттэй таарч би архи уусан. Дахиж архи аваад Тынд очиж уусан. Дахиж гарч архи авч уусан. Нэлээн согтсон байсан болохоор Тг цохиж өшиглөсөн. Т гараад явсан. Тг өмнө нь таньдаг, бид хөршүүд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэднэ. Бид хоёрын хооронд урьд өмнө нь маргалдаж байсан зүйл байхгүй. Миний бие өвдөөд хэвтэж байхад Т хажуу хавирганаас хатгаад байсан. Тэгээд уур хүрсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдлээс энэ гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Хохирогчийн ээжээс уучлалт гуйж байна. Архи ууснаас болсон. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Хохирогчид 1.302.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Өмгөөллийн хөлсийг төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд маань хүнд гэмтэл учруулсан байгаа. Одоо хүү маань хагалгааны оёдлоо хараад сэтгэл санаа нь хэцүү байгаа. 2 хагалгаанд орсон. Хохиролд 1.302.000 төгрөг төлсөн. Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо биеийн байдлын хувьд дархлаа нь муудсан. Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байгаа. Бие нь бүрэн эдгээгүй. Өмгөөллийн хөлснөөс хагасыг нь хүнээс зээлж өгсөн. Т хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн дэлгүүрийн бараа зөөж мөнгө төгрөг олдог байсан. Одоо чадахаа больсон гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ш намайг цохиж зодсон. Тэгээд би Тын гэрээс гарч явсан. Тухайн үед би ер нь их согтуу байсан. Би тухайн үед Тын гэрээс 12 цагийн үед гараад шууд цагдаа дээр ирж цагдаагийн 2 алба хаагчийн хамт цагдаагийн машинтай ээжийн ажил дээр очоод тэндээсээ шууд Тын гэрт очсон. Тэгтэл Тын гэрт Т болон түүний эхнэр А хоёр байсан бөгөөд Ш зугтаагаад явсан байсан. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,
-Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М.Ш босож ирээд Г.Тг хэд хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Г.Т гараад явсан. Би араас нь гараад хартал жорлон дотор сууж байсан. Тэгээд манай гэрт эргэж орж ирээгүй. Мөн М.Ш бас гараад яваад өгсөн. Тухайн үед М.Ш, Г.Тий зүүн бөөрний хэсэгт болон нурууны хэсэгт 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн, мөн гараа зангидаж байгаад цээжний хэвлий хэсэгт цохиж байгаа харагдсан. Тэр асуудал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд намайг босоод очих гэтэл бүх зүйл дуусаад, Т гэрээс гараад яваад өгсөн... Г.Т, М.Шийг нэг ч удаа цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,
-Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М.Ш, Г.Тий зүүн бөөрний хэсэгт болон нурууны хэсэгт 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн, мөн гараа зангидаж байгаад цээж хэвлий хэсэгт цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,
-Яллагдагч М.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Т, А, Т нарын хамт Тын гэрт архи уусан тэгээд архи уугаад байж байтал миний бие жоохон өвдөөд Тын гэрийн баруун орон дээр дээш хараад хэвтэж байтал Г.Т миний өвчтэй хавирга руу хатгаад өвтгөөд байсан бөгөөд би хэд хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн....Би уурлаад Тийг зодсон. Тэгээд Т гараад явсан. Тухайн үед Т надаас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй, ганц надтай маргалдсан. ...Би Тийг 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй гэж мэднэ. Учир нь манай хамаатны нэг эгч бас хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан бөгөөд Г.Т нь манай эгч дээр байнга ирж уулздаг байсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гараараа хэд хэдэн удаа цохиж баруун хөлөөрөө хэд хэдэн удаа хэвлий нуруу хэсэгт нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 17-18, 49-50 ху/,
-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №02/160 дугаартай дүгнэлтэнд:
1.Г.Тгийн биед элэгний эдийн урагдал, задрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, нүүр, дух, ар нуруу хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан элэгний эдийн урагдал, задрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна
4.Учирсан баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, нүүр, дух, ар нуруу хэсгийн зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 70-71 ху/,
-Өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 74-110, 164-187 ху/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 ху/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8 ху/,
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 161 ху/,
-Хохирлын баримт /хх 196-201 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-42, 49-50 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 112-148 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилийн 22-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Тийг "унтаж байхад хуруугаараа хатгалаа" гэх үл ялих зүйлээр шалтаглан, мөн түүнийг өөрийгөө илэрхийлэх чадамжгүй буюу 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлыг нь далимдуулж түүний биед нуруу, бөөр тус газар нь өшиглөж, гараараа цохих зэргээр халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Шийн “...Нэлээн согтсон байсан болохоор Тг цохиж өшиглөсөн. Т гараад явсан. Тг өмнө нь таньдаг байсан. Бид хөршүүд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэднэ. Бид хоёрын хооронд урьд өмнө нь маргалдаж байсан зүйл байхгүй. Миний бие өвдөөд хэвтэж байхад Т хажуу хавирганаас хатгаад байсан. Тэгээд уур хүрсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдлээс энэ гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Хохирогчийн ээжээс уучлалт гуйж байна. Архи ууснаас болсон. Хийсэн зүйлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн “Манай хүү Т нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед хүнд зодуулсан байдалтай манай ажил дээр ирсэн...2023 оны 02 дугаар сарын 19ний өглөө 10 цагт бид хэд эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна гэж хэлээд дотуур цус алдсан байна эхний ээлжид элэг задарсан байна мөн бөөр болохгүй болсон байна дотор эрхтэн болохгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Тгийн “Ш намайг цохиж зодсон. Тэгээд би Тын гэрээс гарч явсан. Тухайн үед би ер нь их согтуу байсан. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Тын “М.Ш босож ирээд Г.Тг хэд хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед М.Ш, Г.Тий зүүн бөөрний хэсэгт болон нурууны хэсэгт 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн, мөн гараа зангидаж байгаад цээжний хэвлий хэсэгт цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Аийн “М.Ш, Г.Тий зүүн бөөрний хэсэгт болон нурууны хэсэгт 3-4 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн, мөн гараа зангидаж байгаад цээж хэвлий хэсэгт цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед элэгний эдийн урагдал, задрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон 02/160 дугаартай дүгнэлт, өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэдэгт хохирогчийг биеэ хамгаалж, идэвхтэй үйлдэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог. Хууль зүйн агуулгын хувьд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд өвчтэй, өндөр настай, бага насны хүүхэд, эсхүл болж буй үйл явдлыг бодитойгоор хүлээн авах чадвар нь алдагдсан сэтгэцийн хамааралтай хүмүүсийг хамааруулдаг.
Хохирогч Г.Тий хувьд 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байх ба шүүгдэгч М.Ш нь хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэддэг байсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тг өмнө нь таньдаг байсан. Бид хөршүүд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэднэ” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч М.Шийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Шт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иргэдийн төлөөлөгчийн хувьд “шүүгдэгчийг хүний биед санаатай хүнд хохирол учруулсан гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд энэ хэргийн улмаас хохирогч Г.Тд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, эмчилгээний зардал болон асарч байсан хугацааны цалин 1.302.000 төгрөг, нийт 3.302.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлснээс шүүгдэгч нь эмчилгээ, асарч байсан хугацааны цалин нийт 1.302.000 төгрөгийг төлж барагдуулж, өмгөөллийн хөлсийг зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пд олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “Биеийн байдлын хувьд дархлаа муу байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болвол эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү“ гэсэн хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй.
Гэмт хэргийн хор уршиг бол гэмт халдлагын улмаас иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учирсан гэм хор бөгөөд энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлыг урьдчилан тооцох боломжгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Шүүгдэгч М.Шийн цагдан хоригдсон 40 хоногийг элдэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Шийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шийн цагдан хоригдсон 40 хоногийг элдэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шээс өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дуламын Пд /РД:ЕЮ66102800/ олгосугай.
7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД