| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2018/03497/И |
| Дугаар | 182/ШШ2019/00151 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2019/00151
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.М нэхэмжлэлтэй
Хариуцагч: Я.Б холбогдох.
Зээлийн гэрээний үүрэгт 7.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагч Я.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн гэрээний дагуу Я.Бд 10.000.000 төгрөгийг зээлдүүлж зээлдэгч Я.Б нь 5.000.000 төгрөгийг буцаан өгч үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээнд зааснаар 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлж зээлдэгч тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч 5.000.000 төгрөгийг төлөлгүй 3 жил өнгөрч байна. Зээлдэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөхөөр тохиролцсон.10.000.000 төгрөгийг зээлийн асуудлаас 2016 онд цагдаагийн байгууллагад хандаж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Иймд үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.800.000 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Х.Мтай зээлийн гэрээ байгуулж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлсэн боловч энэ зээл төлөгдөж дууссан учир гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 5.000.000 төгрөгийг Х.Мд дансаар шилжүүлж өгсөн. 5.000.000 төгрөгийг Х.Мын найз Н.Э нь би Х.Мтай тооцоог нь хийчихнэ, бид гэр бүлийн найзууд гээд 4.500.000 төгрөгийг нь авсан. Үүнийг Х.М өөрөө сайн мэдэж байгаа Х.М, Н.Э нар нь гэр бүлийн найзууд гэдгийг нь би ч сайн мэддэг учир Н.Э 4.500.000 төгрөгийг өгсөн юм. Харин 500.000 төгрөгийн тооцоог би хариуцах боломжтой.Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Я.Бд холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.800.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 900.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Я.Б нь Х.Маас 10.000.000 төгрөгийг авсан. Үүнээс 5.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг Х.Мын найз Н.Э өгсөн учраас үүнийг Н.Э төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.М, хариуцагч Я.Бд 10.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлүүлж, иргэд хоорондын харилцан итгэлцлэлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-ийн 6 дугаар тал/
Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ...” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “…анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй…”,
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Х.Мын шаардах эрх зээлийн сүүлийн төлөлт болох 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Я.Бд зээлийн төлөлтөө хийхийг мэдэгдсэн, утсаа авахгүй, 10.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан...” гэж тайлбарсан. Хариуцагч Я.Б нь 10.000.000 төгрөгийн асуудлаар цагдаагийн байгуулагад шалгагдсан нь үнэн гэж тайлбарласан. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 499 дугаартай прокурорын тогтоол хавтаст хэрэгт авсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заажээ.
Нэхэмжлэгч Х.М нь зээлийн гэрээний хүү тооцсон, хугацааг сунгасан талаархи нотлох баримтыг гаргаагүй тул хүү 1.600.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцов.
Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 900.000 төгрөг, нийт 6.100.000 төгрөгийг хариуцагч Я.Баас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Я.Б нь нэхэмжлэгч Х.Маас 10.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ Х.Мын найз Н.Э 5.000.000 төгрөгийг өгсөн тул 5.000.000 төгрөгийг төлөхгүй хэмээн тайлбарлан /Н.Э-ын түр авсан мөнгөтэй тооцоо/ гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг баримтаас үзэхэд хариуцагчийн татгалзал, тайлбар нь тогтоогдохгүй, хэнээс хэнд хэдэн төгрөг өгч буй нь ойлгомжгүй байх тул түүний нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН