Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/262

 

  

 

 

 

 

 

 

    2023        03          15                                     2023/ШЦТ/262

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг;

 

Хохирогч: Н.Э (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч: Г.А (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар: ..................;

           

Шүүгдэгч Г.А регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,   ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт , урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялыг Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор эдэлж дууссан.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Г.А нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Номин” электроникс дэлгүүрийн баруун талын замд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 38 минутын үед “Тоёота королла румион” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Эийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокуророос Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Хохирогчийн нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын төлбөр зэргийг төлнө. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Гарцаар гарч байсан хүнийг мөргөсөн нь үнэн” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын “Номин” дэлгүүрийн хажуугийн явган хүний гарцаар гарч байгаад гарцан дээр машинд мөргүүлсэн. Би 2 дүүтэйгээ амьдардаг бөгөөд дүүгээ сургуульд зөөдөг. Зөөлөн эдийн гэмтэл одоо болтол бүрэн эдгээгүй байгаа. Хохирлын хувьд UB cab-н төлбөр 510.000 төгрөг, гипс солиулсан төлбөр 77.000 төгрөг, 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 1.600.000 төгрөг, Эрдэнэтэд сувилалд 9 хоног хэвтсэн төлбөр 630.000 төгрөг гэхдээ энэ талаарх баримт нь байхгүй” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, хохирлын баримт /хх-ийн 14/, хохирогч Н.Э /хх-ийн 17-18/, иргэний нэхэмжлэгч С.С /хх-ийн 26/, гэрч С.Н /хх-ийн 59/ нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 21-22/, Н.Эийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15326 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/, хохирогч Н.Эийн эрүүл мэнд болон хохирол холбоотой баримтууд /хх-ийн 41-42, 81-82/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-50/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 51/, Г.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-57, 60/, Г.Аийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-71/, Г.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Номин” электроникс дэлгүүрийн баруун талын замд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 38 минутын үед “Тоёота королла румион” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэг заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцан дээр явган зорчигч Н.Эийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Н.Эийн /хх-ийн 17-18/: “...Би 2022 оны 11 дүгээр 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад 11 дүгээр хорооллын хараагүйчүүдийн бариа заслын төвөөс гараад гэртээ харихаар явж байгаад Номин худалдааны төвийн баруун урд талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлд зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэл явж байсан хар өнгийн суудлын автомашин надад зам тавьж өгч байгаа юм шиг харагдсан боловч гэнэт л миний зүүн гуя орчим мөргөөд унах үед баруун хөлийн шагай хэсгээр дайрагдсан. Тэр үед машины жолооч залуу гарч ирээд намайг өргөж босгохоор нь гишгэх гэхэд хөл маш их өдөөд байна гэдгээ хэлэхэд машиндаа суулгаад шууд Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт очер ихтэй байхаар нь хажууд талынхан хувийн ““ эмнэлэгт хөлийн рентген зураг авахуулахад баруун хөлийн чигчий хуруу хугарсан байна гэхээр нь зургаа аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд гипс тавьж өгсөн. ...Би гипс солиулахад 77.000 төгрөг,  рентген зураг 45.000 төгрөгөөр авахуулсан. Мөн би дүүгийнхээ хүүхдийг сургууль руу нь зөөж хүргэж өгдөг байсан. Ослоос хойш дүүгээ хүргэж өгч чадахаа больсон болохоор дуудлагын таксины жолоочтой гэрээ байгуулж хүүхдийг өдөр бүр хичээлд хүргэж өгөхөд 510.000 төгрөгийн зардал гарч байгаа. Цаашид 14 хоног шарлага хийлгэж, физик эмчилгээ хийлгэ гэсэн. Би Эрдэнэт хотод гэртээ очихдоо Эрдэнэт үйлдвэрийн сувиллын эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлэхээр цаг авсан. Сувиллын газар нь 1 хоногийн 70.000 төгрөгөөр тооцож 980.000 төгрөг болно гэсэн. Ослоос хойш 2 сарын хугацаанд ямар ч ажил хийх боломжгүй болсон. Би ослын өмнө эгчийнхээ цэвэрлэгээний байгууллагад сарын 800.000 төгрөгөөр цалинжиж ажил хийдэг байсан болохоор ажилгүй байх хугацааныхаа 2 сарын 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг осолд орсноос хойш Эрдэнэтээс манай эмээ харж асарч байгаа, бусад зардлууд нэмэгдээд 400.000 төгрөг нэмж зарцуулсан. Дээрх бүгд зардлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Н.Эийн биед “...баруун тавхайн 5-р ясны хугарал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15326 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 39-40/,

иргэний нэхэмжлэгч С.С-нийн /хх-ийн 26/: “...гэмт хэргийн улмаас иргэн Н.Эд нийт 214.000 төгрөгийн зардал гарсныг Г.Аээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлгээр,

“...“Тоёота Королла румион” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Явган зорчигч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 51/,

 

Г.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 77/: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээс гараад өөрийн эзэмшлийн “Тоёота Королла румион” маркийн ““ улсын дугаартай автомашиныг жолоодон эмнэлэг орохоор 11 дүгээр хорооллын Номин худалдааны төвийн баруун талын замаар урдаас хойш чиглэлд явах гэж байгаад намайг харчихаад зогсчих шиг болохоор нь намайг явуулаад араар гарах гэж байгаа юм байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үед явган зорчигч зэрэг зам руу орж таараад машины баруун урд талын крыло хэсгээр шүргэж унагаагаад зогссон. Тэгээд машинаас буугаад очих үед тэр эмэгтэй ёолоод хөл өвдөөд байна гэхээр нь машиндаа суулгаад шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Би хохирогчийн эмчилгээний зардалд 646.800 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Цаашид эмчилгээ, эм тариатай холбоотой баримт гаргаж өгвөл төлж барагдуулна...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Г.Аэд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Н.Э хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Н.Эийг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, Н.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 676.800 төгрөгийг шүүгдэгч Г.А нь  хохирогч Н.Эд нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь хохирогч Н.Эд төлөх төлбөргүй болно.

 

Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сувилалд хэвтэн эмчлүүлсэн зардал болон “UB Cab” такси үйлчилгээнд төлсөн төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой болон хөдөлмөрийн чадвар алдалтаас дутуу авсан цалин хөлс,  эрүүл мэндэд нь гэмт хор учруулсантай холбогдон гарсан зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 214.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.

 

Иймд гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.Аээс 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Эд төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ээс 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Хохирогч Н.Э нь цаашид эмчилгээтэй холбоотой болон хөдөлмөрийн чадвар алдалтаас дутуу авсан цалин хөлс,  эрүүл мэндэд нь гэмт хор учруулсантай холбогдон гарсан зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                              

               

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ