| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2025/0007/З |
| Дугаар | 221/МА2025/0382 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0382
Т.Ж-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Ж
Хариуцагч Б аймгийн НДГ
Нэхэмжлэлийн шаардлага: Т.Ж-т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Б аймгийн НДГ-ын татгалзал хууль бус болохыг тогтоож, Т.Ж-т 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2025/0032 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 110/2025/0007/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ж нь Б аймгийн НДГ-т холбогдуулан “Т.Ж-т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Б аймгийн НДГ-ын татгалзал хууль бус болохыг тогтоож, Т.Ж-т 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2025/0032 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Ж-т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Б аймгийн НДГ-ын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Б аймгийн НДГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдолдоо:
“...Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаартай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т “нэхэмжлэгч Т.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2024 оны 7 дугаар сарыг дуустал “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулахад түгээгч, /нефть хангамжийн операторчин/ бөгөөд шатахуун ачигчаар ажилласан нь ... баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн хэр нь шатахуун буюу газрын (нефть) тосны бүтээгдэхүүн, газрын тос (нефть)-той адилаар тайлбарласан өөрөөр хэлбэл (нефть) буюу газрын тос нь түүхий эд, газрын тосны бүтээгдэхүүн нь шатахуун байхад адил мэтээр тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Газрын тосны тухай хуулийн 4.1.1-т “газрын тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу, шингэн, хийн төлөвт орших нүүрс устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-ийг хэлнэ гэж, харин Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4.1.1-т “газрын тосны бүтээгдэхүүн” гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг хэлнэ гэж тус тус заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой. халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно” гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй. Тухайн ажлын байрны тодорхойлолтод ажлын нөхцөл хэсэгт “хэвийн”, “хүнд”, “хортой” зэргийн аль нэгийг бичдэг. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс цуглуулж, үнэлээгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/*** дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна. Энэхүү жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл’’ хэсгийн 2.19-д заасан “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн” дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтын “8131-13 Нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь Нефт боловсруулах үйлдвэрт хамаарна. Харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть хангамжийн операторчин’’ ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтад заагдаагүй.
Мөн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-аар хөдөлмөрийн хортой нөхцөлд Нефть боловсруулах үйлдвэрийн “8131-13 Нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил буюу газрын тос хангамжийн операторчин ажил мэргэжил хамаарахаар зохицуулсан байхад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн операторчинтой адилтган дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.9-т “жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, сул зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, хууль бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулахгүй” гэж заасан байдаг.
Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/*** дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл’’ хэсгийн 2.19-д заасан “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн” дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтын “8131-13 Нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь Нефт боловсруулах үйлдвэрт хамаарна. Харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть хангамжийн операторчин’’ ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтад хамаарахгүй” гэж маргасан.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1 “Х” ХХК-ийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №** дугаар “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалаар[1] тус компанийн шатахуун түгээх станц, агуулахад ачигч ажилтнаар Т.Ж-ийг авч, №** дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №** дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар[2] Т.Ж-ийг тэтгэвэрт гарган ажлаас нь чөлөөлсөн байна.
4.2 Т.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “...хөдөлмөрийн хортой нөхцөлд 13 жил 7 сар ажиллаж, улсад нийт 23 жил 1 сар ажилласан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг[3] гаргажээ.
4.3 Б аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр тогтоолоор[4] “Өлгий сумын оршин суугч Т.Ж-ийн хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг тус салбар зөвлөлд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд судалж үзээд түүний эрхэлж байсан гэх шатахуун түгээх станцын нефть хангамжийн агуулахын ачигч гэх ажил мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар батлагдсан “Жагсаалт, журам батлах тухай” нэгдүгээр хавсралт Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй байгаа тул хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоож” шийдвэрлэсэн байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
6. Нэхэмжлэгч Т.Ж нь “Х” ХХК-д шатахуун түгээх станц, агуулахад ачигчаар 12 жил 10 сар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012/-д заасан нөхцөл, болзлыг хангаж нөхөн тооцсон хугацаа 10 жил 6 сар, нийт 23 жил 4 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь №****** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр[5] болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор[6] тогтоогдож байна.
7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан хавсралтын 2-т “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 14 дүгээрт “...шатахуун түгээгч, буулгагч...” гэж,
7.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дүгээр “Жагсаалт, журам батлах тухай” тушаалаар баталсан хавсралтын 2-т “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 2.19-т “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/, 13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ гэж тус тус зааснаас үзэхэд шатахуун ачигч мэргэжил нь “хөдөлмөрийн хортой нөхцөл” ангилалд хамаарч байна.
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой. халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно” гэж заасан.
9. “Х” ХХК болон Т.Ж нарын байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.4-т “Хөдөлмөрийн нөхцөл: Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллана” гэж, гэрээний хавсралт[7] буюу “Ажлын байрны тодорхойлолтын 8-д “Албан тушаал /ажлын байр/-ын зорилго: Хэрэглэгчдэд шатахуун тос, тосолгооны материалыг технологийн горим зааврын дагуу түргэн шуурхай, соёлч боловсон худалдах үйлчилгээг хүргэнэ” гэж зааснаас үзэхэд дээрх журмын 1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ж нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллахаар “Х” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
10. Анхан шатны шүүхийн “...Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчин, шатахууны ачигчийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, ачигч хамаарна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
11. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2025/0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА