Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2022/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Гомдол гаргагч: “А” ХХК, 

            Хариуцагч: ОАТХ-ийн ХАХТУБ Д.Б,

           Гомдлын шаардлага: “ТУБ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Н.Д, хариуцагч Д.Б, гэрч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Н.Д нь ОАТХ-ийн ХАХТУБ Д.Б-ны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргасан.

            2. Хариуцагч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн  Ч.Н-ийн "...А" ХХК-аас барилгын материал худалдан авсан боловч төлбөрийн баримт олгоогүй тул хуулиар олгогдох 2 хувийн буцаан олголтыг олгож өгнө үү" гомдлын дагуу зөрчлийн 2125000871 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, "төлбөрийн баримт олгоогүй" үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан /төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь/ зөрчил гаргасан гэж үзээд "А" ХХК-д 3,371,894.8 /Гурван сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

            3. ТУБ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, иргэн Ч.Н, холбогдогч "А" ХХК-ийн захирал Н.Д-оос мэдүүлэг авах /Зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалын 4, 6-7/, татвар төлөгчийн харилцах дансны хуулга гаргуулан авах, өмнөх сарын борлуулалтын орлогыг тодорхойлох, хохирогч болон холбогдогчийг зөрчлийн хэргийн материалтай танилцуулах зэрэг ажиллагааг явуулсан байна.

            Гомдол гаргагч "А" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан байна.

            4. /Гомдлын үндэслэл/ Гомдол гаргагч "А" ХХК нь ОАТХ-ийн ХАХТУБ Д.Бы 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

4.1. Гомдол гаргагчаас: “Ч.Н нь иргэний үүргээ биелүүлж төлбөрийн баримт өгсөнгүй гэж буруутгаж ТХ-т өргөдөл өгсөн байдаг. Үүнд Ч.Н гуайн буруу байхгүй, иргэний үүргээ биелүүлсэн байх. Өргөдөл өгч явахдаа хаанаас, хэнээс, хэдийд ямар бараа материал авсанаа тодорхой хэлэх ёстой байсан. Энэ дагуу ТХ- шалгалтаа хийх байсан. Иргэн Ч.Н нь манайхаас авсан худалдан авалтдаа НӨАТ-ын баримт авч байсанаа зөвшөөрсөн, гомдол санал байхгүй гэсэн учраас манайхыг төлбөрийн баримт олгоогүй гэж үзэх боломжгүй” гэв.

            4.2. Зөрчил шалган шийдвэрлэхдээ зөрчлийн талаар хэрхэн тогтоогдсоныг тодорхой үндэслээгүй.

            5. Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: "Иргэн Н нь ТХ-т 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гомдол гаргасан. Энэ гомдлыг Төрийн байгууллагын албан тушаалтан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн дагуу ТХ бүртгэн авч удирдлагын цохолтоор надад шилжүүлж ирсэн. Энэ гомдол мэдээллийн дагуу эрх үүрэг, эрхийнхээ дагуу зөрчлийн хэрэг нээж шалгуулсан. Шалгалтын явцад гомдол гаргагчийн дурдсанаар төлбөрийн баримтуудыг олгоогүй болох нь тухайн мөнгө шилжсэн дүнгээр тогтоогдсон. Энэ чиглэлээр эрх үүрэг, хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажлыг хийсэн. Шалгалтын явцад гомдол гаргагч дансны хуулгаа өгсөн. Шалгалтын явцад 88.800 төгрөг, 75.000 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдсон. Нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол зөрчлийг арилгуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ. Энэ нь хуульд заасан хуулийн заалт. Үүний дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган шийдвэрлэж хариуцлага ногдуулсан. Тэгтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан өдөр 88.800 төгрөг, 75.000 төгрөгт баримт бүрдүүлж хүсэлт бичиж ирсэн. Тэр үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байсан. Мөн энэ баримтыг шаардлага хангаагүй гэж үзсэн. Танай байгууллага үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байна уу гэдгийг төрийн байгууллагын зүгээс хардаг, мэддэг, үнэлдэг. Гэхдээ энэ нь гомдлоор шийдвэрлэдэг ажил учраас гомдлыг шалгаад хариуцлага тооцсон. Хоёр төрлийн төлбөрийн баримт олгоогүй байна гэх үндсэн шалтгаан байгаа. Энэ компаниас авсан бараа материалын баримтыг Б гэх хүн өөр дээрээ авч шивсэн асуудал гардаг. Алинд нь ч баримт шивэгдээгүй, олгогдоогүй, харин бэлнээр мөнгөөр авсан гэсэн баримтыг зөрчлийн хэргийн материалд хавсаргасан. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Гэрч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2021 оны 6 дугаар сард Ар булагт зуслангийн байшин барьсан. Тэгэхдээ 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээс барилгын материал авч 40.000.000 төгрөг зарцуулсан. “А” ХХК-аас 3 сая шахуу төгрөгийн блок авсан. Манай эхнэр Б төлбөрийн  баримтыг нь авсан байсан, түүнийг нь би мэдээгүй. Манай хүү та ТХ-т гомдол гаргаж баримтаа авч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэмдэглэл хөтөлж байсан дэвтрээ хүүдээ өгч явуулсан. Үүнээс 200.000 болон 500.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад төлбөрийн баримт олгоогүй газруудыг нь гомдол гаргаад ТХ-т өгчих гэж хэлсэн. Би 75000 болон 88800 төгрөгийн худалдан авалттай холбоотой асуудлыг мэдэхгүй байна. Миний банкны картыг манай эхнэр ашигладаг байсан. ОАТХ-т энэ талаараа бичиг хийж өгсөн байх. Манай хүн одоо байхгүй гадаад руу хүүхдээ харахаар явсан. “А” ХХК-тай холбоотой төлбөрийн баримт олгоогүй асуудал байхгүй” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

            1. Гомдол гаргагч "А" ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, ОАТХ-ийн ХАХТУБ /Д.Б/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. ОАТХ-ийн ХАХТУБ Д.Б нь иргэн Ч.Н-ийн “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Зөрчлийн  тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг явуулжээ.

3. ТУБ Д.Б-аас “иргэн Ч.Н-ийн 75.000 болон 88.800 төгрөгийн тус тус худалдан авалтад “А” ХХК-аас төлбөрийн баримт олгоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №0043052 тоот шийтгэлийн хуудсаар 3,371,894.8 /Гурван сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

4. Гомдол гаргагч “А” ХХК-аас “иргэн Ч.Н-ийн эхнэр Б нь түүний Хаан банкны картаар 75000 болон 88800 төгрөгийн худалдан авалт хийсэн, худалдан авсан бараа материалаа хэрэгцээнд таарч тохирохгүй гэх үндэслэлээр буцааж, мөнгөө авсан байхад үүнд төлбөрийн баримт гаргаж өгөөгүй гэж үзэн  шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл /Шийтгэл оногдуулах шийдвэр/-ийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, ...хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”  гэж заасан.

 

4.2. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа /гадагш чиглэсэн/ шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

4.3. Хариуцагч нь иргэн Ч.Н-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлыг шалгахдаа хэдэн төгрөгт холбогдох худалдан авалтад /огноо, үнийн дүн/ төлбөрийн баримт олгоогүй талаар тодорхой тодруулж, энэ талаар баримтжуулж хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэхээр байжээ.

4.4. Иргэн Ч.Н-ийн эхнэр Б “А” ХХК-аас 75.000 болон 88.800 төгрөгийн бараа материал худалдан авсан боловч хэрэгцээнд нийцээгүй тул бараа материалыг буцааж, мөнгөө эгүүлэн  авсан  байхад /хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал 22 хуудас/ үүнийг шалгаж, нягтлаагүй байна.

4.5. Гэрч Ч.Н-ийн шүүх хуралдаанд гаргасан  “...би “А” ХХК-аас 75.000 болон 88.800 төгрөгийн худалдан авалт хийгээгүй, энэ талаар мэдэхгүй байна, манай эхнэр миний банкны картыг ашигладаг байсан, ...ОАТХ-т энэ талаараа бичиг хийж өгсөн байх...” гэх мэдүүлгээс дүгнэвэл иргэн Ч.Н-ийг “А” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 27-нд 75.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 88.800 төгрөгийн худалдан авалт хийсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            5. Хариуцагч зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, ... хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" заасныг хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд ОАТХ-ийн ХАХТУБ /Д.Б/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,  106.3.12 дахь хэсэгт заасны удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ОАТХ-ийн ХАХТУБ /Д.Б/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зөрчилд  шийтгэл оногдуулах тухай" 0043052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАТХ-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ