Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, ******* аймаг дахь -д ажилтай, ам бүл зургаа, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум, 05 дугаар (Буянт) багийн 15-49 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пз90**************29.

Холбогдсон хэргийн талаар: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “яллагдагч Б.*******г ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн төв” зах дотор хохирогч Д.ийн гээгдүүлсэн А-3 /Samsung A3/ маркийн гар утсыг олж авч, улмаар бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж хүүхдэдээ өгч ашигласан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч Д.ийн “Миний бие 2022 оны 08 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв зах дотор хичээлийн хэрэгсэл цуглуулаад явж байгаад өөрийнхөө АЗ маркийн гар утсыг алга болгосон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Тухайн гар утас нь хар өнгийн кейстэй, арын таг нь цууралттай байсан. Би тухайн гар утсыг 2017 оны 09 дүгээр сарын үед Скайтел -иас 900’000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би тухайн гар утсыг 400’000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);

- Мобиком корпораци -ийн 4/8383 дугаартай “...356303082399427 ИМЕЙ кодтой утсанд ашигласан 94645541 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэх албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 08 дугаар сарын сүүлээр миний бие ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх Баруун бүсийн төв зах дотор байх Давхар улаан захын хажуугаар явж байгаад хар өнгийн А-3 маркийн гар утас газар хэвтэж байхаар нь аваад үзтэл тухайн гар утас унтраалттай, бас дэлгэцийн шил нь хагарсан байдалтай байхаар нь гэртээ авч очоод 2-3 хоногийн дараа цэнэглээд үзтэл асаж байхаар нь зах дээр очиж дэлгэцийн шилийг нь солиулаад кэйс хийж өөрийн хүүхэд болох С.Баяр-Эрдэнэд 94645541 гэсэн дугаар хийж бариулж байтал манай хүү 2022 оны 09 дүгээр сард сургуулийн орчимдоо гээгдүүлээд алга болгосон байсан юм. Би Баруун бүсийн төв зах дотор байх Давхар улаан захын үүдний орчим доошоо харсан байдалтай цементэн дээр хэвтэж байхад нь олж авч байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг “Би хууль мэдэхгүй байдлаасаа болоод хэрэгт холбогдсон. Анх тэр утсыг олж авахад ашиглах боломжгүй дэлгэц эвдэрсэн утас байсан. Тэр утас унтарсан байсан учраас би авсан хэрвээ асаалттай байсан бол эзэнд нь буцаагаад өгчих байсан байх, хүүдээ бариулж байгаад тэр утсыг нь дахиад гээгдүүлсэн тэр утас олдоогүй, утсаар нь хохирлыг барагдуулъя гээд зах дээр хайхаар тэр утас нь олдохгүй байгаа, мөрдөгчийн зүгээс үнэлгээний компани тухайн утсыг 300’000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлсэн, яагаад ч 300’000 төгрөг хүрэхээр утас биш байсан учраас би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Би шунахайн сэдэлтээр авсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн зэргийг харьцуулан дүгнэвэл 2022 оны 08 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн төв” гэх зах дотор хохирогч Д. А-3 /Samsung A3/ загварын гар утсаа гээгдүүлсэн байна. Уг гар утсыг шүүгдэгч Б.******* нь олж аваад өөрийн хүүхэд болох С.Баяр-Эрдэнэд 94645541 гэсэн дугаар хийж ашиглуулж байсан нь нотлогдож байна.

1.2. Вендо -ийн ХЦ23-40 дугаартай “Тухайн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 321’000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар буюу шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас)-ээр хохирогч Д.д 321’000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг. Шүүгдэгч Б.******* нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор хүүхдэдээ ашиглуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч Б.******* тухайн А-3 /Samsung A3/ загварын гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн өмч адил ашиглаж, хууль бус эзэмшил тогтоосон нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинж хангагдсан байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас 321’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангажээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримтын талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх боловч прокурорын хууль зүйн дүгнэлтийг эс зөвшөөрч “...Би уг сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргасан байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Г.Сумшагайн “...Миний эхнэр Б.******* төлөв даруу зантай, зөөлөн сэтгэлтэй элдэв муухай зан ааш байхгүй гэр бүлдээ халамжтай сайн ээж сайн хань байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс нь дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялыг 4-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

3.2. Шүүгдэгч Б.******* гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

3.3. Мөрдөгч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.д 321’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Хохирогч Д. “...би гар утсанд гаргасан үнэлгээг миний утсыг олж авсан хүнээс нэхэмжлэн” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) байх ба шүүгдэгч Б.******* уг хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас 321’000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.д олгохоор шийдвэрлэв.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 321’000 (гурван зуун хорин нэгэн мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Д.д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА