Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2021/0001/З/Н |
Дугаар | 114/ШШ2021/0016 |
Огноо | 2021-11-01 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 114/ШШ2021/0016
2021 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 114/ШШ2021/0016 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2021/0001/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар
Хариуцагч: *******, *******, , т тус тус холбогдох
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13,14,16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч *******,
*******, *******, ******* нарын өмгөөлөгч Л.Оюунсувд
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгч Л.Сарангуа
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Б.Бурмаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах, С.Ундрах
Гуравдагч этгээд Д.Болормаа
Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга
Гуравдагч этгээд Ласти-интернэйшл ХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын өмгөөлөгч Л.Оюунсувдаас шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Болормаагийн нэр дээр олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах дараах үндэслэл байна. Үүнд Хан-Уул дүүргийн 2017.08.30-ны өдрийн 8942 дугаартай эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар 2,5 тэрбум төгрөгийг Ласти интернэшнл ХХК-аас гаргуулах захирамж гаргуулаад уг захирамжид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг захирамжид Болормаад 2,5 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулах тухай захирамжилсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулахдаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөнгөн хэлбэрээр төлбөрийг гаргуулах захирамжлах хэсгийг харгалзан үзэхгүй, дуудлага худалдаанд оруулах, үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээ гаргуулах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдолтой процессын үйл ажиллагаа явуулах ёстой байтал Ласти интернэшнл ХХК-ийн захирал Чимэддуламтай харилцан тохиролцоод ас 46 байрыг өгөлцөж авалцахаар тохиролцсон. Уг тохиролцсоны үндсэн дээр улсын бүртгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахаас өмнө буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.09-ний өдрийн 09396 дугаартай шүүгчийн захирамж гарсан бөгөөд уг захирамжид Ласти интернэшнл ХХК-ийн мөнгө болон эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэхээр захирамжилсан. Уг захирамж нь хүчин төгөлдөр байхад улсын бүртгэл бүртгэлийн үйл ажиллагаа хийж Ласти интернэшнл ХХК-ийн Ү-2003018160 дугаартай бүртгэлээс Дөлгөөн, Болормаа нарт салгаж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж улсын бүртгэлд бүртгэсэн.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр 2019 оны 02 сарын 20-ны өдөр явагдсан сонсгох ажиллагааны тэмдэглэлд улсын бүртгэгч Б.Хишгээ нь хэрвээ улсын бүртгэлийн хуулийн 19.4.3-т заасан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл Болормаагийн өмчлөх эрх шилжсэн нь хууль бус юм. Шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байхад иргэн Дөлгөөн, Болормаа нарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь хууль зөрчиж хийсэн үйлдэл гэж дурдсан байдаг ба энэ сонсох ажиллагааны маргааш нь буюу 2019 оны 02 сарын 21-ний өдөр Ласти интернэшнл ХХК-ийн Ү-2003018160 бүртгэлээс Болормаагийн нэр дээр гаргасан Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэн бүртгэл хийсэн байгаа нь өөрөө хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байдаг.2019 оны 02 сарын 21-ний өдөр Болормаагийн нэр дээр гэрчилгээ гарсан талаар гомдол гарч 2019 оны 03 сарын 05-ны өдөр улсын бүртгэл ерөнхий газраас шалгалт хийж шалгалтын тайланг хүргүүлсэн албан тоотын 4 дэх хуудаст Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс бүртгэл хийсэн үйлдэл нь ямар ямар хууль зөрчсөн талаар тодорхойлж заасан. Уг заалтад улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5, 19.4.2, 19.4.5, 19.4.3, 20.1.3, 20.1.8, 20.1.10-т заасан заалтууд зөрчсөнөөс гадна Эд хөрөнгийн эрхий улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-т заасан заалтуудыг зөрчсөн тухай дотоод хяналт шалгалтаар илэрдэг. Уг зөрчлийн талаар шаардлагыг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн боловч дээрх зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу тайлбар байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шүүгчийн 09396 дугаартай хүчин төгөлдөр захирамж байхад уг захирамжийг улсын бүртгэлийн ерөнхий газар хүчингүй болгож улсын бүртгэлд бүртгэсэн байдал тогтоогддог. Шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байхад улсын бүртгэл хийгдсэн нь хүчин төгөлдөр бус юм.
2019 оны 09 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 09396 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ласти интернэшнл ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх, хариуцагчийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоохоор захирамжилсан тусгай тэмдэглэл бүртгэлтэй байгаа тухай албан тоотыг хүргүүлсэн байдаг. 2019 оны 02 сарын 21-ний өдөр шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар тусгай тэмдэглэл хийсэн байхад Болормаад улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хууль бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бат-Очирын хувьд Тэмээн дэрс ХХК-ийн итгэмжлэл хурлын тэмдэглэл болон бусад баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хоёр байрны нэг нь Ай Би Эл И ХХК-ийн нэр дээр хийгдсэн гэрээ байдаг. Уг байрны хувьд итгэмжлэл аваад оролцож байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхтэй. Уг байрнуудын төлбөрийг 144 айлын орон сууцны галын дохиолол, телефон, домофон систем, интернэт, телевизийн шугамыг монтажилж угсрах ажил гүйцэтгэх гэрээгээр төлбөр төлсөн холбогдох баримтууд авагдсан бөгөөд орон сууц захиалан бариулах гэрээг Ласти интернэшнл ХХК-тай хийсэн уг гэрээний хүрээнд төлбөрийг бартераар төлөхөөр давхар гэрээ байгуулсан байдаг.Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч *******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Ласти интернэшнл ХХК-тай цахилгаан холбоо, дохиоллын ажил гүйцэтгэхээр Ай Би Эл И гэдэг компаниар ажил гүйцэтгэх нийт 75 сая төгрөгөөр гэрээ хийгээд 40 гаран сая төгрөгт байр аваад үлдсэн төлбөрийг өгөлцөж авалцахаар тохирч ажил гүйцэтгэсэн. Мөн Тэмээн дэрс ХХК-аар хана, шалны ажил хийхээр хоёр гэрээ хийгээд тус тусын ажлыг хийж гүйцэтгээд тооцоо нийлсэн актыг Оюунчимэг нэхэмжлэгчийг нягтлан байхад тооцоо нийлсэн. Дээрх хоёр гэрээний хүрээнд төлбөрөө авч чадаагүй юм. Ласти интернэшнл ХХК нь бид нарт Лхагвасүрэн гэх захирлын өр төлбөрийг хариуцахгүй гэж компанийг авсан гэж хэлдэг боловч нөгөө талдаа Болормаагийн өр төлбөрийг хариуцаад байруудыг шилжүүлээд байдаг. Шүүхээс иргэдийг болон бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаасай гэж хүсье гэв.
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: Маргаан бүхий байрыг 50 хувийн гүйцэтгэлтэй, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэл бүртгэсэн үйлдэл нь хууль бус гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул 50, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн Ласти интернэшнл ХХК-тай 2018-2019 онуудын хооронд иргэдтэй гэрээ байгуулж энэ нь баригдаж дуусаагүй болох нь тогтоогддог. Гэтэл байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт нь өөрөө 2016 оны 11 сарын 04-ны өдөр гарсан байх бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг үндэслэж улсын бүртгэл хийсэн тул мөн адил хүчингүй болох үндэслэлтэй байгаа.
Нэхэмжлэгч Соёлмаа нь Ласти интернэшнл ХХК-тай 54 тоот байрыг худалдан авахаар орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн. Тухайн үед банкнаас зээл авч байрны төлбөрийг 100 хувь Ласти интернэшнл ХХК-ийн дансанд хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Ласти интернэшнл ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй явсаар байгаад гуравдагч этгээд Болормаагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг.2016 оны 05 сарын 11-ний өдрийн барьцааны гэрээнд Соёлмаагийн 54 тоот байр анхнаасаа байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Гэтэл 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ласти интернэшнл ХХК-ийн захирал Чимэд-Дулам, Болормаа нар нь огт барьцаанд ороогүй байрыг дур мэдэн бие биедээ өгөлцөж авалцсан нь хууль зөрчсөн байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Иргэн Оюунчимэг *******т холбогдуулан иргэн Болормаагийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөрийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
2015 оны 12 сарын 31-ний өдөр орон сууц захиалгын 070 тоот гэрээ болон авто зогсоолын гэрээ байгуулсан энэ өдрөө Ласти интернэшнл ХХК -ийн захирал Лхагвасүрэнтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хорооллын 33-68 тоот 40 м2 3 өрөө орон сууцыг 90 сая төгрөгт худалдахаар тохиролцон Ласти таун гэх барилгын 10Б блокийн 14 тоот 71,46 м2 3 өрөө байр, 11 тоот авто зогсоолын хамт харилцан тооцож өгөхөөр гэрээ байгуулсан ба 2017 оны 06 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Оюунчимэг тухайн үед Ласти интернэшнл ХХК-д нягтлангаар ажиллаж байхад байр ашиглалтад оруулахын тулд олон шаардлагууд байсан бөгөөд Оюунчимэгийн байрыг барьцаанд тавих талаар асуухад зөвшөөрөөгүй гэтэл дээрх байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. Лхагвасүрэн захирал нь Монголоос гарч яваад орж ирээгүй энэ үед Батаа гэх хүн тус компанийг ажилчдыг хөөж гаргаж байгаад компанийг булааж авсан байдаг. Оюунчимэгийн байрыг 2017 онд барьцаанд тавьсан банк бус санхүүгийн байгууллагаас шүүхэд өгсөн бөгөөд тус маргаанд арга буюу эвлэрсэн бөгөөд уг эвлэрлийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байрыг албадан дуудлага худалдаа явуулж Ласти интернэшнл ХХК-ийн өмнөөс төлбөрийг бүрэн төлсөн. Иймээс 10Б блокийн 14 тоот 71,46 м.кв 3 өрөө байр, 11 тоот авто зогсоолын хамт өмчлөх эрхтэй юм.
Уг барилгын улсын бүртгэлийг хуулийн дагуу явуулсан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байсан. Уг асуудлаас болж бүртгэлийн хэлтсийн нэг ажилтан нь хүртэл ажлаасаа халагдсан ба ийм байдалд улсын бүртгэлийн хууль бус бүртгэл явагдсан. Мөн энэ талаар улсын байцаагч Ганзоригийн 705 тоот дүгнэлтэд дээрх улсын бүртгэл нь хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн байж болзошгүй байна гэж үзээд түдгэлзүүлсэн. Энэ 705 дугаартай дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. 2015 оны 06 сарын 10-ны өдөр иргэн Бат-Пүрэв гэгч хүн Ласти интернэшнл ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,5 тэрбум хөрөнгө оруулалт хийж уг 8470 м.кв талбай бүхий 144 айлын орон сууц, 1500 м.кв газрыг барьцаалж улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлсэн. Уг байранд амьдарч байгаа хүмүүсийн талаар огт мэдэхгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн гэдэг нь огт үндэслэлгүй юм. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын төрсөн эх нь хүртэл уг байрны захиалагч байдаг. Гэтэл яагаад эрх ашиг нь зөрчигдөөд байгаа иргэдтэй өнөөдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийхгүй байгаа вэ?дээрх үйлдлүүдээр Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх журам, Захиргааны ерөнхий хууль, барьцааны эрх бүртгэх журам болон тодорхой хууль зөрчиж улсын бүртгэл явагдсан учраас өнөөдөр нэхэмжлэгч нар хохироод байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан улсын бүртгэл үнэн зөв, заавал биелүүлэх зарчим алдагдсан. Иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, хуульд заасан журмын дагуу бүртгэлийг хөтлөх, нотлох баримтад үндэслэх гэдэг зарчмууд алдагдсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь хүртэл уг ажиллагааг түдгэлзүүлсэн тухай дүгнэлт гаргасан.
Захиалагч нар заавал бүртгүүлэх ёстой гэдэг тайлбар гаргасан байдаг ба захиалагч нар өөрсдөө заавал очиж бүртгүүлэх үүрэггүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн 705 тоот дүгнэлтээс гадна 2021 оны 03 сарын 31-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан уг шийдвэрт дээрх улсын бүртгэлүүд нь хууль зөрчиж бүртгэсэн байж болзошгүй нотлох баримтууд зөрүүтэй, бүрэн бус, зарим үл хөдлөх хөрөнгүүд орхигдуулсан, давхардуулсан, шүүхийн шийдвэрээс зөрүүлж бүртгэсэн байна гэх байдлуудыг үндэслэсэн. Мөн Бат-Пүрэв гэдэг хүний барьцааны гэрээ бүртгэлтэй улмаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байхад дээрх бүртгэл хийгдсэн байгаа нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Улсын бүртгэлийн 59, 60, 61 дугааруудад салгаж бүртгэхдээ улсын бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг бүртгээгүй барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй байна гэж тодорхой заасан. Бат-Пүрэв гэдэг хүний нэхэмжлэлээр Ласти интернэшнл ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилсэн захирамж гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны албан тоотод 10А байрны 58, 10Б байрны 66 айлын орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад шийдвэрүүдийг харгалзахгүй, иргэн хүний 1 тэрбум төгрөг хөрөнгө оруулсны төлөө 2,5 тэрбум төгрөгийг авсан нь олон хүний эрх, хууль ашиг сонирхол нь хөндөгдөж байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль хяналтын байгууллагуудын шийдвэрүүдийг зөрчин улсын бүртгэлийн дарга өөрчилж хөдөлгөөн хийсэн байна гэж хуульч хүний хувьд үзэж байна. Бүртгэл хууль зөрчиж хийсэн нь тодорхой байгаа тул иргэн Болормаад өмчлүүлсэн гэрчилгээнээс Оюунчимэгийн 14 тоот бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад улсын бүртгэлийн байгууллага анхнаасаа 50, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ олгож байхдаа хуулийн дагуу хийх ёстой ажиллагаануудаа хийгээд явсан бол өнөөдрийн энэ байдал гарахгүй байсан. Улсын бүртгэлийг хүчингүй болгохоос нааш Оюунчимэг болон бусад нэхэмжлэгч нарын эрх хангагдахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Энэ орон сууцыг анх ашиглалтад орсноос хойш уг орон сууцад амьдарч эхэлсэн бөгөөд Улсын бүртгэлээс гэрчилгээг гаргахгүй байгаа учраас бид нарыг өөрсдөө засвараа хийгээд ор гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймгийн харьяат мөн бөгөөд Дархан-Уул аймагт шилжиж ирэх гэхээр Ласти таун хотхонд харьяалалд шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг. Энэ байрыг улсын комисс эхний орцоор нь хүлээж авч байсан. Гэрээний дагуу хоёр дахь төлбөр хийх гэхэд уг байрны эзэн гэж олон янзын хүмүүс гарч ирээд Батаа гэдэг хүн нь бид нарыг Болормаад төлбөрөө өгвөл бид нарт хамаагүй шүү гэдэг харин дараа нь Болормаа нь гарч ирээд тэр хүнд өгвөл бид нар хариуцахгүй гэдэг тайлбар өгдөг. Манай зүгээс сүүлийн төлөлтийг хэний өмч болох нь хамаагүй сүүлийн төлбөрөө төлөхөд бэлэн байгаагаа тухайн үеийн удирдлагууд гэх хүмүүст хэлж байсан. Ингэж явж байгаад 2021 оны зун Гантулга төлөөлөгч залгаад танай байр Болормаа гэдэг хүний өмчлөлд шилжсэн та нарын Ласти интернэшнл ХХК-д өгсөн төлбөр чинь надад хамаагүй одоо 100 хувь мөнгөө төл эсвэл байраа суллаж өг гэсэн. Мөн би уг байрыг анх баригдаж эхлэхээс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хүн, нийт 49.453.0 төгрөгийг төлсөн, одоо 28.922.0 төгрөгийн үлдэгдэлтэй явж байна гэв.
Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Б.Бурмаагаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ү-2003021862 дугаарт бүртгэсэн Болормаагийн бүртгэлээс 10Б байрны 16 тоот хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 11 сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролцоод хоёр удаагийн төлбөрийг төлсөн бөгөөд сүүлийн төлбөрийг төлөх гэтэл иргэн Болормаагийн зүгээс Мөнгөнтуяад хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч нар хөрөнгийн маргаантай байгаа тул төлбөрөө хийхгүй түр хүлээж байгаарай гэсний дагуу 2019 онд Дархан-Уул аймгийн улсын бүртгэлд хандаагүй, сүүлийн төлбөрөө хийгээгүй хүлээж байсан. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд болоогүй байгаа. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн эвлэрлийг баталсан захирамжид 2,5 тэрбум төгрөг төлөх тухай асуудлыг баталгаажуулсан захирамж байгаа гэдгийг улсын бүртгэлийн хэлтэс анхаарах хэрэгтэй. Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 26.3-т Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж зааснаар шүүх талуудын тохиролцсон зүйлсийг баталгаажуулсан. Мөн хуулийн 26.4-т Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.гэж заасан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тухай заасан байдаг. Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, улсын бүртгэлийн байгууллагууд бүх шатандаа гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг шалгах ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулахдаа гэрээ байгуулсан талууд санаатайгаар мөнгөн дүн дээр эвлэрсэн. Учир нь шууд байруудыг Болормаагийн өмчлөлд шилжүүлэх дээр эвлэрвэл гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх учраас санаатайгаар мөнгөн дүн дээр эвлэрээд Ласти интернэшнл ХХК нь мөнгийг угаасаа төлж чадахгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод шилжүүлж авсан байдаг.Иргэний хуулийн дагуу гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа учраас улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан боловч тодорхой хэд хэдэн үндэслэлүүдийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан учраас Захиргааны хэргийн шүүхэд Болормаагийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээнээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Нэхэмжлэгч *******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Азбаяр би Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж урьдчилгаа мөнгийг төлж ашиглалтад орохоор гэрээ байгуулан гэрчилгээ гаргуулахаар хүлээж байсан ба тухайн 144 айлын орон сууцыг барихад хөрөнгө оруулагч Батпүрэв, Болормаа, Дөлгөөн нарын дунд хөрөнгийн маргаан үүссэн гэдэг үндэслэлээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэдийн гэрчилгээ гаргуулах өргөдлийг хүлээн авахгүй энэ байр нь Батпүрэвийн барьцаанд байгаа тул ямар ч гэрчилгээ бичих боломжгүй гэж мэдэгдэж байсан атлаа Ласти интернэшнл компанийн захирал Чимэддуламын хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулагч гэх иргэн Д.Болормаагийн нэр дээр одоо манай амьдарч байгаа байр буюу 10б-28 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан байсныг мэдсэн.Иймд аймгийн улсын бүртгэлийн Д.Болормаагийн нэр дээр бүртгэсэн Ү-2003021862 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд 50 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргуулахаар Ласти интернэшнл ХХК нь мэдүүлэг гаргасны дагуу улсын бүртгэлийн хуулийн дагуу улсын бүртгэгч хүлээн авч хянаад хуулийн 14-р зүйлд заасан мэдүүлэг хүлээн авах татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй учраас 50 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан байдаг.Тухайн үед Ласти интернэшнл ХХК-ийн хүсэлт, гэрээ, гэрчилгээ, техникийн нөхцөл, ажлын болон эскиз зураг холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Тухайн үеийн эд хөрөнгө бүртгэхэд хөтлөх журмын 4.7-д дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг анх удаа бүртгэл хийж баталгаажуулахад улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйл болон энэхүү журмын 4.3-т заасныг баримтлах бөгөөд нийт хэдэн м2 талбай бүхий барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж авна гэж заасан байдаг. Ласти интернэшнл ХХК нь 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгүүлэхээр хандсаны дагуу 50 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ бичиж олгосон байгаа.
2015 онд Ласти интернэшнл ХХК нь иргэн Бат-Пүрэвтэй зээлийн гэрээг байгуулж улсын бүртгэлд хандсаны дагуу хуулийн шаардлага хангасан тул барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн. 2016 онд иргэн Болормаа хөрөнгө оруулалтын гэрээ улсын бүртгэл бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Тухайн үед Ласти интернэшнл ХХК ямар нэгэн хөрөнгө оруулагчийн талаар дурдаагүй байсан. Ингээд 2016 онд иргэн Болормаагийн хөрөнгө оруулалтын гэрээг нэлээн юм болж байж бүртгэсэн. Ласти интернэшнл ХХК нь 2017 онд 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тул гэрчилгээ гаргаж өгөх тухай мэдүүлэг гаргасанаар улсын бүртгэлээс анх 50 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргахад авсан нотлох баримтуудыг дахин авах шаардлагагүй тул хүсэлт фото зураг өгсөн тул бүртгэсэн.Тухайн үед энэ барилгыг гүйцэтгэл нь ямар байсныг өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа иргэд бүгд мэдэж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага тухайн барилгын дотор тал нь ямар шатандаа явж байгааг мэдэх боломжгүй, хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд улсын бүртгэлийн байгууллагаас ордоггүй зөвхөн Улсын комиссын актыг үндэслэн 100 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэн гэрчилгээг олгосон.
2017 онд иргэн Болормаа, иргэн Дөлгөөн нар *******т хандахад иргэн Бат-Пүрэвийн барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа шалтгаанаар бүртгэл хийхээс татгалзсан бөгөөд иргэн Болормаа, Дөлгөөн нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж улмаар хууль зүйн яам, улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан баг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ирж ажилласан бөгөөд үүнтэй холбогдолтой гарсан дүгнэлт холбогдох баримтууд хавтаст хэрэгт бүгд авагдсан байгаа. 2019 оны 01 сарын 09-ний өдрийн улсын байцаагч Ганзоригийн дүгнэлтэд иргэн Болормаа, Дөлгөөн нарын бүртгэлийг хийхгүй татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй байна гэж үзээд Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, тасгийн дарга, ахлах бүртгэгч болон холбогдох хүмүүсийг улсын бүртгэлийн ерөнхий газар дуудаж сонсох ажиллагаа хийгдсэн. Тэр сонсох ажиллагаанд оролцож ирээд тухайн үед ажиллаж байсан тасгийн дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон холбогдох байгууллагуудын шийдвэрийг үндэслэн гэрчилгээ бичиж олгосон. Үүний дараа хяналтын улсын байцаагч Ганзоригийн 705 тоот дүгнэлт гарсан. Үүнээс хойш эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн хөдөлгөөнийг түдгэлзүүлээд өнөөдрийг хүртэл уг маргаан явагдаж байна. 50, 100 хувийн гэрчилгээг алдаатай бүртгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрахаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд батлагдсан зураг төсөл, актыг үндэслэж Барилга байгууламжийг эхлүүлэх зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4.4-т зааснаар байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг захиалагч байгууллага 3 дугаар хавсралтын дагуу баримтуудыг ирүүлж байж ажиллуулах заалттай. Уг баримтад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт, гүйцэтгэх байгууллагын баталгаа, ил, далд ажлын актууд бүгд бүрдсэн байсан. Иймээс манай байгууллагын зүгээс хуулийн дагуу улсын комиссыг бүрдүүлэн, комисс ажиллуулж, гишүүд дүгнэлтээ гарган актыг үйлдэж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
Гуравдагч этгээд Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа Ласти интернэшнл ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, уг гэрээгээр Ласти интернэшнл ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 11 баг, 13 дугаар хороололд баригдах 144 айлын нийт 8470 м.кв талбай бүхий орон сууцанд тэргүүн ээлжинд ашиг авахаар гол нөхцөлөө тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Ласти интернэшнл ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 03 сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан, мөн л дээрх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тул дахин хугацааг сунгасан. Сүүлд 2015 оны 10 сарын 14-ний өдөр эцсийн байдлаар буюу 2016 оны 03 сарын 11-ний өдөр эцсийн хугацааг зааж, хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад барьцааны гэрээг байгуулж, барьцааны гэрээнд баригдаж буй ас нэр бүхий 46 орон сууцыг барьцаалсан. Уг барьцааны гэрээндээ барьцаалагчийн зөвшөөрлөөр худалдан борлуулсан үнийн дүнг хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн дүнд оруулахаар тохиролцсон. Уг гэрээний үүрэг мөн биелэгдээгүй тул 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаад талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2,5 тэрбум төгрөг өгч, авалцахаар эвлэрч шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Захирамжийг мөн адил биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болж тус албанд ажиллагаа явуулж төлбөр төлөгч, төлбөр авагч нар орон сууцны м.кв-ын үнийн дүнг тохиролцон 10А блокоос 20 орон сууц, 10Б блокоос 24 нийт 44 орон сууцыг өгч авалцахаар харилцан тохиролцсон боловч 2018 оны 05 сарын 14-ний өдрөөс хойш төлбөр төлөгч, төлбөр авагч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд удаа дараа Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэх талаар хүсэлт өгсөн боловч биелүүлэхгүй байсан. Ингээд бид улсын бүртгэлийн ерөнхий газарт хуульд нийцээгүй шаардлагаар улсын бүртгэл хийж өгөхгүй байгаа талаар гомдол гаргасны эцэст иргэн Д.Болормаагийн өмчлөлд 2019 оны 02 сарын 21-ний өдөр Ү-2003021861, Ү-2003021862 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 10А блокоос 20 орон сууц, 10Б блокоос 24 орон сууц нийт 44 айлын орон сууцыг шилжүүлсэн байгаа.
2014 оны 09 сарын 03-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй нийт 144 айлын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 сарын 02-ны өдөр улсын комиссоос 100 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 13 дугаар маягт, 2018 оны улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын захирамжтай маягтыг харахад уг маягтад орон сууц захиалгын хэлцэл бүртгэл эсэх талаар, хэлцэлд юу юу дурдсан болон ямар шаардлагыг хангасан талаар судлахад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.8-т заасны дагуу шалгаж үзэхэд нэхэмжлэгч нарын яриад байгаа байрууд улсын бүртгэлд бүртгэлгүй байсан. Бид орон сууцанд амьдарч байгаа иргэдийг орон сууц чөлөөлөх талаар нэхэмжлэлийг холбогдох шүүхэд өгөхөд янз бүрийн гэрээ хэлцэл гарч ирсэн. Нэхэмжлэгч нарын захиалгын гэрээ бидэнд орон сууцны өмчлөл шилжиж ирэх үед байгаагүй. Орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар янз, янзын гэрээ гарч ирсэн боловч тухайн гэрээнүүд бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. 10Б блокийн 27 тоот Мөнгөнтуяа, 10А блокийн 47 Нацагдорж, 10А блокийн 54 тоот Соёлмаа гэх иргэд төлбөрөө төлсөн гэдэг боловч нотлох баримт байдаггүй. 10А блокийн 05 тоот Бат-Очир мөн адил холбогдох шүүхүүдэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. 10Б блокийн 25 тоот Төрмөнх захиалгын гэрээ хийсэн гэдэг боловч ямар нэгэн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нараас бид нар төлбөртөө шилжүүлсэн гэдгийг мэдээгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхийг мэдээгүй гэдэг үндэслэл нь Иргэний хуулийн 3.7-д зааснаар хууль мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Анхны хөрөнгө оруулагч нь Болормаа мөн бөгөөд боссон газрыг юу ч үгүй байхад л хөрөнгө оруулсан байдаг ба хуульд заасны дагуу Болормаагийн нэр дээр гарсан улсын бүртгэл хүчингүй болох үндэслэлгүй юм. Бат-Пүрэвийн барьцаанд уг байгаа нь үнэн гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1-т барьцааны зүйлийн өмчлөгч хэн байхаас үл хамааран барьцаалагчийн хувьд барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Иргэний хуулийн 106.2-аар шаардах эрхгүй гэж тайлбарлаж байх боловч 106.10-аар Болормаагийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн учраас шаардах эрхтэй гэж үзэж байна. Бид нарын зүгээс 2020 оноос хойш нэхэмжлэл гаргаад нэр бүхий 44 байруудтай маргаан үүсээд явж байна. Бусдад үүрэг болгоод байгаа бол өөрийнхөө эрх, ашгаа хамгаалж болоогүй юм бэ? Бид нар Иргэний хуулийн 110-т зааснаар Болормаа өмчлөгч мөн бөгөөд 106 дугаар зүйлд зааснаар ч шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нар мөнгөн төлбөр гарсан байхад орон сууцыг төлбөртөө өгсөн нь хууль бус байна гэж маргаж байна төлбөр төлөгч нь төлбөрт өгөх мөнгөгүй болоод бусад эд хөрөнгөөр төлсөн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Гуравдагч этгээд Ласти интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяраас шүүх хуралдаан дээр гаргасан бие даасан шаардлага болон тайлбартаа: Ласти интернэшнл ХХК нь Газрын харилцаа, хот байгуулалтын газрыг хариуцагчаар татсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь манай компанийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум 11 баг, 13 дугаар хороололд байрлах 10А, 10Б блокийн 8470 м2 талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр, 2016 онд 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Энэ улсын комиссын акт нь 2016 оны 11 сарын 02-ны өдөр үйлдэгдсэн мөртлөө тус актад 2016 оны 11 дүгээр 03-ны өдөр барилгын талбай дээр ажиллаж хүлээж авсан нь хууль зөрчиж байна. Бид улсын бүртгэлд Ласти интернэшнл ХХК-ийн 50, 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан баримт бичигт үзлэг хийхэд 4 давхар каркастай д 50 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ олгосон Дархан-Уул аймгийн улсын бүртгэл нь барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4.12-ын 3.1-т байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж улсын комисс дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл уг заалтыг зөрчсөний улмаас олон оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна.
Нэхэмжлэгч Сарнайцэцэг 2017 оны 12 сарын 24-ний өдөр надтай гэрээ хийж дотор засал дутуу байсан ажлуудыг өөрсдөө гүйцээж байрандаа ороод гарсан зардлыг орон сууцны нийт үнийн дүнгээс хасаж тооцуулсан энэ гэрээнүүд надад эх хувиараа байна. Улсын комисс ажиллахдаа зөвхөн эхний орц буюу 32 айлын орон сууцыг үзээд цаад талын орцуудаар орж танилцаагүй. Би 2017 оны 12 сарын 07-ны өдөр ажил авахад тус байр гадна болон дотор засал дутуу байсныг худалдан авагч нартай цонх, хаалга, цахилгаанаа өөрсдөө хийж ороод байрны үнийн дүнгээсээ хасуулаарай гэсэн гэрээ хийсэн. Манай компанийн урдах захирлууд үндсэндээ залилангийн хэрэг хийсэн хүмүүс бөгөөд уг хэрэгт нь цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Болормааг тухайн байрны өмчлөгчөөр бүртгүүлэхэд байруудад хүн байгаагүй гэж тайлбарлаад байна нэхэмжлэгч нар тухайн цаг хугацаанд амьдарч байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдоно. Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа, хот байгуулалтын газрын алдаатай гарсан актуудаас болж энэ маргаан үүссэн, бид 2017 оны 12 сарын 07-ны өдөр ажил хүлээж авахад байгууламжийг улсын комисс хүлээж авсан талаар огт мэдээгүй байсан.Чимэд-Дулам захирал бид нар 2018 оноос шүүхийн маргаанд оролцоод улсын комиссын актыг мэдсэн. Улсын комиссын акт өөрөө хууль зөрчсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна улсын комиссын актыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Батпүрэвээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Ласти интернэшнл ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1 500 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрөө 2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба тус гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай гэрчилгээний 0003390077 дугаартай Дархан сумын 11 дүгээр баг 13 хороолол хаягт баригдахаар болсон 144 айлын 8470 м2 талбай бүхий орон сууц, мөн нэгж талбарын 080100761 дугаартай Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол хаягт байрлах 1500м2 газрыг тус тус барьцаалсан бөгөөд миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны барьцаалагч болсон.
Барьцааны зүйл болох орон сууц нь одоогоор барьцаанаас бүрэн чөлөөлөгдөөгүй, зээлдэгч болох Ласти интернэшнл ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул О.Батпүрэв миний зүгээс барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй байгаа болно. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хоёр дахь барьцаалагч болсон Д.Болормаа нь анхны барьцаалагчийн шаардлага хангагдаагүй байхад Ласти интернэшнл ХХК-тай эвлэрч үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан барьцааны гэрээгээр хангагдах шаардлагыг гэрээ байгуулсан дараалал буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн дарааллаар хангана гэж тус тус заасныг зөрчиж, О.Батпүрэв миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан байдаг. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр шилжилт хөдөлгөөнийг зогсоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түдгэлзүүлсэн.
Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Болормаагийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл нь хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Сарнайцэцэгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ам бүл 9, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 14 тоотод 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл оршин сууж байгаа. Анх 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөгөө талаас Г.Одбаяртай гэрээ байгуулж байрны урьдчилгаа Ц.Батаагийн 5085211847 дансанд 2 500 000 төгрөг хийж байранд өөрсдөө 1 150 00 төгрөгний засвар хийж орсон үүнээс хойш Ц.Батаагийн дансанд бага багаар хийсээр байгаад нийт 8 500 000 төгрөг шилжүүлсэн ба Одбаяраас одоо мөнгө хийж болохгүй гэж хэлсэн хэсэг хугацааны дараа одоо Д.Болормаатай гэрээ хий гэснээр 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, мөнгөө хийхгүй 10 сар болсны дараа Д.Болормаа мөнгө хийхгүй бол байрнаас гаргана гэж дарамталж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж өдөр бүр 5130018004 тоот дансанд 100 000 төгрөг хийсээр явж байгаа.
Гэтэл одоо дахиад Оюунчимэг гэдэг хүн гарч ирж байна энэ өмч хөрөнгийн маргааны дунд манай гэр бүл маш том хохирч байна. Анх энэ байранд орохдоо Дархан-УУл аймаг Дархан сум 16 дугаар баг 12-21 тоот 2 өрөө байраа зарж шинэ байранд орлоо гэж бодон орсон. Нийгэм ямар байгаа билээ би 7 хүүхэд өсгөж хүмүүжүүлэн 4 хүүхдийнхээ сургалтын төлбөр банкны зээл байрны мөнгө гээд маш их юм байна. Дахин дахин хохирмооргүй байна. Өмнө нь өгсөн 8 500 000 төгрөгөө авч чадаагүй байхад дахин Д.Болормаа гарч ирсэн. Одоо миний зүгээс байрны гэрчилгээгээ хурдан авч мөнгөө өгч дуусгах үлдэж байна. Энэ хэргийг шийдтэл мөнгөө төлөхгүй түр зогсоосон гэтэл Д.Болормаа мөнгө хийхгүй байвал байрнаас чинь хөөж гаргана гэсэн. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нараас Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13,14,16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай, гуравдагч этгээд Ласти интернэшнл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнээс барилгын анхны бүртгэл 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлэн тодорхойлжээ.
Тус шүүхэд нэхэмжлэгч Т.Ням-Очир, Д.Манжлхам, *******, Б.Баярсайхан, *******, *******, ******* нар нь хамтдаа, нэхэмжлэгч *******, *******, ******* нар тус тусдаа нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэргүүдийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 69, 70 дугаар шүүгчийн захирамжаар тус тус нэгтгэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч Т.Ням-Очир, Д.Манжлхам, Б.Баярсайхан нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар 114/2021/001/З индекстэй хэргээс Т.Ням-Очир, Д.Манжлхам, Б.Баярсайхан нарт холбогдох хэсгийг тусгаарлаж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Нэг.Ласти интернэшнл ХХК-ийн барилгыг 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ласти интернэшнл ХХК /РД:5613914/ нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах 10А, 10Б байрны 144 айлын 8470 мкв талбайтай орон сууцыг анх 2014 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгүүлж, 000339007 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, мөн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өөрчлөлтийг бүртгүүлж 000536683 дугаарын гэрчилгээ олгогдсон, мөн өдөр 1037,46 м.кв 18 орон сууцыг хэсэгчлэн салгаж 10А байрны 60, 10Б байрны 66 орон сууц 7432,54 м.кв талбайгаар, 2017 оны 08 сарын 29-нд 7310 м.кв талбай бүхий 10А байрны 58, 10Б байрны 66 орон сууц бүртгэлтэй үлдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд /тус компанийн 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын/ нь 2014, 2017 онд тус тус олгогдсон байх ба нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнээс дээрх хугацаанаас хойш буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд /4-7 жилийн/ энэхүү бүртгэл болон гэрчилгээний талаар холбогдох байгууллагуудад хандаж гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээс улсын бүртгэлийн газрын хувийн хэрэгт үзлэг хийх явцад энэхүү ноцтой баримтыг мэдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь үндэслэлгүй. Учир нь тус шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-нд захиргааны хэрэг үүсгэсэн үеэс хавтаст хэрэгт хариуцагч, гуравдагч этгээд нараас нотлох баримтуудыг гаргаж өгсөн, хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцсан үед ч маргаан бүхий актууд хавтаст хэрэгт авагдсан байсан нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгтэй танилцсан баримт зэргээр нотлогдож байх ба маргаан бүхий актыг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Ласти интернэшнл ХХК-ийн барилгыг 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хоёр. 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 144 айлын орон сууцны барилгыг захиалагч байгууллага болох Ласти интернэшнл ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1-11 тоот мэдэгдлийн дагуу газар дээр нь шалгаж, ашиглалтад оруулах тухай улсын комиссын шийдвэрээр тухайн барилгыг ашиглалтад авахаар тогтсон тухай актыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэн комиссын бүрэлдэхүүн гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 1.2.3-д байгууламжийг ашиглалтад оруулах гэж байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж баталгаажуулан, актын дугаар, байгууламжийн паспорт олгосноор тухайн байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг, 4.1-д Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааны явцад байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллана, 4.2-т ...заасан бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна, 4.4-т байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч ... комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагад хүргүүлнэ гэж, мөн 4.12.2-т комиссын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана.Энэхүү шийдвэр нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна, 4.12.7-д комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа ...актад гарын үсэг зурж баталгаажуулна гэж тус тус заажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Барилга, хот, байгуулалтын газар нь дүрмийн дагуу байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулан, комиссын гишүүд нь дүгнэлтээ гарган шийдвэрлэн баталгаажуулах үйл ажиллагаанд Захиалагч байгууллага болох Ласти интернэшнл ХХК-ний захирал А.Лхагвасүрэн, хяналтын инженер М.Бадамдорж нар нь байлцаж, тайлбаргүйгээр гарын үсгээ зурж, актыг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулан улмаар 100 хувийн гүйцэтгэлтэй Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байр 1-71 тоот, 10Б байр 1-72 тоот /нийт 144 айл/ 8470 мкв талбайтай орон сууцны зориулалттай 9 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ү-2003018160 дугаар бүртгүүлж 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 000536683 дугаарын гэрчилгээгээ авсан байна.
Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ласти интернэшнл ХХК нь дээрх актын талаарх гомдлоо хариуцагч Газрын харилцаа, т тухайн үед гаргасан байх ба хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1090 дугаарын албан тоотоор 16/2016-П дугаартай комиссын актыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг хүргүүлж байсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр 144 айлын нийтийн орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссын актыг хүчингүй болгуулахаар газрын албанд хандаж, хариуг авсан гэж тайлбарласнаас үзэхэд гуравдагч этгээд Ласти интернэшнл ХХК нь маргаан бүхий актыг 2018 онд мэдсэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагад гомдлоо гаргаж, гомдлын хариуг хүлээн авснаас хойших хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасантай нийцээгүй байна.
Иймд дээрх шаардлагуудыг дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнийн Ласти интернэшнл ХХК-ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Одбаярын 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гурав. Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13,14,16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахшаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь Аймгийн Улсын бүртгэлийн газарт 2020 оны 02 дугаар сарын 18-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн Ү-200321861, 200321862 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай, 2020 оны 11 сарын 10-ны өдөр Ласти интернэшнл ХХК дээр гаргасан 26 байрны Ү-2003018160 дугаар, ... иргэн Болормаагийн нэр дээр гаргасан 44 байрны Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цуцалж гэрчилгээг хүчингүй болгуулах талаарх гомдлоо тус тус гаргаж байсан байх ба Улсын бүртгэлийн газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний 1579 тоотоор, нэхэмжлэгч *******өд 2021 оны 07 сарын 26-ны 678 дугаар албан тоотоор тус тус хариуг хүргүүлсэн байна
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28 өдрийн 012 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 144 айлын 9 давхар орон сууцны А блок 5 давхарт 54 тоот 59,84 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан төлбөрийг 100% төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг түүний өмчлөлд гаргаж өгөх болзолтойгоор тохиролцсон ба орон сууцны төлбөрийг Ласти интернэшнл ХХК-ийн ХХБанкны 464004610 тоот дансанд 2014 оны 06 сарын 30-нд 17,000,000 төгрөг, мөн 2014 оны 11 сарын 19-нд 50,219,200 төгрөг тус тус төлж төлбөрийг гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн,
Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 24 нд Орон сууц захиалгаар бариулах 039 тоот гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 26 нд Ажил үүрэг гүйцэтгэх гэрээний дагуу Авто кран /Камаз маркийн 74-65 УНЛ/ нийлүүлж бүрэн ажиллуулан ажлын хөлсөнд Дархан сумын 11-р багийн "Ласти Таун хотхоны А блок 3 дугаар давхрын 47 тоот 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцож,
Нэхэмжлэгч Тэмээн дэрс ХХК /*******/ нь Ласти интернэшнл ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр Ажил гүйцэтгэх 15-01/001тоот гэрээ байгуулж, гэрээгээр Тэмээн дэрс ХХК нь тус компанийн барьж байгаа Ласти таун орон сууцны хотхоны орон сууцны хар шал цутгалт, хана угсрах ажлыг хийх, Ласти интернэшнл ХХК нь ажлын хөлсөнд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 давхар 144 айлын орон сууцны 10А блок, 1-р орц, 5 тоотод байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна, мөн Ай Би Э фЭй ХХК Ласти интернэшнл ХХК-ийн хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* Ласти компанийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, тус гэрээний хавсралт зэргээр Ласти интернэшнл ХХК нь Тэмээн дэрс ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 26.760 төгрөг, А Би Э фЭй ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөн 15340000 төгрөгийн авлага нийт 41100000 төгрөгийн төлбөрт мөн байрны Б блокийн 13 тоот 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон,
Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооллын 33-68 тоотын 40 м.кв, 3 өрөө бүхий орон сууцыг 90 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг орон сууцны үнэд Ласти интернэшнл ХХК нь Дархан-уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хорооллын Ласти Таун хотхоны Б блокын 14 тоот 71,46 м.кв талбай бүхий 3 орон сууцыг, тус байрны 11 тоот авто зогсоолыг тус тус тооцож өгөхөөр 70 тоот Орон сууц захиалгын гэрээ, 11 тоот авто зогсоол захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан байна.Ласти интернэшнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн хүсэлтээр ББСБ-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хорооллын 33-68 тоот орон сууцыг барьцаалж зээл авч өгсөн ба Ласти интернэшнл ХХК-ийн захирал уг зээлийг төлж үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхийн шийдвэрээр барьцааны зүйл болох *******ийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 хороолол, 33 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хураан авч, байраа чөлөөлжээ.
Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 84 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Дархан сумын 11-р баг, 13 хороолол 144 айлын 9 давхар орон сууцны Б блокын 28 тоот 62,7 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан төлбөрийн урьдчилгаанд 15 сая төгрөгийг төлсөн,
Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр 90 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр мөн 144 айлын 9 давхар орон сууцны 10Б байрны 16 тоот 62,7 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан, 2016 оны 11 сарын 8 нд 24,453,000 төгрөг, 2017 оны 11 сарын 22-нд 25 сая төгрөг нийт 49,453,000 төгрөгийг төлсөн,
Нэхэмжлэгч ******* нь Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 51 дүгээр орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 10А байрны 25 тоот 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 100 хувь бартер нөхцөлтэйгөөр тохиролцож, тус тус гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч нарын орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөнгө төлсөн болон ажил гүйцэтгэсэн баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нар нь Ласти интернэшнл ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсан гэж, Ласти интернэшнл ХХК-ийн одоогийн захирал Чимэддулам нь нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулаагүй нь компанийн хуулгаар нотлогдож байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд Ласти интернэшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.6-д ...төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэгтэй, 4.1-д гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх хуваарийн дагуу гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй, 5.1-д ...байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө, 5.2-д ...захиалагч тал нь 100 хувь төлбөрөө хийсэн тохиолдолд байрыг нэг бүрчлэн үзэж шалгасны үндсэн дээр орон сууц хүлээлгэн өгөх ба авах тухай актад гарын үсэг зурснаар байрыг захиалагчийн эзэмшилд, ашиглалтад хүлээлгэн өгсөнд тооцногэж, мөн ажил үүрэг гүйцэтгэх гэрээний 3.4-т захиалагч тал нь гэрээний үнэд шилжүүлж буй орон сууцыг барьж дуусган, мөн гүйцэтгэгч талын ажлыг актаар хүлээлцэж эрх бүхий ажилтан гарын үсэг зурсныг үндэслэж бүрэн шилжүүлнэ гэж тус тус тохирсон байх боловч Ласти интернэшнл ХХК-нь нэхэмжлэгч нарт орон сууц болон авто зогсоолыг түүний эзэмшилд хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх талаар тухайн компанид хандаж гомдлоо гаргаж, гэрээгээ дүгнүүлээгүй, тухайн орон сууцанд 2016 оноос хойш амьдарч байгаа, өмчлөгч гэж маргаж байх ба дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр болон Ласти интернэшнл ХХК-нь Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10а, 10б байрны 144 айлын орон сууцны барилгыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхдээ нотлох баримтаар хавсарган өгсөн Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад нэхэмжлэгч нарын нэр байхгүй байгаагаас гадна Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Улсын бүртгэлийн газрыг буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор баталгаажна гэж зааснаар тухайн орон сууцын а 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулах байжээ.
Гуравдагч этгээд Ласти интернейшнл ХХК-нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байр 1-71 тоот, 10Б байр 1-72 тоот /нийт 144 айл/ 8470 м2 талбайтай орон сууцны зориулалттай 9 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж 000536683 дугаарын гэрчилгээ авсан байна.
Улмаар Д.Болормаатай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №1 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээгээр 144 айлын 8470 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай д 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогыг тэргүүн ээлжинд ашиг авахаар тохиролцсон байх ба гэрээг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус тус сунгаж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай барьцааны гэрээгээр дээрх баригдаж буй орон сууцны ас 1м2 талбайг 750 000 төгрөгөөр тооцон гэрээний хавсралтад заасан нийт 2667,22 талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалагчид барьцаалахаар тохиролцож, барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.
Ласти интернейшнл ХХК-нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 183/Ш32017/08942 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Ласти интернейшнл ХХК-аас 2 500 000 000 төгрөгийг Д.Болормаад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18290056 дугаар тогтоолоор үүсгэж, Ласт интернэшнл ХХК-ийн захирал Т.Чимэддуламаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрт заасан 2 5000 000 000 төгрөгийн төлбөрт тооцон эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй 10А, 10Б байрны 144 айлын үл хөдлөх хөрөнгөөс төлбөрт шилжүүлэх 44 байрны орон сууцны жагсаалтыг үйлдэн өмчлөх эрхийг Д.Болормаад шилжүүлж, гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох тухай хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгээр ... Ласти интернэшнл ХХК-ийн өмчлөлийн 144 айлын үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад дурдсан орон сууцуудын захиран зарцуулах эрхийг сэргээж, 44 байрны өмчлөх эрхийг Д.Болормаагийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэх тухай *******т мэдэгдэж, улмаар Д.Болормаагийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй Ласти интернэшнл ХХК-ний өмчлөлийн орон сууцнаас Д.Болормаагийн өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт 10А байрны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот орон сууц, Ү-2003021862 дугаарт 10Б байрны 6, 9, 13, 14, 16, 27, 28, 29, 39, 41, 42, 43, 46, 51, 52, 60, 61, 62, 64, 65 тоот орон сууц буюу нийт 2581,38 м.кв 44 орон сууцыг салгаж бүртгэгдсэн, түүнээс хойш өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл байхгүй, 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрх сэргээх тусгай тэмдэглэл тус тус бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Дээрх орон сууцуудыг Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө Ласти интернэшнл ХХК-ийн өмчлөлд байх үед /Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10А байр 1-71 тоот, 10Б байр 1-72 тоот нийт 144 айл 8470 м2 талбайтай орон сууцны зориулалттай 9 давхар үл хөдлөх эд хөрөнгө/ Д.Болормаа болон Ласти интернэшнл ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс, шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно гэж заасан бөгөөд барьцаалагч,барьцаалуулагч талууд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах талаар тухайлан тохиролцох эрхийг олгосон байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаалагч болон барьцаалуулагч нар тохиролцож, хүсэл зоригийг илэрхийлж гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн, гуравдагч этгээд Д.Болормаагийн гаргасан мэдүүлгийн дагуу Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын Ласти таун 10А блокийн 05, 25, 47, 54 тоот, 10Б блокийн 13,14,16, 28 тоот орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд Д.Болормаагийн өмчлөлд бүртгэсэн нь хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлж гарсан хууль тогтоомжид нийцсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа... гэж заасныг зөрчөөгүй, хариуцагч нь хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж гарсан шийдвэрүүд гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим нь захиргааны байгууллагаас түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж буй байдлаар хэрэгжихээс гадна хариуцагч нь хуулиар хориглосон хориглолтыг зөрчихөөс татгалзаж, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлснээр мөн илрэх боломжтой юм.
Шүүхээс Ү-2003018160 дугаартай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын байгуулсан гэх захиалгын гэрээ авагдаагүй, нэхэмжлэгч нараас уг гэрээг байгуулсан талаараа улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016 дугаар актад хавсаргаж хүргүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад 18 иргэний нэр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэрс бичигдээгүй, байхгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нарт тухайн орон сууцыг өмчлөх эрхтэйг нотлох баримт байхгүй, маргааны зүйл болж байгаа орон сууцыг эзэмшилдээ байлгаж, амьдарч байгаа боловч үл хөдлөх өмчлөх эрх үүссэн, шилжсэн гэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2-д мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй гэж заасантай нийцсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд 2019 онд Д.Болормаагийн орон сууцыг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авах үед мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, тухайн орон сууцны өмчлөгчийн тухай мэдээлэл хариуцагч бүртгэлийн байгууллагад ирээгүй, мэдээгүй мэдэх боломжгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээд О.Батпүрэв нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10 дугаарын 1.500.000.000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгний зээлийн, 2015/06/10А дугаарын барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ласти интернэшнл ХХК-нь давхар барьцааныы гэрээ байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35.2-д заасны дагуу зээлийн барьцааны гэрээний 8-д өмнөх барьцааны тухай оруулж өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өмнөх барьцаалагч болох О.Батпүрэвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. О.Батпүрэв нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан сумын 11 багийн 13 дугаар хорооллын 10а байрны 1, 37, 38, 57, 72 тоот, 10б байрны 4, 37, 38, 57 тоот бүгд 9 байрны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020723 дугаарт бүртгүүлж, тус тус гэрчилгээ олгогдсон байна.
Нэхэмжлэгч нар нь Ласти интернэшнл ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээнүүдийн дагуу орон сууцны төлбөрийг тус тус шилжүүлсэн, ажлуудыг хийж гүйцэтгэж дууссан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нар нь өөрийн захиалгын гэрээ бүхий эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлсэн болон хамаарахгүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь хууль бус гэж үзвэл, буруутай этгээдүүдэд холбогдуулж гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Түүнчлэн энэ хугацаанд маргаанд хамаарах бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй зарим орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор орон сууц захиалагч иргэдээс маргаж, шүүхээр шийдвэрлэгджээ.Тухайлбал нэхэмжлэгч ******* /Тэмээн дэрс ХХК/ Ласти интернэшнл ХХК-д холбогдуулан 10б байрны 13 тоот буюу гуравдагч этгээд Д.Болормаагийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021862 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3089 шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгч *******оос 10а байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдийн 1074 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ч.Сарнайцэцэгээс Ласти интернэшнл ХХК-д холбогдуулан 8 500 000 төгрөгийг гаргуулахаар маргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 00753 дугаар шийдвэрээр Ч.Сарнайцэцэгт 8.500.000 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэгджээ.
Харин нэхэмжлэгч *******ээс Ласти интернэшнл ХХК, Д.Болормаа нарт холбогдуулан 10б байрны 14 тоот орон сууц, 11 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай, нэхэмжлэгч *******гаас 10а байрны 54 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлээ тус тус Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага
ТОГТООХ нь
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнийн *******т холбогдуулан Ласти интернэшнл ХХК-ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Одбаярын ******* , т холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9, 30 дугаар зүйлийн 30.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Болормаагийн нэр дээр олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13,14,16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 351000 /гурван зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 280800 төгрөгөөс 70200 төгрөгийг гуравдагч этгээд Ласти интернэшнл ХХК-д, үлдэх 210600 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА