| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0211/3 |
| Дугаар | 221/МА2025/0388 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2025/0388
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С” ХХК
Хариуцагч НХААГ
Хариуцагч НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагч НЗДТГ
Гуравдагч этгээд Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НХААГ-ын шийдвэр, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгож, “С” ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 03/*** тоот мэдэгдэл, Б дүүргийн **, ** хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн НЗДТГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024*********** дугаартай Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг тендерээс татгалзаагүй НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0291 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, О.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ө
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 128/2025/0211/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь НХААГ, НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороо, НЗДТГт тус тус холбогдуулж “НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НХААГ-ын шийдвэр, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгож, “С” ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 03/*** тоот мэдэгдэл, Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн НЗДТГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024*********** дугаартай Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг тендерээс татгалзаагүй НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0291 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан НХААГ-т холбогдуулан гаргасан НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НХААГ-ын шийдвэр, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгож, “С” ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад Э ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хүчингүй болгуулах, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийн тендерээс татгалзаагүй НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд даалгах, НЗДТГт холбогдуулан гаргасан 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн НЗДТГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024*********** дугаартай Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй заасныг баримтлан *** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж шийдвэрээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Тухайлбал, маргаагүй асуудал болох нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг шаардлага хангасан эсэх талаар хэлэлцэж (нэхэмжлэгчийн инженер Э.П шаардлага хангаж байгаа эсэх гэх мэт) тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “Үндэслэх нь хэсгийн 8-д ...Гуравдагч этгээдийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн баримтуудыг тендертээ хүргүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул сүүлийн 3 жилийн аль нэг жилд тухайн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй үндэслэлээр татгалзах байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Тендерт шалгарсан “Э” ХХК нь Тендерийн баримт бичгийн 19.1, 19.2-д Техникийн чадавх болон туршлагын шаардлага “Үүнд: хүний нөөцийн шаардлага хангаагүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагатай холбоотой баримт ирүүлээгүй” хангаагүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа бөгөөд энэ нь үндэслэлтэй болох нь дараах байдлаар тогтоогдоно.
Тэдгээрт хариуцагч, гуравдагч этгээд тайлбар өгч чадаагүйгээс гадна анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн эдгээр маргааныг няцаасан дүгнэлтийг үйл баримтын хувьд ч, хууль зүйн үндэслэлийн хувьд ч огт хийгээгүй.
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт ирүүлээгүй тухайд: Тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ийн 3-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг харуулах дараах баримт бичиг ирүүлнэ.
Үүнд: Оролцогчийн туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4,6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, Комисс хүлээж авсан акт эсхүл дүгнэлтийн хуулбар, Захиалагчийн тодорхойлолт (тухайн тендерт шалгаруулалтад зориулж, тендер зарласан өдрөөс хойш захиалагчаас авсан тодорхойлолт ирүүлнэ” гэж тодорхой заасан байна.
Гэтэл тендерт шалгарсан “Э” ХХК нь дээр дурдсан баримтуудаас Захиалагчийн тодорхойлолт (тухайн тендерт шалгаруулалтад зориулж, тендер зарласан өдрөөс хойш захиалагчаас авсан тодорхойлолт ирүүлнэ)-ыг ирүүлээгүй. Тийм ч учраас Сангийн яам манайхаас гаргасан гомдлыг хянаад, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/*** дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгажээ.
Гэтэл тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ “Э” ХХК-ийн ирүүлээгүй баримт бичиг буюу Захиалагчийн тодорхойлолт, тодруулгыг Эрчим хүчний яамнаас нөхөн авч шийдвэр гаргасан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25.3-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй” гэж заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөлгүйгээр, шаардлагад нийцсэн баримт ирүүлсэн гэж үзэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Хүний нөөцийн шаардлага хангаагүй тухайд: Тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 1-д “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл. Үүнд: 1. Ерөнхий инженер 2. Цахилгааны инженер 3. Барилгын инженер 4. Реле хамгаалалт автоматикийн инженер 5. Хэмжилт туршилт тохируулгын инженер 7. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан” гэжээ.
Үүнээс харвал 7 өөр төрлийн инженертэй байх шаардлага тавигдсан. Гэтэл тендерт шалгарсан “Э” ХХК-д 4. Реле хамгаалалт автоматикийн инженер 5. Хэмжилт туршипт тохируулгын инженер байхгүй, тэдгээрийн оронд Цахилгааны инженер Д.Э /Энэ нь тусдаа Цахилгааны инженер гэдэгт орж байгаа/, Цахилгаан, электрон болон инженерийн хөтөлбөр төгссөн С.Ч нарыг санал болгожээ.
ТШЗ 19.1-ийн 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: ... Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг тухайн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” Энэ асуудлаар Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай хурлаар хэлэлцэж дээрх 7 өөр төрлийн инженерийг тусгахаар шийдвэрлэж, үүний дагуу тендерийн баримт бичиг боловсруулсан. Түүнчлэн, НХААГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/**** дугаар албан бичгээр Сонирхогч этгээд нарт Тодруулгын хариу хүргүүлэхдээ “Хэмжилт тохируулгын инженер нь механик инженер байж болох уу? Өөр ямар нэг дүйцүүлж болохуйц мэргэжил байгаа юу? гэсэн тодруулгад Хариулт 2: ТШЗ 19.1 1. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл “Шаардана” Хэмжилт, туршилт тохируулгын инженер мэргэжилтэй байна” гэж тодорхой заажээ. Энэ агуулгаар тендерт материалаа ирүүлсэн бусад оролцогч нарын заримыг хүний нөөцийн шаардлага хангаагүй байна гэж татгалзсан.
Тэгсэн атлаа адилхан хүний нөөцийн шаардлага хангаагүй “Э” ХХК-ийг шалгаруулахын тулд ганцхан тухайн компанийн ажилчдыг дүйцүүлж шийдвэр гаргаж, түүнийг нь анхан шатны шүүх зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэлд Шинжлэх ухаан, технологийн сургуулийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 2/*** дугаар албан бичиг /Гэтэл уг албан бичигт “Э” ХХК-ийн ирүүлсэн мэргэжил нь дүйцэхгүй байгаа талаар тусгасан/ зэргийг үндэслэн дүйцүүлж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан Үндэслэлдээ /1.51 “С болон Э ХХК-нд тус тус дамжуулан мэдэгдсэн агуулгатай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул захиргааны акт биш юм” гэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31 -ний өдрийн 03/*** дугаар албан бичгээр ганцхан мэдэгдээгүй, гэрээ байгуулах эрхийг олгож, мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаагаас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээнд гарын үсэг зурж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлэх, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гарын үсэг зурсан маягтын хамт хүргүүлэх зураг эрх зүйн шууд үр дагавруудыг бий болгожээ. Харин НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** дугаар албан бичгээр “С” ХХК-ийг 2-т эрэмбэлж, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгожээ. Түүнчлэн дээрх албан бичгүүд нь хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан тул дагаад хүчингүй болох учиртай юм. Гэтэл анхан шатны шүүхээс эрх зүйн үр дагаваргүй мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ/2024*********** дугаар нээлттэй тендерийг зарлаж[1], 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны №** дугаар тэмдэглэлээр[2] шаардлагад нийцсэн хоёр тендерийг үнийн дүнгээр нь эрэмбэлэн бага үнийн санал ирүүлсэн “Э” ХХК-ийг шалгаруулах саналтай байна гэж Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шалгаруулжээ.
3. НХААГ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаар “Мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “Тус газраас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарласан НХААГ/2024*********** дугаартай Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/ ажлын тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад шалгарсан “Э” ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон” гэх мэдэгдлийг “С” ХХК-д хүргүүлсэн байна.
4. Улмаар Үнэлгээний хорооны шийдвэрийг “С” ХХК нь эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол[4] гаргаж, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/*** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр[5] “...Э ХХК-ийн автоматикийн инженерт санал болгосон С.Ч нь 2008 онд Япон улсын Нишиниппоны технологийн дээд сургуулийг цахилгаан, электрон болон компьютерын инженерийн хөтөлбөрөөр инженерийн бакалавр зэрэгтэй төгссөн байх бөгөөд тендер шалгаруулалтын хувийн хэргээс хянан үзэхэд тухайн инженерийн зэрэг нь реле хамгаалалт, автоматикийн инженерт дүйцэх, шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүй... Э ХХК-ийн хэмжилт, туршилт тохируулгын инженерт санал болгосон Д.Э нь 1992 онд ХБНГУ-ын Дрезденийн техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн байх бөгөөд тендер шалгаруулалтын хувийн хэргээс хянан үзэхэд тухайн цахилгааны инженерийн зэрэг нь хэмжилт, туршилт тохируулгын инженерт дүйцэх, шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүй... Э ХХК нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлээгүй” гэж дүгнэж, Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/***** тоот шийдвэрийг хүчингүй болгож, Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгджээ.
5. Тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ** дүгээр тэмдэглэлээр[6] Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу шаардлага хангаж байгаа эсэхийг дахин шалгаж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналтайгаар ажлын гүйцэтгэгчээр “Э” ХХК-ийг шалгаруулсан байна.
6. НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** дугаар “Мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгээр[7] “...тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно” гэх мэдэгдлийг “С” ХХК-д хүргүүлсэн.
7. НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр[8] /шийдвэрээр/ хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдсэн байна.
8. НЗДТГ болон “Э” ХХК нар нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн НХААГ/2024*********** дугаар “Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/ гүйцэтгэх гэрээг[9] байгуулжээ.
9. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан.
10. Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн II бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д “Санхүүжилтийн эх үүсвэр нь: Нийслэлийн үнэт цаасны хөрөнгө, Нийт төсөвт өртөг: 8.431.300.000 төгрөг, 2024 онд санхүүжих дүн 8.431.300.000 төгрөг”, ТШЗ 19.1-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлага: “Шаардана”, албан тушаал цахилгаан инженер 3 болон түүнээс дээш жил, мэргэжил цахилгааны инженер, албан тушаал Реле хамгаалалт, автоматикийн инженер 3 болон түүнээс дээш жил, мэргэжил Реле хамгаалалт, автоматикийн инженер, ТШЗ 19.2-т “Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: б. Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ, 3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Оролцогчийн туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, Комисс хүлээж авсан акт эсхүл дүгнэлтийн хуулбар, Захиалагчийн тодорхойлолт, Ижил төстэй ажилд дараах ажлуудыг аль нэгийг хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно. Үүнд: Цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил” гэж тус тус заажээ.
11. Тендерийн Үнэлгээний хорооны №01 дүгээр тэмдэглэлд[10] “...Б.Б: Үнэлэхдээ реле хамгаалалтын инженер, туршилт тохируулгын инженерийг дүйцэхүйц байхаар тогтоож хянан үзэхдээ энэ хоёрыг анхаарч үнэлэх хэрэгтэй. Мөн ерөнхий инженерээс бусад инженерийг 3 болон түүнээс дээш ажилласан байхаар гэж оруулах саналтай байна”, “...Б.Б: Үнэлгээний хорооны гишүүдийн саналаар ерөнхий инженер, цахилгааны 2 инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийг үндсэн ажилтан байхаар тендерийн баримт бичигт тусгаж өгье. Мөн гишүүдийн саналын дагуу хянан үзэхдээ тохируулга, зүгшрүүлэх, реле хамгаалалтын инженерийг тухайн жилээр ажилласан, дүйцэхүйц мэргэжилтэй байвал харгалзан үзэхээр тогтлоо” гэсэн байна.
12. Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2/*** дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр “...Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн төгсөгч нь реле хамгаалалт, автоматикийн инженерээр ажиллах боломжтой. С.Ч-ийн цахилгаан, электрон болон компьютерын инженерийн хөтөлбөрөөр төгссөн нь реле хамгаалалт автоматикийн инженерт дүйцэх шаардлагад нийцэх эсэхийг тус сургуулийн хэрэгжүүлж буй Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн хичээлтэй харьцуулж үзэхэд нийцэл нь 40.7 хувь байна. Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн Д.Э-ын инженерийн зэрэг нь хэмжилт, туршилт тохируулгын инженерт дүйцэх шаардлагад нийцэх эсэхийг Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Цахилгаан системийн автоматжуулалт” хөтөлбөрийн “Технологийн процессын автоматжуулалт” мэргэжлийн чиглэлтэй харьцуулж үзэхэд 74 хувь буюу хэмжилт, туршилт тохируулгын инженерт тавигдах мэргэжлийн шаардлагыг тодорхой хэмжээгээ хангаж байна гэж үзэж болохоор байна...” гэжээ.
13. Тендерийн Үнэлгээний хорооны гишүүд “гишүүдийн саналын дагуу хянан үзэхдээ тохируулга, зүгшрүүлэх, реле хамгаалалтын инженерийг тухайн жилээр ажилласан, дүйцэхүйц мэргэжилтэй байвал харгалзан үзэхээр тогтлоо” гэсэн тул Шинжлэх Ухаан технологийн их сургуулиас ирүүлсэн албан бичгээр ирүүлсэн С.Ч, Д.Э нарын мэргэжлийн чиглэл нь реле хамгаалалт автоматикийн инженер болон хэмжилт, туршилт тохируулгын инженерийн мэргэжилтэй дүйцэхүйц болох нь тогтоогдож байна.
14. Анхан шатны шүүхийн “...Э ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн инженерт санал болгосон С.Ч, Хэмжилт, туршилт тохируулгын инженерт, санал болгосон Д.Э нарыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхдээ Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1, 19.2-т заасны дагуу маягтаар санал болгосон ажилтны сургууль, төгссөн дипломын мэргэжлийн дагуу дүйцүүлэх, тухайн мэргэжлээр ажилласан туршлагыг харгалзан үзэх талаар Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай хурлаар тогтсон байсныг үндэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
15. Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн II бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дэх хэсгийн 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана”, Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг тухайн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” гэж заасан байна.
16. Эрчим хүчний үндэсний төвийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/*** дугаар тодорхойлолтоор[11] “Э” ХХК-ийг 2021-2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Гэр хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хангах шугам, дэд станц /Улаанбаатар, БЗД, *, *, *, *, *-р хороо/ төсөл арга хэмжээний барилга угсралтын ажилд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЭХА-007/**** дугаартай гэрээ байгуулан гүйцэтгэж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 42/**** дугаартай Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн, А сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /Г, А сум/ барилга угсралтын ажилд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЭХА-025/**** дугаартай гэрээ байгуулан гүйцэтгэж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 36/**** дугаартай Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэжээ.
17. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд “Э” ХХК нь Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж /Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн II бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1, 19.1, 19.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд мөн нэхэмжлэгч “С” ХХК нь тендерийн зарлагдсан үнийн дүнгээ 8.389.015.927 төгрөг, гуравдагч этгээд “Э” ХХК нь 8.250.985.806 төгрөгийн үнийн санал ирүүлсэн буюу бага үнийн санал ирүүлснээр “Э” ХХК-ийг тухайн тендерт хамгийн сайн тендерээр шалгаруулсан Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
18. Нэхэмжлэгч “С” ХХК-аас тендерт шалгарсан “Э” ХХК-д холбогдуулан 7 асуудлаар Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар Сангийн яамны 03/*** дугаар албан бичгээр 4 гомдлыг үндэслэлгүй, харин 3 гомдлыг дахин шалгуулахаар Тендерийн үнэлгээний хороонд буцаасан ба Сангийн яамны албан бичгийн дагуу Тендерийн Үнэлгээний хороо шаардлага хангаж байгаа эсэхийг дахин шалгаж ажлын гүйцэтгэгчээр “Э” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо тендерийн баримт бичиг шаардлага хангасан эсэх /нэхэмжлэгчийн инженер Э.П шаардлага хангаж байгаа эсэх/ буюу маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж байгаа боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алиных нь ажилтан шаардлага хангаж байгаа эсэхийг нотлох баримтаар авч тодруулж дүгнэлт хийснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн гэж буруутгах үндэслэлгүй.
19. НХААГ-т холбогдуулан гаргасан НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НХААГ-ын шийдвэр, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгож, “С” ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
20. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
21. НХААГ-т холбогдуулан гаргасан НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** тоот шийдвэр /давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодруулсан/ нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны акт байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасан.
23. НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** дугаар албан бичгээр хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон байх бөгөөд энэ утгаараа актын шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр байна.
24. Харин Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/*** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “С” ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй албан бичиг байх тул анхан шатны шүүхийн “...мэдэгдсэн агуулгатай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул захиргааны акт биш” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
25. Иймд дээр дурдсан үндэслэлээр НХААГ-т холбогдуулан гаргасан НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/241 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрээр НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгосныг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан С ХХК-ийг 2 дугаарт эрэмбэлэгдсэн талаарх 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 03/*** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж-ийн ажлын НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хүчингүй болгуулах, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийн тендерээс татгалзаагүй НХААГ-ын Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг НХААГ-ын Тендерийн үнэлгээний хороонд даалгах, НЗДТГ-т холбогдуулан гаргасан 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн НЗДТГ болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/2024*********** дугаартай Б дүүргийн **, ** хороо хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б хэсгийн цахилгаан хангамж (Улаанбаатар хот, Б дүүрэг, **, ** дүгээр хороо) гүйцэтгэх гэрээ, НХААГ-т холбогдуулан гаргасан НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан НХААГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/241 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, НХААГ/2024*********** дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулж эрх олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Тендерийн баримт бичгийн 73 хуудас
[2] Тендерийн баримт бичгийн 80-85 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 15 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 19-21 хуудас
[6] Тендерийн баримт бичгийн 139-143 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 16 хуудас
[8] Тендерийн баримт бичгийн 155 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 хуудас
[10] Тендерийн баримт бичгийн 18-27 хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 213 хуудас