Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,     

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгтуяа,

шүүгдэгч Б.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбатаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрхэмбаярт холбогдох 201624000949 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймаг Их уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймаг Их уул сум 6 дугаар баг Хужиртын 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЗ81111611, хэрэг хариуцах чадвартай, Баргачууд овогт Баасандоржийн Эрхэмбаяр.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

            Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” захын урд талын замд Daewoo-BH116E маркийн 66-64 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч А.Батхүүгийн баруун гарын хашаатай хавсарч мөргөн бие махбодид нь сарвууны 3, 4, 5 дугаар хуруу алганы түвшинд тасрал, арьс, булчин, шөрмөс, судасны гэмтэл бүхий хүнд гэмтэл, Ж.Болдбаатарын эзэмшлийн хашаанд 237.400 төгрөгийн шууд 568.706 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрхэмбаяр мэдүүлэхдээ:…“2016 оны 10 дугаар сарын 14-ний 17 цагийн орчим зогсоол руу орох гэж байгаад урагш нь алдаж ийм хэрэг болсон. Тэгээд би өөрийн биеэр гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед зам түгжрээтэй байсан учир гуравдугаар эмнэлгийн тэндээс түргэний тэргээр хүргэсэн”….гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгтуяа мэдүүлэхдээ: “Миний дүү одоогоор Хэнтий аймагт группээ хөөцөлдөөд байж байгаа. Биеийн байдал муу байгаа. Арьс нь анигдаад эдгэрч байгаа ч сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Хагалгааны үеэр цус алдалт их байсан учир их сул байгаа. Дүүгээ яаралтай эмнэлгээр явуулж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэмээр байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан учир сэтгэл санаагаар унаад хэцүү байна. Бид нарын зүгээс 12.000.000 төгрөг нэхсэн боловч 6.000.000 төгрөг болгосон. 6.000.000 болгоод байхад их байна гэж хэлээд байгаа учир одоо талыг нь нэхэмжилж байна. Шүүгдэгчийг хохирол барагдуулна гээд бид нар одоо хүртэл хүлээж байгаа. Гомдолтой байна”… гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс зам тээврийн осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-9/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-10/, сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэцэгтуяаг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-15-17/, хохирогч А.Батхүүгийн эмчилгээ хийлгэсэн тухай баримт /хх-20-36/, иргэний нэхэмжлэгч Ж.Болдбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-38/, гэрч Ж.Цэрэнчинаа, Н.Цэцэгмаа, П.Баатарцогт, Д.Эрдэнэцогт, Д.Энхбаяр нарыг байцаасан тэмдэглэл /хх-39-44/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-46-56/,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14297 дугаартай дүгнэлт /хх-59/, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт /хх-65-68/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1090 дугаартай дүгнэлт /хх-74-76/, Замын цагдаагийн албаны 675 дугаартай дүгнэлт /хх-80-81/, шүүгдэгч Б.Эрхэмбаярыг сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-90-95/, шүүгдэгч Б.Эрхэмбаярын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-100/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-102/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-103/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-114-117/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өгсөн дуудлагын лавлагаа /хх-135-136/, хохирогч А.Батхүүгийн өвчний түүх /хх-138-147/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг  дэвсгэр “Да хүрээ” захын урд талын замд Daewoo-BH116E маркийн 66-64 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч А.Батхүүгийн баруун гарын хашаатай хавсарч мөргөн бие махбодид нь сарвууны 3, 4, 5 дугаар хуруу алганы түвшинд тасрал, арьс, булчин, шөрмөс, судасны гэмтэл бүхий хүнд гэмтэл, Ж.Болдбаатарын эзэмшлийн хашаанд 237.400 төгрөгийн шууд 568.706 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан болох нь:  

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ж.Болдбаатарын өгсөн:…“Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 410 тоот хашаа нь миний өөрийн нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийнх юм. Б.Эрхэмбаяр манай ээжийн талын хамаатны хүүхэд юм. Тэр өдөр автобус худалдаж аваад миний эзэмшлийн хашаанд түр оруулж байрлуулах гэж байгаад тухайн осол гарсан, төрлийнхөө хүүхэд болох Б.Эрхэмбаярт ямар нэгэн гомдол санал байхгүй”…/хх-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цэрэнчинаагийн өгсөн:…“Миний эхнэрийн төрсөн ах Б.Эрхэмбаяр даруухан, дуу цөөн, ажилсаг, архи, тамхи хэрэглээд байдаггүй, гаж муу зуршилгүй, урьд хэрэгт холбогдож байгаагүй”…/хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Цэцэгмаагийн өгсөн:…“Миний үеэл дүү Б.Эрхэмбаяр нь төлөв даруу, нямбай, нухацтай, архи, тамхи уудаггүй, хорт муу зуршилгүй, урьд хэрэгт холбогдож байгаагүй”…/хх-40/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Баатарцогтын өгсөн:..“2016 оны 10 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь санахгүй байна, оройн 17 цагийн орчим зогсоолоос машинаа гаргаж байтал хүүхэд орлихоор нь зогсоол руу орж байсан автобус руу очтол автобусны урд талд нэг эрэгтэй хүүхэд хашаатай гараа хавсруулаад мөргүүлсэн байдалтай байхаар нь цагдаагийн 102-т мэдэгдсэн…жолооч залуу мөргүүлсэн хүүхдийг аваад эмнэлэг явсан”…./хх-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэцогтын өгсөн:…“2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өөрийн эзэмшлийн Daewoo BH116E маркийн автобусыг Б.Эрхэмбаяр гэх залууд 29.000.000 төгрөгөөр бэлнээр зарсан. Тэр залуу машиныг авахаасаа 7 хоногийн өмнө ирээд ураж барьж үзээд авсан. …автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй”…./хх-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхбаярын өгсөн:..“Хэргийн газарт техникийн байцаагч, шинжээч нарын хамт очиход хохирогч 103-н машинаар явсан, осол гаргасан автобус ослын газарт, жолооч нь байсан. Ослын газар руу харсан камерын бичлэг хажуу талын хүнсний дэлгүүрт байсныг үзсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд хохирогчийн бие эрхтэн тасарч үлдээгүй, хашааны хаалга дээр цас мэт хүрэн өнгийн толбо үүссэн байсан”…/хх-44/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14297 дугаар актад:

1.Батхүүгийн биед баруун саруунд шарх, баруун сарууны 3, 4, 5 дугаар хуруу алганы түвшинд тасрал, арьс булчин, шөрмөс, судасны гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.92.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид III, IV, V-хурууны тасрал нь хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35% алдагдуулна” /хх-59/ гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 675 дугаартай дүгнэлтэд:

1. Daewoo BH116E маркийн 66-64 ЗАН дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Б.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигт А.Батхүү нь нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” /хх-80-81/ гэсэн дүгнэлт,

 

-Зам тээврийн осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл /хх-4/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-9/,

-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-10/,

-Сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/,

-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-46-56/, 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 1090 дугаартай дүгнэлт /хх-74-76/,

-Шүүгдэгч Б.Эрхэмбаярын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-100/,

-Шүүгдэгч Б.Эрхэмбаярын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-114-117/,

-Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өгсөн дуудлагын лавлагаа /хх-135-136/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Эрхэнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд баримтаар гаргаж өгсөн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Эрхэмбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүртүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болох мөн иргэний нэхэмжлэгч гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан баримтай хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В, С, Д, Е ангилалын 179655 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалж дуусах хугацаа хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баргачууд овогт Баасандоржийн Эрхэмбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрхэмбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В, С, Д, Е ангилалын 179655 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирлын баримтаа жич бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эрхэмбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эрхэмбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шүүгдэгч Б.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.        

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрхэмбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                 Э.ЧИНГИС

            ШҮҮГЧ