Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/00520

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр   Дугаар 182/ШШ2019/00520                 Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: НҮ Г холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ч, гэрч Ч.Б, С.Т, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

                                                                                              

                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие 2018 оны 09 сарын 04-ний өдрөөс туршилтын 4 хоног ажиллаж байгаад 07-ны өдөр НҮ Г эмч, бариа заслын эмчээр томилогдож ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа дарга нарын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 357 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан билээ. Үүнийг би хууль бус гэж үзэж байгаа юм. Учир нь анх ажилд ороход надад ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээг танилцуулж, гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуруулж аваад нэг хувиа авъя гэхэд эргээд өгнө ажил ихтэй байна, хувилаад өгнө гээд эргүүлж өгөөгүй. Миний бие тухайн гэрээг уншиж танилцаж амжаагүй гарын үсэг зур гэхээр нь зураад өгсөн болно. Ажлын байрны тодорхойлолт гардуулж танилцуулсан зүйл байхгүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэж огт танилцуулаагүй. Ажиллах хугацаандаа санал хүсэлтийн дэвтэр гаргаж хүмүүс сэтгэгдэл өндөр, эмчилгээ үйлчилгээнд сэтгэл ханамжтай байсан. Гэтэл Хүний нөөцийн ажилтан н.Оюунцэцэг нь надад ирж үйлчилгээ авахдаа журамаас гадуур заасан эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан учир би түүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Гэтэл би эмчлүүлэх эрхтэй, намайг хөнгөлөлттэй үнээр эмчил гэж дарамтлаад байсан. Миний хувьд ажлын бус цагаар гадуур эмчилгээ үйлчилгээ хийдэг байсан. Энэ нь миний нэмэлт орлого болдог. Тэгээд би ажлын хүрээнд бол болохгүй, журамд тусгагдаагүй гэхэд би хөнгөлөлттэй эмчилгээ авна би мэдэж байна гээд байсан. Энэ хүн хүний нөөц хийдэг болохоор би аргагүйн эрхэнд өөрийнх нь гэрээр очиж эмчилгээ хийгээд биеийн байдал нь сайжирсан юм. Энэ бол миний бие ажлын байран дээр, ажлын цагаар эмчилгээ үйлчилгээ хийсэн зүйл байхгүй. Миний ажил үүрэгтэй огт хамааралгүй юм. Харин ч би гадуур хийдэг эмчилгээний үнээсээ хамаагүй бага үнээр буюу 50 хувиас бага үнээр уг эмчилгээг хийж өгсөн. Түүгээр ч зогсохгүй ажлын цагаар өөртөө хоол авч ир гэж надад дарамт учруулчхаад дараа нь эмчилгээ хийсэн нь хууль бус гэж гомдол гаргасныг ойлгохгүй байна. Санхүүгийн албаны дарга 10 сарын 12-ны үеэр ирж үзүүлээд эмчилгээ хийлгэнэ гэхээр нь журманд заасан эмчилгээ байхгүй эмнэлгээр эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч заавал танаар эмчилгээ хийлгэнэ гээд байхаар нь ажлын байранд хийхгүй гадуур хийнэ гэсэн. Гэтэл өөрөө ажлын бус цагаар надад зав байхгүй өглөө эрт хийлгэмээр байна гэсээр өглөө эмчилгээ хийлгэсэн юм. Энэ бол манай санхүүгийн албаны дарга учир би үгүй гэж хэлж чадаагүй хүссэн эмчилгээг нь хийж өгсөн. Дээрх үйл явдлаас улбаатай ажлын байранд болон бусад хүмүүст ямар нэг хохирол учраагүй. Харин ч дээрх хүмүүс намайг дарамталж миний үнэтэй хөдөлмөрийг үнэгүй шахуу хийлгэчхээд эргээд ажил хөдөлмөртөө тэнцэхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Мөн засгийн газрын байрнуудын хооронд үйлчилгээ хийлгэж энд тэндээс дуудаад ажлын ачаалал хэт их, тэгээд ирж үйлчилсэнгүй гэж нэг талаас загнах, нөгөө талаас ажлын байранд байсангүй гэж загнаж байсан. Ийм болохоор би дэд захирал Л рүү орж би яг хаана ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ надад ажлын байрны тодорхойлолт гаргаж өгнө үү гэж хүртэл хүсэлт гаргаж байсан. Тэгээд надад даргатай ярьж байгаад хариу хэлнэ гэснээс хойш эргэж хариу хэлээгүй байсан. Иймд миний биеийг Эмч-бариа заслын эмчийн ажлын байранд эгүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах шаардлагыг гаргаж байна. Тус газарт эмчээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмч Л.П-ийн оронд туршилтын гурван сарын хугацаатай эмчээр ажиллуулж Байгууллагын дотоод журам, Цаг ашиглалтын журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг тодорхой танилцуулан гарын үсэг зуруулан хөдөлмөрийн гэрээ хийсэн. Анх ажилд ороход нь анкет болон материалтай нь танилцан үзэхэд эмчлэх эрхийн лиценз нь байгаагүй бөгөөд шаардахад хугацаа нь дууссан хугацааг нь сунгуулахаар өгсөн гэж тайлбар өгсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.1 дэх хэсэгт “Шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан сурагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар” гэж заасны дагуу туршилтын гурван сарын хугацаатай ажилд авсан. Байгууллагын дотоод журмын дагуу шинээр ажилд орсон ажилчдыг захирлын зөвлөлийн хурлаар оруулж хариуцсан дарга нарын санал ажлын үр дүн цаг ашиглалт, ажлын байрны шаардлагад тэнцэх асуудлыг хэлэлцэн байгууллагын үндсэн ажилтнаар авах шийдвэрийг гаргадаг. Гэвч Ш.Б нь туршилтаар ажиллаж байх хугацаанд нь эмчлэх эрхийн лиценз нь байхгүй, Байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, цаг ашиглалт хангалтгүй, хувь хүний ёс зүйгүй байдал зэрэг нь үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй гэсэн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №357 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч НҮ Г холбогдуулан НҮ Г-ийн Эмч-бариа заслын эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Б нь байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, цаг ашиглалт хангалтгүй, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь НҮ Г Эмч-бариа заслын эмчээр ажиллаж байгаад тус газрын захирлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 357 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.в дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Бг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа тус байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэл болгожээ. 

 

Ш.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт хангалтгүй, ажлын байрны шаардлагад тэнцэхгүй гэх ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

          

Нэхэмжлэгч Ш.Б нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа эмчлэх эрхийн лиценз нь байхгүй, байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, цаг ашиглалт хангалтгүй, хувь хүний ёс зүйгүй байдал зэрэг нь үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй гэсэн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан, ажил тасалсан зүйл байхгүй, 2 удаа удирдлагаас чөлөө авсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Ш.Бг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Ш.Бгийн гаргасан гэх зөрчил нь уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

  

Иймд хариуцагч НҮ Гнь ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Ш.Бг эрхэлж байсан ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн, түүнийг тус байгууллагын эмч бариа заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Ш.Бгийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 1.738.397 төгрөгийг 3 сард тооцоод /1.738.397 төгрөг: 3 сар/ дундаж цалин 549.465 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 549.465 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод /549.465 төгрөг: 22 хоног/ 26.339 төгрөг болж байна.

 

Иймд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.843.754 төгрөгийг хариуцагч НҮ Г гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэв.         

 

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                       ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Бг НҮ Г Эмч-бариа заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.843.754 /нэг сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч НҮ Г даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч НҮ Гулсын тэмдэгтийн хураамжид 44.450 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ДАВААСҮРЭН