Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 2327000000027 тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Халх суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй /уншиж, бичиж чадна/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын *******, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь  2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 02 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голын мөсийг өрөмдөж цоолон уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг гутаар, 1 ширхэг Зэвгэ нийт 41 ширхэг загас агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг гутаар, 01 ширхэг зэвгэ загас барьсан. Миний бие зөвхөн

Үүртийн тохойг улсын тусгай хамгаалалттай газар гэж ойлгодог байсан. Гэтэл Улиастайн голоос Өвөрхангай аймгийн гүүр хүртэл улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог гэдгийг ойлголоо. Орхон голоос зөвшөөрөлгүй загас барьсан нь үнэн. Миний буруу гэв.

          Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна, тэр мөнгөө төлчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-р хуу/,

          Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрлийн ах *******гийн хамт Улаанбаатар хотоос тээврийн хэрэгсэлтэй гараад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирсэн. ...Надтай хамт явсан ******* загас барьсан. Налим /гутаар/ нэртэй 40 ширхэг, Зэвгэ нэртэй 1 ширхэг нийт 41 ширхэг загас барьсан” гэсэн мэдүүлэг /хх- ийн 49-50-р хуу/,

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны  улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 39-04-078-01 дугаартай дүгнэлтэд “...4.Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, МУ-ын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 01 ширхэг Зэвгэ загасны үнэ 17,000 төгрөг, 01 ширхэг Гутаар загас 13,000, ... нийт 537,000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуу/,

          Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №39-04-078-03 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 01 ширхэг Зэвгэ загас 34,000 төгрөг, 40 ширхэг Гутаар загас 1,040,000 төгрөгний үнэлгээ гарч байна. Нийт 1,740,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Төрийн сан банкны ...дансанд төлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн акт /хх-ийн 37-р хуу/,

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17 дугаартай албан бичигт: “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 02 дугаар багийн нутаг ... солбилцол бүхий Орхон гол гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна” гэсэн албан бичиг, зураглал /хх-ийн 57-59-р хуу/,

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ӨХЦ23-05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Улбар шар өнгийн дамартай, цагаан өнгийн бариултай уурга 100,800 төгрөг, мөс өрөмдөх зориулалттай 120,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуу/,

          Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-30 дугаар хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

   Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 02 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голын мөсийг өрөмдөж цоолон уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг гутаар, 01 ширхэг Зэвгэ нийт 41 ширхэг загас агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 07-р хуу/, гэрч  *******ийн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 39-04-078-01 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуу/, Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №39-04-078-03 дугаартай акт /хх-ийн 37-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17 дугаартай албан бичиг, зураглал /хх-ийн 64, 66-р хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ӨХЦ23-05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуу/, Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-30 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р багийн нутаг “Орхон гол” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагддаг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 тоот албан бичиг, хилийн зураглалаар тогтоогддог.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн  үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

          Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1,074,000 төгрөгөөр тогтоосон байна       

          Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,074,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100101813001 тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.

          Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдаж,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 41 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 01 ширхэг, өрөм 01 ширхэг зэргийг улсын орлого болгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 01 ширхэг, өрөм 01 ширхэг зэргийг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 41 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН