Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

     2023        03           17                                     2023/ШЦТ/281

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Батсайхан, шүүгч Б.Отгонцэцэг;

 

Улсын яллагч: Л.Мажигсүрэн;

 

Шүүгдэгч: П.Л;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Сандагдулам;

 

Хохирогч (гэрч): С.Г;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.А;

 

Гэрч : Х.А, Т.Н;

 

Шинжээч: О.Б (цахимаар);

 

Иргэдийн төлөөлөгч: Д.О;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

            Хэргийн дугаар: .....................;

 

Шүүгдэгч П.Л регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн,1989 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, хүргэн ахын хамт , оршин суух, урьд:

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

П.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ тоотод С.Гийн гэрт хамтран амьдрагч Т.А бусадтай хардан зодсоны улмаас биед нь “цутгалан гэдэсний урагдал, язрал, цусхуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт“ гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүнийг санаатай алсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ дүгээр орцны гадна хамтран амьдрагч Т.А-тай маргалдаж нүүр тус газарт нь гараараа цохих, алгадах, замын боржур pуy цохиж унагаах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, эрүүний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

2021 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ дүгээр орцны ... тоотод хохирогч С.Гийн гэрт архидан согтуурсан байх үедээ иргэн Н.Аг дагуулан явахаар түлхэж унагаах, чирэх зэргээр хүч хэрэглэх үед нь салгахаар очсон иргэн С.Гийн нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд.доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос П.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө уурхайгаас Улаанбаатарт ирсэн. Талийгаач А Г-гийн утсаар “шууд Г-гийн гэрт хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд 16.00-17.00 цагийн үед Жуковт буугаад таксигаар Г-гийн Замын цагдаагийн газрын хажууд Үйлдвэрчин хотхонд байдаг гэрт нь очсон. Талийгаач А байрны гадаа гарч ирээд тосож авсан. Талийгаачтай утсаар ярьчихаад шууд явчихъя гэсэн чинь талийгаач “ирсэн юм чинь орчихоод гарахгүй юу” гэж хэлсэн. Тэгээд хөдөөнөөс ирж байгаа юм чинь гээд дэлгүүрээс архи, тамхи, ундаа аваад Г-гийн гэрт орсон. Г-гийн гэрт архи уугаад Б, Г, талийгаач бид хэд хоносон. 11 дүгээр сарын 05-ны орой талийгаачийн ажил руу нь явж, хамт хоночихоод 11 дүгээр сарын 06-ны өглөө манай гэр рүү явсан. Тэгтэл талийгаач цүнх, ажлын түлхүүр байхгүй гэхээр нь гэрийн доод талын  дэлгүүрээс цүнх, өмд авч өгсөн. Бид 2 манай гэрт 2 хоног хоночихоод 11 дүгээр сарын 08-ны өглөө талийгаачийн ажил дээр нь очиж түрээсийн 250.000 төгрөгийг өгсөн. Тэгээд Г ах руу залгахад “хүрээд ир” гэхээр нь 11 дүгээр сарын 08-ны өдөр Г ахын гэрт архи уух гэж очсонГ ахынд хоночихоод 11 дүгээр сарын 09-ний  өдөр талийгаачийн ажил дээр нь очиж хоносон. Тэгээд 11 дүгээр сарын 10-ны өдөр нэг буудалд хоносон. 11 дүгээр сарын 11-ний өдөр талийгаачийн ажил дээр нь байж байгаад Г ах руу залгахад ““Чингис” зочид буудлын хажууд найзындаа байна, чи хүрээд ирэх үү” гэхээр нь “тэгье” гэж хэлэхэд талийгаач “хоёулаа очъё” гээд хамт явсан. Тэгээд алхаж очоод Г ах руу залгахад “такси бариад зогсож бай” гэхээр нь талийгаач бид 2 саарал өнгийн Приус маркийн такси бариад зам дээр зогсож байхад Г, Б нар нь найзынхаа гэрээс нилээн  согтуу гарч ирсэн. Тэндээсээ Г ахын гэрт очсон. Г ах Б бид хоёр руу уурлаад байсан. Тэгээд орой нь А, Б бид 3 нэг шил архи уугаад талд нь орсон ба талийгаач урд өрөөнд ороод унтсан. Тэгтэл Г ах унтаж байгаад босож ирээд “наад гичийгээ босгоод ир, яагаад хэвтээд байгаа юм” гэж хэлсэн. Би “та одоо болиоч” гэж хэлэхэд Г ах “чи найз хүүхэнтэйгээ дахиад хардаж байна уу” гэхээр нь “та Б рүү уурлахаа болиоч” гэж хэлсэн. Тэгээд Г ах урд өрөө рүүгээ ороод 5-10 минут болсон ба талийгаач “ядаргаатай юм, хүн унтуулахгүй” гээд босоод ирсэн. Би талийгаачийг “болохгүй бол явах уу” гэхэд “жаахан байж байгаад явъя” гэж хэлсэн. Тэгээд архи ууцгааж байгаад 11 дүгээр сарын 11-ний орой Г ахтай муудалцаад  нүүр рүү нь 2-3 цохисон.  Г ах цагдаа дуудна гэхээр нь талийгаачийг “явъя” гэхэд  “одоо явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь биеэс нь бариад “явъя” гэхэд “явахгүй” гэхээр нь “би явлаа” гэж хэлээд утас, картыг нь талийгаачаас авах гээд булаалцалдахад талийгаач зурагтын мөлхөө тавилга толгойгоороо мөргөөд унасан. Тэгээд би талийгаачийн утас, картыг аваад гарсны дараа Юнителийн дугаараас залгахаар нь авахад “дуудлагаар ирсэн цагдаа байна, та Агийн утас, карт хоёрыг хурдан авчирч өг, нэхээд байна” гэхээр нь “архи нь гарахаар маргааш аваачиж өгнө, гэрийн эзэнтэй нь маргалдсан” гэж хэлсэн. Энэ үйл явдал 11 дүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед болсон. Тэгээд би талийгаачийн ажлынх нь дээд талын орцонд 00 цаг өнгөрч байхад орж унтаад өглөө 05.00-06.00 цагийн үеэр Г ах руу залгахад талийгаач авсан ба “хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь “танай ажлын дээр хоносон” гэж хэлсэн. Талийгаач “утас, карт авчирч өг”  гэхээр нь “за” гэж хэлсэн. Тэгээд Натурын тэнд явж байхад талийгаач нь Г-гийн утсаар яриад “архи, ундаа, тамхи аваад хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Намайг очиход талийгаач хаалга онгойлгосон, Г ах хэвтэж байсан. Архи, тамхийг нь өгөөд Г ахаас уучлалт гуйсан ба 11 дүгээр сарын 12-ны орой 17 цагт Б, Г нар нь найзынх руугаа явсан. Тухайн үед талийгаач орон дээр хэвтэж байсан. Г ах намайг цонхоор дуудаад “гэрэл асааж болохгүй шүү, ээж ороод ирдэг шүү” гэж хэлсэн. Шөнө унтаж байгаад би нойл орж бие зассан ба талийгаач газар өргөн, зузаан гудсан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Би гудсанд тээгэлдэж талийгаачийн хөхний хавьцаа дээрээс нь өвдөглөөд унасан. Талийгаач “чи замаа харж явбал яадаг юм бэ” гэж хэлээд босож ирсэн. Тэгээд 11 дүгээр сарын 13-ны өглөө унтаж байхад талийгаач намайг дуудаад “дэлгүүр ороод ундаа, өвчин намдаах лаа авчихаарай” гэж хэлсэн. Би “өвчин намдаах лаагаар яах гэж байгаа юм бэ” гэхэд “хэвлий хэсгээр өвдөөд байна, өвчин намдаах лаа хийчихвэл зүгээр болчихно” гэж хэлсэн. Тэгээд би гараад архи, лаа авчирсан. Би архинаас уусан ба талийгаачид өгөхөд ууж байгаад нойл орж бөөлжсөн. Талийгаач өвчин намдаах лаагаа хийчихээд 30-40 минут унтаад сэрсэн  ба “одоо арай гайгүй болчихлоо” гээд босож ирээд бид хоёр 0,75 литрийн архиа хувааж уусан. 11 дүгээр сарын 13-ны орой Г, Б нар халаалттай ирсэн. Тэр орой нь бид 4 нэг шил архи хувааж уусан бөгөөд би Г ахтай маргалдсан. Тэгээд талийгаач бид 2 талийгаачийн ажил дээр очиж хоносон ба өглөө нь талийгаач босоод “өвчин намдаах лаа аваад ир” гэж хэлсэн. Би өвчин намдаах лаа авчирч өгөөд “юу чинь өвдөөд байна, эмнэлэгт очоод үзүүлэх юм уу” гэсэн чинь “гайгүй, зүгээр, Г-гийн гэрт очоод хэвтье, гайгүй болчих байх” гэж хэлсэн. Би архины шарталт байх гэж бодоод тоогоогүй.  Талийгаач яг яагаад байгаа талаар нарийн хэлээгүй. Тэгээд 11 дүгээр сарын 14-ний өглөө талийгаачийн ажлаас нь гараад такси бариад Г-гийн гэрт очсон. Би талийгаачийн картаас 20.000 төгрөг аваад таксины мөнгийг өгч, дэлгүүрээс нэг шил архи аваад Г-гийн гэрт ороод ууцгаасан. 11 дүгээр сарын 14-ний орой нь талийгаач бөөлжөөд болохгүй байхаар нь Г-гийн утсаар эмч дуудсан. Эмч ирж үзээд намайг талийгаачтай ямар холбоотой бэ гэхээр нь найз залуу нь гэж хэлэхэд “та байж бай, Б, Г нарыг өрөөнд орж бай” гэж хэлсэн. Тэгээд эмч талийгаачийг шалан дээр хэвтүүлж байгаад гуурс шиг юм хийж үзээд тариа хийсэн. Би эмчийн дэргэд талийгаачийг “эмнэлэг рүү явъя” гэж хэлсэн.  Талийгаач “яах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл эмч “найз залуу нь юм бол гарын үсэг зур” гэж хэлсэн. Би талийгаачийг “хувцсаа өмс, эмнэлэг явъя” гэхэд “тариа хийлгэсэн юм чинь гайгүй болчихно” гэхээр нь гайгүй байх гэж бодоод яваагүй. Талийгаач бид 2 эмнэлэг рүү явахгүй гэж гарын үсэг зурсан. Эмч явснаас хойш 15 минутын дараа талийгаач нойл орж бөөлжчихөөд миний өвдгийг дэрлээд хэвтсэн ба Г, Б бид 3 архи ууж байхад Г ах “танай найз охин чинь яасан бэ, сонин болчихсон байх юм” гэж хэлэхээр нь харсан чинь амнаас нь хөөс гараад бие нь хүйтэн болсон байсан. Г ах “өнгөрсөн байна” гэж хэлсэн. Энэ үйл явдал 11 дүгээр сарын 14-ний орой 21.00-22.00 цагийн үед болсон. Тэгээд эмч, цагдаа ирээд намайг цагдаагийнхан авч явсан. Нөгөөдөр нь Г-гийн гэрт цагдаа очоод мэдүүлэг авсан. Би өмнө нь талийгаачид гар хүрч байсан. Намайг 11 дүгээр сарын 04-ний өдөр ирснээс хойш талийгаач бид хоёрын хооронд маргалдсан, хэрэлдсэн асуудал болоогүй. Талийгаачийн дээрээс нь өвдөглөж унаснаас үхэлд хүргэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөн талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Талийгаачийг 10 дугаар сард зодсон асуудлын хувьд Г ахынд архи ууцгааж байгаад Г ахтай муудалцаад талийгаачийг явъя гээд гадаа гараад хэрэлдээд талийгаач миний нүүр рүү 2 удаа цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа цохисон. Талийгаачийг архи дарс уугаад энд байгаад байна гэж Гтой хардаж зодсон. Гийг 11 дүгээр сарын 11-ний өдөр зодож гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Т.Аийн хууль ёсны төлөөлөгч Н.А мэдүүлэхдээ: “Би талийгаачийн төрсөн дүү нь бөгөөд хоорондоо 9 насны зөрүүтэй. Манай эгч Үйлдвэрчин хотхонд оёдолчин хийдэг байсан. Тухайн үед өөр хүнтэй амьдардаг байж байгаад П.Л нь хотхоны хамгаалалтын албанд ажилладаг байхад нь танилцсан юм шиг байна. Тэгээд П.Л болон манай эгч нар 3-4 жил хамт амьдарсан. 2020 оны үед манай эгчийн ажил дээр П.Л ирээд “ална” гэж дайрч байсан гэж эгчээсээ сонсож байсан. 2021 оны 10 дугаар сард эгчийг зодуулсан гэдгийг мэдээгүй. Эгч өөрөө видео колл хийхээр нь ярихад нүд нь хөх болчихсон, хацар нь овоож хавдаад тэгширсэн байсан. Тухайн үед эгч зодуулсан гэдгээ нуугаад хэлээгүй ба “гэр рүүгээ харих гээд ажлаасаа гарч явж байгаад Баянцээлийн урд хоёр хүнтэй тааралдаад цүнхээ дээрэмдүүлсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр  нь “цагдаа руу явъя, камер шүүе” гэхэд “үгүй, үгүй яах юм” гээд байсан. Хэрэг болсны дараа талийгаачийн ажлын байрыг суллах гэж очиход ажил дээр нь цүнхнүүд нь байхаар нь эгчийн ярьсан зүйл худлаа байж, П.Лд зодуулсан байж гэж бодсон. Би 11 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад нөхөртэйгөө Жуковын тэнд уулзчихаад эгчийн ажлаар ороод гаръя гээд утас руу нь залгахад утсаа аваагүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 15-ны өглөө ажил дээрээ байж байхад өмнө нь хамт ажилладаг байсан Үйлдвэрчин хотхоны салоны эгч залгаад манай эгчийг өнгөрсөн талаар хэлсэн. Дараа нь шүүх, цагдаагаар явсны дараа найз нөхдөөс нь сонсоход П.Лд  зодуулдаг байсныг мэдэж авсан. Эгч нас барахаасаа 2-3 хоногийн өмнө над руу “би маргааш үхнэ Алтушка, хэрвээ янз бүрийн асуудал болсон бол хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү” гэж ярьсан. Манай эгч П.Лтэй хамт байдаг байсан учраас П.Лг хэлж байна гэж ойлгосон. Эгч надтай цүнхээ алдсан гэж ярьж байхдаа “Л зах ороод цүнх, өмд, нүүрний будаг авч өгсөн, Л авч өгсөн юмнуудаа буцааж авсан, өгөхгүй байна” гэж уйлаад ярьж байсан. Маш их гомдолтой байна. Хүүхэд нь аавгүй, ээжгүй болсон, сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа, одоо 13 настай, өсвөр насан дээрээ явж байгаа. Оршуулгын зардал 7.000.000 гаруй төгрөг болсон. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ: “Би П.Лтэй 2018 онд танилцаж, хуурай ах дүү гээд найзлаад явж байхад их дажгүй, миний үгэнд ордог байсан. Тэгээд сүүлийн жил гаруй хугацаанд ааш зан нь эвдрээд архи уухаараа над руу дайрдаг болсон. П.Л нь намайг дандаа талийгаачтай харддаг байсан. Манайхаар манай найзууд орж гардаг байсан ба П.Л нь харсан болгонтойгоо талийгаачийг хардаад байдаг байсан. Би П.Лг ганцаараа байхад нь “Агаар яах гэсэн юм, хөдөө ажиллаад яваад байх юм, хотод ирж үе тэнгийнхэнтэйгээ харилц, эртхэн болихгүй юу” гэж хэлж байсан. Би бас талийгаачид “П.Л залуу хүн, та хоёр таарч бүтэхгүй, хэрүүл хийгээд байх юм, больсон нь дээр юм биш үү” гэж хэлж байсан. П.Л эрүүлдээ бол үгэнд сайн ордог хэрнээ архи уучихаараа хардаад, зан нь эвдрээд байдаг. 11 дүгээр сарын 11-ний өдөр цуг архи ууж байхдаа талийгаачийг хардаад маргалдахаар нь би өмөөрөхөд надтай П.Л маргалдсан. Талийгаачийг явъя гэхээр нь талийгаач явахгүй гэхээр нь түлхэж унагаагаад байсан. Би “яагаад байгаа юм бэ” гээд салгаад дундуур нь ороход миний нүд рүү цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Г гэрчээр мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сард бид нар манайд цуг архи ууж байгаад талийгаач, П.Л хоёр гарсан. Тэр өдөр ирээгүй. Манайд ирэхээс өмнө над руу утсаар яриад “хаана байгаа вэ” гэхээр нь “гэртээ байна” гэхэд “найз нь яваад очих уу” гэхээр нь “тэгээ, тэг” гэж хэлсэн. Тэгээд манайд талийгаач ирэхдээ үсээ хажуу тийшээ унжуулсан доошоо хараад байсан. Тэгээд би “сонин юу байна” гэхэд талийгаач “П.Л сая ажил руугаа явна гээд ажлын машинтайгаа намайг буулгачихаад явлаа” гэж хэлсэн. Талийгаач хувцас хунараа тайлж байхад нүүр, ам нь харагдсан ба “нүүр, ам чинь яасан юм бэ” гэхэд “танайхаас гараад явсан, хажуу талын буудлын үүдэнд намайг үстэж газар унагаагаад, дээрээс дэвсээд нүүр, ам ийм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд талийгаач “гэртээ харих гэхээр ээжийн даралт нь ихсээд хэцүү байна, ажил дээр үйлчлүүлэгч нар ирэхээр ийм царайтай байж болохгүй, найз нь нүүрээ гайгүй болтол энд байя” гэхээр нь “за” гэж хэлсэн. Талийгаачийг танайд байх хугацаандаа П.Лтэй байнгын фейсбүүк чатаар харилцдаг байсан. Би талийгаачийг манайд орж ирсний дараа П.Л рүү  залгаад “чи эмэгтэй хүнийг яагаад ийм болтол нь цохиж зодож байгаа юм” гэхэд “чамд хамаагүй” гээд хэрэлдээд байсан. Талийгаач нь П.Л өөрийг нь зодсон талаар түүний хажууд хэлж байгаагүй, харин П.Лг байхгүй байхад нь надад хэлдэг байсан. П.Л нь эрүүлдээ талийгаачийг хайраа гээд байж байдаг. Харин архи уухаараа хэрүүл хийгээд байдаг. 2021 оны 11 дүгээр сард би Гүндсамбын гэр рүү Бтэй цуг явсан.  Тухайн үед манай гэрт талийгаач, П.Л хоёр үлдсэн. Хоногоор явна гэж огт хэлээгүй. Гэрээс гарахаас өмнө бид 4 архи уусан.  Б бид хоёрыг гэрээс гарахад талийгаачийн бие өвдөөд, бөөлжсөн, зовуурилж байгаа талаар яриагүй. Маргааш нь гэртээ ирэхэд талийгаачийн үс нь сэгсийсэн, нүүр нь хавагнасан, элгээ тэврээд бөгтийгөөд байнга нойл ороод хэвтээд байсан. Тэгээд Б архи хийгээд А-д өгөхөд “би уухгүй, жаахан унтъя” гэж хэлсэн.  Жаахан хэвтэж байгаад босож ирээд ариун цэврийн өрөө ороод байсан. Б архинд явж байсан. Талийгаач урьд шөнө П.Л зодсон, П.Л гудсанд тээгэлдээд дээрээс унаад ходоод, гэдэс өвдөөд байна гэж ерөөсөө яриагүй. Тэгээд эхний удаа түргэний эмч дуудаад үзүүлэхэд талийгаачийг “архины хордлого болсон байна, та хордлогоо тайлуулахгүй бол болохгүй” гэхэд талийгаач “гайгүй болчих байлгүй, явахгүй” гээд яваагүй.  Тэгтэл түргэний эмч гараад явсан. Эмчийг гараад явсны дараа жижиг өрөөнд ороод унтсан. 2 дахь удаагийн түргэний эмч ирэхэд би унтаж байсан.  Б, Л, талийгаач нар цуг байсан. Би унтаж байгаад сэрэхэд Б, Л хоёр жижиг шилтэй архи уугаад дууссан байсан. Талийгаач нь Лгийн хажууд хэвтэж байсан. Б надад “А унтмаар байна гэхэд Л огт унтуулахгүй байсан” гэж хэлсэн. Хамгийн сүүлд талийгаач “жаахан унтаж амаръя” гэхэд нь “унтуул, унтуул” гэж хэлэхэд Лгийн гуян дээр нь дэрлээд цаашаа хараад хэвтсэн. Тэр хооронд Л Бд архины мөнгө өгөөд Б нэг шил архи авчирч задлаад бид 3 хоёр, хоёр татсан. Тэгээд байж байтал Л “Г ахаа цэл хүйтэн болсон байна шүү дээ” гэж орилсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.А мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүгийн 1 дүгээр хороо, Хүлэг 112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан ба дуудлагаар ““ байр, 103 тоот хаягт очсон. Тухайн үед “манай найз залуу утас аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу очиход тус хаяг дээрх айл хаалгаа тайлаагүй. Тэгээд хаалгыг нь нүдээд дугаарыг нь баримтжуулчихаад доошоо лифтээр буусан ба нэг эмэгтэй “би дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тухайн эмэгтэйтэй нэг давхрын орцонд тааралдсан. Юу болсон талаар тодруулж асуухад “манай найз залуу миний утсыг аваад явчихлаа, би одоо утсаа олж авмаар байна” гэж мэдүүлсэн. Дуудлага өгсөн эмэгтэй тухайн үед өөрөө “Nokia” маркийн жижиг утастай байсан бөгөөд өөрийнхөө дугаар луу залгахад авахгүй байсан. Тэгээд дуудлага өгсөн эмэгтэйн дух нь халцарсан байсан бөгөөд тус гэмтэл нь шинэ байсан. Түүнчлэн цус гараад цус нь хатсан байсан. Түүний энэ байдлыг нь хараад түргэн тусламж дуудаж, үзүүлье гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Улмаар би “танд одоо гомдол, санал байна уу” гэж асуухад “манай найз залуу утас аваад явсан болохоор би утсаа авчихвал гомдол, санал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд “та түргэн тусламж дуудаж, эмнэлэгт үзүүлээрэй” гэх шаардлагыг тавьсан. Тухайн эмэгтэйд “та маскаа аваарай” гэж хэлэхэд нүүрэн хэсэг нь хуучин байж болох хөхөрсөн, зодуулсан юм шиг харагдсан. Харин духны халцарсан хэсэг шинэ гэмтэл байсан. “Юм мөргөөд дух халцарсан” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “би одоо эндээс гарахгүй, манай ах надад түлхүүрээ өгсөн байгаа, унтаж амарчихаад өглөө нь найз залуутайгаа учраа олоод цагдаагийн байгууллагаар шалуулах эсэхээ шийднэ, би эрүүл болчихоод мэдүүлэг, тайлбар өгнө, гомдолтой бол дахиж хандана” гэхээр нь дуудлага, мэдээллийг хяналтад авч дахин шалгахаар шийдвэрлэсэн байгаа. Тэгээд дараагийн дуудлагадаа явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Н мэдүүлэхдээ: “Тухайн өдөр А-тай хамт дуудлагаар очсон. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ““ байр байсан, харин тоотыг нь сайн санахгүй байна. “Манай найз залуу гар утас авчихаад өгөхгүй байна” гэх дуудлагын дагуу очсон бөгөөд тус тоот айл хаалгаа онгойлгохгүй байсан. 5-10 минут хаалгыг нь нүдээд хүн гарч ирэхгүй, чимээ шуугиангүй байсан. Лифтээр нэг давхар луу буухад нэг эмэгтэйтэй тааралдсан ба “дуудлага өгсөн хүн мөн үү” гэж асуухад “мөн” гэж хариулсан. Тухайн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дуудлага өгсөн эмэгтэй “найз залуу гар утас аваад явчихлаа, гар утсаа авмаар байна” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар лавлаж асуугаад өгсөн дуудлага, мэдээллийг шалгаж авсан. “Өөр гомдол, санал байна уу” гэж асуусан. Гар утсыг нь авсан гээд байгаа найз залуу нь тус хаяг дээрх айлд байгаагүй. Хохирогч хүнд зодуулсан талаар яриагүй. Нүүр царайг нь ажиглахад дух нь шалбарсан, цус нь хатсан байсан. Масктай байсан болохоор мэдээллийн санд шүүгээд таниулах гээд “нүүрээ гарга” гэхэд нүүрэн дээр нь хэд хоногийн өмнө үүссэн байж болох хуучин хөхрөлт, хавдартай байсан. Тэгээд би “түргэн тусламж дуудаж өгөх үү, биеийн байдал чинь ямар байна вэ” гэхэд “зүгээр байна, эмнэлэгт үзүүлэхгүй, үзүүлэхээс татгалзаж байна, би энд айлд түр ирсэн, манайх Сансарт байдаг бөгөөд найз залуутайгаа нийтийн байранд амьдардаг” гэж ярьж байсан. “Зодсон, цохисон зүйл байна уу” гэхэд тийм юм ярихгүй байсан. “Гар утас аваад явчихлаа” гэх зүйл л ярьсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Б мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2505 дугаар дүгнэлтээр талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун бугалга, шилбэ, мөр, тохой, эрүү, зүүн бугалга, шууны зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацар, эрүү, баруун бугалга, шилбэ, мөр, тохой, эрүү, зүүн бугалга, шууны зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь элэгний өөхлөлт, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчтэй байна. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь АВ (IV) бүлгийн цустай байна. Гэмтэл авсан даруйд цаг хугацаа алдалгүй зохих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой” гэх дүгнэлт гаргасан. Хэргийн материалаар хийсэн дүгнэлтээр “талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хоёр нүдний зовхи, эрүүний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нас барахаас өмнө 10-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэгт хамраахгүй. Баруун мөр, тохой, эрүү, зүүн зовхи, хацар, зүүн бугалга, шууны зулгаралт гэмтлүүд нь нас барахаас өмнө 3 хоногийн дотор үүссэн байх ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл нь хэвлийн баруун доод хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал өшиглөх, дэвсэх гэх зэрэг механизмаар үүсгэгдэнэ” гэх дүгнэлт гаргасан.  

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэмтлийг огт мэдэхгүй байх боломжгүй. Тухайн үед авсан гэмтлийг мэдэрнэ, хэвлий хэсгээр өвдөнө, дотор муухай оргих зэрэг зовууриудтай байж болно. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь дээрх өвдөлтийг бууруулах болохоос биш, огт мэдрэхгүй байх боломжгүй. Гэдэсний хана тэр чигээрээ урагдаад хавдсан байгаа. Тэгэхээр хэвлийн хөндий дэх гялтангаа цочроогоод хэвлийн гялтан мэдрэлийн эсүүдтэй байдаг учраас маш хүчтэй өвдөлт өгнө. Хэвлийгээр өвдөх зовуурь илэрнэ. Архи уухад өвдөлтийг бууруулдаг.  Цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр өшиглөх, дэвсэх гэх мэт механизмын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр яг тухайн хэсэгт нь хүч үйлчилсэн үед үүснэ.  Өөрөөр хэлбэл хүн өөрийн жингээр унахаас давсан хүчээр өшиглөх, дэвсэх, хөлийн булчин оролцсон хүчний үйлчлэлээр илүү үүсэх боломжтой. Хүн ямар нэгэн байдлаар явж байгаад унахад тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Анагаах ухааны ном дээр өшиглөх, дэвсэх эсхүл гутлын хоншоороор өшиглөхөд илүү үүсэх боломжтой гэж бичигдсэн байдаг. Онош тухайн хүний асуумжаас шууд хамааралтай байдаг. Ямар ч мэдээллээр хангаагүй тохиолдолд эмч оношлоход бэрхшээлтэй. Өшиглөж, дэвссэн үйлдэл хийсэн үед гадна талд ямар нэгэн хөхрөлт үүсэхгүй байж болно. “Өвдөглөх, унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэдэг нь маш бага хэмжээг илэрхийлнэ. Өвдөг нь өсгий, өлмийгөөс илүү том гадаргуутай, өөрийн  жингээр унаж байгаа тохиолдолд үүсэх боломж бага. Онолын хувьд 100% үгүйсгэгдэхгүй, гэхдээ практикт ийм зүйл байхгүй. Хохирогч өөрөө унасан бол рефлексийн дагуу өөрийгөө хамгаалах үйлдэл хийнэ, цутгалан гэдэс урагдахад маш хүчтэй хүч үйлчлэх ёстой. Өөрөө явж байгаад унахад үүсэх боломжгүй. Хүчтэй үйлчлэл байх ёстой. Цутгалан гэдэсний урагдал, язралт гэмтэл нь үүссэн даруйдаа хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хэвлийн гялтангийн үхэлд хүргэж байгаа шалтгаан нь олон эсийн дутагдалд оруулж үхүүлж байгаа. Түгээмэл үрэвсэл явчихаж байгаа юм. Үрэвсэл нь илүү хүндрээд 24 цагаас илүү хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой хугацаанд биеийн онцлогоос хамаарч болно. Гэхдээ тийм ч ихээр нөлөөлөхгүй. Архи уусан байдал нь нөлөөлж болно, өвдөлт мэдрэх нь архи уусан үед бага болно. Шинж тэмдэг багасна. Өвдөлтгүйгээр явж болно. Гэхдээ үрэвслийн процесс цаашид даамжраад явна. Гэдэсний аль хэсэг нь гэмтсэнтэй холбоотой байдаг. Цутгалан гэдэс гэмтсэн байгаа учраас их хэмжээний гэдэсний агууламжаас хамаарна. Цутгалан гэдэсний урагдал, язрал гэмтэл нь гэдсэн дээр үүсдэг. Мөн цус хурсан байгаа. Гэдэс нь чацархайтай холбоотой байдаг. Чацархайд бас цус хурсан байгаа. Энэ бүгд нэг зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаагийн үйлдлээр үүссэн тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа. Голомтлог цус харвалт гэдэг нь хүч үйлчилсэн газарт бий болсон цус хуралт, цочмог бактерит үрэвсэл гэж үрэвслийн процесс явагдаж байгааг илтгэж байгаа. Талийгаачид үүссэн гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Энэ нь эсийн шинжилгээгээр гарсан. Эрхтнүүд дээр гипозит эсүүдийн метрофиль эсүүд гарсан учраас 2-3 хоног өнгөрсөн гэж үзнэ. Үрэвслийн  процесс явагдах үе нь гадны биет орж ирэхэд үрэвсэл үүснэ. Эсүүдийн ялгаагаар цаг хугацааг нь тогтоогдог. Нэг хоногийн өмнө үүссэн бол үрэвслийн эс нь арай илүү өөр эсүүд байх ёстой. Энэ нь хугацаа өнгөрсөн гэдгийг харуулж байгаа гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-21, 24-29/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 30-65/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 66-77/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А /1хх-ийн 80, 83-85/, хохирогч, гэрч С.Г /1хх-ийн 88-89, 97-98, 108-109, 111-112/, гэрч Н.А /1хх-ийн 91-93/, гэрч Д.Б /1хх-ийн 101-102, 103, 123-125/, гэрч Г.Д /1хх-ийн 105-106/, гэрч Д.М /1хх-ийн 115-117/, гэрч П.Б /1хх-ийн 119/, гэрч П.Г /1хх-ийн 121/, гэрч Ч.Ц /1хх-ийн 127/, гэрч Х.А /1хх-ийн 129/, гэрч Ц.Г /1хх-ийн 131-132/, гэрч Т.Н /1хх-ийн 134-135/, гэрч Б.Л /1хх-ийн 137/, гэрч Б.Б /1хх-ийн 139-140/, гэрч Д.Н /1хх-ийн 142/, гэрч С.П /1хх-ийн 144/, гэрч А.Д /1хх-ийн 146-147/ нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 222-233/, эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 18-24, 37-43, 62-65, 67-70, 72-75, 77-79, 81-83/, гарын мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 28-32/, цогцост шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 89-97/, шинжээч О.Бгийн мэдүүлэг /2хх-ийн 99-100, 117-118/, хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 110-115/, С.Гийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 124-125/, П.Лгийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2хх-ийн 132-133/, хохирлын баримтууд /2хх-ийн 138-147/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 150-152/, түргэн тусламжийн дуудлагын талаарх баримт /2хх-ийн 155-160/, П.Лгийн дансны хуулга /2хх-ийн 174/, Т.Аийн дансны  хуулга /2хх-ийн 175-176/, П.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 208, 235/, П.Лгийн өмнө шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 238-241/, П.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 168-170, 172-173, 179-182/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Л  нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ““ дүгээр орцны гадна өөрийн хамтран амьдрагч Т.А зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, эрүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

-2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ““1 тоотод С.Гийг эр, эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

-2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ““ тоотод хонохдоо өөрийн хамтран амьдрагч Т.А зодож цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж санаатай алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

“...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хоёр нүдний зовхи, эрүүний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нас барахаас өмнө 10-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 110-115/,

 

гэрч С.Гийн /1хх-ийн 97-98/: “...П.Л, А нар нь 2018 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. П.Л нь Атай хамт манай гэрээр орж гардаг бөгөөд хоорондоо маргалдаж П.Л нь Аг зодох асуудал гардаг байсан. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр /хэзээ гэдгийг нь санахгүй байна/ Аг П.Л нь манай гэрийн гадаа зодчихсон ба гэр рүүгээ авч яваад маргааш нь манай гэрт Аг хүргэж ирэхэд Агийн нүүр ам нь хавдаад хөхөрсөн байдалтай болчихсон хамтдаа ирсэн. Тэр үед П.Л хөдөө ажилдаа явах гэж байсан ба Агийн нүүр ам нь авах юмгүй болсон байсан учир гэртээ харьж чадахгүй, ажилдаа явж чадахгүй манайд байхаар болж үлдсэн. ...П.Л хөдөө явахдаа Аг манай гэрээс гараад зодсон гэж А надад хэлсэн. ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Б-нийн /1хх-ийн 124/: “...2021 оны 10 дугаар сарын эхээр Г ахын гэрт би, Г, Л, талийгаач А нар байж байхад Л нь бид хоёрыг Атай хардаж хэрүүл хийгээд байсан бөгөөд Г ах гэрээсээ хөөхөд Л, А нар гэрээс шөнө гараад явсан. Г ахын гэрт бие биетэйгээ зодолдсон зүйл байхгүй. Маргааш өглөө нь А Г ах руу утсаар залгаж “би танайд хэд хоног байя, Л намайг зодчихлоо, би аймар царайтай ээж дээрээ очиж чадахгүй” гэж ярьсан байсан. Тэгээд удалгүй Г ах бид хоёрыг байж байхад А орж ирээд “өчигдөр орой танайхаас гарч яваад Лд 61-р байрны орцны үүдэнд зодуулчихлаа, яаж ийм царайтай гэр рүүгээ очих вэ, би хэд хоног танайд хоноё” гэж хэлээд бид хоёртой 20 гаруй хоносон. Аг гэрт орж ирэх үед толгой нь хавдчихсан, нүүр ам нь мэдэгдэхгүй, уруул нь сэтэрчихсэн, А гэж танигдахын аргагүй болчихсон байсан. Орж ирэх үедээ Лгээр гэрийн гадаа хүргүүлсэн гэж  хэлсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Мийн /1хх-ийн 116/: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны орчим Т.Аийн багын найз гэх залуу орж ирсэн. Тэр “танай энд А ажилладаг байсан тийм ээ” гэж асуухаар нь “тийм, бид хоёр хамт ажилладаг байсан” гэж хэлэхэд тэр залуу миний хажууд Агийн фейсбүүкийн мессенжерээр видео дуудлага хийсэн. Тэгсэн А аваад ярьсан. Тэгээд танай хуучин ажил дээр ирсэн байна гээд ярьж байсан. Тэр үед би хажуугаас нь харж байсан. Тэгсэн Агийн нүүр хөх няц бусдад зодуулсан мэт харагдаж байсан. Тэгээд тэр багын найздаа “дээрэмдүүлсэн” гэж хэлж байсан. Би болохоор тэр асуудлыг нь өмнө мэдэж байсан. ...найз Э надад хэлэхдээ “Г-гийнд тэд нар уугаад Л Аг аймар болтол нь зодсон байна лээ, толгой дээрээс нь дэвсэж зодсон, хүн харахын эцэсгүй болгосон байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Агийн /1хх-ийн 92/: “...2021 оны 05 дугаар сараас А надтай уулзахдаа хэд хэдэн удаа нүд нь хөхөрсөн байдалтай уулзсан ба ямар учраас хөхөрсөн талаар би асуухад “таксинд сууж байгаад дээрэмдүүллээ” эсхүл “дээрээс юм унасан” гэж илтэд худлаа ярьж байсан, мөн гэртээ очихгүй, ажилдаа олон хоногоор алга болдог болсон бөгөөд би утсаар ярьж асуухад “нүдний хөх арилахгүй байна” гэж хэлдэг болсон. ...А эхэндээ нуугаад хэлдэггүй байсан, сүүлдээ П.Л байнга зодож байгаа талаар хэлдэг болсон. ...Ундаак гэх Атай хамт ажиллаж байсан эмэгтэй рүү А 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүкээр “эгч нь зодуулчихлаа” гэж бичээд өөрийнхөө хавдсан нүүрний зургийг явуулж, эгчдээ мөнгө явуулаач гэж гуйсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

П.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 172/: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна, би ажилд явах гэж байсан. Тэр өдөр Г-гийн гэрт архи ууж байгаад Г бид хоёр маргасан. Тэгтэл Г намайг гэрээсээ хөөсөн бөгөөд тэр үед би Аг аваад явах гэсэн. Тэгтэл Г нь “чи явах гэж байгаа бол ганцаараа яв, Аг битгий авч явах гээд бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аг хүчээр хувцсыг нь өмсүүлэн Г-гийн гэрээс аваад гарсан. ...такси барих гэсэн чинь эргээд орох гээд байсан. Тэгэхээр нь уурандаа нэг удаа алгадсан, бас дахин нэг удаа баруун талын нүд рүү цохисон...” гэх мэдүүлгээр,

 

 

хохирогч С.Гийн /1хх-ийн 88-89/: “...манай  гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэлээн орой болсон байсан.  23 цагийн үед санагдаж байна, манай гэрт талийгаач А, П.Л, Д.Б бид нар байсан. Тэр үед П.Л нь Аг “хамт явъя” гэсэн бөгөөд А “явахгүй, эндээ амармаар байна” гэсэн. Үүнээс болж П.Л уурлаад Атай маргалдаад байсан. Тэр үед нь би уурлаад “битгий гэрт хэрүүл хийгээд бай эсвэл хамт яв, үгүй бол эндээ амарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл А явахгүй гэхэд П.Л нь Аг чирээд, явахгүй гэсэн чинь түлхэж газар унагаад тэгээд чирээд байсан. Тэгэхээр нь би очоод салгах гээд П.Лг “чи одоо боль, наад чинь явахгүй гээд байна ш дээ” гэж хэлээд голоор нь ороод салгах үед П.Л миний нүүр рүү цохичих шиг болсон. Тэгээд миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. ...” гэх мэдүүлгээр,

 

С.Гийн биед “зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1965 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 124-125/,

 

гэрч Д.Б-нийн /1хх-ийн 101/: “...А, Л нар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г ахын гэрт ирээд хонох гэж байсан. ...бид нар уугаад сууж байх үед Л нь өөрөө балай, балай юм яриад Атайгаа хардаад байсан. Тэгж байгаад Г ахын уурыг хүргэсэн. Г ах уурлаад Лг “чи ерөөсөө яв зайл” гээд хөөсөн. Тэгтэл Л нь Аг “хамт явъя” гэхэд А “Г ахын гэрт унтаад явъя, чи яах гэж ингэж байдаг юм” гэсэн. Тэгтэл Л нь Аг чирч гулдчаад байсан. Тэгтэл Г ах уурлаад “чи өөрөө ганцаараа яв эсвэл хоёулаа яв” гээд хөөсөн. Тэгтэл А “явахгүй хоноод явна” гэсэн. Г ах “Л чи явсан дээр” гээд хаалга түлхсэн. Тэр үед Л нь Г ахын нүүр рүү цохиод тэр хоёр барьцалдаад авсан. ...Тэр үед Л нь гэрээс гараад явахдаа Агийн гар утас, виза картыг нь аваад явсан байсан. Тэгээд дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

П.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 169, 180/: “...Г ахын гэрт Б, Г, А бид 4 байсан, талийгаач унтаж байсан. Тэгтэл Г ах “цаад гичийгээ дуудаад босгоод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Г ах босож яваад Аг босгоод ирсэн. Тэгтэл Г нь Аг “чи одоо архи уухгүй яагаад маяглаад байгаа гичий энэ тэр” гээд доромжилсон. Тэр үед А уурласан бөгөөд би бас уурлаад тэгээд Г ахтай барьцалдаж аваад дарж унагаад Г-гийн хөмсөг, дух хэсэг нь гараараа цохисон. ...би Аг аваад гарах гэхэд явахгүй гээд байхаар нь картанд байгаа мөнгийг үрчиж магадгүй гээд утас, картыг нь аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Аийн /1хх-ийн 129/: “...2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө хөлөг 112 чиглэлд машинт эрүүл гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “““ тоотод “манай найз утас аваад явчихлаа” гэсэн дуудлага ирсэн. Жолооч цагдаад дэд ахлагч Нямдоржийн хамт дуудлагын дагуу очиж шалгахад 103 тоот айл нь хаалга тайлж өгөөгүй. Дуудлага өгсөн дугаар руу залгахад эмэгтэй хүн утас аваад “би 1 давхарт байна, доошоо буугаад ир” гэсэн. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзаад тодруулахад тэр эмэгтэй “найз залуутайгаа энэ байрны 103 тоотод найзындаа ирсэн, энд байх хугацаанд манай найз залуу манай найзтай намайг хардаж уурлаад намайг цохиж зодоод гараад явсан, манай найз залуу гараад явахдаа миний утас, банкны картыг аваад явсан” гэсэн. Дуудлага өгсөн эмэгтэй 103 тоотод оршин суудаг найзынхаа утсаар найз залуутайгаа утсаар “миний утсыг авчирч өг” гээд утсаа салгасан. Тэр эмэгтэйн толгой хагарсан байдалтай байсан. Учир байдлыг нь тодруулахад найз залуу найзтай маань хардаад намайг 103 тоотод нь зодчихоод яваад өгсөн” гэсэн. Би тэр эмэгтэйгээс “103 түргэн тусламж дуудах уу” гэхэд “хэрэггүй ээ, миний толгойн тус тогтсон одоо 103 тоотод орж амарлаа” гээд түлхүүрийг бидэнд үзүүлээд тэр эмэгтэй лифтэнд суугаад дээшээ явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Нийн /1хх-ийн 134-135/: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01 цаг 35 минутын үед Хүлэг-112 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч X.А-гийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Хүлэг-10 /жижүүрээс/-аас “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчин “““ тоотоос “найз залуу гар утас аваад явчихлаа” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутад очиж шалгахад уг 103 тоот нь 61 дүгээр байрны 6 давхарт зүүн талын хамгийн захын урагшаагаа харсан хаалга байсан бөгөөд хаалгыг тогшиход тоотод ямар нэгэн дуу чимээ байхгүй, хаалгыг дотроос нь тайлахгүй байсан. Х.А бид хоёр 10 орчим минут хаалганых нь гадаа хүлээж байгаад цахилгаан шатаар байрны доошоогоо буухад байрны 1 давхарт дуудлага өгсөн эмэгтэй Атай тааралдсан. Агаас юу болсон талаар тодруулахад А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба 103 тоотыг хэний байр вэ? гэж асуухад А нь 103 тоот бол манай гэр биш, би найз залуутайгаа ирж 103 тоотод архи уусан, манай найз залуу надтай хамт архи ууж байгаад миний банкны карт, гар утас хоёрыг аваад явчихлаа, та хоёр миний гар утас, банкны картыг авч өг гэж хэлсэн. Тухайн үед А бид хоёртой уулзаж байх үедээ найз залуу руугаа залгаад “миний утас, картыг авчирч өг” гээд байн байн яриад байсан. Би Агаас “та энэ байранд амьдардаггүй юм байна шүү дээ, та яг хаана амьдардаг юм бэ” гэж асуухад А өөрийгөө “би Сансарын орчимд нийтийн байранд амьдардаг, оёдолчин хийдэг” гэж хэлсэн.Тухайн үед Агийн биеийг ажиглахад толгойных нь зүүн дээд хэсэгт нь цус болоод хатчихсан, маскийг нь тайлуулаад царайг нь харахад нүүр хэсэг нь хавдсан, халцарч, шалбарсан байдалтай байхаар нь “яагаад толгой чинь цус, нүүр царай чинь ийм болчихсон юм бэ” гэж асуухад “манай найз залуу намайг аймар зоддог юм, намайг өмнө нь зодож байсан, сая миний гар утсыг авч явахаасаа өмнө намайг зодоод миний толгойг бас хагалчихаад явсан” гэж хэлсэн. Би Ад “та 103-т үзүүлэх үү, таны бие яаж байна, танд ямар нэгэн эмнэлгийн тусламж хэрэгтэй юу” гэж асуухад А надад “миний бие зүгээр байна, би 103-т үзүүлэх шаардлага байхгүй, би гар утас, банкны карт хоёроо л тэрнээс авмаар байна, одоо 103 тоот руугаа орж амарлаа” гэж хэлсэн. Би Ад итгэхгүй “та яаж орох гэж байгаа юм бэ, 103 тоот руу орох гэхэд хаалга нь түгжээтэй байсан” гэж хэлсэн чинь А халааснаасаа түлхүүр гаргаж ирээд “надад түлхүүр нь байгаа, би орж амарлаа” гэж хэлээд лифтэнд суугаад явсан. Харин найз залуудаа удаа дараа зодуулж цохиулж байсан талаараа ярьсан. Яг хаана, хэзээ гэдгээ дэлгэрэнгүй хэлээгүй. Тухайн үед талийгаач Агийн толгой хагарсан, нүүр нь хавдартай, нүүрний энд тэнд нь халцарсан, хуучин шархтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Б-нийн /1хх-ийн 101-102/: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны

шөнө Г ах Г ахтай утсаар ярьсан. Гэтэл “та хоёр хүрээд ирэхгүй юу” гэсэн. Ингээд Г ах бид хоёр Г ахынд очих гээд гараад явсан. Г ахын гэрт А, Л хоёр үлдсэн. ...Г ах бид хоёрыг ирэхэд талийгаач газар хэвтсэн, тэгээд хажуу талд нь хоёулаа хуваан уусан байдалтай 2 шил архины шил байсан. Бид хоёрыг явахад зүгээр байсан бөгөөд өглөө нь ирэхэд бөөлжөөд байсан. Ер нь би талийгаачийг архи уусан үедээ бөөлжиж байхыг хараагүй, бөөлжиж байхыг нь хараад Г ах бид хоёр “бие чинь зүгээр үү” гэж асуусан. Тэр өдөржингөө бөөлжсөн. Тэгтэл А “миний хэвлий хэсгээр өвдөөд байна” гээд давсаг, хэвлий хавиараа бариад хэвтээд байсан. ...шингэн юм уухаараа огьж бөөлжөөд байсан. Тэгтэл бүр болохгүй байсан тул эмнэлэг дуудах болсон. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 00 цаг өнгөрч 01  цагийн үед түргэн дуудсан. Г ах өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн. Талийгаачийг үзээд “та архины хордлого болсон байна, гүн шоконд орж магадгүй хамт яв” гэсэн. Тэгтэл П.Л “мөнгө байхгүй байж явахгүй” гээд А бас явахгүй гээд яваагүй. Тэгээд эмч хордлого тайлах эмчилгээ хийлгээрэй гэж хэлээд явсан. Тэр эмчийг бараг П.Л хөөгөөд явуулчихсан. ...Г ах П.Лг “эмэгтэй чинь бие өвдөөд байна, эмнэлэг рүү яв” гээд хэлээд байсан. Тэгсээр байгаад П.Л нь Аг хамт явъя гэсээр байгаад чирч гулдчаад аваад гарсан. Тэр үед цаг 3 цаг өнгөрч байсан. Тэр үед Агийн биеийн байдал нь нэлээд ядруу байсан. Би ядраад байна, унтмаар байна гээд байсан. Тэгээд өглөө нь 12 цагийн үед П.Л Г ахын дугаар руу  залгасан бөгөөд А бид хоёр Сансарт буудалд байна, яваад очиж болох уу гээд ...12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр үед талийгаачийн биеийн байдал нэлээн муудсан байсан. Гэрт орж ирээд миний бие өвдөөд байна гээд бас шээж чадахгүй байна гээд хэвлий, давсагны орчмоо бариад байсан. ...Тэгтэл талийгаач өдөржингөө бөөлжөөд бие өвдөөд гээд байсан тул арга бараад 17 цагийн үед түргэн дуудсан. ...эмэгтэй эмч үзсэн бөгөөд намайг нөгөө талын өрөө рүү ор гэж хэлсэн. П.Лг найз залуу нь юм бол хараад хажууд нь байж бай гээд эмч үзсэн. Талийгаач надад өвчин намдаах тариа хийгээд өгөөч гээд гуйгаад байсан. Эмч “эмнэлэг рүү явахгүй бол болохгүй байна, явах хэрэгтэй байна” гэсэн. Тэгтэл талийгаач болон П.Л явахгүй гээд татгалзаад яваагүй. Тэгээд тэр өдрийнхөө шөнө 23 цагийн үед талийгаач нас барсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Дгийн /1хх-ийн 105-106/: “...би 58-18 УАА улсын дугаартай машинтай таксинд явдаг. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн Зүүн хүрээ хотхоны хажууд Петровис шатахуун түгээх станцын орчим явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Тэр хоёр Сүхбаатар дүүргийн Замын цагдаа Үйлдвэрчин хотхон руу явсан. Баянзүрх зах руу эргээд явж байхад эрэгтэй нь ATM байвал зогсчих гэж хэлээд эмэгтэйгээсээ 20.000 төгрөг авчих уу гэсэн. Тэгээд Үйлдвэрчин хотхоны чиптэй хаалганы гадаа ирэхэд эрэгтэй нь мөнгө задлуулах гээд буусан, тэр үед машинд байсан эмэгтэй хаалга онгойлгоод шар өнгийн шингэн зүйлээр хэсэг хугацаанд бөөлжсөн. ...эрэгтэй нь “өвчин намдаах лаагаа хийсэн үү” гэж асууж байсан. Тухайн эмэгтэй машинаас буухдаа биеэ удаанаар хөдөлгөж зовуурьтай мэт байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бийн /1хх-ийн 139-140/: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 17 цагаас 19 цагийн хооронд түргэн тусламжийн төвөөс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ тоотод дуудлага гарлаа гэсний дагуу би жолооч Б-ын хамтаар дуудлага дээр очсон. Дуудлагаар очиход өвдсөн гэх хүн нь 1982 оны эмэгтэй хүн байсан “нэр болон мэдээлэл нь дуудлагын хуудсан дээр байгаа” ба тухайн хүн нь миний хэвлийн доод хэсгээр нэлэнхийдээ өвдөнө гэж хэлж байсан. Миний бие тухайн эмэгтэйг том өрөөний шалан дээр хэвтүүлж байгаад хэвлийн үзлэг хийсэн. Хэвлийн үзлэгээр тухайн эмэгтэйн хэвлий хэсэг нэлэнхийдээ хатуу чангарсан байдалтай, даралт унасан байхаар нь би тухайн эмэгтэйд Дексатай натри 1,1 ампул буюу Натри 2мл-г зүүн шуу хэсэгт нь судсаар тарьсан. Тэгээд тухайн эмэгтэйг эмнэлэг авч явах шаардлагатай байна гэхэд тухайн эмэгтэй нь явахгүй гээд өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэх бичгийг аваад үлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Н.Агийн /1хх-ийн 91-93/: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А над руу видео дуудлага хийгээд Г-гийн гэрт байна гээд ярьж байхад нүүр нь хавдсан байсан, тэгээд найзынх нь бие нэг л муу байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Мийн /115-117/: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад найз Э залгаад “найзаа А өнгөрсөн байна, юу болсон юм бол чи Г руу залгаад асуу даа, Г-гийнд нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Г руу залгаад “юу болов” гэхэд “харин нэг ийм юм болчихлоо А бие өвдөөд байна гээд хэлж байсан, бие засах өрөө ороод бөөлжөөд хэвлийгээр өвдөөд байна гээд Л-гийн өвдгийг дэрлээд хэвтэж байсан, тэгээд унтаг гээд гудсан дээр хэвтүүлсэн. Тэгээд Б, Л  бид гурав ганц шил архи уусан. Тэгээд дэлгүүр хаахаас өмнө дахин нэг шил архи авахаар гарахдаа дуудсан А сэрэхгүй байсан. Тэгээд үзэхэд өнгөрсөн хамаг бие нь хүйтэн болсон байсан” гэж хэлсэн. Тэгээд би Г, Б, Л 3 тай Үйлдвэрчин хотхоны гадна сааданд уулзсан. Тэгсэн Г, Б нарын нүд хөх алаг болсон байсан. Тэгээд хэн ингэсэн талаар асуухад Л зодсон гэж хэлж байсан. Яагаад зодсон юм бэ гэж асуухад 6 хоногийн өмнө Л зодсон талаар хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун бугалга, шилбэ, мөр, тохой, эрүү, зүүн бугалга, шууны зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацар, эрүү, баруун бугалга, шилбэ, мөр, тохой, эрүү, зүүн бугалга, шууны зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь элэгний өөхлөлт, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчтэй байна. Дээрх өвчин нь үхлийн шалтгаан нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй...“ гэх 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2505 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн  89-97/,

 

мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “...талийгаачийн биед цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, чацархай, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл нь хэвлийн баруун доод хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал өшиглөх, дэвсэх гэх зэрэг механизмаар үүсгэгдэнэ...” гэх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шинжэчийн дүгнэлтээр /2хх-ийн 110-115/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч О.Бгийн /2хх-ийн 99-100/: “...Дээрх гэмтлээс үзэхэд 48 цаг орчмын өмнө гэмтлийг авсан байх боломжтой. Гэмтэл авах үед хэвлийд өвдөлт өгнө. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед дээрх зовиур багасна. Тодорхой хугацааны дараа бие мах бодь ерөнхий хордлогод орсноор ядарч сульдах, бөөлжих шинж илэрнэ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайлбал хэвлийн баруун хэсэгт өшиглөх, дэвсэх үйлдлийн үед үүсэх боломжтой бөгөөд дээрээс нь уг хэсэгт өвдөглөж унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед хэвлий орчим булчин суларсан байдаг мөн өвчин мэдрэх чадвар сул байдаг учир өвчний шинж тэмдэг балархай буюу буурсан байдаг учир шууд үзлэгээр оношлоход төвөгтэй...” гэх мэдүүлгээр,

 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Агийн /1хх-ийн 80, 83-85/: “...Би эхээс 5-уулаа ба талийгч А нь миний төрсөн эгч байгаа юм. Эгч А нь 2021 оноос хойш маш ихээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа ба сүүлийн нэг сарын хугацаанд гэртээ ирэлгүйгээр архи уусан. Талийгч нь П.Л гэх хүнтэй хамтран амьдардаг ба тэр нь Өмнөговь аймгийн Цагаан хадны орчим ажил хийдэг, ирэхээрээ хамт байдаг гэж надад хэлж байсан. Манай эгч ямар нэгэн өвчин эмгэггүй байсан. Манай эгч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн дугаараас 22 цаг 14 минутын үед залгаад 11 минут 15 секунд ярьсан. Ярих үеэр эгч А нь “миний бие маш муу байна би маргааш үхнэ, ямар нэг муу юм тохиолдох юм бол чи хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү” гэж хэлсэн. Би бодохдоо хамтран амьдрагч П.Л нь хардаад байдаг болохоор зодоод юм уу эсвэл ямар нэгэн юм болох гэж байна гэж бодсон...” гэх мэдүүлгээр,

 

П.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 169/: “...2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө А бид хоёр Г-гийн гэрт хоносон. А бид хоёр хонохдоо 0,75 литрийн Хараа архи хуваан уусан. Би арай ихийг нь уусан. Г “гэрлээ унтраачихаарай, манай аав, ээж ирээд байдаг” гэж хэлсэн учир гэрлээ унтраасан байсан. Би угаалгын өрөө рүү орсон, эргээд гарч ирээд унтах гээд явж байхад А газар унтаж байсан бөгөөд би тэр газраар дэвссэн байсан өргөн гудсанд нь бүдрээд тэгээд зүүн талын өвдгөөрөө дээрээс нь дараад унасан. ...тэгтэл А ёолоод босоод ирсэн бөгөөд хоёр тал руугаа биеэ хөдөлгөж байгаад зүгээр болсон гээд унтаж амарсан. Г, Б нар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний үдээс хойш гэртээ ирсэн. ...Агийн бие өвдөөд байна гэхээр нь 19, 20 цагийн үед санагдаж байна, Г эмнэлэг дуудсан. Тэгтэл эмч ирээд эмнэлэг авч явна гэхэд талийгаач явахгүй гээд тэгээд яваагүй...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-21, 24-29/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 30-65/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 66-77/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч П.Л нь өөрийн хамтран амьдрагч Т.А 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зодсоныг, С.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зодсон болохыг  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, амь хохирогч Т.А болон С.Г нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг, мөн П.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Т.А зодсоны улмаас хэвлийн битүү гэмтэл авч нас барсныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тус тус тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, П.Л нь Т.А, С.Г нарыг зодсоны улмаас хөнгөн гэмтээсэн, мөн Т.А зодсоны улмаас тэрээр нас барсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч П.Л өөрийгөө, түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нар “П.Лг хүн алах гэмт хэрэгт буруутгах хангалттай баримт сэлт хэрэгт цуглаагүй, эргэлзээтэй” гэх боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

Т.А гадны нөлөөтэй нас барсан хэргийн мөрдөн байцаалтаар хэрэг гардаг өдрийн урьд орой Т.А нь С.Гийн гэрт үлдсэн, өмнө нь ч хонож өнждөг байсан талаар хэд хэдэн гэрч мэдүүлсэн, П.Л нь тэр орой С.Гийг Т.А-тай хардаж зодсон болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй болохыг нотлох баримт сэлт гаргаж итгэл үнэмшил төрүүлөхүйц мэдүүлэг өгч чадахгүй байгаа, Т.Аийн биед П.Лтэй хоёулахнаа хоносон тэр шөнө гэмтэл учирсан, Т.Аийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай буюу өшиглөх эсхүл дэвсэх зэрэг механизмын үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой буюу хэвлий дээр өвдөглөж унахад үүсэх боломжгүй гэмтэл байсан талаар шинжээч шүүх хуралдаанд мэдүүлсэн  зэрэг Т.А П.Л зодож алсан нөхцөл байдлууд тогтоогдсон тул үүнд тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Дээр дурдсан нөхцөл байдлууд бүрэн үгүйсгэгдээгүй, энэ талаар үр дүн бүхий мөрдөн байцаалт явуулсан байх тул П.Лг энэ хэргийг үйлдээгүй гэж үзэх нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “П.Лг хүн алах гэмт хэрэгт буруутгах хангалттай баримт сэлт хэрэгт цуглаагүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар өөрийн хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан Т.А амьд ахуйд нь зодож хөнгөн гэмтээсэн, мөн хардалтын улмаас С.Гийг зодож хөнгөн гэмтээсэн П.Лгийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, мөн хамтран амьдрагч, гэр бүлийн харилцаатай байсан хүнийг зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон П.Лгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хууль заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэстэй.  

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Лгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан нэмж нэгтгэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч П.Лд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 7.076.892 төгрөгийг шүүгдэгч П.Лгээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгох,

 

хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нь хохирогч С.Гт төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч П.Л нь амь хохирогчийн хохирол төлбөрөөс 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл хохирол төлбөр болох 3.576.892 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгох нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Лгийн нөхөн төлсөн 3.500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Лгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 485 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар шүүгдэгч П.Лг 13 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-

т зааснаар шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 485 хоногийг

эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч П.Лгээс 3.576.892 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгож, шүүгдэгч нь хохирогч С.Гт төлөх төлбөргүйг дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Лгээс нөхөн төлсөн 3.500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгосугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                         ШҮҮГЧИД                               Б.БАТСАЙХАН

 

                                                                                                  Б.ОТГОНЦЭЦЭГ