Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/290

 

 

 

 

 

     2023        03         20                                        2023/ШЦТ/290

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Ц.Буянхишиг;

 

Хохирогч: Б.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч: Г.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар:  ..................;

           

Шүүгдэгч Г.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, ““ бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, НШГА-ны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 370 дугаар тогтоолоор уг торгуулийн ял өршөөн хэлтрүүлэгдсэн.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон биед нь хамар ясны хугарал, шанаа, зулайнд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Г.Бгийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хохирогч гэх Б нь 2 найзын хамт манай ““ бааранд орж ирсэн. Нэлээн согтуу, агсарсан байдалтай орж ирсэн. Манай ВИП суудалд сууцгаасан юм. Сууж байхдаа нус цэрээ хаяад байхаар нь “ингэж болохгүй” гэж хамт явсан арай эрүүл найзад нь хэлж сануулсан. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн байх, эд нар бүжгийн талбай дээр хүмүүстэй муудалцаж зодолдсон тул манай хамгаалагч нар баарнаас гаргах арга хэмжээ авсан. Энэ үед нь би бичлэг хийсэн. Хамгаалагч нар эд нарт “хүнтэй битгий муудалц” гэхэд тоохгүй агсраад байсан. Энэ үеэр хохирогчтой хамт явж байсан шар пальтотой найз нь “ахаа дотроос хувцас аваад өг” гэхээр нь би баарнаас хувцсыг нь авч өгсөн. Гэтэл энэ хэд гадаа хүмүүстэй зодолдсон байсан. Хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Гадаа найзтайгаа зодолдоод, машин тэрэг өшиглөөд агсам тавиад байсан тул би өөрөө цагдаа дуудсан. Дуудлагын дагуу цагдаа ирсэн ба би цагдаагийн хэлтэс дээр очиж болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн юм. Би энэ явдлаас хойш ажлын байраа солиогүй, надаас дахиж мэдүүлэг аваагүй. Гэтэл бүтэн жил өнгөрсний дараа намайг гэнэт буруутгасан. Би тухайн үед хар хувцастай байгаагүй, костьюмтай байсан. Би хохирогчийг зодоогүй, гар хүрээгүй. Энэ хүн өөрөө найзтайгаа зодолдоод байсан. Энэ нь бичлэг дээр байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 28-нд хоёр найзын хамт ““ бааранд орж үйлчлүүлсэн юм. Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад танихгүй залуучуудтай маргалдсан. Гэтэл бид нарыг хамгаалагч нар нь учир зүггүй хөөж гаргасан. Бидний буруу биш, тэр маргасан хүмүүсээ хөөж гаргахгүй бид нарыг хөөсөн. Би тэгэхээр нь “яагаад бид нарыг хөөж байгаа юм, бид буруу юм хийгээгүй, авсан юмаа ууж дуусаагүй байна” гэхэд хамгаалагч нь өөдөөс доромжилсон. Би хамгаалагчтай маргасан. Ингээд маргаж байхад Б болон бусад хамгаалагч нар ирээд биднийг зодож гаргасан. Б нь миний баруун нүдний зовхи хэсэгт цохисон, мөн хоолой боож чирч гаргасан. Энэ асуудал яг үүдний хэсэгт нь болсон юм. Би хэдий согтуу байсан ч бүх зүйлийг тодорхой санаж байгаа. Яг хэрэг болсон, намайг зодсон үүдний хэсгийн бичлэгийг эд нар санаатайгаар устгасан байсан. Манай найз нар намайг цохиж зодоогүй. Намайг найздаа зодуулсан байх гээд байна. Би Бд зодуулсныхаа дараа баарны гадаа найзтайгаа маргасан нь үнэн. Гэхдээ найз маань намайг түлхсэн болохоос биш цохиогүй. Түлхэх үед нь би хөл алдаад унасан нь үнэн. Шүүгдэгч Б худлаа ярьж байна. Би бүх зүйлийг тодорхой санаж байгаа. Энэ хүн намайг цохиж гэмтээсэн нь үнэн. Нүдний зовхины сорви арилгуулах эмчилгээ цаашдаа хийлгэнэ. Энэ зардлыг нэхэмжилнэ. Одоо энэ талаар баримт байхгүй байна” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 22-23, 25/, гэрч И.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 37-38, 41/, Б.Бийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/, Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 26-30/, CD-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/, CD бичлэг /хх-ийн 32 дугаар талд хавсаргасан CD бичлэгийг үзэв/, Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-80/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос 2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ бааранд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, шанаа, зулайнд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Г.Б үйлдсэн гэж яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэвч дээрх гэмт хэргийг Г.Б үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Прокурорын зүгээс Г.Бг буруутгах болсон дүгнэлт, саналын үндэслэл болгосон нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар няцаан үгүйсгэж байна.

Б.Бийг зодож хөнгөн гэмтээсэн гэх үйлдлийг хохирогч Б.Б, гэрч И.Ц нарын мэдүүлгээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэг зэргээр тогтоосон гэсэн боловч эдгээр хохирогч, гэрч нарын 2021 онд өгсөн мэдүүлгүүдээр Г.Бг хэн нь ч  уг хэрэгт холбоотой гэж заагаагүй, мэдүүлээгүй байсан атал 2022 онд хохирогчийн дахин өгсөн зөрүүтэй мэдүүлгээр Г.Бг энэ гэмт хэрэгт буруутгах болсон нь эргэлзээтэй.

Тухайлбал, гэрч И.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анх өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 37-38/ “...том биетэй, ойролцоогоор 180 см-ээс дээш өндөртэй хамгаалагч манай найз Бийг араас нь тэврээд бүжгийн талбайгаас гарах үүд рүү өргөөд аваад гарсан. Тэгэхэд баарны үүдэнд том биетэй хамгаалагч нь Бийг түлхээд гадагшаа гаргахад цаанаас нь хоёр хамгаалагч ирээд намайг болон А-ыг түлхэж гаргасан. Үүний дараа би “Та нар ингэж болж байгаа юм уу?” гэхэд цанаас нь ойролцоогоор 5 хамгаалагч гарч ирэн, том биетэй хамгаалагч нь Бийг цохиход би тухайн цохисон том биетэй хамгаалагчийг цохисон...Том биетэй хамгаалагч эхлээд Бийг цохисон...тухайн хамгаалагч нь 180 см орчим өндөртэй махлаг залуу байсан. Би харвал танина...” гэж,

хохирогч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 22-23 / ““ бааранд орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байх үед бүжгийн талбай дээр би болон манай найзууд үл таних хүмүүстэй маргалдсан. Энэ үед баарны хамгаалагч нар бид нарыг хөөж гаргасан. Хөөгдөж гарч байх үедээ нэг том биетэй хамгаалагчид “яагаад хөөж байгаа юм бэ?” гэж хэлэхэд урдаас уурлаж маргаан үүссэн. Ингээд маргаан үүсээд байж байхад тус том биетэй хамгаалагч миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь хөөж чирч гаргасан. Намайг хөөгдөж гарах үед А, Ц хоёр хаалганы гадна намайг хараад зогсож байсан. Тус том биетэй хамгаалагч залуу намайг баарны гадна чирч гаргаж байх үед манай найз Ц намайг хамгаалж баарны хамгаалагч руу далайсан. Харин энэ үед би баарны хамгаалагчийн гараас суларч баарны хамгаалагч руу далайсан. Харин баарны хамгаалагч уурлаж, дээд талаа тайлж бид хоёр руу дайрсан...” гэж,

мөн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 43-44/ ”...Хамгаалагч залуутай маргалдаж байх үед хамгаалагч залуу миний баруун нүд рүү цохисон. Тэгээд би хамгаалагч залуутай зодоон хийсэн...” гэж,

мөн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 25/ “...Миний биед учирсан гэх гэмтлийг ““ баарны зохион байгуулагч гэх Б гэж залуу учруулсан. Миний бие нэрийг нь яаж мэдсэн бэ? гэвэл миний бие зодуулсныхаа дараа ““ баар руу очоод хамгаалагчдыг нь хайсан ба хамгаалагч нь биш зохион байгуулагч гэх Б гэх залуу нь намайг тухайн өдөр үүдний хувцас солих хэсгийн шалан дээр унагаад хамар болон нүүр хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон...Б нь баарны гадна гэхээсээ илүүтэй дотор коридор хэсэг буюу өлгүүрийн хажууд газар унагаж байгаад маш олон удаа зодсон...”  гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Дээрх мэдүүлгүүдийг нягтлан үзэхэд гэрч И.Ц нь хохирогч Б.Бийг баарны хамгаалагч цохиж байсан талаар дурдсан байх боловч  энэ үйл явдал нь баарны гадна талд болсон гэсээр атал хохирогч Б.Б нь анх өгсөн мэдүүлэгтээ “...том биетэй хамгаалагч миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь хөөж чирч гаргасан. Намайг хөөгдөж гарах үед А, Ц хоёр хаалганы гадна намайг хараад зогсож байсан. Тус том биетэй хамгаалагч залуу намайг баарны гадна чирч гаргаж байх үед манай найз Ц намайг хамгаалж баарны хамгаалагч руу далайсан. Харин энэ үед би баарны хамгаалагчийн гараас суларч баарны хамгаалагч руу далайсан. Харин баарны хамгаалагч уурлаж, дээд талаа тайлж бид хоёр руу дайрсан...” гэжээ.

Энэ нөхцөл байдалд хэрэв хохирогчийн мэдүүлэгт дурдсан шиг түүнийг баарны дотор талд зодсоны дараа  хамгаалагч чирч гаргасан бол үүний дараа буюу баарнаас гарсан хойно Б.Бийг хамгаалагч цохиж байхыг И.Ц харсан гэсэн нь цаг хугацааны хувьд ч  тохирохгүй төдийгүй хохирогч Б.Б нь 2022 онд буюу хэрэг болсноос хойш бүтэн нэг жилийн дараа дахин мэдүүлэг өгөхдөө “...зохион байгуулагч гэх Б гэх залуу нь намайг тухайн өдөр үүдний хувцас солих хэсгийн шалан дээр унагаад хамар болон нүүр хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон...” гэж  өмнө өгсөн мэдүүлэгтээ дурдаагүй зүйлсийг тодорхой цаг хугацааны дараа дурдаж өөрийг нь Г.Б зодсон гэж мэдүүлгийг өгсөн байх тул хохирогчийн хожим өгсөн мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэдийгээр хувь хүний нас, оюун ухаан, сэтгэц, санах ой тогтоолт зэргээс шалтгаалан урьд өмнө болж өнгөрсөн үйл явдлыг хэсэг хугацааны дараа нэг бүрчлэн эргэн санахыг үгүйсгэхгүй боловч хохирогч, гэрч нар анх өгсөн мэдүүлэгтээ хэрэг учрал болсон гэх үеийн нөхцөл байдлуудыг зөрүүтэй дурдсан атлаа хохирогчийн хожим 2022 онд дахин өгсөн мэдүүлгээр Г.Бгийн гэм бурууг нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө.

 

Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгт хохирогч Б.Бийг баарнаас түлхэж гаргаж байгаа, хохирогчийн найз И.Ц болон хохирогч нартай гар далайн зангаж байгаа, тэдэнтэй дээгүүрх хувцсаа тайлж  маргалдаж байгаа хүн нь Г.Бгээс өөр хүн байгаа нь бичигдэн үлдсэнээс гадна хохирогчийн “...том биетэй хамгаалагч миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь хөөж чирч гаргасан. Намайг хөөгдөж гарах үед А, Ц хоёр хаалганы гадна намайг хараад зогсож байсан. Тус том биетэй хамгаалагч залуу намайг баарны гадна чирч гаргаж байх үед манай найз Ц намайг хамгаалж баарны хамгаалагч руу далайсан. Харин энэ үед би баарны хамгаалагчийн гараас суларч баарны хамгаалагч руу далайсан. Харин баарны хамгаалагч уурлаж, дээд талаа тайлж бид хоёр руу дайрсан...” гэж мэдүүлсэн нь өөрийг нь зодсон хүн Г.Б гарцаагүй мөн байсан гэдэгт ч эргэлзээ төрүүлж байна.

 

Мөн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр /хх 26-30/ тухайн хэрэг болсон шөнө хохирогч Б.Бийг зодож гэмтээсэн хүн нь Г.Б мөн болохыг хохирогч Б.Б эргэлзээгүйгээр таньж олж заасан нь Г.Бг буруутгах гол нотлох баримт болсон гэж үзжээ. Гэтэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

 

Хэрэв хүнийг гэрэл зураг ашиглан таньж олуулах ажиллагаа явуулах бол “таньж олох хүн таньж олуулах ажиллагаанд саад учруулж болзошгүй; таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн; таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй” зэрэг ямар шалтгаанаар гэрэл зураг ашиглан таньж олуулах ажиллагааг явуулсан нь тодорхой байх ёстой. Гэтэл дээр дурдсан тохиолдлуудаас аль нь ч байхгүй байхад Г.Бгийн гэрэл зургийг ашиглан таньж олуулах ажиллагаа явуулж буй нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл болжээ.

 

Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлт нотлох баримт нь шүүгдэгч Г.Бг уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, шалтгааныг тогтоосон баримт юм. Энэ баримт нь мөн л шүүгдэгч Г.Бг “Б.Бийг зодсон” гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох боломжгүй юм.

 

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байдлаар цуглуулсан  гэж үзэж, Г.Б Б.Бийг гарцаагүй зодож гэмтээсэн гэсэн прокурорын дүгнэлт ч бодитой байж чадахгүйгээс гадна хүнийг зодож хөнгөн гэмтээсэн гэмт хэрэгт Г.Б гэм буруутай талаар хөдөлбөргүй барим сэлт, мэдээлэл байхгүй тул түүнийг энэ хэрэгт буруутгах үндэслэл сул байна гэж шүүх үзэв.

 

Ийм учраас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ бааранд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Г.Баасанхүү үйлдсэн нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан тул хохирогч Б.Бийн гэм хорын нөхөн төлбөрийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Шүүгдэгч Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасан болохыг дурдаж байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.9 дүгээр зүйлийн 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Бийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасан болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгосугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.       

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ