Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/239

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч Н.******, У.******, тэдний өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүгдэгч Э.******, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****** овогт ******гийн ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203007200030 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** рийл ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, ******** дүүргийн 16 дугаар хороо, Орхон 11-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэж, өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялтай, бие эрүүл, ухаан бүрэн, ****** овогт ******гийн ****** /РД: ******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.****** нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 06 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын зүүн талд Тоёота Камри маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Тоёота Приус 20 маркийн ****** УБУ тээврийн хэрэгсэл онхолдон тус тээврийн хэрэгслийн жолооч Н.******, зорчигч У.****** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 . 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Н.******: “...Тухайн өдөр “Хүннү 2222” хорооллын арын замд хойшоо чиглэлтэй явж байхад хажуу талаас урсгал сөрөөд гэнэт ороод ирсэн, 150-200 метр орчим гулгаж явсан. Осол болсны дараа хамгийн түрүүнд найзыгаа гаргасан. Энэ үед ****** машинаасаа гараад ирсэн байсан. Ирээд биеийн байдал асуух байх гэж бодсон боловч ирж биеийн байдал асуугаагүй. Би машин бариагүй гэж гүрийж байсан, мөн зугтаах оролдлого хийж байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсний дараа эмнэлэг дуудсан. Сэтгэшгүй эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Гэхдээ эхний 4 хоног эмчилгээ хийгээгүй, 5 дахь өдрөөс нь эхлээд өдөрт 2 дусал хийж байсан. Энэ эмнэлэг эмчилгээ хийхгүй байна гэж ******ыг дуудаж байгаад өөрөөр нь хэлүүлж байсан. Хэргийн материалтай танилцаж байхад тухайн өдөр ******ын төрсөн өдөр байсан юм байна лээ. Зүрхний шигдээстэй гэх юм бол бааранд орох боломжгүй гэж үзэж байна. ******оос 1,500,000 төгрөг, 480,000 төгрөгийн хохирол авсан. Одоо ажилгүй байсан хугацааны зардал 10,000,000 төгрөг буюу 5 сарын цалинг нэхэмжилнэ. Одоо эмчилгээ дуусаагүй байгаа. Өдрийн эмчилгээ нуруунд шарлага хийлгэж байгаа. Мөн тариа хийлгэж байгаа, амин дэм, яс бэхжүүлэх эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлэгт хэвтэх боломжгүй буюу эхнэр өвчтэй байгаа учраас өдрийн эмчилгээ хийлгэж байгаа...” гэв.

 

Хохирогч У.******: “...Тухайн өдөр “Хүннү 2222” хорооллын арын замд урдаас хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт урсгал сөрж орж ирээд хойд талаас мөргөсөн. Тэгээд би түрүүлж буухад энэ залуу жолооч талын хаалганаас гарч ирээд эсрэг талын дугуйгаа хараад байсан, тухайн үед зугтаахыг завдсан, тэгээд цагдаа ирээд нүүрэлдэхэд би жолоо бариагүй, дуудлагын жолооч зугтаачихлаа гэж байсан. Би гэмтэлд үзүүлээд яаралтай имрай хийлгэх шаардлагатай байна гэсэн эмчийн дүгнэлт аваад маргааш нь Э.******оос 700,000 төгрөг, 400,000 төгрөг авсан. Сэтгэшгүй эмнэлэгт 10 хонох байснаас 8 хоносон, төлбөр төлөгдөөгүй байна гэж эмчилгээ хийхгүй байж байгаад Э.******ыг удаа дараа дуудаж эмчтэй нь уулзуулж байгаад дусал тариа хийж байгаад 8 дахь хоног дээрээ манайх дараагийн хүнээ авах гээд байна, та хоёрын төлбөр тооцоо хийгдээгүй тул одоо гар гээд тухайн эмнэлгээс гаргасан. Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж тархины хаван хөөх дусал, яс бэхжүүлэх, амин дэн хийлгэсэн. Цаашид эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн. Ажилгүй байсан хугацааны буюу 5 сарын цалин 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Э.******: “...Тухайн өдөр машин барина гэж бодоогүй байж байгаад машин бариад ийм асуудалд орсондоо харамсаж байна, эмнэлэгт үзүүлээд зүрхний шигдээс болсон, зүрхний хэмнэлтийн дутагдалд орсон гэдгээ сонсоод архи уусан, мөн машин барьсан байна. Өөрийн үйлдсэн хэргийн талаар маргах зүйл байхгүй, гэм буруутайгаа ойлгож байгаа, яг осол болсон зүйлийг санахгүй байна, архи их хэмжээгээр уугаад тасарсан байсан. Хохиролд хохирогч нарт нийтдээ 9,741,000 төгрөг төлсөн, үүнээс эмчилгээний зардалд 1,700,000 төгрөг, машины зардалд 7 сая төгрөгийг У.******ы ээжийн данс руу хийж байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз ******ы автомашиныг жолоодон найзтайгаа хамт “Хүннү-2222” хорооллын зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад өөдөөс замын 1 дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин гэнэт эсрэг урсгал руу ороод чиглээд ирэхээр нь баруун тийшээ 1 дүгээр эгнээ рүү дарсан боловч машины зүүн хойд хаалга хэсэг рүү мөргөж машин эрчимдээ баруун талаараа унасан тэр машин хаазлаад өөдөөс чиглээд ороод ирэхээр нь зугтааж дараад амжилгүй мөргүүлсэн. Тэр машины жолооч 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч У.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд найз ******оор машинаа жолоодуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” хорооллын зүүн талын нэг талдаа хоёр эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр урдаас хойшоо чиглэлд явж байхад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын автомашин хойноос урагшаа чиглэлтэй замын 1-р эгнээнээс гэнэт хажуу тийшээ далийгаад урсгал сөрж ирээд машины зүүн хойд хэсэгт мөргөж, эрчимдээ машин хажуу талаараа унасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ослоос хойш хохирогч нарын эмчилгээ эм тарианы зардалд 1,700,000 төгрөг, автомашины үнэлгээний зардалд болон бусад зардалд 7,330,000 төгрөг, нийт 9,741,000 төгрөг өгсөн. ...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Минт гэх нэртай бааранд найзуудтайгаа хамт байж байгаад 3 шил виски уусан, өглөө 05 цагийн үед баарнаас гараад машиндаа сууж байгаад, ...нилээн согтчихсон байсан тул юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь машинтай мөргөлдчихсөн байсан..” /хавтаст хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. У.******ы биед баруун 9 дүгээр хавирганы хугарал, баруун мөрний эргүүлэгч шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 33-36 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15730 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.******ын биед ахар сүүлний 1, 2, 3-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6, 7, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмуудын жийргэвч мөгөөрсний урагдал, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй..” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай магадалгаанд: “...6.1. Тоёота Камри маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2 Тоёота Приус 20 маркийн ****** УБУ улсын дугаартай тээврийн эхэргслийн жолооч Н.****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна....” /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-11 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Хохирогч У.******, Н.****** нарын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хавтас хэргийн 37-39, 45 дэх тал/,

- Шүүгдэгч Э.******ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Гандиймаа, Э.Барсболд нарын мэдүүлэг /хавтас хэргийн 85, 87 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 63 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 65 дахь тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 90 дэх тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.****** нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 06 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын зүүн талд Тоёота Камри маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Тоёота Приус 20 маркийн ****** УБУ тээврийн хэрэгсэл онхолдон тус тээврийн хэрэгслийн жолооч Н.******, зорчигч У.****** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь хохирогч Н.******ын: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз ******ы автомашиныг жолоодон найзтайгаа хамт “Хүннү-2222” хорооллын зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад өөдөөс замын 1 дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин гэнэт эсрэг урсгал руу ороод чиглээд ирэхээр нь баруун тийшээ 1 дүгээр эгнээ рүү дарсан боловч машины зүүн хойд хаалга хэсэг рүү мөргөж машин эрчимдээ баруун талаараа унасан тэр машин хаазлаад өөдөөс чиглээд ороод ирэхээр нь зугтааж дараад амжилгүй мөргүүлсэн. Тэр машины жолооч 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

Хохирогч У.******ы: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд найз ******оор машинаа жолоодуулан Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” хорооллын зүүн талын нэг талдаа хоёр эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр урдаас хойшоо чиглэлд явж байхад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын автомашин хойноос урагшаа чиглэлтэй замын 1 дүгээр эгнээнээс гэнэт хажуу тийшээ далийгаад урсгал сөрж ирээд машины зүүн хойд хэсэгт мөргөж эрчимдээ  машин хажуу талаараа унасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Э.******ын: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Минт гэх нартай бааранд найзуудтайгаа хамт байж байгаад 3 шил виски уусан, өглөө 05 цагийн үед баарнаас гараад машиндаа сууж байгаад, ...нилээн согтчихсон байсан тул юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь машинтай мөргөлдчихсөн байсан..” /хавтаст хэргийн 97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №15931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: У.******ы биед баруун 9-р хавирганы хугарал, баруун мөрний эргүүлэгч шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 33-36 дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны №15730 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.******ын биед ахар сүүлний 1, 2, 3-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6, 7, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмуудын жийргэвч мөгөөрсний урагдал, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 03 дугаартай магадалгаанд: “...6.1. Тоёота Камри маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-11 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.****** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч Э.****** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 09 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, өнөөдрийн байдлаар 03 жил 08 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдэлсэн буюу 01 жил, 08 сар, 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шийтгэх тогтоол, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******од энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******од шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ******** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, ****** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.******ын эрүүл мэндэд биед ахар сүүлний 1, 2, 3 дугаар нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6, 7, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмуудын жийргэвч мөгөөрсний урагдал, ууцанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирч, 1,980,000 төгрөг эмчилгээний зардал гарсан, хохирогч У.******ы эрүүл мэндэд баруун 9 дүгээр хавирганы хугарал, баруун мөрний эргүүлэгч шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр хохирол учирч 1,100,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, энэ талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шинээр гаргасан.  

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.******т эмчилгээний зардалд 1,980,000 төгрөг, хохирогч У.******д 1,100,000 төгрөг, автомашины эвдрэлтэй холбоотой зардалд 7,330,000 төгрөг тус тус төлсөн, шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нар энэ талаар маргахгүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Хохирогч Н.******, У.****** нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор 5 сар ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх орлого гэж тус бүр 10,000,000 төгрөг нэхэмжилж, түүнтэй холбоотой өөрсдийн Хаан, Голомт банкны дансны хуулга, “УБ каб” ХХК-тай байгуулсан гэрээ, тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргасан боловч эдгээр баримтаар хохирогч нар тус бүр 10,000,000 төгрөгийн орлого олох байсан болох нь тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.******, У.****** нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин, тэдгээртэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогч У.****** тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй, У.****** анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа боловч Эрүүгийн хуульд зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс тоологдох зохицуулалтай. Иймд түүнийг дээрх хугацаанаас хойш “УБ каб” ХХК-тай байгуулсан замын унаа, шуурхай хүргэлт, дуудлагын жолооч үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээний үүднээс цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олох боломжтой байсан гэж шүүх үзэх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2203007200030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.****** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******гийн ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******од энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1760 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******од шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ******** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн 2203007200030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.****** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Н.******, У.****** нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин, тэдгээртэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолын хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Тээврийн цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР