Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/00493/И |
Дугаар | 001/ХТ2021/01504 |
Огноо | 2021-12-09 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/01504
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02475 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар магадлалтай,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 45,468,460 төгрөг гаргуулах тухай үндсэн,
73,649,749 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чин анир холдинг ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016/ЗТЗХА/ дугаар ажил гүйцэтгэх гэрээг Жигүүр гранд ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж 33 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг ЦНТ ХХК-ийн гүйцэтгэсэн 40/15 щифр бүхий ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч тал нь нийт 146,142,141 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Жигүүр гранд ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66,342,642 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-т Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй гэсэн заалтыг захиалагч тал хэрэгжүүлээгүй хэрнэ гэрээг цуцалсан. Жигүүр гранд ХХК-тай байгуулсан ажлыг хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 100 хувь шугамаа захиалан авсан. Гэтэл Жигүүр гранд ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хугацаандаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд манай компани Тэнүүн өлзий ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир шүүхийн шийдвэрээр алданги 21,861,860 төгрөгийг манай компани төлөхөөр шийдвэр гарсан. Мөн Жигүүр гранд ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалуудыг татсан бөгөөд одоогийн байдлаар 23,606,600 төгрөгийн үнэ бүхий бараа материалууд байна. Дээрх бараа материалуудыг зөвхөн Жигүүр гранд ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд тавьсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн тул цаашид өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм. Иймд хохиролд төлсөн 21,861,860 төгрөг, үлдэгдэл бараа материалын үнэ 23,606,600 төгрөг, нийт 45,468,460 төгрөгийг Жигүүр гранд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Чин анир холдинг ХХК-иар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж-33 тоот хаягтай Романа ресиденс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш бид ажлыг эхлүүлэхийн тулд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-иас зөвшөөрөл авахаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа хандсан тухай гүйцэтгэгч тал болох Чин анир холдинг ХХК мэдэж байсан бөгөөд талуудын төлөөлөл уулзалдаж, газар эзэмшигчээс зөвшөөрөл авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдсэн байдаг тул *******-ийг дангаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Гүйцэтгэгч ******* нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж манай компаниас 66,342,642 төгрөгийг нэхэмжилсний дагуу 66,342,642 төгрөгийг шилжүүлсэн. Чин анир холдинг ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас дээрх үнийн дүн бүхий төлбөрийг авсныхаа дараа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 21,861,860 төгрөгийг огт хамааралгүй манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 6 дугаар сард Монаса ХХК нь энэхүү шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар хийхээр болсон тул бид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр Чин анир холдинг ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/305 тоот албан бичгээр Худалдан авалт хийсэн агуулахдаа байгаа бараа материалын үзүүлэлт, үнийн саналыг манайд ирүүлж, тооцоо нийлэх саналыг *******-д хүргүүлсэн боловч тухайн үед манайд ирүүлсэн бараа материалууд нь манай хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдахааргүй материал байсан тул бид хүлээн зөвшөөрөөгүй. Харин манай компани тус шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхээр болсон Монаса ХХК-д тухайн ажлыг гүйцэтгэхдээ Чин анир холдинг ХХК-иас бэлэн байгаа материалыг авахыг санал болгосны дагуу тус компани нь худалдан авалт хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...*******-тай байгуулсан гэрээнд заагдсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн гэх шугам хоолойг Монаса ХХК нь манай компанийн санал болгосноор *******-иас худалдан авсан. Бид нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрөө буцаан шилжүүлэхийг гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул 66,342,642 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нотлох баримт болох 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Хас банкны 5000981513 тоот дансны хуулгаас харахад манай компаниас 7,307,107 төгрөгийг *******-д шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр нэмэгдүүлж, нийт 73,649,749 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчид шаардах эрх үүсээгүй. Яагаад гэвэл Чин анир ХХК бол гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний үүргийн ямар нэгэн зөрчилгүй, хуулийн асуудал зөрчсөн зүйлгүй. Хариуцагч тал шилжүүлсэн мөнгөө авъя гэж нэхээд байгаа ч гэрээгээ зөрчсөн. Гэрээ зөрчсөн нөхцлийг харвал ийм асуудлууд байдаг. Яг хууль зүйн ямар үндэслэлээр шаардах эрхээ гаргаад байгаа нь тодорхойгүй. Харин өөрсдөө гэрээний 4.1.1, 4.2.1, 4.2.3, 5.8, 5.11, 9.2, 5.12 дахь заалтуудыг ерөөсөө биелүүлээгүй. Тийм атлаа урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуулийн ямар заалтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02475 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн 23,606,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23,606,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн хохирол 21,861,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Жигүүр гранд ХХК-ийн 50,043,149 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,861,860 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож, үлдэх 28,181,289 төгрөгийн шаардлагаас 14,915,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-иас 6,265,525 төгрөгийг гаргуулан *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 385,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621,533.21 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 115,199 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтэн 1 гэж дугаарлаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар *******-аас гэрээний үүрэгт 45,468,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-аас 23,606,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 50,043,149 төгрөгийг тус тус гаргуулж *******-д олгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж 106 дугаар зүйлийн 106.6 ...хариуцагчаас 385.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг тус тус хасч 115,199 гэснийг 526,198 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 442 магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Жигүүр Гранд ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66.342.642 төгрөгийг 2016 оны 09 сарын 15-ны өдөр шилжүүлсэн.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч компанитай байгуулсан гэрээний уүргийн дагуу 2016 оны 10 сарын 13-ны өдөр бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээг Тэнүүн -Өлзий ХХК-тай байгуулж 65.076.000 төгрөгийн бараа материал татаж 20 сая төгрөгийг урьдчилгаанд төлсөн. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компани гуравдагч компани болох Тэнүүн Өлзий ХХК-д бараа материалын алданги төлсөн болох нь бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 1057 дугаар шийдвэр зэрэгт тусгагдсан байгаа /хх-ийн 15-19, 25-29 хуудас/ хэдий ч шүүхээс уг баримтыг үнэлээгүй. Цаг хугацааны хувьд хариуцагч компанитай гэрээ байгуулсны дараа уг гэрээний зүйлийг гуравдагч этгээдээс худалдан авсан ба нэхэмжлэгчид хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээлгэсний улмаас нэхэмжлэгч ажлаа эхлүүлэх бэлтгэл ханган бараа худалдан авсан байхад дээрх нөхцөл байдлуудыг хоорондоо шалтгаант холбоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д тус тус зааснаар захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан шалтгаан холбоо тогтоогдож байхад шүүхээс хоорондоо ямар ч шалтгаант холбоо тогтоогдохгүй байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-н үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсан. Хариуцагч нь газрын зөвшөөрөл авч, нэхэмжлэгчийг ажиллах боломжоор хангах үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирол шаардах эрхтэй байтал давж заалдах шатны шүүхээс шалтгаант холбоо тогтоохгүй гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг авч үзээгүй, хэргийн үйл баримтыг тал бүрээс дүгнээгүй гэж үзэж байна.
Хавтаст хэргийн 86-147 дугаар хуудсуудад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа, барааг зөөх тээвэрлэх, ажилчдын цалин хөлс, ковш машин гээд холбогдох бүхий ажлуудыг хийхэд шаардагдах зардлын баримтуудыг хэрэгт хавсаргасан хэдий ч шүүхээс үнэлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д Учирсан хохирол гэдэгт өөрт учирсан бодит хохирлыг ойлгоно гэж гэрээндээ тусгасан мөн гэрээний 9.2-т гэрээ биелүүлэх явцад гарсан бүхий зардлыг төлөх үүрэгтэй гэж тусгасан. Мөн цаг хугацааны хувьд ч тэр гэрээ байгуулсны дараа гарсан зардал байхад шууд гарсан зардал буюу хэрэгт хамааралтай баримт гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.
2016 оны 02 сарын 29-ны өдрийн гэрээний 2.2-т гэрээт ажлын нийт төлбөрийн 5 хувь буюу 7.307.107 төгрөгийг урьдчилгаа болгон гэрээ баталгаажсан өдрөөс эхлэн ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэгч талын нэхэмжлэлийг үндэслэн гүйцэтгэгч талаар ажил гүйцэтгүүлэх гэрээний баталгаа болгон шилжүүлнэ гэж заасан. Энэ нь тухайн гэрээ биелэгдэнэ гэх баталгаа болгож оруулсан зохицуулалт ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 442 магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний хохирол, бараа материалын үнэ нийт 45,468,460 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 73,649,749 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хяналтын шатны шүүх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, ******* болон *******-ийн хооронд 2016.02.29-ний Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээгээр Хан-Уул дүүрэгт баригдаж буй Романа ресидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөн өгөх ажлыг 146 142 141 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, төлбөрийг ажлын гүйцэтгэлээс хамаарч хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ.
*******-аас гэрээний баталгаа гэж 7,307,107 төгрөг, 2016.09.15-нд урьдчилгаа төлбөр 66,342,642 төгрөг нийт 73,649,749 төгрөгийг нэхэмжлэгч *******-д шилжүүлсэн, ******* нь гэрээт ажилд зориулж Тэнүүн өлзий компаниас бараа, материал зээлээр худалдан авсан, барааны үнийг хугацаандаа төлөөлгүйгээс 21,861,860 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөх болсон, 23,606,600 төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа, тодорхой шалтгааны улмаас гэрээ хэрэгжээгүй, ******* гэрээг цуцалсан зэрэг үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримт болон нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн тухайд талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ******* буруутай гэж, хариуцагч нь ...гэрээг цуцалснаар урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцааж шаардах эрхтэй... гэж нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргажээ.
2. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар хоёр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангаагүй, талуудын хоорондох гэрээ цуцалсны үр дагаврыг нотлох баримтын хэмжээнд зөв үнэлж дүгнээгүй, хуулийг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжээгүй, ажлын үр дүн байгаагүй нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, иймээс гэрээний үүргийн биелэлт, гэрээнээс учирсан хохирол гэх үр дагавар тооцогдохгүй.
Нэхэмжлэгч ******* нь Тэнүүн өлзий-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрээр 21,861,860 төгрөг төлөх болсон нь Жигүүр гранд группХХК-тай шалтгаант холбоогүй, иймээс нэхэмжлэгч нь гэрээг биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж хариуцагчаас шаардах эрхгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу дүгнэсэн нь маргааны үйл баримтад тохирсон байна.
*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээ байгуулсны дараа Жигүүр гранд группХХК-аас *******-д шилжүүлсэн 73,649,749 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
3. *******-нь Чин анир холдинг-д хадгалагдаж байгаа гэх 23,606,600 төгрөгийн бараа, материалыг авахыг зөвшөөрснийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс үүнийг сөрөг нэхэмжлэлийн дүнд оруулан тооцсон нь буруу биш байна.
Харин шүүхийн шийдвэр бодитой, маргаангүй биелэгдэх шаардлагын үүднээс шийдвэрт 23,606,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал буюу үнийг гэж тодорхой заах нь зөв, энэ агуулгаар магадлалд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...23,606,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал гэсний дараа ...буюу 23,606,600 төгрөгийг ... гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН