| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0725/З |
| Дугаар | 221/МА2025/0404 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0404
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага:
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0232 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2024/0725/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0232 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, мөн хэсгийн 2, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:
“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар тушаалын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь үндэслэлийн тухайд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-д “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлд “...энэ аж ахуй нэгж байгууллага газрын төлбөр төлөгдөөгүй, бусдад дамжуулан ашиглуулсан, Дэглэм горим зөрчсөн гэсэн энэ нь маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 32 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Ашиглаж байгаа газар бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох гэснийг зөрчсөн үндэслэл болсон тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус үндэслэл дээр маргасан бөгөөд түүний үндэслэл нь маргаан бүхий актын гол үндэслэл юм. Хэрэгт авагдсан баримт болон газрын үзлэгийн баримтаас үзэхэд тухайн газарт дугуй засвар ажиллуулж байгаа нь тус яаманд удаа дараа ирүүлсэн хүсэлт, гомдол болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчээс үл хамаарах буюу дугуй засварын үйл ажиллагаа эрхэлсэн иргэн нь өмнөх газар ашиглагчтай байгуулсан гадна талбайн түрээсийн гэрээг үндэслэн үйл ажиллагаа явуулж байсан тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрх олгох тухай” захирамжаар[1] “Газар ашиглах хүсэлт гаргасан хавсралтад дурдсан 18 иргэн, аж ахуй нэгж байгууллагад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, хавсралтын 5-д “М” ХХК-д Хан-Уул дүүрэгт байрлах Зайсангийн аманд 2864.24 м.кв газрыг ашиглуулахаар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаар “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г[2] олгожээ.
3.2 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/**** дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 39.1.2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж заасныг тус тус зөрчин ашиглах эрх бүхий газраа бусдад дамжуулан, зориулалтын бусаар, дугуй засвар болгон ашиглаж байна. Иймд “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлуулах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү” гэж нэхэмжлэгч “М” ХХК-д мэдэгдэж,
3.3 “М” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/***** дугаар албан бичгээр[4] “...зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа дугуй засварын газрын үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг эзэмшигч Пунцагбалжирт удаа дараа өгсөн... иргэн П нь тус газрын өмнөх эзэмшигч гэх Л-тэй 4 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж 4 сая төгрөгийн төлбөр төлснөө өөрөө хүлээн зөвшөөрсөн” хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариу тайлбараа хүргүүлсэн байна.
3.4 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01***** дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “М” ХХК-ийн ашиглаж буй газрыг холбогдох хуулийг зөрчиж байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж,
3.5 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар[6] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн “М” ХХК-д олгосон 2864 м.кв гарыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
4.1 Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
4.2 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10-********* дүгээр албан бичгээр ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №01122-************* дугаар актаар[7] 2023 онд 5.544.076 төгрөг, 2024 онд 5.498.880 төгрөгийг тус тус төлсөн, төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэжээ.
4.3 Нэхэмжлэгч “М” ХХК нь газар ашиглах эрхийн хүчинтэй байх хугацаандаа газрын төлбөрөө төлсөн болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй байна.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд:
5.1 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж тус тус заажээ.
5.2 Иргэн С.П-ын “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газарт Зайсангийн ам нэртэй газрыг “М” ХХК-ийн эзэмшлийнх гэж мэдэлгүй өмнө энэ газрыг эзэмшиж байсан гэх Л-тэй холбогдох тус газарт дугуй засвар ажиллуулах түрээсийн гэрээг байгуулж, 4 сарын хугацаанд 4 сая төгрөгийг Л-д төлсөн” гэх тайлбар[8],
5.3 Иргэн Ч.М, Д.Ж нарын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай “Гадна талбайн түрээсийн гэрээ”-г[9] байгуулж, гэрээний 1.1.1-д “Түрээсийн талбай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд байрлана”, 1.2.1-т “Талбайн 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг”, 7.7-д “Тус талбайд Дугуй засварын үйлчилгээ эрхэлнэ” гэж,
5.4 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[10] “...М ХХК-ийн газар контейнер, гэр, ТҮЦ, бор өнгийн төмөр хашаа” гэх тэмдэглэл, олон тооны хуучин дугуйн хаягдал овоорсон, ТҮЦ байрлаж байгаа фото зураг,
5.5 “М” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “...иргэн С.П зөвшөөрөлгүйгээр автомашины дугуй засварын үйлчилгээг эрхэлж байна. Бидний зүгээс болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид тухай бүр үйл ажиллагаагаа зогсоож, талбай чөлөөлөх тухай шаардлагыг тавьсан боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Иргэний буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж манай байгууллагын газар ашиглах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсэн тул иргэний хууль бус үйл ажиллагааг зогсоож өгнө үү” гэх хүсэлт[11] зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
6. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн газарт иргэн С.П нь дугуй засварын үйл ажиллагаа явуулж байсан болох нь, мөн нэхэмжлэгчээс дугуй засварын үйл ажиллагааг зогсоох талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн газраа бусдад дамжуулан ашиглуулж байсан гэж үзэх үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь дархан цаазат газрын байгалийн унаган төрхөө алдсан, барилгажсан байхад хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байна” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
8. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн газарт дугуй засвар ажиллуулж байгаа нь тус яаманд удаа дараа ирүүлсэн хүсэлт, гомдол болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчээс үл хамаарах буюу дугуй засварын үйл ажиллагаа эрхэлсэн иргэн нь өмнөх газар ашиглагчтай байгуулсан гадна талбайн түрээсийн гэрээг үндэслэн үйл ажиллагаа явуулж байсан тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 99-100 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 61-62 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 63 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 65 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 64 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 68 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 66 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 66-67 хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 111-119 хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 27 хуудас