| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09500/и |
| Дугаар | 421 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 421
Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Б-д холбогдох
Гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч миний бие 2016 оны 6 дугаар сарын 30-нд Unegui.mn-ээс плита наалгана гэсэн зарын дагуу “Тэгшрэх” ХХК-ийн инженер Г.Б гэдэг хүнтэй очиж уулзаад АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах гэж байгаа Чингисийн өргөө амралтын газрын эрэгтэй, эмэгтэй шүршүүр, нойл, угаалгын газар, саун байрлах нийт 1 200 м.кв талбай бүхий тасалгаануудын хана, шалны плита наах ажлыг 1 м.кв 8 000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Ажлын хөлсийг захиалагч талд ажлыг хүлээлгэн өгмөгц 100 хувь төлөхөөр тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу дээрх ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 5 одтой зочид буудлын зэрэглэлд дүйцүүлэн чанартай сайн гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал ажлын хөлсийг төлөхгүй, хугацаа авч өдийг хүрсэн.
Иймд Г.Бат-Эрдэнээс гүйцэтгэсэн ажлын хөлс 9 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-с 9 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Г.Б-с 168 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Ч, Г.Б нарын хооронд ямар нэг байдлаар гэрээ хэлцэл байгуулагдаагүй бөгөөд Я.Г нь “Тэгшрэх” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Б нар байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. “Тэгшрэх” ХХК нь “Чингисийн өргөө” амралтын газрын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр “Тэгшрэх” ХХК нь туслан гүйцэтгэх компани иргэдтэй гэрээ байгуулсан. Иймд уг гэрээтэй холбоотой асуудлыг “Тэгшрэх” ХХК хариуцахаас биш миний бие хариуцах ёсгүй.
Миний бие 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгч мөн хөдөө орон нутагт томилолттой шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, биднийг байлцуулалгүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Нөгөө талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Г-ын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Ч хариуцагч Г.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн 109-122 дугаар талд авагдсан баримтуудаас үзвэл “Чингис хааны хүрээ” ХХК нь “Тэгшрэх” ХХК-ийн захирал Г.Б-тэй аялал жуулчлалын цогцолборын гол тогооны барилга болон ариун цэврийн байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, төлбөрт 527 141 060 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх ажлаас ариун цэврийн өрөөний заслын ажлыг хариуцагч Г.Б-тэй нэхэмжлэгч Ж.Ч амаар тохирч 2016 оны 6 дугаар сард хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, гэрч Я.Г, Н.Мөнхзориг, С.Б нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон гэж үзнэ. Иймээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Мөн гэрч Я.Г, Н.Мөнхзориг, С.Б нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Ж.Ч нь ариун цэврийн өрөөний заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хийж гүйцэтгэсэн ажлын хөлс Г.Б-ийн дансанд орсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь ажлын хөлсийг Г.Б-ээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 344.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заажээ.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээний талаар маргасан тул шүүхээс шинжээч томилж гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоолгосон боловч нэхэмжлэгчийн шаардсан 9 600 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Г.И-д 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 187 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Я.Г-ыг татан оролцуулж, түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Гандуулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ