Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Чинзориг,      

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б.Хишигжаргалд холбогдох 201625013510 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 дугаар хотхон 6 дугаар байр 38 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЕ74031404, хэрэг хариуцах чадвартай, Анчин овогт Баярхүүгийн Хишигжаргал,

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           

            Шүүгдэгч Б.Хишигжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 338а тоот хашаанд хохирогч Л.Батбаярын байшингийн цонхы шил, Л.Батбаярын эзэмшлийн Тоёота Аллион маркийн 84-55 УНН улсын улсын дугаартай автомашины 2 толь, баруун хойд их гэрэл, дунд толь, шил арчигчийн гэрлийн удирдлага, кабины хайрцаг, моторын таг, баруун урд хаалганы шил, урд салхины шил зэргийг санаатай устгаж, мөн Л.Батбаярын гэрийн Конка маркийн зурагт, угаалтуурын хаалга, хөргөгчний хаалга, автомашины 2 ширхэг номер, хаалга, крыло, шил арчигч, урд буфер чиглүүлэгч, хаалганы резин зэргийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Р.Хажаа, Г.Буянжаргал бид гурав караокед 1 цаг сууж, 100 грамм уучихаад гараад Гантуяагийн байсан Л.Батбаярын гэрт очсон. Урьд нь 3 сарын өмнө тэнд Гантуяа нь байсан юм. Би урьд нь Л.Батбаярт Гантуяагийн талаар хэлж байсан бөгөөд Л.Батбаяртай хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Тухайн өдөр тэдний гэрт нэг эмэгтэй хүн харагдахаар нь би түүнийг Гантуяа байна гэж бодоод уурласан. Уурандаа ийм болчимгүй зүйл хийсэн байна”….гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, хохирогч Л.Батбаярыг байцаасан тэмдэглэл /хх-34-38/, гэрч Р.Хажидмаа, Х.Энхжаргал, Б.Отгонбаатар нарын мэдүүлгүүд /хх-39-43/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12785 дугаартай дүгнэлт /хх-45/, Б.Хишигжаргалыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-58-61/, шүүгдэгч Б.Хишигжаргалын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-68/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-71/, “Хос стандарт” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын     16-ны өдрийн ¹002691 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-73, 78-79/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-77/, хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-82-85/, хохирогч Л.Батбаярын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй тухай бичсэн тайлбар /хх-94/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 338а тоот хашаанд хохирогч Л.Батбаярын байшингийн цохны шил, Л.Батбаярын эзэмшлийн Тоёота Аллион маркийн 84-55 УНН улсын улсын дугаартай автомашины 2 толь, баруун хойд их гэрэл, дунд толь, шил арчигчийн гэрлийн удирдлага, кабины хайрцаг, моторын таг, баруун урд хаалганы шил, урд салхины шил зэргийг санаатай устгаж, мөн Л.Батбаярын гэрийн Конка маркийн зурагт, угаалтуурын хаалга, хөргөгчний хаалга, автомашины 2 ширхэг номер, хаалга, крыло, шил арчигч, урд буфер чиглүүлэгч, хаалганы резин зэргийг  санаатай гэмтээсэн болох нь:  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Батбаярын өгсөн:…“2016 оны 9 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Консулын 13 дугаар гудамжны 338а тоот хашаанд байрлах байшиндаа байж байхад хашааны хаалга дуугарах шиг болохоор нь би гараад харсан чинь 3 үл таних эмэгтэй хашаан дотор байсан “Тоёота Аллион” маркийн 84-55 УНН улсын дугаартай машиныг гараараа толийг нь хугалах гээд орилоод зогсож байхаар нь “та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд “танай эхнэр Гантуяа хаана байна” гэж асуухаар нь мэдэхгүй гэсэн чинь “Гантуяагийн унадаг машин байна” гэхээр нь “би худалдаж авсан одоо миний машин болсон битгий оролдоод бай” гэсэн чинь “яагаад янхан эхнэрээ өмөөрөөд байгаа юм янхан эхнэрийн чинь машин байна” гээд энэ тэндээс нь өшиглөөд цохиод байснаа манай гэр рүү ороод надтай хамт байсан эмэгтэйг “энэ чинь хэн юм Гантуяагийн найз уу эхнэрээ дууд” гээд байхаар нь нөгөө эмэгтэйг гаргаж өгөөд цагдаа дуудаад тэр эмэгтэйчүүдийг өгч явуулсан…манай хашаанд байсан машины баруун зүүн гадна толь, баруун хойд их гэрэл дунд толь, шил арчигчийн удирдлага, кабений хайрцаг, моторын таг, 2 ширхэг номер суурьний хамт, баруун ар хаалгын шил, шил арчигч, урд гупер чиглүүлэгч, урд салхины шил, хаалганы резин, байшингийн 3 ширхэг цонх хагалсан,  Конkа маркийн 32 инчийн зурагт, угаалтуурын хаалга, хөргөгчний хаалга цөмөлсөн…намайг харж байхад миний машиныг Б.Хишигжаргал энэ тэндээс юм авч шидээд эвдээд байсан…би бүх хохирлоо төлүүлсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-34-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Хажидмаагийн өгсөн:…“Л.Хишигжаргал, Г.Буянжаргал эгч хоёртой 19 цагт караокед ороод дуулж байгаад 22 цагийн үед гарсан…Б.Хишигжаргал эгч нэг хүнтэй уулзаад ирье гэхээр нь хамт яваад “Нарантуул” захын хойно байрлах айлд очоод Б.Хишигжаргал эгч түрүүлж ороод байж байсан чинь Б.Хишигжаргал эгч “ёооё” гээд орилохоор нь орсон чинь “энэ намайг аллаа” гээд газар суучихсан, хажууд нь Л.Батбаяр зогсож байсан…Б.Хишигжаргал эгч Л.Батбаяр руу “Гантуяа чинь хаана байна” гээд маргалдаад байсан…гадаа гараад Л.Батбаяр хашаанаас гараад явахад Б.Хишигжаргал эгч байшингийнх нь зүүн талд байсан машиныг нь эвдээд байх шиг байсан…Б.Хишигжаргал эгч машиных нь цонхыг хагалаад зарим нэг зүйлийг нь эвдчихсэн байсан. Харанхуй байсан болохоор яг юуг нь эвдсэнийг мэдээгүй”…/хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Буянжаргалын өгсөн:…”Б.Хишигжаргал уурлаад байшингийн цонхыг нь хагалсан. Би тэр үед “боль” гэсэн боловч тоогоогүй хашаанаас аваад гарахад тэр гэрийн эзэн гадаа зогсож байгаад цагдаа нарт биднийг өгч явуулсан…тэр айлын эзэн Б.Хишигжаргалыг элдвээр хэлээд боож зодсон болохоор Б.Хишигжаргал уурандаа тэр эд зүйлсийг эвдсэн…” /хх-40/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбаатарын өгсөн:..“Б.Хишигжаргал миний төрсөн эгч бөгөөд манай гэрийн хамгийн том эгч байгаа юм…тайван, хүнтэй эелдэг даруу харьцдаг, уур уцаар багатай, мөн сэргэлэн цовоо ийм асуудалд холбогдох хүн биш. Архи ууж агсам согтуу тавьж байсан удаа байхгүй” /хх-43/ гэх мэдүүлэг

 

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12785 дугаартай дүгнэлт /хх-45/,

-Шүүгдэгч Б.Хишигжаргалын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-68/,

-Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-71/,

-“Хос стандарт” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ¹002691 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-73, 78-79/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-77/,

-Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-82-85/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Хишигжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батбаярт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн /хх-94/ дугаартай талд авагдсан түүний тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Хишигжаргалын дээрх үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Хишигжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Анчин овогт Баярхүүгийн Хишигжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Хишигжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хишигжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ