| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/01020/И |
| Дугаар | 182/ШШ2019/01516 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2019/01516
| 2019 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2019/01516 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А ХХК -нд холбогдох
Гэм хорын хохиролд Сүү ХК-ийн 62,937 ширхэг хувьцаа буюу 12,902,085 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.О нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, ’’Хувьцаа эзэмших эрхээ сэргээлгэж, хууль бусаар худалдсан “Сүү” ХК-ийн 63 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус иргэний хэргийг шүүхээс хянан хэлэлцээд 2016.04.20-ны өдөр 3499 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2016 оны 06 сард албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хүлээн авч, 2016.06.13-ны өдрийн шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Энэ үед “Сүү” ХК нь хувьцаагаа хуваасан талаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол гарсныг мэдсэн. Харин шүүхийн шийдвэр гарснаас хойш хувьцаа хуваах ажиллагаа хийгдсэнээр 3499 дугаар шүүхийн шийдвэрт дурдсан 63 ширхэг хувьцаа 63,000 ширхэг болж жижгэрсэн байдаг. Энэ талаар бид Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, Санхүүгийн зохицуулах хороо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 63 ширхэг хувьцаа 63,000 ширхэг болсон гэдгийг хэлдэг, мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хандаж 2016.04.20-ны өдрийн 3499 дугаартай шийдвэрийг тайлбарлуулахыг хүссэн бөгөөд шүүх нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хувьцаа хуваагдсан байх тул шүүхийн шийдвэрт зааснаас өөр агуулгаар шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Тийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016.04.20-ны өдрийн 3499 дугаар шийдвэрт заасан 63 ширхэг хувьцааг хариуцагч А ҮЦК ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Оын дансанд байршуулж шийдвэрийг биелүүлсэн гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.О нь жижгэрсэн 63,000 ширхэг хувьцааныхаа 63 ширхэгийг авч, үлдэх 62,937 ширхэг хувьцаагаа өнөөдрийг хүртэл эзэмшиж чадахгүйд хүрч хохирч байгаа. Хариуцагч А ҮЦК анхнаасаа нэхэмжлэгч А.Оын эзэмшлийн Сүү ХК-ийн 63 ширхэг хувьцааг хууль бусаар зараагүй байсан бол бид өнөөдөр жижгэрсэн 63,000 ширхэг хувьцаагаа эзэмшиж байх байсан, өнөөдрийнх шиг нөхцөл байдалд орохгүй байсан. Тийм учраас А ҮЦК ХХК нь энэ үйлдэлдээ буруутай. Иймд бид 62,937 ширхэг хувьцаагаар хохирсон гэж үзэж, анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.01.10-ны өдрийн Сүү ХК-ийн үнэт цаасны нээлтийн ханш болох 205 төгрөгийг 62,937 ширхэг хувьцаанд үржүүлж 12,902,085 төгрөгийг хариуцагч А ҮЦК ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч А ҮЦК ХХК-нд холбогдуулж гэм хорын хохиролд Сүү ХК-ийн 62,937 ширхэг хувьцаа буюу 12,902,085 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч А ҮЦК ХХК нь нэхэмжлэгч А.Оын эзэмшлийн Сүү ХК-ийн 63 ширхэг хувьцааг хууль бусаар зарсантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 3499 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан, уг шийдвэрт хариуцагч А ҮЦК ХХК гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны 2016.06.10-ны өдрийн тогтоол гарч, шүүхийн шийдвэрт заасан 63 ширхэг хувьцаа 63,000 ширхэг болж хуваагдсан байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч А ҮЦК ХХК нь 63 ширхэг хувьцааг бидэнд эргүүлэн өгч, үлдэх 62,937 ширхэг хувьцааг өнөөдрийг хүртэл өгөөгүй, биднийг хохироож байгаа тул үлдэх хувьцаа болох 62,937 ширхэг хувьцааг зах зээлийн үнэ ханшаар нь 12,902,085 төгрөгөөр хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч А ҮЦК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд бичгээр тайлбар болон холбогдох баримтуудыг ирүүлээгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар шүүхэд тайлбараа бичгээр ирүүлж, тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 3499 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.Оын зөрчигдсөн эрхийг сэргээж, Сүү ХК-ийн 63 ширхэг энгийн хувьцааг нэхэмжлэгч А.Оын дансанд байршуулахыг хариуцагч А ҮЦК ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт зохигчдын хэн аль нь тухайн үедээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч А.Оын хүсэлтээр энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2016.06.10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 196 дугаар тогтоолоор Сүү ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 344,000 ширхэг хувьцааг 1000 хувааж нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 344,000,000 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын дагуу нэхэмжлэгч А.Оын эзэмшлийн 63 ширхэг энгийн хувьцаа нь 63,000 ширхэг энгийн хувьцаа болсон байна.
Нэхэмжлэгч А.О нь тухайн үедээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 3499 дүгээр шийдвэрийн дагуу 63 ширхэг энгийн хувьцаагаа 63,000 ширхэг болгон авах талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Санхүүгийн зохицуулах хороо болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус хандаж байсан байх бөгөөд,
Санхүүгийн зохицуулах хорооноос “шүүхийн шийдвэрт заасан 63 ширхэг хувьцааг 63,000 ширхэг энгийн хувьцаа гэж ойлгох учир энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг,
шүүхээс “нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрт дурдсанаас өөр үндэслэл, нөхцөлөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэсэн хариуг,
харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 3499 дугаар шийдвэрт заасан 63 ширхэг хувьцааг хариуцагч А ҮЦК ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Оын дансанд байршуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаарх хариуг нэхэмжлэгч А.От тус тус өгсөн байна.
Дээрх үйл баримтууд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 3499 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.13-ны өдрийн 233 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 43 дугаар гүйцэтгэх хуудас, Санхүүгийн зохицуулах хорооны 2016.11.10-ны өдрийн 9/3386 дугаар, 2018.11.21-ний өдрийн 9/4462 дугаар, 2016.10.07-ны өдрийн 9/3133 дугаар албан бичгүүд, 2016.06.10-ны өдрийн Сүү ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай Хорооны тогтоол, 2016.10.20-ны өдрийн 3/616 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай хариу мэдэгдэх хуудас, А.Оын харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.
2016.06.10-ны өдрийн Сүү ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай Санхүүгийн зохицуулах хорооны 196 дугаар тогтоолоор хувьцаа хуваагдсанаас хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.13-ны өдрийн 233 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 43 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 3499 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж явагдан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.10.20-ны өдрийн 3/616 дугаар хариу мэдэгдэх хуудсаар 63 ширхэг хувьцааг А ҮЦК ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Оын дансанд байршуулан шийдвэрийг биелүүлжээ.
Харин энэ хугацаанд нэхэмжлэгч А.Оын эзэмшиж байсан 63 ширхэг хувьцаа нь 63,000 ширхэг болж хуваагдсан, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч А.О нь 62,937 ширхэг хувьцаагаа эзэмших, ашиглах боломжгүй болж, хохирсон нөхцөл байдалд хариуцагч А ҮЦК ХХК гэм буруутай, түүний хууль бус үйлдэлтэй холбоотой. Тодруулбал, нэхэмжлэгч А.От учирсан хохирол нь хариуцагч А ҮЦК ХХК-ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,
229 дүгээр зүйлийн 229.1.-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,
497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1.-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч А.От хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч А.О нь өөрт учирсан хохирлыг 63,000 ширхэг хувьцааны зөрүү 62,937 /63,000 – 63 ширхэг/ ширхэг хувьцаагаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа гэж үзэн 1 ширхэг энгийн хувьцааны зах зээлийн ханш болох 2019.01.10-ны өдрийн Сүү ХК-ийн нээлтийн ханш 205 төгрөгөөр тооцон 12,902,085 төгрөг гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч А.О нь тус нэхэмжлэлийг анх шүүхэд 2019.01.10-ны өдөр гаргаж байсан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг үндэслэл, шаардлага тодорхойгүй гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж байсан, Сүү ХК-ийн 2019.01.10-ны өдрийн үнэт цаасны хаалтын ханш 207 төгрөг, нээлтийн ханш 205 төгрөг байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тус шүүхийн 2019.01.17-ны өдрийн 718 дугаар, 2019.04.02-ны өдрийн 2751 дугаар шүүгчийн захирамж, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2019.06.18-ны өдрийн Сүү ХК-ийн үнэт цаасны ханшийн талаарх лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэгч А.От 62,937 ширхэг хувьцаагаа эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс 12,902,085 төгрөг /62,937 ширхэг хувьцаа * 205 төг/-ийн хохирол учирсан нь тогтоогдож байна гэж үзэн, хариуцагч А ҮЦК ХХК-иас 62,937 ширхэг хувьцаа буюу 12,902,085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.От олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч А ҮЦК ХХК-ийн захирал Ц.Цолмонбаяр нь 2019.08.06-ны өдөр, иргэдийн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ нь 2019.07.23-ны өдөр тус тус шүүх хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх боловч хэн аль нь шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А ҮЦК ХХК-иас 62,937 ширхэг хувьцаа буюу 12,902,085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.От олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оаас тэмдэгтийн хураамжид төлсөн 221,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ҮЦК ХХК-иас 221,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД И.АМАРТӨГС
Ж.БАЙГАЛМАА