Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

2023        02         13                                  2023/ШЦТ/228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

   улсын яллагч Б.Өлзийжаргал,

   шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 00000 3259 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 15 дугаар гудамжны 8 тоот хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Тuul one 1 дүгээр байрны 243 тоотод түр оршин суух,

 Урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 372 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, *******

  Холбогдсон хэргийн талаар:

******* нь өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Ганболдоос 38.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ZZTNG барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.Золбоогоос 3.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******аяр-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

Хохирогч Г.Золбоогийн “Өнөөдөр 15 цаг 50 минутын орчим ажил дээрээ байж байтал гаднаас саарал өнгийн женсэн яактай, нүдний шилтэй эрэгтэй хүн орж ирээд бүүк барьцаанд тавих гэсэн, үнийг сайн мэдэхгүй байсан болохоор дүүгээсээ асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн чинь тухайн хүн өөрийгөө Форексийн багш байгаа юм, олон жил арилжаа хийж байна, одоо баталгаатай арилжаа гарч ирчхээд байна, уг нь 3 цагийн дотор ашгаа олно, багадаа 300 ам доллар олох юм, чамд 100 ам долларыг нь өгье, хажууд чинь сууж байгаад арилжаагаа хийчихье 1000 ам доллар байвал зээлүүлээч гэсэн. Тэгэхээр нь би эрсдэл иймээ тиймээ юмыг нь асуутал зүгээрээ буцаагаад бүх мөнгийг чинь өгчихнө гэхээр нь тэр хүнд итгээд өөрийнхөө хаан банкны 5720847565 тоот данснаас тухайн хүний ард банкны 110027099920 тоот данс руу 3.400.000 төгрөгийг ломбард зээл гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд тэр хүн миний хажууд суугаад арилжаагаа хийгээд байх шиг байсан ба 3 цагийн дараа болж байна уу гээд асуутал 30 минутын дараа болчихно гэж хэлсэн. Тэгээд манай байгууллагын хаах цаг болчихлоо би одоо гарах ажилтай байна гээд хэлсэн чинь болохгүй байна арилжаа нь гацчихлаа Аман хуурын оффис ороод мөнгөндөө тааруулаад барьцаанд юм авчих гэхээр нь юу гэж дээ чи надад 3 цагийн дотор буцаагаад өгнө гэсэн биз дээ, эндээ мөнгөө өгчхөөд гар 10 минут хүлээе гэсэн чинь болохгүй бол зайсангийн туул ванд байдаг гэрээсээ барьцаанд тавих юм аваад өгье гэхээр нь худлаа юм шиг санагдаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал/,

*******аяр-Эрдэний гэрчээр өгсөн “Би сүүлийн 3 жил биткойны арилжаа хийж байгаа ба өнөөдөр өөрийн нөүтбүүкээ ломбардад 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавихаар кино үйлдвэрийн автобусны буудлын хойд талд байх ломбард ороод ломбардын хүнтэй уулзаад нөүтбүүкийг хэдэд авах вэ гэсэн чинь хүнээс асуух гээд залгаад байсан чинь нөгөө хүн нь утсаа авахгүй байсан. Би уг нь энэ нөүтбүүк тавих мөнгөөрөө арилжаа хийх гэж байгаа юм, одоо яг ханшны уналт болох гэж байна, 1000 ам доллар байвал энэ арилжаанд ороод 300 ам доллар хожих юм, би 100 ам долларыг нь өөрт чинь өгье чи надад 1000 ам доллар зээлчих гэсэн. Тэгээд миний нөүтбүүк үнэлгээнд нь арай хүрэхгүй байсан болохоор өөрийн Seiko брэндийн цагийг нэмээд цуг барьцаанд тавчихаа одоо арилжаанд орчихвол мөнгө хожих гээд байна, хажууд чинь сууж байгаад арилжаагаа хийчихье гээд тэр хүнээс 3.400.000 төгрөгийг өөрийн ард банкны 110027099920 тоот дансаар аваад хажууд нь суугаад эхний 2 арилжаагаа амжилтай хийгээд 3 дахь дээр нь алдагдал хүлээгээд мөнгөө авч чадахааргүй болсон, тэгсэн чинь тухайн залуу намайг энэ дотор байхдаа мөнгөө шилжүүл үгүй бол цагдаа дуудлаа гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,

Иргэн Г.Золбоогоос түүний эзэмшлийн Хаан банкны 5720847565 дугаартай дансны хуулгыг хүлээн авсан тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тус данснаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 10 минутад 110027099920 дугаартай данс руу “LOMBARD ZEEL” гэсэн утгатайгаар 3.400.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

Хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Хохирогч Д.Ганболдын “Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө утсаар фейсбүүк үзэж байтал Binance Mongolia club гэх хаягт "Өдрийн 1 хувийн хүүтэй, эрсдэлгүй мөнгө хадгална, утас 97079944" гэсэн зар байхаар нь би уг дугаараар холбогдтол та манай оффис дээр ирээд уулзчих, манай оффис Бөхийн өргөөний хажууд байдаг гээд зааж өгөхөөр нь яваад очтол цоожтой байсан, дахин дугаараар нь залгатал 3, 4 дүгээр хорооллын эцэст Дүүхээгийн хажууд ресторанд байна хүрээд ир гэсэн. Би 20 цагийн үед яваад очтол уг хүн ресторан дотор зөөврийн компьютер дэлгэчихсэн байж байхаар нь очоод уулзтал өөрийгөө Баяр-Эрдэнэ гэж танилцуулсан, арилжаа хийж байна гээд нөтбүүкээ над руу харуулсан, уг зүйл нь валютын өсөлт бууралт үздэг график байсан ба мөнгөө хийж байгаад өссөн үед нь зогсоогоод мөнгөө буцаагаад өсгөөд авдаг, ашиг гардаг, танд мөнгө байгаа бол хийчих, би таны нүдэн дээр чинь харуулъя гэж хэлэхээр нь би өөрт байсан 5.000.000 төгрөгийг 2.500.000 төгрөгөөр 2 хувааж 5400052403 дугаарын данс руу хийсэн. Тэгтэл тэр дороо надад "ашиг" гэсэн утгатай 122.222 төгрөг орж ирсэн ба уг Баяр-Эрдэнэ надад энэ байдлаар өдөр болгон 50.000 төгрөгийн ашиг орж ирнэ, танд ямар байдлаар арилжаа хийдгийг зааж өгнө, хэрэв та мөнгөтэй бол хоёулаа уг арилжааг цэнэглээд таны мөнгийг 100 хувь буцааж өгөөд, олсон ашгаа хувааж авъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээ тохиролцоод би эргээд утсаар чинь холбогдъё гээд явсан. Маргааш нь 12 цагийн үед "ашиг" гэсэн утгатай 50.000 төгрөг орж ирсэн ба тухайн өдрөө би уг хүнтэй уулзаагүй. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед надад "ашиг" гээд дахиад 50.000 төгрөг орж ирсэн ба 14 цагийн үед уг Баяр-Эрдэнэ над руу залгаад би танд нөгөө арилжааг зааж өгье гэж ... цагдаагийн академийн хажуугийн хот бүлл ресторанд байна хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол Баяр-Эрдэнэ зөөврийн компьютероо дэлгэчихсэн байсан ба арилжаагаа хийж байна гэж хэлсэн. Тэгээд байж байгаад танд мөнгө байвал хийчих гэхээр нь би өөрийн 5039183120 дугаарын данснаас 14.000.000 төгрөгийг 5400052403 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Тэгж байгаад хоолоо идэж дуусчхаад хоёулаа Баянхошуу орчхоод ирье гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай Баянхошуу руу хамт яваад Баяр-Эрдэнэ 1 залуутай уулзсан ба уулзаж дууссаныхаа дараа энэ хүн надад 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулаад ашиг гаргаж авах гээд байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд бид 2 буцаад манай гадаа ирээд байж байхдаа Баяр-Эрдэнэ дахиж мөнгө байвал хийчих гэхээр нь би 1.500.000 төгрөгийг 5400052403 дугаарын данс руу хийчхээд байж байтал Баяр-Эрдэнэ хоёулаа манай гэрийн гадаа очъё гээд 1 дүгээр хороолол руу явсан ба гэрийнхээ гадаа миний машин дотор шөнөжингөө уг арилжаагаа хийсэн. Тэгтэл шөнө 2 цагийн үед мөнгөө алдсан. Тэгтэл нөгөө залуу надад 15.000.000 төгрөг байвал хийгээд баланс татаад өмнө хийсэн мөнгөнүүдээ гаргаад авчихъя гэж хэлэхээр нь би дүү нараасаа зээлж байгаад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 13.500.000 төгрөгийг 5400052403 дугаарын шилжүүлж өгтөл нөгөө залуу тэр мөнгийг бас алдчихсан. Би нийтдээ 38.000.000 төгрөг өгсөн ба буцааж 1 сая гаран төгрөг авсан ... хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1.200.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хууль сахиулагч хотхоны гадна байхдаа шилжүүлсэн. Би ашиг гэж 2 сая гаруй төгрөг авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-193, 195 дахь тал/,

Иргэн Д.Ганболдын эзэмшлийн Хаан банкны 5039457966, 5039183120 дугаартай дансны хуулга, уг данснуудаас Д.Мягмармаагийн эзэмшлийн Хаан банкны 5400052403 дугаартай данс руу 9 удаагийн гүйлгээгээр нийт 38.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 222-223, 242-248 дахь тал/,

Яллагдагч *******аяр-Эрдэний “2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асгат нэртэй буудлын үүдний ZZTMG нэртэй ломбардад ... бугуйн цаг, зөөврийн компьютер барьцаалж 1.500.000 төгрөг зээлэхээр очсон. Энэ мөнгөөрөө койны арилжаа хийх талаараа хэлсэн. Тэгтэл нөгөө залуу буюу Золбоо надаас койны талаар асуугаад их мөнгөөр хийвэл их ашиг олох уу гээд хамтраад 1000 доллараар койны арилжаа хийе. Тэгээд энэ мөнгөө хувааж авъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 1000 доллар буюу 3.400.000 төгрөгийг өөрийн Ард кредит ББСБ-ын дансаар авсан. Ингээд койнд тухайн мөнгийг оруулаад 260 орчим долларын ашиг олоод буцаад алдсан. Би Золбоогийн 1000 долларыг 3 цагийн хугацаанд 300 доллар болгоод, би 200 долларыг, Золбоод 100 доллар ашиг өгөх байсан. Би богино хугацаанд өндөр ашиг олохоор койны арилжаанд ороод өндөр эрсдэлтэй байсан учир бүх мөнгөө алдсан. Би койны арилжаа эрсдэлтэй талаар хэлсэн ... Би 2021 оны 08 дугаар сард фейсбүүкт арилжаанд хөрөнгө оруулах хүмүүстэй хамтарч ажиллана. Мөн сурах сонирхолтой хүмүүст хичээл заан гэсэн зар байршуулсан. Үүний дараа Ганболд гэх хүн надтай утсаар холбогдоод хөрөнгө оруулалт хийнэ гээд өөрөө надад 5.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулсан. Тэгээд бас өөрөө цааш нь сурах сонирхолтой байгаа талаараа хэлсэн учраас би өөрт хаяг нээж өгсөн. Тухайн цаг хугацаанаас хойш бид 2 Д.Ганболд ахын машинд хамт хоноод арилжаа хийдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа алдагдалд ороод би боломжоороо мөнгийг төлж өгнө гэж хэлээд салсан ... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43, 206-207, 2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 27-33 дахь тал/,

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 60-89 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 148-160 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 161-167 дахь тал/

 

Шүүгдэгч *******аяр-Эрдэний өмгөөлөгч К.Манлай хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/,

*******аяр-Эрдэний сэжигтнээр өгсөн “... эхнэр болох Д.Мягмармаагийн Хаан банкны 5400052403 дансаар нийтдээ 30 гараг сая төгрөг аваад арилжаанд оруулдаг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-199 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн

*******аяр-Эрдэний хамтран амьдрагч Д.Мягмармаагаас өөрийн эгч Д.Цэцэгмаад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг зээлүүлсэн  талаарх зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт 4 хуудас /энэ мөнгөөр хохирол төлөх агуулгатай/,

Д.Мягмармаагийн эзэмшлийн Хаан банкны 5400052403 дугаартай данснаас Д.Ганболдын эзэмшлийн 5039457966, 5039183120 дугаартай данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 44 удаагийн гүйлгээгээр нийт 11.638.000 төгрөг, *******аяр-Эрдэний эзэмшлийн 110027099920 дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн баримт 29 хуудас, 

Хохирогч Г.Золбоод 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3.400.000 төгрөг шилжүүлсэн баримт 1 хуудас,

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23/02-114 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч К.Манлай нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч  ******* нь үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Ганболдоос 38.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ZZTNG барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.Золбоогоос 3.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ганболд, Г.Золбоо, яллагдагч шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хохирогч Д.Ганболд, Г.Золбоо нараас *******д мөнгө шилжүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь интернэт цахим орчин, зөөврийн компьютер ашиглан        мөнгө өсгөнө, ашиг олно, өөр бусад хүмүүс хөрөнгө оруулсан, өдөр бүр ашиг нэрээр бага хэмжээний мөнгө буцаан шилжүүлэх, өөрийгөө форексийн багш гэх зэргээр хохирогчийг итгүүлэн үнэмшүүлж тэдний мөнгийг эрсдэл бүхий аз сорьсон байдлаар захиран зарцуулж хохироосон үйл баримт тогтоогджээ.     

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах аргаар халдсан байх,

бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангасан байна.

Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******аяр-Эрдэнийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******аяр-Эрдэнийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******аяр-Эрдэнийг Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Золбоод 3.400.000 төгрөг, хохирогч Д.Ганболдод 38.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч *******аяр-Эрдэний зүгээс хохирогч Г.Золбоод 3.400.000 төгрөг, хохирогч Д.Ганболдод 11.838.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 26.162.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод олгох нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******аяр-Эрдэний өмгөөлөгч К.Манлай уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч *******аяр-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******аяр-Эрдэнийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

            Шүүхээс *******аяр-Эрдэний эрхэлсэн тодорхой ажилгүй, түрээсийн байранд амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 3 удаа өмчлөх эрхийн эсрэг тэр дундаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч энэ байдалд дүгнэлт хийж ухамсарлаагүй, залилах гэмт хэрэгт торгох ял шийтгүүлж, уг ялаа биелүүлээгүй, дуусгавар болгоогүй байхдаа дахин залилан гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 41.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, үргэлжилсэн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 /нэг/ жил 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

            Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 88 /наян найм/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг эдлэх ялаас хасаж тооцно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар *******д 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жил 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 26.162.000 /хорин зургаан сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод олгосугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

             7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ