Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/ШШ2025/0009

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, Г.Б

Иргэдийн төлөөлөгч С.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

Хэргийн индекс: 221/2024/0050/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-аас тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдад тус тус холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.1 Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж миний бие хариуцагч Гэр бүл, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Сайдад Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.3-т “Итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэх заалтыг үндэслэн өнөөдөр хэрэглэгдэх тэтгэврийн итгэлцүүр тус хуулийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ” гэж заасанчлан өнөөгийн мөнгөний үнэ цэнд хүрэхгүй дүнг баталсан тул Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” 60.1.5-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх” гэж заасны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын гарын үсэг зурж баталгаажуулсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар “Итгэлцүүр тогтоох тухай”, Монгол улсын засгийн газрын тогтоолын хавсралт хэсэгт тусгасан итгэлцүүр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өнөөгийн мөнгөний үнэ цэнийг тодорхойлохгүй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон амьжиргааны түвшний доод хэмжээнээс доош тодорхойлогдож байгаа тул тэтгэврийн итгэлцүүрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасны дагуу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасны дагуу 106.1.4-т ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй гэх заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.10-т “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж заасан тул үндэслэл бүхий заалтыг сахиж Монгол улсын хэмжээнд хэрэглэж байгаа тэтгэврийн өнөөгийн мөнгөний үнэ цэнийг тогтоох итгэлцүүр нь өөрөө хууль бус ахмад ажилтан, тэтгэврийн насны бүхий л иргэдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж амьжиргааны түвшнээс доогуур дүн бодогдож нийгмийн даатгалын ажилтан нь тэтгэврийн доод түвшинд хүрэхгүй байгаа тул албадан доод түвшинд хүргэж тогтоох нь хууль бус юм.

Тухайн ахмад тэтгэвэр авагчдын ажиллаж бодогдсон өнгөрсөн хугацаа залуудаа авсан цалин нь 300-700 төгрөг байх бөгөөд өнөөгийн мөнгөний үнэ цэнээс тооцвол 3-7 сая төгрөг бодогдохоор үнэлэгддэг. Гэвч итгэлцүүрээр тус дүнг үржээд 300.000 төгрөг болдог бөгөөд 45 хувьд тэтгэвэр тогтоохоор 135.000 төгрөг сард авахаар бодогддог. Энэ үед нийгмийн даатгалын тэтгэвэр хариуцсан албан тушаалтан тэтгэврийн доод түвшин буюу 550-600 мянган төгрөгийн дүнгээр тогтоож таны тэтгэвэр нэмлээ шүү гэх нийт үйлдлүүд нь хууль бус байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.2-т Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө гэж заасан байхад Үндэсний статистикийн хорооноос саналаа аваагүй буюу саналгүй гэх албан тоотыг үндэслэн өнөөгийн мөнгөний үнэ цэнд хүрэхээргүй дүнг баталсан байна.

Тэтгэврийн итгэлцүүрийг өнөөгийн мөнгөний үнэ цэнд хүрэхгүй дүнг баталсан нь өөрөө хууль бус бөгөөд насаараа цахилгаан станцад ажилласан, бүх шүдээ унатал хортой нөхцөлд та бидний одоо хэрэглэдэг тог цахилгааны төлөө ажилласан иргэн, хууль бус хандаж нийгмийн даатгалын үүргээ биелүүлэхгүй түүний эрхэнд халдах үйлдлийг Гэр бүл, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайд хариуцаж гаргаж байгаа тул нэхэмжлэлийг гаргаж байгаа болно” гэв.

3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ө.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Улс орнууд өөрийн орны онцлогт нийцсэн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлж түүнийгээ хөгжүүлдэг. Монгол Улсын тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь нэг давхаргатай, цалинд суурилсан аргаар тэтгэврийг тогтоодог, эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын зарчмаар санхүүждэг. Үүний илрэл нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгийн сангаас одоогийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлдэг бөгөөд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон авах арилжааны даатгалын тогтолцоо биш юм. Манай энэхүү тогтолцооны хувьд шимтгэл төлөх, тэтгэврийг тогтоох харилцаа нь хоорондоо нягт уялдаатай. Зөвхөн даатгуулагчийн шимтгэл тооцож төлсөн дүнгээс тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтоодог эрх зүйн зохицуулалттай.

Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлаас 1994 онд баталж 1995 оноос хэрэгжүүлж эхэлснээр даатгуулагч, ажил олгогч шимтгэл төлдөг нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн. Улмаар Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Нийгмийн даатгалын хуульд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байдаг.

Тэтгэврийн доод хэмжээний тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид “хөдөлмөрийн баталгаат хөлс” гэх/-ний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 25 удаа батлан мөрдөж ирсэн. Хэрэв тэтгэврийн доод хэмжээг Засгийн газраас батлан, мөрдүүлээгүй тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа 209 мянган тэтгэвэр авагч, хувь тэнцүүлэн тогтоосон 80 гаруй мянган тэтгэвэр авагч, нийт 289 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурах эрсдэлтэй юм. Учир нь тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа, авч байсан цалин хөлсний хэмжээнээс хамаарч харилцан адилгүй, ялгаатай тогтоогддог.

Монгол Улсын Засгийн газар нь улс орны эдийн засгийн байдал, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагатай уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ 1991 оноос хойш 7 удаа тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож, 37 удаа тодорхой хувиар болон ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын 1997 оны “Үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцааг батлах тухай” **, 1999 оны “Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” ***, 2005 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” ** дугаар тогтоол, 2007 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай” ***, 2012 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ***, 2014 оны “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” **, 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ***, 2024 оны “Итгэлцүүр тогтоох тухай” ** дугаар тогтоол зэрэг болно.

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно” гэж, мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн З2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтын дагуу тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 1990-2022 онуудын ажиллагчдын дундаж цалин хөлс, хэрэглээний үнийн өөрчлөлтөд үндэслэн он тус бүр харгалзах итгэлцүүрийг тооцсон бөгөөд тус тооцоололд Үндэсний статистикийн хороо 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/*** дугаар албан бичгээр, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01*** дугаар албан бичгээр, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/*** дугаар албан бичгээр тус тус дэмжсэн санал ирүүлсэн. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай албан бичгээр дэмжсэн санал ирүүлсэн болно.

Иймд дээрх хууль эрх зүйн үндэслэл, Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолоор баталж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсэн. Уг итгэлцүүрээр 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодож, үүнээс 164.6 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ нэмэгдэж тэтгэврийн зөрүүг тодорхой хэмжээнд ойртуулсан арга хэмжээ болсон юм.

Иймд Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ***, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоол нь нь Монгол Улсын хууль, тогтоомж зөрчөөгүй тул Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллага батлан гаргасан актынхаа үндэслэлийг тодорхой бүхэлд нь зааж чадахгүй байна. Хуульд зааснаар аргачлалыг зөв тогтоогоогүй, тоо үнийн дүнгээ зөв аваагүй, мэргэжлийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас 2060 гэдэг тоо яаж гарсан нь тодорхойгүй байна. Мөн тооцоогоо хэрхэн хийснээ мэдэхгүй байна. Гаргасан албан бичгүүд танилцуулга дотор хэрхэн яаж тооцсон тухай тодорхой баримтууд байхгүй. 2014 онд буюу тэтгэвэр тогтоож байх үед тэтгэвэр нь 109,000 төгрөгөөр бодогдсон гэж дурдсан. Энэ өөрөө мөнгөний үнэ цэнийг өнөөгийн мөнгөний үнэ цэнтэй зөв уялдуулаагүй гэдгийг шууд илтгэж байна. Тэгээд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгөөр тэтгэврийг тогтоосон. Гэтэл итгэлцүүр нь зөв байсан бол амьжиргаанд хүрэхүйц хэмжээний тэтгэвэр тогтоох боломжтой байсан. Хөдөлмөр нийгмийн хамгаалал яам өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй учраас энэ тоо ямар үндэслэлээр гарч байгаа үндэслэлээ тайлбарлахгүй байна. Мөнгөний өнөөгийн үнэ цэнийг зөв тооцож тогтоож чадаагүйн улмаас 1990-1993 онд ажиллаж байсан тэтгэвэр тогтоолгосон хүмүүс Н.Ө-тай адил байдлаар хохирсон. Хариуцагч хариу тайлбартаа Үндэсний статистикийн хороо Засгийн газрын байгууллага биш учраас Засгийн газрын хурал руу оруулж болохгүй, Засгийн газрын хуралдааны дэг зөрчигдөж байна гэх зэрэг тайлбар дурдсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн процесс үйл ажиллагааны үр дүнд дээрх хууль бус захиргааны акт гарсан. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтад заасан захиргааны үйл ажиллагаа үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэсэн үндсэн шаардлагыг огт хангаагүй. Дээрх итгэлцүүрийг өнөөгийн мөнгөний үнэ цэнтэй уялдуулж, Үндэсний статистикийн хорооны мэргэжлийн тооцоолол дээр үндэслэж гаргаж, дахин шинэчлэн тогтоовол өөр дүн гарна. Итгэлцүүр нэмэгдэнэ. Итгэлцүүр нэмэгдсэнтэй холбогдуулаад Н.Ө-тай адил олон тэтгэвэр авагч нарын тэтгэвэр нэмэгдэнэ. Итгэлцүүр нь зөв байсан бол 1988-1991 онд дундаж цалин хөлснөөс дээгүүр хэмжээний цалин авч байсан хүн 2014 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошоо тэтгэвэр авахгүй нь ойлгомжтой. Дунджаас дээгүүр тэтгэвэр авах боломжтой байсан. Хариуцагч гаргасан актынхаа хууль зүйн болон бодит үндэслэл, тоо статистик мэдээлэл, процессыг нотолж чадсангүй. Тухайн акт захиргааны хуульд нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан процесс, агуулга, хэлбэр тооны зөрчилтэй байна. Иймд хууль бус шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Хүчингүй болгохтой уялдуулж даалгах нэхэмжлэл гаргасан боловч хэм хэмжээний актыг тодорхой агуулгаар батлан гаргахыг даалгуулах гэсэн ойлголт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны хэргийн шүүхэд байхгүй. Хүчингүй болсонтой холбогдуулаад хуулиараа захиргааны байгууллага хэм хэмжээний актыг дахин хуульд нийцүүлж батлах үүрэгтэй. Тиймээс энэ байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах боломжтой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2023 оны *** дугаар тогтоол болон 2024 оны ** дугаар тогтоолыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, тухайн жилийн Төсвийн тухай хуулиудтай уялдуулан Засгийн газраас холбогдох хууль тогтоомж, нийгмийн даатгалын санд үндэслэж итгэлцүүрийг баталсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэлийн өмгөөлөгч нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн талаарх ойлголт хангалтгүй байна гэж үзэж байгаа. Хэргийн материал болон тайлбарууддаа хангалттай мэдээллүүдийг өгсөн. Маргаан бүхий Засгийн газрын хоёр тогтоол нь нийт 505,000 тэтгэвэр авагчидтай холбоотой бөгөөд тэдний эрх ашигтай холбоотой. Өнөөдрийн шүүх хурал дээр зөвхөн нэхэмжлэгч Н.Ө-ын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ярилцах боломжгүй. Тэтгэвэр авагч бүрт өөр тусдаа итгэлцүүр үйлчилж байгаа. Нийгмийн даатгал төлсөн болон олон жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр өндрөөр тогтоогддог. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч талаас тайлбартаа Үндэсний статистикийн хороо өөрөө саналаа гаргаж, Засгийн газраар батлуулаагүй гэж дурдсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь яамны хариуцаж хэрэгжүүлдэг бодлогыг гаргадаг учраас тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос санал авч, Засгийн газрын хуралдаанаар баталж хэрэгжүүлдэг байгаа. Ажилчдын дундаж цалин болон хэрэглээний үнийн индексийг зөвхөн Үндэсний статистикийн хороо гаргадаг. Үүнээс *** дугаар тогтоолыг батлах хүртэлх хугацааны буюу 2023 оныг дуустал хугацааныхаа мэдээллийг албан ёсны газраас авч, итгэлцүүрийг гаргасан. Мөн нэхэмжлэгчээс тайлбар танилцуулгадаа энэ талаар тусгаагүй гэж дурдсан. Энэ нь хуулиараа шууд өгөгдчихсөн учраас илүү дэлгэрэнгүйгээр танилцуулгад тайлбарлаагүй. Итгэлцүүрийн хэмжээ 2 дахин буурсан гэх үндэслэлд хариу тайлбар гаргахад жишээ нь аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 1990 онд 526 төгрөг байсан бөгөөд хэрэглээний үнийн индекс 76.4 байсан. Гэтэл энэ үзүүлэлт жилийн дараа буюу 1991 онд хоёулаа 2 дахин өссөн. 1991 онд дундаж цалин 1051 төгрөг болоод, хэрэглээний үнийн индекс 152.7 болсон. Үүнээс үзэхэд өсөлт бол маш харьцангуй ойлголт юм. Зарим ондоо 4.5 дахин өссөн байсан бөгөөд 1 жилийн дотор маш өндөр үзүүлэлтүүдийг үзүүлж байсан. Тиймээс 1991 болон 1992 онуудад үүнтэй уялдаж нөлөө үзүүлсэн зүйл байгаа” гэв.

7. Иргэдийн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч талын шаардлагыг зөв гэж үзэж байна. 1990 онд тухайн үеийн дунджаас дээш цалин авч байсан хүн өнөөдөр 689.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь нийгмийн баталгааг хангахгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:  

2.1  Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралтаар баталж, иргэний тэтгэвэр бодоход баримтлан цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.

2.2 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар “Итгэлцүүр тогтоох тухай” тогтоолоор Даатгуулагч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгоход 2024 онд хэрэглэх итгэлцүүрийг хавсралтаар баталсан байна.

2.3 Нэхэмжлэгч Н.Ө нь Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн захиргааны *-р цахилгаан станцын даргын 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар ашиглалтын монтёроор, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн захиргааны *-р цахилгаан станцын даргын 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар зураг хуулбарлагчаар, 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар архивын эрхлэгчээр түр, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар зураг хуулбарлагчаар тус тус ажиллаж байгаад 1994 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар Н.Ө-ыг 1994 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт нь ажлаас чөлөөлсөн байна.

2.4 Улмаар Н.Ө нь Нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

3.  Нэхэмжлэгчээс “...2014 онд буюу тэтгэвэр тогтоож байх үед тэтгэвэр нь 109,000 төгрөгөөр бодогдсон... Энэ өөрөө мөнгөний үнэ цэнийг өнөөгийн мөнгөний үнэ цэнтэй зөв уялдуулаагүй гэдгийг шууд илтгэж байна... итгэлцүүр нь зөв байсан бол амьжиргаанд хүрэхүйц хэмжээний тэтгэвэр тогтоох боломжтой байсан... Мөнгөний өнөөгийн үнэ цэнийг зөв тооцож тогтоож чадаагүйн улмаас 1990-1993 онд ажиллаж байсан тэтгэвэр тогтоолгосон хүмүүс Н.Ө-тай адил байдлаар хохирсон” гэж, хариуцагчаас “…Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолоор баталж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсэн. Уг итгэлцүүрээр 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодож, үүнээс 164.6 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ нэмэгдэж тэтгэврийн зөрүүг тодорхой хэмжээнд ойртуулсан арга хэмжээ болсон... зөвхөн нэхэмжлэгч Н.Ө-ын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ярилцах боломжгүй. Тэтгэвэр авагч бүрт өөр тусдаа итгэлцүүр үйлчилж байгаа. Нийгмийн даатгал төлсөн болон олон жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр өндрөөр тогтоогддог... ” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө” гэж хуульчилсан.

5. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар “Итгэлцүүр тогтоох тухай” тогтоолоор даатгуулагч тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг баталсан байх ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох ажиллагааг хийсэн болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6. Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/**** дүгээр “Санал авах тухай” албан бичгээр “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийг газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасны дагуу “Итгэлцүүр батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгад санал авахаар Үндэсний статистикийн хороонд,

6.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг батлах Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус хүргүүлжээ.

6.2 Үндэсний статистикийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/*** дүгээр албан бичгээр “Итгэлцүүр батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, тооцооллыг дэмжиж байна гэх, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр албан бичгээр Тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн гэх хариуг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн байна.

7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/**** дүгээр “Санал авах тухай” албан бичгээр “Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг хүргүүлж, тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа ирүүлэхийг Үндэсний статистикийн хорооны даргад хүргүүлж, Үндэсний статистикийн хорооны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/**** дүгээр албан бичгээр “2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/*** дүгээр албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн тул нэмэлт саналгүй” гэжээ.

8. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь холбогдох байгууллагаас саналыг авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах гэсэн заалттай нийцсэн байна.

9. Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг дараах байдлаар баталж байсан. Үүнд:

-2005 оны ** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр”-ээр 1990 ба өмнөх онуудад 100.0, 1991 онд 50.0,

-2007 оны *** дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ээр 1990 ба түүнээс өмнөх онууд 200, 1991 онд 100,

-2012 оны *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ээр 1990 он ба түүнээс өмнөх он 649.0, 1991 он 325.0,

-2014 оны ** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ээр 1990 он ба түүнээс өмнөх он 715.0, 1991 он 358.0

-2023 оны *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр”-ээр 1990 он ба түүнээс өмнөх он 2060.74, 1991 он 1031.18,

-2024 оны ** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгоход 2024 онд хэрэглэх итгэлцүүр”-ээр 1990 он ба түүнээс өмнөх он 2060.74, 1991 он 1031.18 гэж тус тус баталжээ.

10. Нэхэмжлэгч Н.Ө нь 2014 онд тэтгэвэрт гарсан ба нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газрын 2023 оны *** дугаар, 2024 оны 10 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарсан 2014 оноос өмнө Засгийн газраас итгэлцүүрийг баталж байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оноос өмнө гарсан Засгийн газрын тогтоолоор баталсан итгэлцүүртэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

11. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07/** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр А.Ж-д “Тэтгэвэр авагч Н.Ө-ын тэтгэврийн хувийн хэрэг, баримт материалыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас татаж шалгахад, улсад 20 жил 2 сар ажиллан 55 нас, 9 сар хүрч, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Н.Ө-ын өндөр насны тэтгэврийг 1988-1992 оны хооронд авч байсан цалин хөлсийг Засгийн газрын 2012 оны *** дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр өсгөн тооцсон дундаж 242.930 төгрөгөөс 20 жил 2 сард ногдох 45.25 хувиар тооцоход сард 109.926 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсоныг Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор баталсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.300 төгрөгөөр тооцож 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн олгосон... Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр таны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг өсгөн тооцсон 822.856 төгрөгийн дүнгээс 20 жил 2 сард ногдох хувиар тооцоход 372.343 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсоныг Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 550.000 төгрөгөөр тооцон 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс олгосон нь үндэслэлтэй байна” гэж хариу хүргүүлсэн байна.

12. Мөн Н-ын Ө-ын 1978-1992 оны үеийн цалинг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэн итгэлцүүрийг тооцох зорилгоор хүсэлт гаргаж, “И” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тайлангаар 1985 оны дундаж 1.089.306,4 төгрөг, 1986 оны дундаж 1.265.701,3 төгрөг, 1987 оны дундаж 1.090.705,1 төгрөг, 1988 оны дундаж 1.601.523,4 төгрөг, 1989 оны дундаж 1.659.656,0 төгрөг, 1990 оны дундаж 1.798.080,5 төгрөг, 1991 оны дундаж 890.818,7 төгрөг, 1992 оны дундаж 489.333,3 төгрөг гэж тооцож гаргажээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

14. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

15. Дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсэг нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд, “И” ХХК-ийн гаргасан тооцооллын дагуу Н.Ө-ын тэтгэврийн хэмжээг бага буюу буруу тогтоосон гэх тайлбарыг хүлээн авсангүй.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолоор 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

17. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор итгэлцүүрийг баталсан нь Монгол Улсад тэтгэвэр авч буй 488 мянган иргэнтэй хамааралтай байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж байна.

18. Иргэдийн төлөөлөгчийн “1990 онд тухайн үеийн дунджаас дээш цалин авч байсан хүн өнөөдөр 689.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь нийгмийн баталгааг хангахгүй байна” гэх дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг тэмдэглэв.

19. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд нь маргаан бүхий тогтоолыг батлаагүй, энэхүү шаардлагатай холбоотойгоор тус хэргийн хариуцагч биш, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

21. Иймд нэхэмжлэгч Н.Ө-ын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдад холбогдох хэргийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2, 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-аас Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” *** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА