Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;

Улсын яллагч: А.Дэлгэрмөнх;

Хохирогч: А.Болортуяа;

Шүүгдэгч: М.Цээпил, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буригууд овогт Мөнхбатын Цээпилд холбогдох эрүүгийн 201625022928 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бид” банк бус санхүүгийн байгууллагын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4-476 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЮ84012496, Буригууд овогт Мөнхбатын Цээпил.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Цээпил нь хардаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас, эхнэр А.Болортуяаг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-4-47 б тоот өөрийн гэртээ 2013 оноос хойш, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь байнга зодох буюу тарчлаах гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Цээпил мэдүүлэхдээ: “…2015 оны 05, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд бид 2 хардалтын улмаас аль аль нь муудалцаж байсан. Тухайн үед би шарх, гэмтэл авч байсан. Үүн дээрээ би гэмтлийн зэрэг тогтоолгож байгаагүй. Би хохирогчийг зүгээр байж байхад нь зодохоор хүн биш. Сүүлийн маргаан дээрээ хохирогч надад 2 хүүхэд маань чиний хүүхэд биш гэж хэлж байсан. Мөн манай том охин бие засаад босож ирэх үед нь пизда, наахуу гээд хэлээд байсан. Тэрнээс болоод бас хэрэлдэж байсан. Бас би 7 хоног ажлыхантайгаа яваад ирэхэд намайг хардаж байхаар нь тухайн үед би уурандаа чам шиг юм нь загатнасан амьтан байгаа биш гэж хэлэхэд ална гээд хутга барьж явж байсан. Тухайн үед би хутгыг нь салгах гээд хуруугаа зүсэж байсан. Хэрэлдэж байхдаа 2 хүүхдийнхээ хажууд аав чинь яаж зодохыг хараарай гэж хэлж байсан. Бас хохирогч хэлэхдээ би чамтай хамт амьдраагүй байсан бол урьдны найз залуутайгаа суух байсан, даанч тэр найз залуу маань хүнтэй суусан гэхэд нь бас маргалдаж байсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр чиний эргэн тойрныхон чинь бүгд янхан гэж доромжилж байсан. Би эдгээр асуудлыг гэр бүлийн маргаан гэдэг үүднээс мөн миний буруу гэж үзээд өөрийн биеэр очиж уучлалт гуйх гэсэн боловч цагдан хоригдсон байсан учир уучлалт гуйж чадаагүй. Тэр үедээ би уучлалт гуйсан бичиг үлдээгээд явсан. Би хийсэн алдаагаа ухаарч ойлгож байгаа. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж архи уухгүй гэж бодож байна гэв…”

 

Хохирогч А.Болортуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2013 оноос хойш өдөр шөнөгүй зодсон зүйл байхгүй. Зодсон өдрийн он сарыг заримыг нь санаад заримыг нь санахгүй байгаа. Би санаснаа л бичиж гомдол гаргасан. Зодсон болгонд нь би цагдаад хандаж байсан. Би нөхрөө уучилсан байгаа. Цаашдаа гайгүй байх гэж бодож байна. Би шүүгдэгчийн эрхийг хягааралаж өг гэж өргөдөл бичиж өгөхөд эрүү үүссэн байсан. Шүүгдэгч 2 хүүхэддээ их хайртай. Хоёр хүүхдээсээ хол байвал их зүйлийг ойлгож ухаарах байх гэж бодсон юм. Шүүгдэгч дээр эрүү үүссэн байхаар нь би гомдол саналаа буцаах гээд хүсэлт гаргасан ч миний гомдлыг хүлээж аваагүй гэв...”

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Болортуяа /хх-ийн 75-79/, гэрч М.Өлзийбат /хх-ийн 81/, гэрч Н.Батсүрэн /хх-ийн 91-92/, гэрч П.Мөнхжаргал /хх-ийн 93-95/, гэрч Д.Тунгалаг /хх-ийн 98-106/, нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹15905 дүгнэлт /хх-ийн 11/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлсон маягт /хх-ийн 83-89/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.06-ны өдрийн 181/ШЗ2016/08231 дугаартай захирамж /28-40/, хохирогч А.Болортуяад тусламж үзүүлсэн эмнэлэгийн баримтууд /хх-ийн 42-45/, шүүгдэгч М.Цээпилийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

Прокуророос шүүгдэгч М.Цээпилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “…2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодсон гэх үйлдэл…”-ийг 2016.06.05-ны өдрийн 549 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэгэнт тухайн хэргийг хүчингүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудад хамаарах уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч М.Цээпил нь нь эхнэр А.Болортуяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас хардан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-4-47 б тоот өөрийн гэртээ 2013 оноос хойш, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зодож хөнгөн гэмтэл санаатай учруулж байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч А.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…М.Цээпил нь 2013 оноос эхлэн намайг хардаж хашаан дотроос тамхины иш олж ирээд “энэ юун тамхины иш юм бэ, намайг байхгүйд хэн ирж энэ тамхийг татан чамтай юу хийсэн” хэмээн хэл амаар доромжлон зодож хараасан. Энэ явдал нь 2013 онд болсон асуудал юм. Энэ асуудлыг болоход би тухайн үедээ хадам аавынд очиж нэг билүү хоёр хонож байсан. Хадам аав бол бас архи их уудаг, архины хамааралтай болчихсон хүн байдаг. Нэг архи уухаараа зогсолтгүй л уудаг. Цээпил энэ ондоо жирэмсэн байхад үснээс чирэх, алгадах, юм шидэх, суран бүсээр ороолгох зэргээр зодож байсан. Энэ бүгдийг хоёр талын аав, ээждээ хэлээд өнгөрөөж байсан. Энэ асуудал бас 2013 онд жирэмсэн байх үед болж байсан асуудал юм. Би энэ үеэр өөрийнхөө аав, ээжийн гэрт хөдөө очиж байсан. Цээпил 2014 онд зодож төрсөн дүү П.Мөнхжаргалын нөхөр болох миний хүргэн Батсүрэнтэй хардан зодож, мөн 2015 онд төрсөн бага дүү болох Сайнбаяртай хамт зодон цагдаагийн байгууллагад хандан шүүх эмнэлгээр гэмтлээ тогтоолгож байсан бөгөөд эрүү үүсгүүлээд гомдлоо буцааж байсан. Энэ үеэс үлдсэн хөлний гэмтэл сорви одоо хүртэл мэдээ алдсан байдалтай байдаг. Миний зүүн талын хөлний шагайны дотор шагайны хэсэг нь одоо дарахаар зарим газраа хөндүүр байгаа. Энэ гэмтлийг би эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж яваагүй. …Цээпил намайг гэртээ зодох үед миний дүү Сайнбаяр намайг өмөөрч миний урдуур ороход Цээпил Сайнбаярын гар хуруунаас нь бариад хөндүүр болгосон байсан. …Мөн оны 7-р сард наадмаар хөдөө аавынд очин намайг хардаж төрсөн дүүгийнхээ нөхөртэй инээж их дотно ярилцсан, нэг орон дээр хамт суусан гээд гэрийн гадаа машин дотроо зодоод, аав намайг өмөөрсний улмаас аавтай муудалцан хэл амаар доромжилж байсан. Энэ болсон асуудлыг би урьд нь өгсөн байцаалтан дээр ярьсан болохоор түүн дээр нэмж ярих зүйл байхгүй. Мөн энэ явдлаас хойш 7-р сарын 24-нд Цээпилд бас зодуулсан. Аав, ээж, дүү нартайгаа нийлж цагдаад өгсөн. Янхан минь чи цагдаатай унтсан уу, чиний хойд эцэг чамайг юу гэж байна хамт унтъя гэж байна уу? гэх мэтээр доромжлон зодоод, би үүрээр гүйн гараад хорооныхоо цагдаад хандаж байсан боловч өргөдөл бичиж өгч бүртгүүлээгүй. Тэгээд хамгийн сүүлд 2016.11.20-ны шөнө зодон хэлэх, хэлэхгүй үгээр дайрч давшилан ална бузар минь, аав, ээж, дүү нарыг чинь хамт ална хэмээн сүрдүүлсэн. Намайг жирэмсэн, бие давхар байхад 2016.11.19-өөс 20-нд шилжих шөнө согтуудаа намайг газарт түлхэж унагаагаад, нүүрэн дээр минь гишгэн чи бол бөөснөөс жижиг амьтан, ингээд байж байхдаа яг таарна, дорой амьтан гэж хэлээд, хоолой руу гараа зангидаж хүчтэй түлхээд, намайг чи бол янхан гээд байхаар нь би болиоч, би гуйя намайг бодохгүй бол 2 охиноо, гэдсэнд байгаа хүүхдээ бод л доо гэхэд чам шиг бузар надад заахгүй шүү ингэж байхдаа яг таарна гээд суран тэлээгээр ороолгоод чи бол бузар янхан, танайхан бол бөөснүүд чиний дүүг ална хараарай, ханандаа арьсыг нь хадна гэх мэт үгээр доромжлон аавтайгаа унтсан гэж хэл, дүүтэйгээ унтсан гэж хэл, цагдаатай унтсан гэж хэл хэмээн зодсон. Намайг тэгж хэлэхгүй болохоор хэлтэл зодоод, хэл гэсэн үгийг нь хэлэхээр надаар үнэн уучлаарай гэж хэлүүлэн зодож 21 цагаас 01 цаг хүртэл доромжилж зодоод, тэлээний төмөртэй арал хэсгээр ороолгон хүссэн үг болгоноо хэлүүлж, намайг зодоод хүүхэд зулбаад гарах гээд байна болиоч гуйя гээд хэлсэн боловч хүлээж авахын оронд утасны минь сим картыг аван мөн гэрийн түлхүүр хурааж аваад, толгой бие рүү ороолгож байгаад толгойг минь хагалаад, дараа нь архи ууж улмаар 03 цаг хүртэл зовоож тарчлааж байсан. Манай 03-04 насны хоёр жаахан охин миний толгойноос гарсан цусыг хараад ээж ээж гээд айгаад уйлаад байхаар нь Цээпил дуугай бол гээд хоёр хүүхдээ загнасан. Хоёр хүүхэд маань айгаад хөнжилдөө ороод унтсан. Тэгээд Цээпилийг унтсан хойно нь гүйн гараад ойрхон айлынд орж цагдаа дуудсан. Тэр айлын эгчийн утсаар нь билүү хэн нэгнийх нь утсаар цагдаа руу залгуулж дуудлага өгүүлсэн. Дараа нь би хашааныхаа хаалгыг хаагаад байж байхад миний бие эвгүй болж хүүхэд гарах гэж байгаа юм шиг болоод би өөрийнхөө 88906575 дугаарын утаснаас 103 дуудан түргэний тэргээр 3-р төрөх эмнэлэгт хоёр хүүхдийн хамт хүргэгдэн ирсэн. Эмнэлэг нь хүлээж авах боломжгүй гэж хэлээд, намайг Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд явуулсан. Намайг эмнэлэгт үзүүлэхэд Гэмтлийн эмнэлгээс намайг ЭХО-д хараад, гэдсэнд байгаа хүүхэд нь гайгүй байна гээд, нэг цэгийн үйлчилгээний хэсэгт нь хоёр хоног хэвтээд, тэндээсээ шууд хамгаалах байр луу шилжсэн. Энэ болсон бүх явдал үнэн. Би нөхрийгөө гүтгэж худлаа ярихгүй. Муу ч сайн ч миний хоёр хүүхдийн эцэг учраас би худлаа хэлж хүнийг гүтгэхгүй. Би хэн ч байсан ер нь хүнийг гүтгэх ойлголтгүй. Цээпилийн тухайд миний бодлоор багаасаа архины хамааралтай гэр бүлд өссөн, тийм хүн найз нөхөд. таних хүмүүстэй юм хумаа ярьдаггүй, бодсон юмаа их хураадаг гэж би хамгаалах байранд байхдаа уншиж байсан. Би эрх хязгаарлах арга хэмжээ авагдах үедээ Цээпилийг сэтгэл зүйн сургалтанд хамруулж болох эсэх талаар судалж үзэж байсан. Би Цээпилд зодуулаад, айсандаа өрөөсөн тавчиктайгаа хүртэл гэрээсээ гарч гүйгээд цагдаа дуудаж байсан тохиолдол байгаа…” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-79/,

 

Гэрч Н.Батсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... Миний хувьд Цээпил Болортуяаг зодож байхыг нь бол хараагүй, харин миний хажууд 2016 оны 7-р сард Цээпил, Болортуяа хоёр Хэнтий аймагт байхад хоорондоо хэрэлдэж, маргалдаж байхыг нь харсан. Тэр үед Цээпил Болортуяаг есөн шидийн үгээр хараагаад байх шиг байсан. Цээпил Болортуяаг ганц, хоёр удаа цохиж байсан. Одоо хаана нь яаж цохьсоныг нь сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан цохиж байгаа харагдсан. Тэр үед Цээпил хадам аав Пүрэвдагватай муудалцаад хоорондоо барьцалдаж аваад салсан, сүүлдээ Цээпил бүр болохгүй болохоор Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд Цээпилийг цагдаа нар аваад явж байсан. …Би 2016 оны 11-р сарын 21-ний үеэр эхнэрийнхээ хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиж, Болортуяаг эргэхэд Болортуяагийн зүү талын гар нь хөхөрсөн, хүзүү нь маажсан юмуу, цамц нь боосон юмуу бүү мэд, ямар ч байсан хүзүү  нь улаан болчихсон харагдаж байсан. Миний хувьд эхнэрийнхээ эгчтэй ямар нэгэн асуудалгүй, юу ч болоогүй байхад намайг Болортуяатай, мөн эцэг Пүрэвдагватай нь, Болортуяагийн өргөмөл, бага дүү Бямбасүрэнтэй нь хардаж байгаа болохоор би энэ асуудалд Цээпилийн буруу байна л гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92/,

 

Гэрч П.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Цээпил, Болортуяа хоёр 2013 оноос хойш л хоорондоо муудалцлаа, Цээпил Болортуяа эгчийг маань зодчихлоо гээд л Болортуяа эгч Багануур дүүрэгт дүү Сайнбаярын гэрт очиж байсан. Би тэр үед буюу 2014 онд хүүхэддээ вакцин хийлгэчихээд, аавындаа очих үедээ Сайнбаярын гэрээр дайраад ороход Болортуяа хоёр хүүхдээ дагууд Сайнбаярын гэрт оччихсон байсан. Тэр үед манай аав Пүрэвдагвын бие муудаад Багануур дүүрэгт эмнэлэгт үзүүлж байсан үе ч байсан юм. Хамгийн анх Цээпил Болортуяа эгчийг зоддог юм байна гэдгийг тэгж л мэдсэн. Түүнээс хойш Цээпил Болортуяа эгчийг зодлоо гэж хааяа дуулддаг болсон. …Бас 2015 онд би дүү Сайнбаяр, нөхөртэйгөө хамт Цээпил, Болортуяа нарын гэрт нь ирээд, архи дарс ууцгаагаад, манай нөхөр согтоод, Цээпилд хандаж, танай эхнэр Болортуяа бол ажилсаг хүүхэн, би ийм сайхан, ажилтай эхнэртэй байсан бол энэнээс илүү сайхан явах байсан юм гээд л хэлсэн чинь Цээпил тэр үедээ юу ч хэлээгүй бөгөөд, нөхөр бид нарыг явсны дараа, гэртээ очоод, орж амжаагүй байхад миний эмэгтэй дүү Сайнбаярын утас дуугараад, Сайнбаяр утсаа аваад ярихад Болортуяа яриад, энэ Цээпил ах чинь надруу чулуу шидээд, зодоод аллаа, хурдан хүрээд ир гээд Сайнбаяр буцаад Цээпилийнх рүү явсан. Тэгээд Сайнбаяр Цээпилийн гэрт ороход шууд гэртээ оруулаад, Болортуяагийн хамт гэртээ оруулаад, гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжээд, энэ хоёрыг гаргахгүй хамт зодсон гэсэн. Сайнбаяр эгчийгээ өмөөрөөд Цээпилд үг хэлэхэд Цээпил Сайнбаярыг бас зодсон гэсэн. Тэгээд цагдаа дуудах ч сөхөө өгөлгүй зодсон гэсэн. Сайнбаяр тэр үеэс хойш нэг хэсэг шоконд орчихсон, шөнө унтахаар Цээпил Болортуяа эгчийг зодож байна гэж зүүдлээд сэрлээ, миний санаа зовоод байна, та нэг Болортуяа эгч рүү залгадаа гэж надруу яриад байдаг болчихсон байсан. Болортуяа эгч энэ асуудлаар хорооныхоо цагдаад хэлээд, энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан гэсэн. Тэрнээс хойш миний мэдэхээр 2016 онд Хэнтийд байхад бас Цээпил, Болортуяа нар хоорондоо хэрэлдэж маргалдаад, манай аав Цээпилд хандаж, чи миний охиныг зовоож байна, би охин хүүхдийнхээ нулимсыг олон хармааргүй байна шүү, чи арай дэндүү байна шүү, Болортуяад чам шиг сайхан биш ч гэсэн харуул, сахиул нь олдох л байлгүй гэж хэлсэн чинь Цээпил явлаа гээд машинаа унаад явсан бөгөөд тэгээд удалгүй Цээпил согтуу буцаж ирээд, аавтай маргалдаад, гэр орныг чинь машинаараа дайрна энэ тэр гээд, хэрүүл уруул болоод, сүүлдээ дийлдэхээ байхаар нь Багануур дүүргийн цагдаа дуудаж, цагдаа нар ирээд Цээпилийг аваад явж байсан. Энэ үед Цээпил Болортуяаг хүүхэддээ мээмээ хөхүүлээд аавын гэрт сууж байхад аавтай хэрэлдсэн уурандаа чамаас болсон гэж хэлээд л шууд гараа зангидаад, толгойнд нь цохиж байгаа харагдсан. …Цээпил уурлахаараа ёстой аймаар юм байна лээ. Энгийн үедээ зүв зүгээр юм шиг мөртлөө согтохоороо, уурлахаараа ёстой аймаар болдог юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 93-95/,

 

Гэрч Д.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Болортуяаг манай байгууллагад ажилд орсон үеэс таних болсон. Нөхрийг нь танихгүй. 2016.11.20-ны үүрээр 03-04 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг гаднаас 1 хүн хүчтэй нүдсэн юм. Тэгээд хаалгаа тайлахад Болортуяагийн үс нь сэгсийчихсэн, зүүн талын гар нь хөхөрчихсөн байсан. ...Манай нөхөр намайг зодоод гарлуу цохиод, толгойгоор хана мөргүүлээд, гэдэс хэвлий рүү өшиглөж зодлоо гэхээр нь “…цагдаа дуудах уу…” гэж асуутал “…би хаашаа ч хамаагүй явмаар байна…” гээд, өөрөө ярих ч тэнхээ байхгүй, юугаа ч мэдэхгүй болохоор нь манай охин маань дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар удалгүй ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-106/,

 

Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн хэлтсийн Бэлх-114 чиглэлийн авто эргүүлийн машин дээр үүрэг гүйцэтгэж байхад Бэлх-10-аас буюу жижүүрийн утаснаас ярьж, Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 33-4-47 б тоотод очоод Цээпил гэж хүн байгаа, тэрийг гэртээ байвал аваад ирээ, өглөө жижүүрийн өрөөнөөс гараад зугтаачихсан байна. Одоо эхнэр нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, утсаар дарамтлаад байна гээд ярьж байнаа гэж хэлсний дагуу би цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батсайханы хамт эхнэрийнх нь утасруу залгаад, гэрийг нь заалгаж, очсон. Тэгэхэд гэртээ байхгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 115/,

 

Гэрч М.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Үнэлгээг хийхдээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 188/128 тоот хамтарсан тушаалаар батлагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын дагуу хийсэн. Гурван бүлгийн эрсдлүүд хавсарсан хэлбэрээр зэрэг илэрсэн тохиолдолд тэдгээрийн нийлбэр оноо нь 12 буюу түүнээс их болсон тохиолдолд хохирогчид учруулах аюулын эрсдлийн түвшин өндөр буюу аюултай гэж үнэлнэ гэж заасны дагуу Ариунчимэгийн Болортуяад учирч болзошгүй эрсдэл нь 16 оноо авсан учир эрсдлийн түвшин нь өндөр буюу аюултай гэж дүгнэх шалтгаан болсон. Би эрсдлийн үнэлгээ хийхэд ашигласан хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх аргачлалын хуулбарыг болон тухайн үнэлгээг хийх үед хохирогч А.Болортуяатай ярилцсан асуулт, хариултыг дуу хураагчид хурааж, баталгаажуулж авсан бөгөөд энэ бичлэгийг Си Ди дээр хуулбарлаж, хавсаргаж өгье...” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

 

Шүүгдэгч М.Цээпилийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Болортуяагийн биед “…хуйханд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, дал, бугалга, шуу, цээжний дээд хэсэг, баруун хонго, гуя, шагай, хацар, зүүн гуя, шилбэ, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..."  гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №15905 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч М.Цээпилийг бусдыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь:

Тарчлаах гэмт хэрэг нь байнга зодох замаар бие махбодийн болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл юм. Хэдийгээр тарчлаах гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд буюу ахуйн хүрээнд үйлдэгддэг, хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй боловч зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдлийг байнга хийх замаар бие махбодийн өвдөлт, сэтгэцийн зүдгүүр зовлонд учруулсан байдгаараа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн шинжээс ялгагдана.

Онолын хувьд “байнга” тарчлаах нь тодорхой давтамжтайгаар, олон удаа бие махбодийн өвдөлт, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар харилцан тогтсон зан үйлийн горимд үзүүлж буй сөрөг нөлөөлөл гэж дүгнэж болох юм. Мөн тарчлаах гэмт хэргийн явцад хөнгөн гэмтэл учруулсан байх нь заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд гагцхүү хохирогчид сэтгэцийн болон бие махбодийн өвдөлт шаналал учруулсан байх нь энэ төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Цээпилийг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй гэж дүгнэж түүнд хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Цээпилд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.  

 

Хохирогч А.Болортуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг тэмдэглэвэл зохино.

 

Энэ шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч М.Цээпилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “…2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зодсон…” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Буригууд овогт Мөнхбатын Цээпилийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цээпилийг 01  /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Цээпилд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Цээпилийн урьд цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч М.Цээпил нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цээпилд шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цээпилд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд                      14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Цээпилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.АЛДАР